Open iToim app
Улс төр | 7 мин уншина

П.Мөнхтулга: Манай намын ах нарын зодоон хэзээ ч дуусахгүй юм байна

П.Мөнхтулга: Манай намын ах нарын зодоон хэзээ ч дуусахгүй юм байна
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 18
Ардчилсан залуучуудын холбооны бодлогын зөвлөлийн дарга П.Мөнхтулгатай ярилцлаа.
-Намын Их хуралд Ардчилсан намын залуучууд ямар оролцоотой, ямар байр сууринаас оролцох вэ?
-Намын Их хуралд оролцохыг хүссэн залуус олон бий. Гэвч дүрэмд заасан квоттой учир хүн бүрт боломж олдохгүй байх. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдсаныхаа дараа намаа шинэчлэх ажлыг бүх түвшиндээ хүлээн зөвшөөрч эхлүүлсэн. Харамсалтай нь нам гишүүдийнхээ хүлээлтэнд нийцэж шинэчлэгдэж чадсангүйгээс гадна УИХ-ын сонгуульд дахин үнэмлэхүй ялагдлаа. Бид шинэчлэл гэдэг үгийг хуучин үг болтол нь ярьчихсан. Гэвч дахиад ярихаас өөр аргагүй нөхцөлд орчихлоо.
Өнгөрсөн наймдугаар сард АН-ын ҮБХ хуралдаж намын Их хурлын товыг тогтоогоод дөрвөн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Нэгд, намын Их хурлыг дүрмийн дагуу зохион байгуулах. Хоёрт, намын ялагдлын шалтгаануудыг тодорхойлж, тайлагнах. Гуравдугаарт, орон нутгийн намууд, дэргэдэх байгууллага, ҮБХ-ноос нээлттэй асуулга авах замаар санал, судалгаа авч намын Үндсэн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг бэлтгэх. Дөрөвдүгээрт, эрх баригчдын өнгөрсөн дөрвөн жил болон өнгөрөгч сонгуулиар сонгогчдод өгөөд биелүүлээгүй амлалтуудыг эргэн сануулж, шахах замаар сөрөг хүчний ажлаа эрчэмжүүлэх ажлыг зохион байгуулах. Энэ дөрвөн шийдвэр бэлэн болсон тул намын Их хурлаа хийж асуудлуудаа авч хэлэлцэх гэж байна.
Өөрөөр хэлбэл, 2024 оны УИХ-ын сонгуульд АН ямар нүүр цартай орох вэ гэдгийг энэ Их хурлаар шийдэх нь. Мэдээж залуу хүний хувьд Их хурлын төлөөлөгчдөөр залуус түлхүү сонгогдоосой гэж бодож байгаа. Гэхдээ гишүүд энэ удаагийн хуралд залуусын оролцоо ямар түвшинд байх бол гэж хүлээхээс илүү Ардчилсан намд юу болоод байгаа вэ гэдгийг залуусын нүдээр харах хурал болоосой гэж хүсэж байна.
Өнгөрсөн 30 жилийн АН, МАН хоёрыг харьцуулаад харцгаая л даа. МАН 1990 онд 45 настай Б.Даш-Ёндон гэдэг даргатай байсан. Энэ хүн намын даргаар таван жил ажиллаад 38 настай Н.Энхбаярт ажлаа өгч байсан. Н.Энхбаяр найман жил намын даргаар ажиллаад 40 настай М.Энхболдод тамгаа шилжүүлж байсан. Одоо У.Хүрэлсүх. Дараагийн лидер нь 70-аад оноос Л.Оюун-Эрдэнэ ба түүний үеийнхэн эрх барьж байна. 80-аад оны төлөөлөл намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, ЗГ-ын гишүүд хийгээд явж байна. 90 оны залуучууд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга хийж байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр МАН-ын үе хоорондын шилжилт харьцангуй институцын зарчмаар бодлоготой явж ирсэн байгаа биз? Залуу үеийнхнээ дэмжээд, нэр дэвшилт дээр ч үе шилжилтүүдээ сайн хийж чадаж байна. Гэтэл АН 2000 онд таван нам нэгдсэнээс хойш 1955 оны Дорилгожав гэдэг даргаар эхлээд өнөөдрийг хүртэл бүгд нэг үеийнхэн байсан. Хамгийн сүүлд 1963 оны С.Эрдэнэ гэдэг даргатай явж байгаад ялагдлаа. 2017 онд Ардчилсан нам шинэчлэгдсэн, фракцгүй нам боллоо гээд зарлаад байсан. Гэвч амьдрал дээр фракциуд яг алга болсон гэдэгт олон хүн эргэлздэг. Сая намын Их хурал хийнэ гэхэд дахиад нөгөө ах нар маань идэвхжээд эхэлчихсэн, өөрсдийнхөө төлөөллийг ажлын хэсгүүдэд оруулаад ирсэн байх жишээтэй.
Тухайлбал, хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгч, АН-ын даргаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж улс төрийн идэвхжлээ хийгээд, намын даргад өрсөлдөнө гэж яриад явж байна. Дахиад олон фракцын толгойлогч нар намын даргад нэр дэвшинэ гээд явж байгаа сонсогдлоо. Хэрэв үнэн бол энэ байдал АН-д дэвшил биш ухралт авч ирнэ. Хуучин алдаа руугаа л хөтөлнө. Намын үүсгэн байгуулагчдыг муулж байгаа юм биш. Энэ хүмүүс тухайн цагтаа хийх зүйлээ хийсэн үү, хийсэн. Түүхэнд үлдэх ёстой баатрууд. Харамсалтай нь гавьяагаа үргэлж, зөвхөн өөр дээрээ овоолоод, бусдыгаа үгүйсгэж ирлээ. Тэдний энэ үйлдлүүд бусад хамтран зүтгэгч, анхан, дунд шатны олон гишүүн, залуу хойч үеэ бүдгэрүүлж, намаа хагалахаас хэтэрсэнгүй. Ардчилсан намын энэ эв түнжингүй, хүчгүй байдлаас болж баруун төвийн үзэл баримтлал улам бүдгэрч байна. Дагаад ардчиллын жинхэнэ мөн чанар ч суларлаа. Ерөнхий сайд нь чөлөөт зах зээл гэж байхгүй гэж хэлээд сууж байна шүү дээ. Ийм ардчилсан тогтолцоо гэж юу байх вэ дээ.  Тийм учраас энэ удаагийн хуралд хөгшин, залуу гэж хуваагдахаасаа илүү бүгд нийлээд өнөөдрийн АН-д юу хэрэгтэй байгааг эрүүл нүдээр харж оролцоосой гэж хүсэх байна даа.
-Намын жирийн гишүүд, залуучууд ямар даргыг хүсч байна вэ?
-Ардчилсан намын анхан шатны мянга, мянган гишүүд ямар намын удирдлага, ямар нам хүлээж байна вэ гээд асуухаар хүн бүхэн нэр цэвэр, залуу, энэ намыг алга эргүүлсэн мэт өөрчилж чадах шинэ нүүр царайг хүсч, хүлээж байна гэж хариулж байгаа. Манай намын 1970-1980-аад оныхонд ийм залуучууд олон бий. Гэвч асуудал юунд байна вэ гэхээр манай ах нар нам дотор институцын зарчим бариагүй, үе үеийн төлөөллүүдийг бэлдэж гаргаж ирээгүй. Залуучууддаа эрх барих процессд оролцуулаагүй балаг одоо гарч байна. Ялангуяа манай 1970-аад оныхоныг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхээсээ илүүтэй Нэг ардчилал, Шонхор, Алтангадас гээд фракциуд хоорондын дайндаа авч тулалдаад нөгөө хэд нь эвлэх орон зайгүй болтлоо “тулалдчихсан” байна. Яг ний нуугүй хэлэхэд манай 70-аад оныхонд эвлэж нэгдэх дүр зураг хомс харагдаж байгаа. Хаа очиж 80-аад оныхон харьцангуй хоорондоо эвтэй, хүлээн зөвшөөрөл, зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх гэж оролддог юм байна. Энэ улс орныг цааш нь авч явахын тулд Ардчилсан намыг дараагийн хүчтэй үед залгамжлуулж, энэ үеийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, тэр үе нь ч юу чаддагаа харуулах цаг болсон.
-Намын үүсгэн байгуулагчид өөрсдөө намын дарга болохгүй юм аа гэхэд өөрийнхөө хүнийг зүтгүүлж байгаа. Тэгэхээр АН шинэчлэгдэж чадах уу. Ард нь нөгөө л Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ байгаад байна шүү дээ?
-Манай намын өөрсдийгөө фракцын толгойлогч гэж зарладаг ах нарын “дайн” хэзээ ч дуусахгүй юм билээ. Сүүлдээ бараг төрөлх зан нь болоод хоорондоо дажин үүсгэхгүй л бол зүгээр сууж чаддаггүй болчихсон юм байна. Тиймээс одоо эд нар маань өөрсдөө ухамсарлаад хойшоо суугаасай гэж маш олон жирийн гишүүд маань харж, хүлээж байгаа. Шинээр сонгогдох ҮБХ-ны гишүүд болон дараагийн Их хурлын төлөөлөгчид маань хариуцлагатай хандаж намдаа шинэ эргэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Мэдээж намын дарга болох гэж нэр дэвших хүмүүс хүн бүхэнтэй сайхан харьцаж, хүн бүрийн дэмжлэгийг авах гэж элдэвийн л юм болох байх. Улс төр шүү дээ. Гол нь гарч ирсэн хойноо эвтэй байж, өөрийг нь сонгоогүй цөөнхийг марталгүй манлайллын зарчим бариад явах ёстой. Түүнээс хүний барьцаанд ороод явбал ад үзэгдсэн ах нараас ялгарах юу байх вэ. Тэгэхээр бид шинэ лидерээ сонгохдоо тухайн хүний баримталдаг зарчмыг маш сайн харах шаардлагатай шүү гэдгийг намынхаа нийт гишүүддээ хандаж хэлмээр байна. Намын Их хуралд сонгогдсон төлөөлөгчиддөө бас сайн захиарай гэж хүсэх байна.
-Намын шинэ дүрмийн төслийг боловсруулаад намын гишүүдэд танилцуулж байгаа гэсэн. Залуучууд дүрмийн шинэчлэлд саналаа оруулж чадсан уу?
-Дүрмийн ажлын хэсгийг байгуулахдаа нас төлөөлөл харгалзаж байгуулаагүй. Сайн дураараа орж ажиллах хүмүүс саналаа өгөөд 40 гаруй хүнээр бүрдсэн байгаа. Гэхдээ органикаар бүрдсэн гэхэд нас насны төлөөлөл харьцангуй сайн орсон байна билээ. Тиймдээ ч манай дүрмийн төсөл чанартай сайн хийгдсэн. Ажлын хэсгийн гишүүд уржигдраас эхлээд 21 аймаг, есөн дүүрэгт дүрмийн төслөө танилцуулаад эхэлсэн байгаа.
-Дөрвөн жилийн өмнө намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас сонгочихоод энэ удаад ҮБХ-ноос сонгоно гэхээр ухралт хийж байна гэх байр суурьтай ч намын гишүүд байх шиг байна?
-ҮБХ-гоор хэлэлцүүлээд сонголтоо Их хурал дээр хийнэ. Өмнө нь таван лидер намын даргад өрсөлдөөд нэг хүн нь сонгогдсон. Бусад нь эргээд намдаа ирээгүй. Зарчимд суурилаагүй, хатуу фракциудын нэг гажиг энэ. Одоо ч энэ хэд мөд дөө эвлэхгүй юм шиг байна. Тухайн үед намын даргаа сонгохдоо нэг шаттай сонгууль хийсэн учраас  28 хувийн дэмжлэг авсан хүн 100 хувийн дарга болчихсон. Цаана нь 72 хувийн сөрөг хандлагатай хүмүүс үлдэж байгаа. Үүнийг дагаад сонгогдсон лидерээ хүлээн зөвшөөрөхгүй байдал үүсчихэж байгаа юм. Тиймээс дүрмийн шинэ төсөлд намын даргыг хоёр шаттай сонгохоор буюу ялагч 50-иас дээш хувийн санал авахаар өөрчилсөн.
-Намын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн 10 орчим хүн байгаа. Энэ хүмүүс намын даргад нэр дэвших боломжгүй болсон уу?
-Нэр дэвшилтэд хязгаар тавиагүй. Харин шалгуур тавьж байгаа. Шинэ дүрмээ батлаад Дээд шүүхэд бүртгүүлсний дараа нэр дэвшилт шинээр явагдах байх. Шинэ дүрэмд заасан шалгуурыг хангаж байгаа бол намын даргад нэр дэвшиж, өрсөлдөх эрх хэнд нь ч нээлттэй байгаа.
-Намын Их хурлаар залуусаа хэр сонсох бол. Дахиад л ах нар шийдвэр гаргаад өөрийн хүнийг тавьчих юм биш биз дээ?
-Бид өөрсдөө намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдох хэрэгтэй. Их хурлын төлөөлөгч хэнд нь ч үгээ хэлэх индэр нээлттэй байгаа. Ер нь залуус маань бүх зүйл болоод өнгөрсөн хойно гомдоллохоосоо илүү урагшаа гарч идэвхитэй ажилламаар байна. Намын Их хурлын зохион байгуулалт, дүрмийнхээ өөрчлөлтөд оролцмоор байна. Анхнаасаа оролцоогүй бол дараа нь гоншигнох хэрэггүй. 
Ах нарын зодооныг хэзээ дуусна гэж суух вэ, одоо л оролцмоор байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн