МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн түүхийг өгүүлэх “МОНЦАМЭ 100” үзэсгэлэн гурав дахь өдрөө Монголын Үндэсний музейд үргэлжилж байна.
Үзэсгэлэнд монгол, англи, орос, хятад, япон хэлээр хэвлэн гаргаж буй сонин хэвлэлүүд, үндэсний монгол бичгийн “Хүмүүн бичиг” сонин зэрэг тус агентлагаас эрхлэн гаргадаг бүтээлүүдийг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан танилцаж, МОНЦАМЭ агентлагийн үе үеийн уран бүтээлчдэд баяр хүргэлээ.
Тэрээр “Юуны өмнө үе үеийн МОНЦАМЭ агентлагийн ахмадууд болон ажилтнуудад 100 жилийн ойн мэндийг нийслэлчүүдийнхээ өмнөөс өргөн дэвшүүлье. Түүхт 100 жил нь Монгол Улсын тусгаар тогтнолтой салшгүй холбоотой бөгөөд агентлагаар дамжуулан өнгөрсөн 100 жилийн түүхийг дотоод төдийгүй олон улсдаа үнэн бодитоор мэдээллэдэг.
Энэ өдрийг түүхт ой хэмээн баярлан тэмдэглэхээс илүү цаашид дэлхийн хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлж алхахад ямар ач холбогдол, алдаа оноо, амжилттай байсныг дүгнэх ёстой.
Монгол улсад болж байгаа үйл хэргийг дэлхий дахинд хүргэдэг МОНЦАМЭ агентлаг нь хамгийн үнэн, бодит, шуурхай мэдээлэл хүргэдгийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн. Гадаадад байгаа олон монгол иргэд өдөр бүр мэдээллийг, цаг алдалгүй хүлээн авч байна. Та бүхний цаашдын зуун жилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж байсаар ирсэн юм. Түүнчлэн англи, орос хэлээр хэвлэн гаргадаг “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол хэвлэн гаргадаг юм. "МОНЦАМЭ 100” үзэсгэлэн ирэх долоо хоногийн гурав дахь өдөр хүртэл үргэлжилнэ.