Нобелийн шагналыг олгох болсноос хойших 98 жилийн хугацаанд нийт 908 хүн, 27 албан байгууллагад физик, хими, утга зохиол, энх тайван, анагаах ухааны гэсэн таван төрлөөр шагнал гардуулжээ. Давхардсан тоогоор нийт 52 шагналыг эмэгтэй хүн хүртсэнээс Мери Кюри Нобелийн шагналыг физик болон химийн салбарт хүртсэн цорын ганц эмэгтэй хэвээр байна. Нобелийн шагналыг шинжлэх ухааны салбарт хосгүй ололт хийсэн эрдэмтэн, дэлхийд үйл хэргээрээ манлайлсан энх тайвны төлөөлөгч нарт олгодог шагнал гэвэл хэт өрөөсгөл болно. Агуу үйл хэргийг ганц шагналаар хэмжих нь утгагүй ч энэхүү нийтлэлд онцолж буй таван эмэгтэйн хоёр нь Нобелийн шагналыг хими, анагаах ухаан, физикийн салбарт хүртжээ. Дээрх таван эмэгтэйчүүд бүгд өөрсдийн хүч, боломжоо 100 хувь дайчилснаар эмэгтэй хүнд хаалттай байсан салбарын мөсийг хагалж, ирээдүйн олон эмэгтэй мэргэжилтнүүдийн ажиллах замналыг нээж өгчээ. Эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал байх үед шинжлэх ухааны салбарт эмэгтэй хүний хувь нэмрийг оруулсан анхдагчид байсан нь нийтлэлдээ сонгон авах нэг шалтгаан боллоо. Шинжлэх ухааны түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан таван эмэгтэйн талаар хүргэе.
1. Эцэг эхийнхээ үйл хэргийг залгамжлагч, Нобелийн шагналт эмэгтэй- Ирене Кюри
Франц эрдэмтэн Пьере Кюри болон хамгийн анхны Нобелийн шагналт Мари Кюригийн охин Ирене Кюри 1935 онд Нобелийн шагналыг химийн салбарт нөхрийнхөө хамт цацраг идэвхит бодисыг хиймлээр гарган авах аргыг нээн илрүүлснээр авчээ. Нобелийн шагналыг хоёр үе дамжин хүртсэн анхдагч эмэгтэйчүүдийн нэг, шинжлэх ухааны түүхэнд гэр бүлийнхээ Кюри овгийг гүн бататгасан Ирене Кюри шиг эмэгтэй түүхэнд ховор. Эрдэмтэн гэр бүлд төрж, хүмүүжсэн Иренег есөн настай байхад аав нь өнгөрч, Мари Кюри өрх толгойлон үлдсэн ч хоёр охиноо Францдаа хамгийн нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд хичээл орох “Кооператив” нэртэй нийт есөн сурагчдаас бүрдсэн тусгай хөтөлбөртэй сургуульд явуулжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед Ирене Кюри ээжийнхээ хамт шархадсан цэргүүдийн рентген зургийг авах сувилагч хийж байснаас гадна атомын цөмийг нээн илрүүлэх туршилтыг нөхрийн хамт хийсэн байна. Тэд нейтроны бодит жинг хамгийн анх нээн олсон хүмүүс болсон.
2. Хүний уураг тархи хэрхэн ажилладгийг тогтоосон тархи судлалын анхдагч Бренда Милнер
Өдгөө 100 насны босгыг давсан Бренда Милнер 20 салбарын эрдмийн зэрэгтэй бөгөөд 90 хүртлээ эрдэм шинжилгээний судалгаагаа хийжээ. Тэрээр тархины зүүн болон баруун бөмбөрцгийн үүрэг, хоорондын харилцан уялдааг нээн илрүүлж, хүний тархи хоёр санах ойтой нэг нь хүний нэр, нүүр царай, хийж байсан зүйлсийг санадаг бол нөгөөх нь сэлэх, төгөлдөр хуур тоглох гэх мэт хөдөлгөөнт дадлыг санах үүрэгтэй гэдгийг баталсан. Тэрээр санах ойн системийг тохиолдлын санах ой (episodic memory), журамласан санах ой (procedural memory) гэж хоёр хуваасан. Тархин дахь түр санах хэлтэр (temporal lope) хүний сэтгэл хөдлөл, сонсгол, ой санамж болон хэл ярианы хөгжлийг хариуцдаг бол тархины урд хэлтэр (frontal lope) мэдээллийг боловсруулж, тогтоох үүрэгтэй гэх мэт тархины үндсэн дөрвөн хэсгийн үүргийн талаар хамгийн анх Бренда нээн илрүүлсэн тул түүнийг тархи судлалын салбарын үүсгэн байгуулагч гэж үздэг.
3. Уяман өвчний эмчилгээг олсон Африк-Америкийн химич Элис Балл
Африк-Америк гаралтай анхны мастерын зэрэгтэй эмэгтэй Элис Балл Хавайн их сургуулийн химийн тэнхимийн анхны эмэгтэй профессор гэсэн тодотголтой. 20-р зууны эхэнд уяман өвчний эмчилгээг олоогүй байхад уг өвчнөөр өвдсөн хүн эд эрхтэнээ тайруулах, өвчин даамжирсан тохиолдолд үхлээ хүлээх л сонголттой байжээ. Эхэн үед Чаулмогра хэмээх тосыг арьсны өвчин болоод уяман өвчний эмчилгээнд зөвхөн гаднаас нь түрхэж л хэрэглэх боломжтой байв. Уг тос цөөн тохиолдолд үр дүнд хүрдэг, барагтаа нөлөө үзүүлдэггүй байжээ. Элис Балл уг тосны шинж чанарыг судалж байх үедээ идэвхт элементүүдийг ялгах арга техникийг боловсруулан, Чаулмогра тосны ашигт нэгдлийг ялган авсан байна. Мөн өвчтөний судсаар шууд тарих боломжтой мөртлөө биед нь бүрэн уусдаг шинэ бэлдмэлийг гарган авсан нь уяман өвчний анхны эмчилгээ болжээ. Тэрээр 24 насандаа тодорхойгүй шалтгаанаар таалал төгссөн ч амьдралынхаа ахархан хугацаанд анагаах ухаанд эмчилгээгүй байсан уяман өвчний эмчилгээг олсон түүхэн гавьяатай хүн юм. Хэрэв урт насалсан бол анагаах ухаанд олон нээлт хийх байсан нь ойлгомжтой.
4. Нобелийн шагналыг анагаах ухааны салбарт хүртсэн анхны эмэгтэй-Герти Кори
Герти Кори глюгенийг катализын аргаар хувиргах нээлтийг хийснээр Нобелийн шагналыг анагаахын салбарт хүртсэн анхны эмэгтэй эрдэмтэн болсноос гадна АНУ-аас уг шагналыг авсан анхны эмэгтэй болжээ. Гертигийн эцэг Отто бор сахарыг боловсруулах аргыг нээн олсон химич мэргэжилтэй байсан нь түүнд нөлөөлж 16 насандаа шинжлэх ухааны замналд эргэлт буцалтгүй татагдан оржээ. Тэрээр Чехийн нийслэл Праг хотод төрсөн бөгөөд тус хотын Карл-Фердинандын анагаахын их сургуульд элсэн орсон анхны эмэгтэй оюутан хэмээгддэг. Анатомийн хичээл дээр сууж байхдаа Герти ирээдүйн нөхөр Карл Коритой танилцаж, их сургуулиа төгсөөд хосууд гэрлэжээ. Тэд хамтдаа Америкийн Нэгдсэн Улс руу цагаачилж, нэг лабораторид мөр зэрэгцэн ажиллаж байхдаа хүний бие махбодын хамгийн гол энергийн эх үүсвэр нь нүүрс ус гэдгийг баталсан. Бидний бие глюгозийг задалснаар нүүрс ус гаргаж авдгийг илрүүлж, задлах үе шатыг нь олж нээсэн нь хожим биологийн салбарт Коригийн мөчлөг гэж нэрлэгджээ.
5. Тэрсүүд зан гаргаснаар багш биш физикч болсон-Росалин Ялов
Нобелийн шагналыг анагаахын салбарт хүртсэн хоёр дахь Америк эмэгтэй Росалин Ялов RIA (цусанд агуулагдах гормоны төвшинг хэмждэг) технологийг хөгжүүлснээр уг шагналыг авчээ. ХХ зууны дунд үед эмэгтэй оюутан Америкийн шилдэг их дээд сургуульд элсэн орох нөхцөл хатуу байснаас ихэвчлэн эмэгтэйчүүдийн коллежид л суралцдаг байжээ. Тухайн үеийн нийгэм эмэгтэй хүнийг сайн гэрийн эзэгтэй байхыг чухалчилдаг байв. Дээд боловсролтой эмэгтэй хүн хийх боломжтой ганц ажил нь нарийн бичгийн ажилтан байсан ч Росалин хүсэл сонирхолдоо үнэнч байж өөрийн байр суурийг бататгаж чадсан. "Дэлхийн хоёрдугаар дайны үе миний залуу настай давхцаагүй бол арьс өнгө болон хүйсээр ялгаварлах үзлээс болж хүссэн чиглэлээрээ ажиллах боломж хэзээ ч нээгдэхгүй байх байсан” хэмээн Росалин хожим дурсжээ. Түүнийг Иллинойс мужийн Урбана-Компейн их сургууль дэлхийн II дайны үед багшийн туслахаар ажилд авсан байна. Уг их сургуулийн физикийн тэнхимд 400 гаруй профессор, багшийн туслах ажиллаж байсан ч тухайн үедээ анхны болоод цорын ганц эмэгтэй багш нь Розалин байжээ. Оюуны өндөр чадвартай, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл сонирхолтой ч нийгмийн ялгаварлаас болж бууж өгч буй мянган мянган эмэгтэйчүүдэд үлгэр дуурайл болсон эмэгтэй бол Розалин Ялов билээ.