Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “Дэлхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Гэхдээ тэмдэглэлт өдөр гээд баярлах албагүй. Харин өөрсдийн эрх ашиг, ажлын байрны дарамт, шахалтыг өөрчилж, амьдралын баталгаатай болгохын төлөө дуугарч, эрхээ хамгаалах өдөр юм.
Эмч нарын мөнхийн сэдэв бол цалин хөлсний асуудал. Цалингийн асуудлаас болж ажил хаялт удаа дараа зарлаж байсан. Түрүү онд ч гэсэн суулт зарласан удаатай. Гэхдээ нүдэнд харагдаж, гар баригдах үр дүнгийн хувь “тэг”. Түүнчлэн, цар тахлын үеийн хамгийн хүнд ачааг эрүүл мэндийн салбарынхан үүрсэн. Тэр дундаа өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт тусламж үйлчилгээний 70 гаруй хувийг хариуцан ачааны хүндийг үүрлээ. Гэвч цалин хөлс, ажиллах орчин, хэт их ачааллаас өрхийн эмнэлэг, анхан шатны тусламжийн багт ажиллаж байгаа эмч нарын тоо эрс багасаж буй. Олон эмч, сувилагч ажлаасаа гарч байгаа гэх.
Өнөөдрийн байдлаар манай улсын эрүүл мэндийн төвүүд стандартад заасан хүний нөөцөөс 50 хувиар дутуу байгааг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа хэлж байсан. Иймд хүний нөөц дутуугаас болж нэг хүн 2-3 хүний ажлыг хийж ажлаас халширах болжээ. Хэрэв 2-3 хүний ажлыг хийж байгаа бол тэр хэмжээний цалин авах ёстой. Гэтэл улсын дундаж цалин 1.3 сая төгрөг гэсэн ч ӨЭМТ-ийн эмч нарын цалин дунджаар 734 мянган төгрөг байгаа нь эмч нарын ажиллах хүсэлд нөлөөлж буй.
Эмч нарын өдрөөр баярлах бус цалин, нийгмийн асуудлаа ярь, дуугар эмч нараа!
Ажиллах хүчнийг хэрхэн нэмэгдүүлэх талаар өчигдөр /2022.03.29/ болсон “Алтан Чагнуур” шилдэг эмч шалгаруулах ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хүний нөөцийн бодлого дээр эрчимтэй ажиллаж байна. Үүний нэг жишээ нь, төгсөлтийн дараах нарийн мэргэжил эзэмших резидентийн сургалт гэж байдаг. Үүнийг гурван жилийн хугацаатай болгоно. Олон улсад 4-5 жил байдаг жишиг рүү ойртуулна. Мөн нэгдсэн цөм хөтөлбөртэй болж байгаа. Энэ нь ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс хүний нөөцийн асуудал, бодлогын гүйцэтгэлийн санхүүжилт гээд олон шинэчлэл манай салбарт хийгдэж байгаа” гэв.
Эмч нарын цалин нэмэх асуудал одоогоос арван жилийн өмнө ч яригдсаар байсан, одоо ч хэвээр.
Олон жил ийн явсан эмч, эмнэлгийн ажилчид зээлээс зээлийн хооронд амьдрах нь элбэг. Тодруулбал, эрүүл мэндийн салбарын ажилчдын 72.9 хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй байна. Үүний 10.3 хувь нь орон сууцны зээлтэй. Мөн эмч нарын 42 хувь нь түрээсийн байранд, 35 хувь нь гэрт, 5.5 хувь нь айлын хажуу өрөөнд, 17.5 хувь нь өөрийн орон сууцтай гэх судалгаа гарсан байна.
Уг судалгаа эмч нарын цалин аж амьдралд нь хэр хүрэлцээтэй байгааг илтгэнэ. Тэгвэл Монгол эмч нарын цалинг дэлхийн бусад улс орны эмч нарын цалинтай харьцуулбал:
-Швед: Ерөнхий эмч нар жилд 66 мянган ам.долларын цалин авдаг.
-АНУ: Мэргэжилтнүүд жилдээ ойролцоогоор 230 мянган ам.долларын цалин авдаг бол ерөнхий эмч нар 161 мянган ам.доллар авдаг аж. Тус улсад ойрын 15 жилдээ эмч нарын тоо цөөрөх хандлагатай байна гэж үзсэн бөгөөд энэ нь сургалтын төлбөр хэт өндөр байгаатай холбоотой.
-Герман: Ерөнхий мэргэжлийн эмч нар жилд 69 мянган ам.долларын цалин авдаг. Германд туслах эмчийн ажлын байрыг шинээр бий болгосон бөгөөд хамгийн өндөр цалинтай буюу жилд 68 мянган ам.долларын цалин авдаг байна. Мөн мэргэжил дээшлэх тусам энэ тоо өсөх аж.
-Финлянд: Тус улсад мэргэжилтнүүд жилд 74 мянган ам.долларын цалин авдаг. Ерөнхий эмч нар нь 68 мянган ам.долларын цалинтай. Ерөнхий эмч нарын цалин нь АНУ-ын эмч нарын цалингийн талаас бага хувьтай тэнцэж буй юм.
Харин Монголд нийт иргэдийн 70 хувьд үйлчилдэг ӨЭМТ-ийн эмч нарын жилийн цалин ердөө 2936 ам.доллартай тэнцэж байна. Ийм нөхцөл байдалтай ажиллаж буй мэргэжилтнүүдээс төр болон иргэд дэлхийн хэмжээний үйлчилгээ нэхэх нь “тэнэглэл” юм. Дэлхийн жишигт хүргэхгүй юмаа гэхэд улсынхаа дунджид хүргэхийн тулд энэ өдөр баярлах бус цалин, нийгмийн асуудлаа ярь, дуугар эмч нар аа! Үгүй бол ирэх арван жилдээ эрүүл мэндийн ажилтан, эмч нарын цалин хамгийн доод хэмжээндээ байсаар л байна.