Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Г.Дуламжав: Хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ

Г.Дуламжав: Хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 18
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногийн даваа гаригаас наймдугаар сарын 22-ны хооронд үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгийн бүртгэлийн талаар БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Дуламжавтай ярилцлаа.
-Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн насны хэчнээн хүүхэд байна вэ. Хэдэн хувийг нь цэцэрлэгт хамруулах  вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн насны 147000 хүүхэд байна. СӨБ-д бүх хүүхдийг хамруулна гэвэл цэцэрлэгийн хүртээмжийн хувьд асуудалтай. Өнгөрсөн онд сургуулийн өмнөх боловсролд 30000 хүүхэд хамрагдаагүй үлдсэн. Тиймээс энэ жил олон цэцэрлэг шинээр барьж байна. Ирэх есдүгээр сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 58 цэцэрлэг ашиглалтад орно. Харин оны өмнө буюу арванхоёрдугаар сард 16 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. Энэ ондоо багтаад 74 цэцэрлэг  шинээр ашиглалтад орно гэсэн үг. Энэ хичээлийн жилд хөдөө орон нутаг болон нийслэлд нэмж 12800 орчим хүүхэд цэцэрлэгт шинээр хамрагдах боломжтой. Үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд улсаас санхүүжүүлт маш сайн олгосон. Ер нь 2019 онд 132 цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан боловч хөрөнгө санхүү, цаг хугацааны хувьд асуудалтай тулгарсан. Тиймээс энэ онд ашиглалтад орох 132 цэцэрлэгээс 42 цэцэрлэг нь 2020  онд ашиглалтад орж, 8650 орчим хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна.
- Иргэд хүүхдээ цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ?
-Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэгүүд цахим хэлбэрээр бүртгэлээ долоодугаар сарын 22-ноос эхлэн явуулна. Энэ жилийн хувьд  2017 онд төрсөн хоёр настай хүүхдүүдийг цахим хэлбэрээр бүртгэнэ. Харин өмнөх жилүүдэд суралцаж байсан хүүхдүүд бүртгэлийн мэдээллээ www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж шалгах боломжтой. Цэцэрлэгийн  баталгаажуулалтыг  хийхдээ эцэг эх, асран хамгаалагч нар цэцэрлэг дээр наймдугаар сарын 26-28-ны хооронд өөрийн биеэр очиж гэрээ байгуулна. 2017 онд төрсөн хүүхдүүдийг шинээр элсүүлнэ. Хэрэв тухайн оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийнэ. 24 цагийн үйл ажиллагаатай болон сувиллын, тусгай цэцэрлэгийн,  зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэлийг уламжлалт аргаар зохион байгуулна.
-Цахимаар хүүхдийнхээ бүртгэлийг хийх боломжгүй иргэд яаж бүртгүүлэх вэ?
-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долоодугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-22-ны өдрийн 17.00 цаг хүртэл сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.  
-Эцэг, эхчүүд хүүхдээ цахимаар бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ?
-Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагчид хүүхдийнхээ мэдээллийг төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем  (tsetserleg.ulaanbaatar.mn)- ээс шалгах хэрэгтэй.  2017 онд төрсөн хоёр настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид  www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч даран хүүхдийнхээ мэдээлэл рүү орно. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ. Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна. Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,  бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ. Бүртгэлийн зургаан оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалах хэрэгтэй.
-“Цахим элсэлт”-ийн дүн яаж гарах вэ?
-“Цахим элсэлт”-ийн  үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ. Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгаарай.
-Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээний хувьд та яг тодорхой мэдээлэл өгөөч.
-Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн цахим бүртгэл  долдугаар сарын 22-ны 09.00 цагаас  наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59  цаг хүртэл явагдана. Харин “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа наймдугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт цэцэрлэг тус бүрт эхэлнэ. Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүд бүртгэл шалгах хугацаа долдугаар сарын 22-ноос  наймдугаар сарын 22-ны  өдрүүдэд болно. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа  наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд болно. Харин тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулна.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн