Open iToim app
Зочин | 13 мин уншина

Б.Дашдондог: Монгол л бол муу гэдэг үзлээсээ салах цаг болжээ, үндсэрхэг байцгаая

Б.Дашдондог: Монгол л бол муу гэдэг үзлээсээ салах цаг болжээ, үндсэрхэг байцгаая
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 12
Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн анхны дуу болох “yuve yuve yu” нь ердөө жил хүрэхгүйн өмнө цацагдаж байжээ. Өнөөдрийн байдлаар уг уран бүтээл зөвхөн “YouTube” дээр 13 сая давсан хандалт авсан байна. Харин тэдний өөр нэгэн уран бүтээл болох “Wolf Totem” дуу нь 7,5 сая хандалт цуглуулжээ. Мөн АНУ, Их Британи зэрэг олон орны “iTunes”-д рок, метал хөгжмийн чартыг тэргүүлэв. Гаднын нэр хүндтэй хэвлэлүүд эдгээр залуусын өвөрмөц байдлыг онцолж, тэдний тоглодог Хүннү рок урсгалыг хөгжмийн салбарт нэн шинэ зүйл, онцгой үйл явдал болохыг тэмдэглэж байна.
Энэ бол сүүлийн жилүүдэд дэлхийн тавцанд амжилттай гарч ирж чадсан цөөн хэдэн монгол брэндүүдийн нэг юм. Тиймээс Хүннү рок урсгалыг санаачлагч, “The Hu” хамтлагийн продюсер МУГЗ Б.Даншдондогтой ярилцлаа.
-Хүмүүс МУГЗ Дашдондогийг тодорхой хэмжээнд мэднэ. Гэхдээ яг Дашка гэдэг хувь хүний үзэл бодол, амьдралыг харах өнцөг болон философийн талаар төдийлөн сайн мэдэхгүй. Тэгэхээр өөрийгөө илүү хувь хүн талаасаа танилцуулахаас ярилцлагаа эхэлье.
-Дашдондог гэдэг хүн Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай. Гэхдээ Улаанбаатар хотын нэгдүгээр амаржихад төрж, нэгдүгээр цэцэрлэг, нэгдүгээр сургууль гээд дандаа нэгийн тоотоо холбоотой зүйлсээр дамжиж өссөн. Урлагийн хүний замыг сонгоод явсан энэ олон жилд хувь хүн талаасаа ер нь бол даруухан, хөдөлмөрч, аливаад нухацтай ханддаг, ямар нэгэн зүйл эхлүүлбэл заавал дуусгаж байж санаа амардаг тууштай,  энгийн л хүн. Энэ ч утгаараа Монголын рок попын салбарт олон жил өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийгээд явж байгаа хүмүүсийн нэг. Хамгийн гол нь хүн бусдын итгэлийг алддаггүй, аливаа хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг, түүндээ эзэн болж чаддаг байх хэрэгтэй гэдэг зарчмыг л баримталж явдаг.
-Урлагийн хүний хувиар болон оюун санааны хувьд үлгэр жишээ авдаг уран бүтээлч, хамтлаг байдаг уу?
-Олон хүн байдаг. Олон зүйлээс суралцаж, түүнээс санаа авч үзэл бодлоо олон өнцгөөс шингээж авдаг. Түүнээс бус, нэг зүйлээс л суралцаад, ганцхан зүйлийг хараад явахгүй. Миний хувьд хамгийн ихээр хайрлаж, хүндэлж явдаг,  их зүйлийг сурсан гэж яривал УГЗ хөгжмийн зохиолч Энхбаярыг хэлнэ. Нэг үгээр хэлбэл миний багш. Харин миний бодол санаа, сурсан зүйлс, одоо бодож байгаа болон сурч байгаа бүхэн бол тухайн цаг үед хамт байсан хүмүүсээс олж харсан зүйлс байдаг. Би өөрөөсөө хэдэн насаар ч дүү хүн байсан хамаагүй тэр хүний үгийг сонсоод суралцах ёстой зүйлсээ олж авдаг. Харин яг тэр, энэ гэж тоочиж хэлэхэд хэцүү.  
-Та яагаад “Хүннү рок” урсгалыг санаачлах болов. Магадгүй, үүнийг хийх санаа төрөхөд таны үлгэр жишээ авдаг уран бүтээлчид ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болох юм гэж бодлоо?
-Хүннү рок бол өвөг дээдсээс маань бидэнд өгсөн маш том онгод, билэг юм. Тэгэхээр удаан хугацаанд байсан зүйл. Харин яагаад үүнийг хийх болов гэхээр, нэгд хөөмийн эх нутгаас гаралтай байж үүнийгээ түгээж, өвөг дээдсээ магтан дуулсан тийм уран бүтээл хийх ёстой гэж бодсоор ирсэн. Ер нь яагаад хөөмий гэдэг зүйлийг арай өөрөөр хүргэж болохгүй гэж бодож явсаар Хүннү рок гэдэг зүйл рүү гулсан орсон. Зүгээр ч нэг гулсаад ороогүй л дээ. Гол нь үүнийгээ сайн судлах хэрэгтэй гэдэг зарчмын дагуу маш олон зүйлийг харж, хайгуул хийсэн. Жишээ нь өөр, өөр үндэстэн ястнууд болох Тува, Буриад, Өвөр Монгол болон Европын улс орнуудад хөөмийн хархираа, шахаа, үндэсний хөгжмийн хөгжил ямар төвшинд явж байна гэдгээс өгсүүлээд ямар уран бүтээлийг ямар зорилгоор хийж байсан гээд үүнээс гадуур маш их зүйлийг судалж, хянаж, хооронд нь харьцуулсан.
Миний хувьд үүнээс өмнө яг үндэсний урлагийн чиглэлээр ажилласан туршлага бага. Цөөн хэдэн тохиолдолд жишээ нь Норовбанзад гуайтай хамт сууж байгаад “Уяхан замба тивийн наран” гэдэг уртын дууны дуу бичлэгийг хийж байсан. Мөн залуу байхдаа буюу телевизэд ажиллаж байх үедээ Бадраа гуайтай хамт “Ардын дуу хуур” гэж нэвтрүүлэг бэлтгэж дуусгаж байсан. Энэ бүхэн надад өнөөдрийн Хүннү рокыг хийх өгөгдлийг өгсөн гэж би боддог. Би түрүүн хэлсэнчлэн хүн юм бүхнээс суралцаж явдгийн адилаар би залуудаа Бадраа гуайтай хамт Монголын 21 аймгаар бүтэн тойрч, нутаг нутгийн өвөрмөц дуу хөгжим, хөөмийг бичиж нэвтрүүлэг бэлтгэж явахдаа өөртөө асар их зүйлийг хуримтлуулж авсан.  
-Судлаач хүний хувиар гэж ойлгож болох уу?
Тийм. Гэхдээ өөрөө тухайн үедээ мэдэхгүй хэрнээ л суралцсан. Дараа нь ардын уртын дуучид, ардын язгуур урлагийн хамтлагуудын дуу бичлэгийг хийж ямар шинэлэг зүйл нэмж, юу хийж болох вэ гэдгийг олж харсан. Тэгээд дээр хэлсэн нөгөө судалгаанууд нэгдээд хамгийн эцэст нь үүнийг ямар мэдрэмжээр, хэрхэн хувиргаж амжилттай гаргаж ирэх вэ гэдэг дээр хөдөлмөрлөсний үр дүнд Хүннү рок гэдэг урсгал “Хү” хамтлаг гарч ирсэн.
undefined
“The Hu” хамтлаг хоёр ч уран бүтээлээ цацаж итгэмээргүй амжилт үзүүлээд байна. Яагаад итгэмээргүй гэхээр өнөөдрийн даяаршиж буй ертөнцөд цөөхөн монголчуудын соёлыг ингэж дэлхийн тавцанд таниулна гэдэг нь өөрөө гайхамшигтай гэж бодож байна. Миний анзаарснаар “The Hu” хамтлаг болон “Хүннү рок” урсгал барууныханд илүү хүрсэн. Харин энэ хамтлагийн бүх зүйлийг монголчууд ойлгоход хялбар ч энд бол хүмүүст хангалттай танигдаж чадаагүй байна. Яагаад ингэв гэж бодож байна вэ?
-Гаднынханд байхгүй зүйл бидэнд байгаа. Тэр нь юу гэхээр бидний цусанд шингэсэн үндэсний соёл, хөөмий, хархираа юм. Яах вэ тэд адилхан сураад, ижилхэн зүйл хийж чадна. Гэхдээ бидний өвөг дээдсээс ирсэн тэр сүнслэг зүйлийг монголчуудаас өөр хүн гаргаж, илэрхийлж чадахгүй.
Барууны ертөнц бидэнд байхгүй зүйлсийг хүчээр шахуу шахаад олон жил боллоо. Бид ч тэр бүхнийг нь сураад хэрэгжүүлээд, ойлголоо. Одоо харин тэд нарт байхгүй зүйлийг нь бид нар эргүүлээд шахах ёстой. Харин хичээл зүтгэл гарган судалж, зөв төлөвлөж дээр дурдсан хувиргалтыг мэдрэмжтэй хийсний үндсэн дээр барууны ертөнцөд хүрсэн. Үүнээс өмнө тэдэнд байхгүй манай юмыг Алтан ураг, Домог, Хөсөгтөн зэрэг өөр олон хамтлаг тэдэнд өгсөн. Тэгэхээр  энэ бүхэн дан ганц Дашдондог гэдэг хүний юм уу, Хү хамтлагийн юм биш.     Бас  Өвөрмонголчууд язгуур урлагаа орчин үеийн хэв шинжтэй хослуулах тал дээр маш их хичээж тодорхой хэмжээний ахиц дэвшил, амжилтуудыг гаргаад нэлээд хэдэн жил болсон. Биднийг бодвол зах зээлд хөлөө олоод гайгүй сайн суурьтай болчихсон, арга эвээ олчихсон яваа. Миний судалгаа гээд байгаа маань энэ бүхнээс л арай өөр байхгүй зүйлийг нь хүмүүст хэрхэн өгөх вэ гэдэг дээр л оршиж байгаа юм.
Мөн орчин үеийн энэ даяаршсан нийгэмд улс гүрнүүд бусдыгаа урлаг соёлоороо байлдан дагуулж үүгээрээ дамжуулан эдийн засаг руу нь давшилт хийж эзэлж байна. Одоо бол ийм л цаг үе, нийгэм явж байна. Тийм учраас бид ч гэсэн үүний дагуу бусдыг урлаг соёлоороо байлдан дагуулж, тэр чиглэл рүүгээ бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байх гэж боддог.
-Сүүлийн үед монголчуудын хувьд үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл их яригдах болсон. Тэгвэл хэрвээ том зургаар харвал Хү хамтлаг Монголын дархлааг гадаад ертөнцөд суулгаж байна гэж хэлж болох уу?
-Тэгж хэлж болно. Даяаршсан нийгэмд гаднынхан манайд янз бүрийн урлагийг чөлөөтэй оруулж ирж болж байна. Жишээ нь Америк, Солонгос, Турк, Хятадын кино өнөөдөр суваг бүр дээр л гарч байна. Нэг талдаа энэ нь их зүгээр боловч хэтрээд ирвэл аюултай. Энгийнээр хэлбэл Монгол гэх зүйлийг байхгүй болгож, устгаж эхэлнэ гэсэн үг. Хүмүүс өв соёлоо мартаж эхэлнэ, гаднын соёлд дасаж суралцаж эхэлнэ. Одоо хүүхдүүд мэдээ орсон цагаасаа эхэлж гаднын соёлд суралцах бүрэн боломжтой байна. Тэд хүүхдүүд л юм чинь юмны мөн чанар гэхээсээ илүүтэй гадаад өнгө үзэмж, өмссөн зүүсэн, гоё ганган байдалд нь татагдаж бага багаар тухайн гаднын соёлд суралцдаг.
Тэгэхээр урлаг гэдэг зүйл аливаа улс орны хөгжил буюу тусгаар тогтнол, дархлаа дотор хамгийн гол байр суурийг эзэлдэг. Мөн урлагт тухайн улсын өв соёл, үүх түүх гээд бүх зүйл багтсан байдаг. Түүнээс хэчнээн мянган өндөр барилга барьж, хилээ хэчнээн давхар утсаар ороолоо гээд тусгаар тогтнол гэдэг нь хийсвэр зүйл болох юм. Тиймээс өв соёл, үүх түүх гэдэг үндэсний зүйлсээ хүүхдүүдэд бага наснаас нь эхлүүлэн зааж сургаж, ойлгуулж хадгалж авч үлдэхгүй бол өнөөгийн даяаршсан, интернет сошиал орчин ингэж задгайрсан үед бусад соёлуудын л адил уусаад алга болно.
Гэтэл манай өөрийн соёл, ардын язгуур урлаг нь шинэ цагийн хүмүүсийн хувьд нөгөө л байдаг л нэг дээлтэй бор өнгөтэй морин хуур барьсан хүмүүс байсаар байна. Ийм зүйлд залуус одоо хэзээ ч татагдаж, дурлахгүй. Тиймээс Хү хамтлагийн хувьд тоглодог хөгжмийн зэмсгүүдээ гоё ганган болгож өөрчилж, гадаад үзэмжээ хүртэл өөр байлгахыг эрмэлзсэн. Ер нь яагаад ийм шинэ загварын морин хуур хөгжим байж болохгүй гэж. Цаашид хүүхдүүд ч гэсэн ийм хөгжмөөр тоглохыг хүсэж, дахин давтагдашгүй мянга мянган ийм морин хууртай болж бүүр үүгээрээ өөр хоорондоо хэнийх нь илүү ганган байна гэж өрсөлддөг болохыг ч үгүйсгэхгүй.
Одоо хэрвээ дээл хувцсаа өмсөөгүй л бол  биднийг дэлхийн хаана ч явсан хэн ч Монгол гэж шууд танихгүй шүү дээ. Энэ нэг Хятад, Солонгос байна л гэж харна. Тэгэхээр Монгол гэдгээрээ ялгарч үлдэх, дархлаагаа хадгалах ганц зүйл нь бидний үндэсний дээл хувцас, хэл соёл, урлаг, уламжлал юм. Гэтэл ялгарч байна гээд хар халуунд хүнд дээл өмсөөд, том гутал углаад яваад байх нь ч хаашаа юм. Тиймээс энэ бүхнийг яаж эвтэйхэн гол мөн чанарыг нь эвдэхгүйгээр орчин үеийн хэв шинжид оруулж сайжруулж, хувиргах вэ гэдэг дээр төвлөрч ажиллавал яваандаа залуус энэ Монголын гэдэг юм чинь гоё юм байна гэдэг бодолтой болж эхэлнэ. Дээрээс нь хэдий тэр гаднын зүйлс олноороо орж ирлээч тийшээ тэгж их хошуурдаг нь багасах байх гэж харж байна.
-Тэгэхээр таны хэлэх гээд байгаа санаа бол жишээ нь XIII зуунд Их Монголын байлдан дагуулалтын үед өвөг дээдэс маань тухайн цаг үе, нөхцөл байдалдаа зохицуулж хөө хуягаа хүртэл хөнгөн болгож сайжруулалт хийж байсан шиг тийм сайжруулалтыг хийх явдал байна тийм үү.  Мөн байгаа байрандаа гацалгүй, өнгөрсөн түүхийг үргэлжлүүлэх замаар хадгалж үлдэх гэж ойлгож байна?
Болно. Гэхдээ энэ бүхнийг Дашдондог гэдэг хүн ганцаараа хийгээгүй. Үүнийг маш олон хүн хамтдаа бүтээсэн. Нэг үгээр хэлбэл би өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд бусдын тусламжийг авч замаа товчилсон л хэрэг. Хүннү рокын хамгийн гол зүйл нь хөгжмийн хөгийг гитар дээр ахин боловсруулж шинээр гаргаж авсан явдал. Тэгэхээр тоглох арга барил нь өөр болж ирнэ. Хү хамтлаг Европ хөг дээр биш, Монгол хөг дээрээ тоглож байна гэсэн үг шүү дээ. Иймээс Хүннү рок гэж биеэ даасан хөгжмийн төрөл жанр байх ёстой юм байна гэдэг юм гарч ирсэн.
Яахав заавал Хүннү рок гэж нэрлэх албагүй байсан. Монгол рок, Шаман рок гээд олон л санаа гарч ирж байсан. Гэхдээ яагаад заавал хүннү болсон гэхээр манай хамтлагт голлох үүрэг гүйцэтгэдэг товшуур хөгжим нь өөрөө хүннүгийн үед бий болсон байдаг. Хоёр утастай тэр нь хөгийн хувьд өнөөгийн Европын олон хөгжмийн зэмсгийн хувьд анхдагч нь болдог. Яахав тэнд Европчууд орчин цагт гитар хөгжим дээр боловсруулаад илүү олон хүнд хүргэчихсэн л хэрэг. Дээрээс нь Монгол хөөмийний тэр хархираа, шахаа гэдэг өөрөө рок хөгжмийн дуулалтын үндсэн суурь байдаг. Нэг ёсондоо рок хөгжим Монголд бүүр хүннүгийн үед үүссэн байгаа юм. Үүнийг эрдэм шинжилгээний төвшинд аваачаад эрдэмтдийн хэлэлцүүлгийн сэдэв болгоод, үнэхээр рок хөгжим монголоос үүссэн юм байна гэдгийг баталж, нотолж харуулах нь бидний зорьж яваа олон зүйлийн нэг.
Миний хувьд Монгол хүн болж төрсөн гэдгээрээ дэлхийн хөгжмийн түүхэнд монгол, монголын гэх рок хөгжмийг заавал үлдээнэ гэсэн зорилгоо л хөөж яваа. Хамтлагийн залуус маань надтай нэгдээд үүний төлөө хамтдаа сайхан зүтгэж байна.
-Хү хамтлаг ердөө нэг жил гаруйн хугацаанд дэлхийн тавцанд гарч ирж чадлаа. Монголын уран бүтээлчид сүүлийн жилүүдэд бүгд л их бага хэмжээгээр гаднын зах зээл рүү гарна гэх болсон. Таны бодлоор бид солонгосын К-pop эсвэл америкийн хип хоп, R&B хөгжмөөр нь дэлхийн тавцанд ажилтанд хүрч чадах болов уу. Зарим нэгэн залуус маань үүний эхлэлийг хийгээд л явж байна. Гэхдээ яг санасанд бол хүрэхгүй байгаа?
-За сайн хэлж мэдэхгүй л юм гэхдээ тоогдох нь юу л бол. Гэхдээ тоогдох хэмжээнд юмыг хийнэ гэдэг өөр. Тэр хүртэл маш олон зүйл шаардлагатай. Үүнийг хийхийн тулд тухайн хүнээс асар их зүйлийг шаардана. Жишээ нь хувь хүний төлөвшилт, ертөнцийг харах өнцөг, хандлага гээд олон зүйл байгаа. Урлаг талаасаа дуулалт, арга барил, хэв маяг, онцлог байдал, хүний анхаарал татах чадвар гээд их юм бий.
Орчин үеийн урлаг өөрөө асар өндөр хөгжөөд дуулалт, дуугаралтын хувьд маш өвөрмөц хэв маягуудтай болоод нэг ёсондоо хязгаартаа тулаад зогсонги байдалд орсон гэж боддог. Хүмүүс ч сүүлдээ шинэ юмыг нь тоохоо байчихсан. Тэгэхээр яахав урлаг гэхээсээ илүүтэй хэв маяг, өнгө үзэмж баахан сенсаци л тарьж хүмүүсийн анхаарлыг татаж байна. Хүмүүс ч яваандаа бас л ийм юмнаас нь залхсан. Тэгэхээр хүмүүс бүүр хуучны мундаг юмнуудаа хүсэж, эсвэл огт байхгүй тийм зүйлийг санагалзаж эхэлдэг. 
Харин сонсогчдын хувьд ялангуяа барууны орнуудад дэлхий даяаршиж, хүн ам ихсээд, техник технологи хөгжмийн хэрээр хүний нарийн мэдрэмжээ гээгээд, итгэл үнэмшил, сүнслэг байдлаа алдаад илүү сэтгэл хөдлөлгүй тийм робот маяг руу явж байна. Тэгэхээр хүн гэдэг зүйл өөрийн эрхгүй цаанаасаа эргээд байгальтайгаа ойр тийм сүнслэг зүйлийг нэхэж эхэлдэг.
Хүмүүс Хү хамтлагийн байгаль эхээ хайрлах, түүнтэй ойр байя гэсэн арай илүү натурал зүйлийг сонсоод өөрийн эрхгүй хүсэж байсан зүйлээ авсан байх. Энэ нь амжилт авчрах үндсэн шалтгаан болсон. Манай дууны доор бичсэн сэтгэгдлүүдийг харж байх нээ. Нэг гадаад нөхөр хорт хавдар тусаад туяаны эмчилгээг даах уу үгүй юу, гээд хамаг итгэлээ алдчихсан явж байгаад манай “Wolf Totem” дууг сонсоод эрч хүч ороод, би заавал энэ өвчнийг ялан дийлнэ гэсэн итгэл орлоо баярлалаа гэсэн байналээ. Магадгүй тэр нөхөр орчин үеийн нийгмээс хэзээ ч олж авч чадахгүй тэр зүйлээ Хү хамтлагийн уран бүтээлээс олж авсан байх.
Олон хүн үүнийг ойлгож ухаарч дэлхий дахин арай өөр зүйл бодож илүү ихээр байгаль эхээ хайрлах тийм нийгэм рүү явахгүй бол одоо бид чинь юу юугүй балрах гээд байна шүү дээ. Энэ тийм сүртэй биш юм шиг хэрнэ яг алсуураа бол маш өргөн цар хүрээтэй чухал зүйл юм.
Гэхдээ манай залуус үүндээ бардаж болохгүй, туйлширч болохгүй. Зарим залуус туйлширчхаараа галзуураад, солиороод элий балай юм яриад, өөртөө үнэмшээд жинхэнэ итгэл үнэмшлээ олоод явчихдаг шүү дээ. Тийм байж болохгүй. Энэ бол аюултай. Хүн аливаа зүйлийг хийхдээ ухаантай л байх хэрэгтэй. Тэртээ тэргүй хийх ажил маш их байгаа тийм учраас үүнийгээ хэрхэн улам сайжруулах уу, өшөө яаж гоё болгох уу тэр юмаа л хараад төгөлдөржүүлээд явах хэрэгтэй.
undefined
-Та бүхэн хүмүүст гоё сайхан зүйлийг уриалаад байгаль дэлхийгээ хайрлая гээд уран бүтээл хийж байна. Гэтэл мэдээж сайны хажуугаар саар гэгчийн адил сөрөг хандлагатай хүмүүс их байх юм. Бүүр гаднын хүмүүс бишрээд ямар гоё юм бэ гээд байхад Монголчууд нь өөрснөө бүүр нөгөө гадаадуудад хандаад аан эд нар бол ийм тийм гээд сэтгэгдэл бичсэн байх юм. Ёр нь цаашдаа та хамтлагийн продюсер хүний хувиар үүнд хэрхэн хандаж ямар арга хэмжээ авах вэ. Анх хамтлагийн лого хүмүүсийг их талцуулсан санагдана?  
-Хас тэмдэгт Европчууд угаасаа л эмзэг ханддаг. Тэр нь буруу зөв харсан байна уу хамаагүй хас тэмдэг шиг л харагдаж байвал цусан дахь хамаг юм нь нэмэгдээд шууд үзэн ядаж эхэлдэг. Яахав тэдний туулсан тэр зовлон шаналлыг бид мэдэхгүй учир ойлгохгүй. Мөн олон жилийн турш барууны ертөнц өөрснөө олон сая хүнийг алж хядаагүй юм шиг л Чингис хааныг алуурчин, талуурчингаар нь цоллож ярьж, бичсээр ирлээ. Ер нь ямар ч юмыг хийхэд гарз хохирол, золиос гэж юм байдаг. Дэлхийн хамгийн анхны жинхэнэ утгаараа ардчилсан, глобалчлагдсан нийгмийг бүтээж байсан хүнд тэр зэргийн золиос гаргах нь байх л ёстой зүйл байсан гэдгийг ойлгуулах нь бидний ажил. Тэгэхгүй бол буруу ойлголт асар их байдаг.
Цаашид бид  байгаль эхээ хайрлая, ойр байя, өвөг дээдсээ магтан дуулах гэдэг энэ зүйл рүүгээ л дагнаад уран бүтээлээ хийгээд явна. Эндээс барууны ертөнц Монголчууд гэдэг чинь ямар энгийн, энэрэнгүй, уужуу, байгаль дэлхийтэйгээ ойр, амар амгалан юм бэ гэдгийг ойлгож авах байх. Гэхдээ хэт их зөвхөн монгол, монгол гээд байж болохгүй. Учир утгатай байх хэрэгтэй. Дараа дараагийн цомгуудаа арай өөр хэв маягаар хийхээр төлөвлөгөө гаргаад явж байна.
-Монголчуудын хувьд “The Hu” хамтлагийг уран бүтээлээрээ дамжуулж хүргэх гээд байгаа тэр санаагаар нь бус  гаднын хит дууны чартуудад тэргүүлсэн гэдэг ч юм уу ийм зүйлээр нь л хүлээж аваад байгаа юм шиг санагддаг. Тиймээс хүмүүст Хүннү рок болон Хү хамтлаг гэж яг юу юм бэ гэдгийг хүргэх гэж хичээлээ. Ярилцлагын төгсгөлд та миний асууж чадаагүй дутуу орхисон зүйл байвал хариулт өгөөч?
-Өнөөгийн Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал маш ээдрээтэй ер нь бол эвгүй байна, тийм үү. Үүнээс болж ард түмэн маш их стресс, бухимдалтай болж үүнийгээ цахим орчинд ил чөлөөтэй илэрхийлж болдог, юм бүхэнд шүүмжлэлтэй ханддаг ийм л нийгэм бий болчихоод байна. Угаасаа ийм нийгэмд хүмүүс ямар нэгэн зүйлд анхаарч төвлөрөөд шинэ уран бүтээл сонсоод тэрнээс таашаал авах нь юу л бол.
Дээрээс нь ард түмэн ингээд ядуураад ирэхээр урлаг нь ч гэсэн дагаад ядуураад ирдэг юм байна. Адилхан хямарч, хийж байгаа уран бүтээлүүд нь хямдхан болоод л, үнэ цэнээ дагаад үнэ цэнэ бий болж байдаг юм нь байхгүй болоод эхэлж байх шиг байна. Уран бүтээлчдийн хувьд чанартай юм хийгээд явж байгаа хүмүүс олон байна. Гэхдээ ард түмнээ дагаад ядуураад яваад байгаа уран бүтээлчид ч олон байна. Тэгж болохгүй гэдгийг хэлмээр байна.
Ер нь дээр асууж байсан монголчуудад Хү хамтлаг яагаад хүрээгүй вэ гэж. Бид анхнаасаа Монголын зах зээлд хандаж сурталчилгаа хийгээгүй. Анхнаасаа барууны зах зээлд байр сууриа эзэлье гэж хараад зориод, зүтгэсэн. Үүнийг хүмүүс бас зөвөөр ойлгох хэрэгтэй. Биднийг дэмжиж байгаа Монгол ахан дүүс маань олон байгаа. Яах вэ, хит дууны чартад тэргүүлсэн гэдэг шиг бага багаар Монголчууддаа хүлээн зөвшөөрөгдөх биз.  
Гэхдээ энд нэг зүйлийг хэлмээр байгаа нь, ямар нэгэн зүйлийг шууд муулж гутаахын оронд урьтаж сайтар бодсоны үндсэн дээр зөв гаргалгаатай зөвлөгөөг нэгэндээ өгдөг байя. Монголчууд маань одоо Монгол л бол муу гэдэг тэр үзлээсээ салах хэрэгтэй. Зөвхөн Хү хамтлаг дээр л ярихад энэ залуусын уран бүтээл алсдаа Монголын аялал жуулчлалд ямар их хувь нэмэр оруулах бол, хэдэн жуулчин татах вэ, говьд байгаа аялал жуулчлалын бизнес хийдэг хэдэн хүнд үр өгөөжөө өгөх вэ, эдийн засагт ямар хэмжээний тодорхой ашиг өгөх юм, магадгүй цаашлаад Монголд хөрөнгө оруулалт хийх хүнийг ч татаж болох юм билүү гээд ийм цаадах үр өгөөжийг харах хэрэгтэй. Үүний төлөө манай хамтлагийн залуус аль чадахаараа баруунд өөрсдийгөө зөвөөр ойлгуулж, тэндхийн зах зээлд байр сууриа эзлэх гээд хичээгээд л яваад байгаа. Гэтэл Монголчууд нь өөрсдөө энэ муусайн Гитлерууд гээд гадаадуудад биднийг муулаад байдаг. Хөөрхий монгол хэл мэдэхгүй гаднын хүн гайхаад сэтгэгдэл бичихээр доор нь зөвөөр тайлбарлаад өгөхийн оронд, аан эд нар чинь ийм тийм гээд албаар буруу ойлголт түгээгээд байх жишээтэй. Би үнэхээр үүнийг ойлгохгүй байгаа.
Хэрвээ Хятадад бид нэг хүнтэй муудалцвал яадаг билээ. Шаагилдаад л ороод ирдэг шүү дээ. Манай Монголд ирж байгаа Солонгосчуудыг л хар. Ирэхдээ өөрсдийн онгоцоороо ирээд, энд дандаа өөрсдийн ресторан, зочид буудал, дэлгүүр, амралтын газруудаараа явж байгаад солонгос хүндээ мөнгөө үлдээгээд яваад өгч байна. Ганцхан өөрсдийгөө л дэмжиж байгаа. Бид ч гэсэн ийм үндсэрхэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Алийн болгон нэгнийхээ өмнүүр түрэмгийлж, юу юугүй бүхнийг харлуулж байх ёстой гэж. Үүнийг л хэлмээр байна.
-Танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье. Хү хамтлаг дэлхийг байлдан дагуулж эх орноо олон жил гадаад ертөнцөд сурталчилж явах болтугай. Тэгээд бидэнд үр өгөөж нь ирж байгаасай. Нэг монгол нөгөө монголоо дэмжиж байж бид дэлхийг байлдан дагуулж чадна гэж уриалмаар байна.
-Баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн