Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г. Угалзцэцэгтэй ярилцлаа.
-Бодибилдинг, фитнессээр яагаадхичээллэх болсон бэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Анх фитнессээр хичээллэж эхлэхдээ хөдөлгөөний дутагдал, таргалалтаас сэргийлэх болон ажил, гэр гэсэн маршрутаа өөрчлөх үүднээс хичээллэж эхэлсэн. Харин хичээллэх явцад биед өөрчлөлт гарахаас гадна тэмцээнд орж байгаа тамирчдыг хараад тэмцээнд орж үзэх хүсэл маш их төрж байсан. Энэ хүсэл зорилго маань спортын хүн болох замыг нээсэн гэж боддог. Маш их бэлтгэлийн дараа хүний биед өөрчлөлт гараад ирэхээр илүү их урам авч, хичээдэг юм билээ.
Тэмцээнд орохоор бэлтгэл хийж эхлэх үед хүний бие маш хурдан өөрчлөгддөг. Яагаад гэвэл зорилготой болдог юм. Ингээд зорилготой болсноор бэлтгэлдээ илүү анхаарал хандуулж, хоолны дэглэмээ сайн барьж эхэлсэн.
-Уг спортоор хичээллэхэд танд юу нь сайхан байдаг вэ?
-Хүн өөрийн хийх дуртай зүйлээ олсон үед сайхан байдаг юм байна. Өөрт сонирхолгүй зүйлийг хийхэд амархан шантардаг. Миний хувьд бэлтгэл хийгээд гарахад эр хүчтэй болдог. Өдөр бүр өөрийн биеэ өөрчлөгдөж байгааг хараад маш их урам, кайф авдаг.
-Спорт хүнийг өөрчилдөг гэдэг. Таны хувьд спортоор хичээллэснээр хувь хүн талаасаа яаж өөрчлөгдсөн бэ?
-Спортоор хичээллэж байгаа хүн энгийн хүмүүсээс илүү хатуужил, тэвчээртэй болдог. Ер нь маш тайван болсон. Өөрийн дуртай зүйлээ хийж байгаа учраас жаргал мэдэрдэг. Спорт бол сайхан энерги өгч, стресс тайлдаг.
-Тамирчин хүний амжилтад сэтгэл зүйн байдал маш чухал байдаг. Тэмцээнд орохдоо сэтгэл зүйгээ хэрхэн хэрхэн бэлддэг вэ?
-Тамирчин хүний амжилтын хамгийн чухал зүйл нь сэтгэл зүй байдаг. Тэмцээнд орохын өмнө нь зурагт бага үзэх, фэйсбүүк, твиттерээс хол байж, зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулдаг. Өөр бусад зүйлд анхаарлаа хандуулж, стресстээд байвал бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь сулардаг. Тамирчин хүн бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулж байж хүн амжилтад хүрдэг.
-Та гурван удаа сонирхогчдын бодибилдинг, фитнессийн дэлхийн аваргаар шалгарсан. Анх удаа дэлхийн аварга болох гурав дахь удаа дэлхийн аварга болохын сэтгэл хөдлөл ямар байсан бэ. Тухайн үед төрж байсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Анх удаа дэлхийн аварга болоход өөртөө итгэхгүй байсан. Харин хоёр, гурав дахь дэлхий аваргын тэмцээнд оролцоход надаас илүү хариуцлага шаардсан. Дэлхийн аваргаа хамгаалах маш том хариуцлага ногдсон гэсэн үг. Тийм учраас дараа дараагийн тэмцээндээ илүү хариуцлагатай хандаж, бэлтгэлдээ илүү анхаарлаа хандуулсан. Харин дэлхийн аваргаа хамгаалчихаад зогсож байх нь хамгийн жаргалтай мэдрэмж төрж байсан. Эх орны минь төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын далбаа тэнгэр харах тэр мөч хамгийн гайхалтай агшин байдаг юм билээ.
-Тамирчин хүнд бэлтгэл сургуулилтын цаг их байх шаардлагатай байдаг. Тэгэхээр бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар эмэгтэй хүний хувьд өөртөө хэрхэн цаг гаргадаг вэ?
-Ер нь тамирчин хүн өөртөө цаг гаргахад маш асуудалтай байдаг. Миний хувьд тэр болгон үсчин, гоо сайханд орох зав байдаггүй. Баяр ёслолын үеэр л бараг гоо сайханд ордог. Бусад үед өөрөө л үсээ янзалчихдаг. Тэмцээн уралдаан болох хугацаа хол үед өөртөө цаг зарцуулахыг хичээдэг.
-Таны хувьд өөрийгөө хөгжүүлэхийн тулд юу хийдэг вэ?
-Миний хувьд хоолыг олон янзаар хийх дуртай. Энгийн хоолыг фитнесс маягийн хоол болгон зохиож хийхэд цаг зарцуулдаг. Үүнээс гадна фитнессийн тамирчин хүнд хоолны болон эрүүл мэндийн мэдлэг чухал байдаг. Тухайлбал, уураг хүний биед ямар хэрэгтэй, хүний яс, эд, булчингууд ямар байх ёстой зэргээр эрүүл мэндийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Иймд чөлөөт цагаараа эрүүл мэндийн мэдээлэл, материал уншихыг хичээдэг.
-Ер нь таны бодлоор эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?
-Хүмүүс эмэгтэй хүнийг сайн эзэгтэй, сайн ээж байх ёстой гэх нь бий. Миний хувьд заавал ийм байх албагүй. Эдгээрийг эмэгтэй хүн хийх ёстой үедээ хийнэ. Харин эмэгтэй хүн өөрийн дуртай, сонирхдог зүйлдээ цаг зарцуулдаг байх хэрэгтэй. Ингэснээр тухайн эмэгтэй аз жаргалтай байж чадна. Заавал эмэгтэй хүн нүүрээ будаж, үс толгойгоо янз бүр болгож, брэндийн хувцас өмсөх шаардлагагүй. Өөрт тааламжтай зүйлийг хийж, өөртөө кайфтай амьдрах ёстой гэж бодож байна.
-Гэрийн эзэгтэй хүн тухайн гэр бүл ямар байхыг чиглүүлж, гэрийн хэв маягийг бүрдүүлж байдаг. Таны хувьд гэр бүлдээ юуг баримталж, ямар хэв маяг бүрдүүлэхийг илүүд үздэг вэ?
-Гэр бүлийн гишүүд хоорондоо нээлттэй байх нь хамгийн чухал гэж боддог. Ялангуяа хүүхдүүдтэйгээ найз нөхөд шиг нь байх хэрэгтэй. Хүүхдээ хорьж цагдан, яахыг нь заахаас илүү хоорондоо илүү ярилцаж, ойлголцдог байх хэрэгтэй гэж бодож байна. Манай гэр бүлийнхэн бүгд өөр өөрсдийн дуртай зүйлээ хийдэг.
-Эмэгтэй хүн гэр бүлийнхээ уур амьсгалын эх үндэс нь болдог гэдэг. Тэгэхээр таны хувьд гэр бүлээ ямар уур амьсгалтай байлгахыг хүсдэг, хичээдэг вэ?
-Манай гэр бүлийнхэнд гэртээ бөөнөөр байх цаг маш бага байдаг. Ихэнхдээ фитнесстээ явж байхдаа уулздаг. Гэхдээ бид долоо хоногтоо нэг удаа хамтдаа цагийг өнгөрөөдөг. Бүтэн сайн өдрийг зөвхөн гэр бүлээрээ байхыг эрмэлздэг. Гэр бүлдээ зориулсан цаг гаргахыг илүү хичээдэг.
-Сайхан эмэгтэй хүн гэхээр булчинлаг бие, царай зүс сайтай эсвэл мэдлэг чадвартай эмэгтэйг хэлэх юм уу. Таны бодлоор сайхан эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Миний хувьд үс гэзгээ гоё янзалж, нүүрээ будсан хүмүүсийг сайхан гэж хэлж чадахгүй. Миний бодлоор сайхан эмэгтэй гэдэг бол сайхан энергитэй, бусдад сайн сайхан зүйлийг түгээдэг ч юм уу, бусдын сайн сайхны төлөө сэтгэл гаргадаг хүнийг хэлнэ гэж бодож байна. Ер нь эмэгтэй хүн дотроосоо болон гаднаасаа аль нэгнээс нь бус хоёулангаас нь гэрэлтдэг байх хэрэгтэй.
Уураг, нүүрс усыг хэрэглэхгүйгээр хурдан жин хасч болно. Гэхдээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
-Фитнессийн багшийн хувьд фитнессээр хичээллэхийн хамгийн чухал зүйл нь юу гэж хэлэх вэ?
-Тогтвортой, тууштай байх хэрэгтэй. Тамирчин биш энгийн хичээллэгч нар долоо хоногт хамгийн багадаа дөрвөн удаа хичээллэх нь зүйтэй.
-Дасгалаа буруу хийвэл буруу булчин хөгждөг гэсэн. Харин буруу хөгжсөн булчин буцаад хэвийн харьцаанд орох уу?
-Буруу дасгалаа хийгээд байвал биеийн галбир алдагдаад ирдэг. Үүнийг буцаан засаж болно. Ер нь ясны хэлбэрээс бусад бүх булчингийн хэлбэрийг засч болно.
-Залуус анх фитнест явж эхлэхдээ зарим дасгалыг орхин өөрийн хүсч байгаа дасгалаа хийх гэх нь элбэг. Тухайлбал, эмэгтэйчүүд өгзөг томруулах дасгал, гэдэсний дасгал зэрэг сонирхож буй дасгалаа хийх гэдэг. Энэ нь зөв үү?
-Ер нь бүх булчинг ажиллуулах ёстой. Эмэгтэй хүмүүс өгзөгний дасгал, эрэгтэй хүмүүс цээжний дасгал хийх гээд байдаг тал бий. Ингэж дасгал хийвэл биеийн галбир алдагдана. Тэгэхээр бүх булчинг нь ажиллуулах хэрэгтэй. Ингэхдээ аль булчингаа яаж ажиллуулах вэ гэдэг нь чухал байдаг.
-Бэлтгэл тарсны дараа оройн цагаар хоол идэж болох уу?
-Жингээ хасах, нэмэх болон өөхнийхөө хэмжээг хасах зэргээсээ шалтгаалан хоолны дэглэм барьдаг. Хоолны дэглэм гэхээсээ илүү эрүүл хооллолт гэсэн үг. Ер нь хэт орой бэлтгэл хийсний дараа хэт их хоол идэх шаардлагагүй. Орой 18, 17 цагийн үед бэлтгэл дуусч байгаа бол хоол идэж болно. Гэхдээ хөнгөн хэлбэрээр хооллох ёстой. Бэлтгэлийн өмнө болон дараа нь идэх хоол ялгаатай байдаг. Хүмүүс ихэвчлэн өглөө юу ч идэхгүй байснаа өдөр бага зэрэг идээд орой хэт их хэмжээгээр иддэг. Энэ нь буруу хооллолт болж байгаа юм. Фитнессээр хичээллэхэд хоолны дэглэм барина гэхээс илүү зөв хооллодог гэж ойлгох хэрэгтэй.
-Таны хувьд зөв хооллолт гэж юу вэ?
-Нүүрс ус, уураг, тосны хэмжээгээ зөв зохистой хэрэглэх ёстой. Гэтэл уураг, өөх тос, нүүрс усыг хэрэглэхгүйгээр жин хасдаг газрууд байдаг. Энэ бол буруу хооллолт юм. Ингэх нь маш хурдан хугацаанд жин хаясан ч тухайн хүний биед их хэмжээний эрдэс бодис дутагдаж эхэлдэг. Ерөнхийдөө буцаад жин нэмэхдээ хурдан болж, цаашлаад хүний биед сөргөөр нөлөөлдөг. Уураг, эрдэс бодис дутагдаад ирэхээр тухайн үед мэдэгдэхгүй ч гэсэн бусад өвчний суурь болно. Тэгэхээр эрүүл зөв хооллоно гэдэг нь нүүрс ус, уураг, өөх тосны хэрэглээг зөв зохистой авах юм. Мөн өдрийн тодорхой цагуудад хооллох хэрэгтэй.
-Бэлтгэлийн өмнөх болон бэлтгэлийн дараа идэх хоол хүнсний хувьд ялгаатай гэж хэлсэн. Энэ талаар?
-Бэлтгэлийн өмнө хооллохдоо нүүрс усыг тодорхой хэмжээгээр авах хэрэгтэй. Ингэснээр бэлтгэл хийх эрч хүчийг гаргаж, өөхийг шатааж өгдөг. Тухайлбал, будаа, банана, төмс зэргийг хоолондоо хэрэглэж болно. Бэлтгэлийн өмнө нүүрс ус хэрэглэхгүйгээр дасгал хийх нь бензингүй машиныг түрээд явахтай адил. Бэлтгэлийн дараа уураг өндөртэй хоол буюу мах юм уу ногоог түлхүү хэрэглэж өгөх ёстой.
-Фитнессээр хичээллэхэд амралтын хугацаа ямар байх нь тохиромжтой бөгөөд үр дүнтэй юм бэ?
-Долоо хоногт хамгийн багадаа дөрвөн өдөр фитнесст явах хэрэгтэй. Ингэснээр эрчимтэй хөдөлгөөн болно. Нэг удаагийн бэлтгэлээ цаг хагасын хугацаанд эрчимтэй хийх ёстой. Сүүлийн үед хүмүүс фитнесст 2-3 цаг байгаа хэрнээ бэлтгэлээ үр дүнтэй хийхгүй, хоорондоо ярьж эсвэл утсаар ярьж байгаад гарах нь байдаг. Ингэж бэлтгэл хийвэл үр дүнгүй.
-Заавал фитнессээр хичээллэхгүйгээр биеийн галбираа хадгалах ямар арга байна вэ?
-Хамгийн гол арга нь зөв хооллолт юм. Фитнессээр хичээллээд зөв хооллохгүй бол үр дүнд хүрэхгүй. Хоол фитнесс хоёр салшгүй холбоотой. Үүнээс гадна амралт маш чухал. 24 цагийн 8 цагт нь заавал унтаж амрах ёстой. Гэхдээ найман цаг унтаж байгаагаас таван цаг нь нам унтах ёстой. Гэтэл найман цаг унтахгүй хэвтээд байхыг амралтад тооцохгүй. Унтаж байх үед өөх шаталт сайн явагдана. Булчингийн сулрал хамгийн сайн явагдаж байдаг. Эдгээрийг нарийн зохицуулах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.