Open iToim app
Зочин | 11 мин уншина

Pacrap: Бохир улстөрчдийг өөгшүүлээд байгаа нь залуус бид сонгуулиа өгөхгүй байгаатай холбоотой

Pacrap: Бохир улстөрчдийг өөгшүүлээд байгаа нь залуус бид сонгуулиа өгөхгүй байгаатай холбоотой
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 25
Өөрийн үзэл бодлоо илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан хүчтэй шүүмжлэн гарч ирсэн реппер “Pacrap” буюу Х.Ундрахтай ярилцлаа. Монголын хип-хоп урлагийн ертөнцөд нэгэнт өөрийн уран бүтээлээрээ амжилттай танигдаж чадсан тэрээр өөрийн хувь хүний үзэл бодол, өнөөгийн залуус болон тэдний улс төрийн оролцооны талаар нээлттэй ярилцсан юм.  
- “Pacrap” гэж уран бүтээлчийг хувь хүн талаас нь танилцуулахаас ярилцлагаа эхэлье?
-Намайг Ундрах буюу “Pacrap” гэдэг. Би 23 настай. Монголд “Old School” хип-хопыг сэргээхээр хичээж яваа. Би хип-хоп хөгжим хийж эхлээд гурван жил болж байгаа. Хөгширтлөө хөгжим хийнэ гэсэн зорилготой ажиллаж байна. Одоо 2020 хоёрдугаар сарын ихээр анхны цомгоо гаргах гээд шаргуу ажиллаж байна.
-Чиний хувьд “Give Me Justice” дуугаараа олон нийтэд танигдсан. Энэ дуунд гардаг үг хүн бүрийн дотор их бага хэмжээгээр байдаг ч илэрхийлж чаддаггүй, нийгэмд хандсан тодорхой мессежүүдтэй байсан учир олон хүнд хүрч, хурдан хугацаанд маш их хандалт авсан шиг санагдсан. Тэр бүх үгс, мессежүүд хаанаас гарч ирэв ээ?
-Дууны санааны хувьд эхний хоёр мөрийг хэдэн жилийн өмнө биччихсэн байсан. Харин агуулга, мессежийн хувьд үргэлж дотроо бодож явдаг зүйлс юм. Би энэ дуугаараа болохгүй байгаа зүйлсийг л харуулахыг хүссэн. Угаас “Old School” хип-хипын гол мөн чанар энэ шүү дээ. Би хүмүүст таалагдах гэж уран бүтээл хийдэггүй. Миний өмнөх уран бүтээлүүд ч гэсэн тодорхой сонсдог хүмүүстээ л хүрдэг байсан. Тэр ч утгаараа “Give Me Justice” дууг ингэж хийвэл гоё юм байна, хүмүүст таалагдахын тулд ингэх ёстой гэж огт бодож хийгээгүй. Минийхээр яг эгзэг нь таарсан гэж хэлнэ. Хүмүүс өдөр бүр харж, мэдэрч байгаа ч хэлэх гээд чадахгүй байсан олон зүйлийг миний дуунаас олж сонссон байх. Тэгээд л хүмүүст хүрсэн гэж бодож байна. Гэхдээ хүмүүс асуудал гарсан агшин бүрт өөрсдийн үзэл бодол, бухимдлыг цахим орчинд илэрхийлдэг. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа мартагддаг. Харин миний хувьд хамгийн гол нь энэ бүх болохгүй байгаа зүйлийг бид байнга санаж байх ёстой шүү, ийм зүйлс болсоор, байсаар байвал цаашид ч болсоор сүүлдээ буруу зүйлс хэвийн үзэгдэл болох вий гэдгийг сануулахыг хүссэн. Дуу бүр маань тухайн үедээ л хандалт аваад өнгөрөх бус сонссон хүн бүрийн толгойд ямар нэгэн бодол үлдээх нь чухал.
-Чиний үеийн уран бүтээлч залуус нэгдэн “Урлаг Монголд хөгжихийн төлөө” хөдөлгөөнийг өрнүүлээд залуу, өсвөр үед хандсан хэд хэдэн тодорхой зорилго, үзэл сурталтай эерэг ажлууд төлөвлөсөн байсан. Ер нь Ундрах гэдэг залуу “Pacrap” гэж уран бүтээлчийн хуваарь ирээдүйн нийгэмд хэрхэн хувь нэмэр оруулна гэж боддог вэ?
-Миний хувьд уран бүтээлээрээ нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ гэж боддог. Цаашид төлөвлөсөн зүйлс бидэнд их байгаа. Бид дор бүрнээ өөр өөрийнхөөрөө хийх зүйлсээ хийгээд явна. Аль болох залуучуудад хандсан, тэдэнд урам, сэдэл өгөх, байгаа байдлаа өөрчлөх, нийгмээ сайн сайханд уриалан дуудсан, хамгийн гол нь залуус бид Монгол Улсын ирээдүй шүү, залуус бидний гарт энэ улсын цаашдын хувь заяа байгаа шүү гэдгийг ойлгуулахын төлөө уран бүтээлээ хийж байгаа.
-Чиний “Porgi”, “Рашаантын 18”, “Don’t Go To School” зэрэг дуунууд залуу, өсвөр үеийнхэнд хандсан нь элт мэдрэгддэг шүү. Чи өөрийгөө өнөөгийн залуусын дунд хаана яваа гэж тодорхойлох вэ. Мөн үеийнхээ залуусыг дүгнэвэл, тэдний нийтлэг алдаа, дутагдал юу вэ?
-Залуусыг дүгнэхийн хувьд би ч гэсэн тэдний нэг шүү дээ. Би өмнө нь найз нөхөд, үеийнхтэйгээ ярилцаж байгаад залуус бид алдаж байгаа нэг нийтлэг зүйл байгааг олж харсан юм. Үнэхээр эргэцүүлээд үзэх юм бол манай ихэнх залууст энэ дутагдал байдаг. Бид өөрсдийнхөө алдааг мэддэг хэрнээ, тэрийгээ огт засаж чаддаггүй. Аливаа ажлыг дандаа хойш тавьдаг.  Жишээ нь оюутнууд бие даалт, курсийн ажлаа хойш тавьсаар байгаад нэг л мэдэхэд хугацаа нь тулсан байдаг. Чадахгүйдээ бус хэдий цаг нь тулсан ч амжиж дуусгана гэдгээ мэддэг. Тэгсэн хэрнэ хариуцлагагүй, сэтгэлийн тэнхээгүй, хойрго зангаасаа болж тэр чигт нь хаячихдаг.
Хамгийн харамсалтай нь, өөртэйгөө холбоотой болоод байгаа энэ бүх асуудлуудынхаа бурууг өөрөөсөө бус өөр бусдаас хайдаг. Энэ бүхэндээ хэн нэгнийг, эцэг эхээ, нийгмийг, төр засгаа буруутгадаг. Гэхдээ бурууг бусдаас хайх бол зөвхөн залуусын гаргадаг хандлага биш. Бид бүгдээрээ л ингэдэг. Энэ хандлага өөрчлөгдөхгүй бол яг одоо байгаа энэ байрандаа, ийм нийгэмд амьдарсан хэвээр л байх болно. Автобусанд суухад л бараг бүх хүний нүүрэнд уур бухимдал, ямар нэгэн асуудал анзаарагдаж, бие биенээ огт хүндэлдэггүй. Гудамжинд явахад л хаа сайгүй шүлс хаясан байдаг. Үүнийг бид өөрсдөө л хандлагаараа өөрчилж чадахаас бус өөр ямар нэгэн хөндлөнгийн хүчин зүйл тэр бүр тус болохгүй байх. Тиймээс өөртөө саад болж байгаа сул талаа хамгийн түрүүнд өөрөөсөө хайж, түүнийгээ засах хэрэгтэй.
Хэрэв залуус бид бүгд ийм нийтлэг дутагдлаа засахгүй байсаар байвал ирээдүйд ямар ч хариуцлагагүй нийгэм үргэлжилсэн хэвээр байна шүү дээ. Энгийнээр хэлэхэд, тэгэхгүй бол зөвхөн ангийнхаа онц сурдаг, эсвэл нийгмийн идэвхтэй хүүхдүүдэд л улс эх орныхоо ирээдүйг даатгах юм уу. Бид нийтээрээ ухамсартай байж чадаагүйгээс болж нийгэмд бий болсон алдаа, дутагдлыг ирээдүйд зөвхөн тэд үүрэх ёстой гэж үү. Өнөөгийн залуус бид ирээдүйд бүгдээрээ аав ээж болно шүү дээ.
Хэрвээ чи өөрийнхөө алдааг олж хараад, засахыг хичээж байгаа бол тууштай байх хэрэгтэй. Миний олж харснаар хүн зорилгодоо хүрч, өөрийгөө ялан дийлэхэд бодож байгаагаас чинь бага хүч зарцуулагддаг юм билээ. Жишээ нь нэг өдөр шоудаад өглөө нь шартсан байж болно. Тэглээ гээд хамаг зорилгоо мартаад, буцаад л нөгөө хэмнэлдээ орж болохгүй. Тухайн өдөртөө өөрийгөө ялан дийлэхэд ердөө орноосоо босоод ажилдаа, эсвэл хичээлдээ явах гэдэг ганцхан асуудал байгаа.  
Гэхдээ манайд гоё, сайхан зүйлс хийгээд явж байгаа, хариуцлагатай, ухамсартай мундаг залуус маш олон бий. Тэрийг мэдрэх сайхан байдаг. Бас хэдий өнөөдөр тийм биш ч өөрийнхөө алдааг багахан л засчихвал ирээдүйд мундаг болох залуус бүр их бий.            
-Чиний хувьд нийтлэг гаргаж байгаа сул талаа арилгаж чадсан уу. Учир нь өөрөө тэр хүн нь байж нийгэмд бодитоор эерэгээр нөлөөлдөг жор бий. Бас хүмүүс чамайг хэр хүлээж авах бол?   
-Тийм ээ, сая дурдсан сул талууд надаа одоо ч гэсэн байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө би өөрийгөө залхуу, хариуцлагагүй, аливааг хойш тавьж, өөрийгөө зорилгоосоо арагш чангаадаг байдлаа ялан дийлсэн гэж дүгнэнэ. Би өмнө нь Солонгост суралцахын хажуугаар хар ажил хийдэг байсан. Жишээ нь барилгын ажил хийсний дараа ах нар хүнд ажлын дараа гээд хааяа хатуу юм ууна. Намайг ч гэсэн “миний дүү нэг барьчих” гээд л хийгээд өгнө. Заримдаа согтотлоо ууна. Ер нь тэндхийн хүмүүс биднээс их уудаг хэрнээ маргааш нь ер ажлаа алддаггүй. Тэнд удсан хүмүүс ч тийм болсон байдаг. Магадгүй энэ бол хариуцлагаа хэр өндөрт ухамсарлаж байгааг харуулах нэг хэлбэр байх.   
Хүмүүс намайг илүү ойлгох байх. Учир нь би хүн бүртэй ижил алдаа дутагдалтай байж, тэдгээрээс болж үүсдэг асуудлуудыг давж туулсан шүү дээ. Жишээ нь мундаг гэгдэх хүмүүс гарч ирээд амжилтад хүрэхийн тулд заавал ингэ тэг, өдөрт тэдэн англи үг цээжил, ийм тийм ном унш, өөрийгөө ингэж хөгжүүл гээд ярьдаг. Харин миний хувьд би ч гэсэн тэр алдааг гаргаж явсан. Та нарын замд угаасаа ийм зүйл тохиолдоно. Чи магадгүй одоохондоо хараагүй байж болох ч ирээдүйд чамд ийм асуудал гарч ирнэ. Тиймээс бусдын алдааг битгий дахиж давтаарай. Би ч гэсэн ийм байсан. Гэхдээ одоо ч гэсэн өөрийнхөө муу талуудыг өөрчлөхийн төлөө хичээсээр байна гэдэг үүднээс ярьж, уран бүтээлээ хийхийг зорино.
-Чи бид хоёр хоёулаа ардчилсан нийгэмд төрж, өссөн. 1990 оноос хойш төрсөн залуусын хувьд С.Зориг агсны “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэх үг бараг төрийн дууллаас үнэ цэнэтэй шахуу болжээ. Чи Монгол хүний саруул ухаанд итгэж байна уу. Учир нь “Урлаг Монголд хөгжихийн төлөө” гэж гарч ирсэн залуус яг энэ мессеж, суртал ухуулгыг дахин өгөхийг зорьж байгаа шиг надад санагдсан юм л даа?
-Саруул ухаан гэдэг нь аливаа асуудлыг баланслах юм болов уу гэж боддог. Би өөрийгөө нэлээд эх оронч хүн гэж хэлнэ. Тэрийгээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бусдыг хайрлаж, хүндэлж илэрхийлдэг. Би яг одоо “Urban Jeans”-ын өмд, цамц “Янмал” оймс өмссөн явж байна. Хэрэв бид бүгдээрээ энэ мэтчилэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд байвал дэлхийд гарч өрсөлдөх, тэр хэрээрээ улсын эдийн засаг, хөгжилд хувь нэмрээ оруулах саруул ухаантай хүмүүс зөндөө байна. Хэрэв бид шударга өрсөлдөж чадвал, аливаа зүйл ширүүн өрсөлдөөнөөр улам сайжирдаг.
undefined
-Монголд юм хийж чадах мундаг залуус өчнөөн байгаа ч тэдэнд тэр бүр боломж олдохгүй байгаа. Дээрээс нь төсвийн хөрөнгийг захиран зарцуулж, хуваарилах үүргийг ард түмнээс олгогдсон мандатаар олж авсан хууль тогтоогчид нь хулгайлж, дээрэмдэж буй  асуудлын талаар үзэл бодлоо хуваалцаач. Жишээ нь хүмүүсийн хамгийн сайн мэдэж байгаачлан ЖДҮ-г нэрлэж болох юм?
-Гол нь тэр хүмүүс ирээдүйгээ харахгүй байгаа. Хэрэв ирээдүйгээ харж байвал уг нь залуусаа дэмжинэ. Дээрээс нь “Урлаг Монголд хөгжихийн төлөө” гэдэг шиг ирээдүйг ойлгох потенциал, сэтгэл алга. Яах вэ тэр хүмүүсийн яг буруу гэхэд хэцүү шүү дээ. Учир нь дээр үеэсээ ингээд яваад ирсэн хоцрогдсон сэтгэхгүй байж болно. Тиймээс зөвхөн залуус бид бус тэдэнд ч гэсэн өөрчлөлт хэрэгтэй болов уу.
Гэхдээ энэ мэт буруу зүйл хийж байгаа бохир улстөрчдийг өөгшүүлээд байгаа нь залуус бид сонгуулиа өгөхгүй байгаатай шууд холбоотой гэж боддог. Товчхондоо, залуусын улс төрийн оролцоо дутсанаар, сонгуулиа өгөхгүй байгаагаас сонгуулийн ирц хүрэхгүй, цаашлаад сонгууль будлиантах асуудлууд үүсдэг. Үр дүнд нь нөгөө л хэдэн асуудлыг хэзээ ч ойлгохгүй хөгшин улстөрчид байсаар л байна. Миний хувьд сонгуульдаа идэвхтэй оролцохоос гадна санал өгөх хүнээ нам, эвсэл, хөгшин, залуу, туршлагатай, үгүй, боловсрол, юу хийснээс нь үл хамааран ирээдүйг ойлгож, хүлээж авч байна уу, хувь хүн талаасаа хэр ёс зүйтэй, ямар хандлагатай вэ, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ямар бодлого тодорхойлж байна, тэр нь мөрийн хөтөлбөрт нь хэрхэн тусгагдсан бэ зэрэг олон талаас нь сайтар судалсны эцэст санал өгнө. Гол нь боловсрол. Учир нь, над шиг боловсрол эзэмшээгүй хэн дуртай нь гарч ирээд би улсыг хөгжүүлнэ гээд байж болохгүй шүү дээ. Ер нь боловсролтой, сэтгэлтэй, ёс зүйтэй хүний үйлдэл харахад л мэдэгддэг. Үүнийгээ ч залууст уриалмаар байна. Ингэж байж л залуус бидний өөрсдөө хүсээд байгаа, шударга өрсөлдөж болох, сайхан нийгмийг бий болгох боломжтой. Учир нь бид өөрсдөө л сонгуулиар үүнийг бодит болгох, хэрэгжүүлэх хүмүүсийг хууль тогтоох байгууллагад сонгодог шүү дээ.    
-Залуусын улс төрийн оролцоо тааруу гээд ярихаар хоёулаа анх ярьж байсан руугаа эргээд л орох болох байх. Учир нь бид өөрсдөө л зөвхөн өөрийн гэлтгүй улс орны хувь заяатай холбоотой чухал асуудалд нөгөө л нийтлэг хайнга, хариуцлагагүй байдлаар хандсан хэвээр л байна. Тэгэхээр бас хүн бүр дор бүрнээ ухамсартай, хариуцлагатай байхын хажуугаар юу хэрэгтэй вэ?
-Бид нарт өөрсдөд маань их учир байгааг харуулж байна шүү дээ. Тэгвэл энд боловсролын системийг ярих хэрэгтэй байх. Жишээ нь улс төрийн зөв мэдлэгтэй болох гэдгээс эхлээд хүн болгон нэг төвшний ижил мэдлэг, боловсролтой байхаас илүүтэй бүр цэцэрлэгээс нь эхлүүлээд үүрэг хариуцлага, ёс зүй гэдгийг хүүхдүүдэд сонирхолтой хэлбэрээр хүргэх ёстой юм болов уу. Тэрийг хэрхэн сонирхолтой байлгах уу гэдгийг бид мэдэхгүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүс нь л сонирхолтой байлгах нарийн арга зүйг нь тодорхойлж, бий болгох нь ойлгомжтой. Би саяхан зурагтаар арван жилийн ахлах ангийн хүүхдүүд улс төрийн талаар мэтгэлцэж байгаа нэвтрүүлэг үзсэн юм. Тэр хүүхдүүд яг том хүмүүс улс төрийг юу гэж хардаг яг тэр ойлголтоор л хоорондоо ярьж байсан нь жоохон харамсалтай санагдсан. Хэрэв хүүхдүүдэд улс төрийн хувьд бие даасан шийдвэр гаргах ойлголтыг багаас нь суулгасан бол асуудлыг арай өөрөөр харах байсан болов уу. Гэтэл том хүмүүсийн зурагтаар ярьдаг юмыг давтаж л ярьж байна лээ.
Би яг энэ асуудлыг “Don’t Go To School” гэдэг дуун дээрээ илэрхийлэхийг зорьсон. Хэдий нэр нь ийм болов ч хэлэх гэсэн санаа нь “хүүхдүүдэд боловсрол хэрэггүй биш хүн ямар байх ёстой гэдгийг сургуульд заахгүй байна” гэдгийг л хөндсөн. Үнэхээр л бүгдэд нь долоон томьёо ягштал заадаг хэрнэ, гарцаар гарахыг, ахмад хүмүүсийг хүндлэхийг, хог хаяхгүй байхыг сонирхолтой байдлаар заадаггүй шүү дээ.
-Тэр дуу үнэхээр гоё мессежтэй дуу шиг санагдсан.
-Баярлалаа. Олон хүн миний хэлэх гэсэн санааг ойлгож сонссон бол хувьдаа баяртай байна. Гэтэл хүмүүс энэ дууг нэрнээс нь хараад л шууд “өө энэ нөхөр чинь хүүхдүүдийг сургуульд битгий яв гэж уриалж байна” гээд шууд шүүмжилж байх жишээтэй.
-Саяхан ардчилал 30 нас хүрлээ. Мэдээж ардчиллын ололт, алдаа дутагдлуудыг хэлэлцлээ. Ер нь ажиглаад байхад энэ 30 жилийн хугацаанд болж байгаа бүх зүйлийг ардчилал, улстөрчдөд нялхын хажуугаар болохгүй байгаа болгоныг мөн л ардчилал, улстөрчдөдөө нялзаасаар ирлээ. Үүнээс болоод, дээрээс нь дээр яригдаж байгаа, мөн чиний “Give Me Justice” дуунд өгүүлдэг асуудлуудаас болж сүүлийн үед нэг хүний тогтолцоо гэдэг юм их гарах боллоо. Чи ер нь ардчиллыг юу гэж дүгнэдэг вэ?
-Би ардчилсан тогтолцоог 100 хувь дэмжинэ. Ийм сайхан нийгэмд төрж, өсөж, одоо амьдарч байгаадаа талархдаг. Тэгээгүй байсан бол би өнөөдөр хип-хопыг хийхгүй ч байсан юм билүү. Харин тэр муу, сайны тухайд Ромео, Жульетта жүжиг дээр Лоренци ламтан “сайн дотор муу байдаг. Муу дотор сайн байдаг” гэж хэлдэгтэй адил аль нэг тал нь давамгайлах боломжгүй. Харьцуулагдахын тулд сайн, муу аль аль нь байх нь гарцаагүй. Жишээ нь бүх хүн адилхан байсан бол өндөр, нам гэдэг үг гарахгүй шүү дээ. Тэгэхээр сайн, муу нь хослоод явж байгаа байх гэж боддог.
Ардчилсан хувьсгал хийсэн хүмүүс тухайн үедээ надаас тийм ч ахмад байгаагүй байх. Тэр хүмүүс нь анхнаасаа өнөөдөр шиг ийм болно. Эсвэл тэгж их шуналдаа автана гэж огт бодож байгаагүй биз. Түүх, намтрыг нь хараад байхад үнэхээр л тухайн үедээ боловсролтой, сэхээтэн залуус нь нийлж нийгмийн өөрчлөлтийг эхлүүлсэн байдаг юм билээ. Цаг хугацаа, мөнгө л тэр хүмүүсийг ийм болгосон байх.
-Энэ асуудлуудыг уран бүтээлээрээ дамжуулан шүүмжилсээр байх уу?
-Гэхдээ тэглээ гээд би тэр хүмүүс рүү утга учиргүй дайрч давшлаад янз бүрээр хэлэхгүй. Ер нь хүнийг чичих тусам улам цаашаа л явдаг. Харин тэрний оронд “ахаа та боль л доо. Та ч гэсэн хүүхдүүдтэй шүү дээ. Бид ирээдүйд энд амьдарна гэдгийг санал даа” гэж хэлнэ. Би аль болох уран бүтээлээрээ тэднийг зөв шүүмжлэх, эмзэг сэдвийг нь хөндөхийг хичээнэ. Хэдий “Old School” хип-хоп хүнд хэв маягтай, би “Give Me Justice” дуун дээрээ “улстөрчдийг буудаж алахад бэлэн” гэж байгаа боловч өмнөх мөрөн дээр нь “надад үгэн буу бий” гэж байгаа. Би шүүмжлэх гэхээсээ илүү, аргадсан байдлаар, залуусыг илүү эерэг зүйлд уриалах болно. Ер нь миний уран бүтээлүүдийг бүгдийг нь сонсоод үзэх юм бол тийм байгаа. Гэхдээ үнэхээр тэмцэх ёстой, хэлэх ёстой юмаа би хэнээс ч айхгүй, чанга хэлж, хурцаар шүүмжилнэ.    
Нээрэн “Give Me Justice” дуун дээр “Bar, night, event хэсээд явах байсан ч би тэгээгүй” гэдэг. Тэгснээ одоо баранд дууллаа гэх байх. Гэхдээ ямар нэгэн залуус цугласан газар, ялангуяа баранд дуулах бүрдээ “залуусаа өнөөдөр яаж ч ууж, шоудсан байсан маргаашийн ажил, цаашдын зорилгодоо үнэнч байгаарай. Эрт босоороо. Хэм хэмжээтэй наргиж цэнгээрэй. Бие биенээ хүндлээрэй, хайрлаарай” гэдгээ хэлдэг. Энэ үгээ баранд хэлэхээс өөр зөв газар хаана байх билээ. Энэ үгийг тэнд байгаа залуус сонсоод хүлээж авах нэг нь ойлгодог байх. Тэрийгээ миний сошиалд ч хэлдэг. Зарим нь миний үгийг сонсоод шууд гэртээ харьсан тухайгаа бичсэн байсан. Үүнийг харах сайхан байдаг. Учир нь би хүсэж байсанчлан нийгэмд багахан ч гэсэн зөв, эерэгээр нөлөөлж байна.   
-Би хувьдаа чамайг цаашдаа Монголд яг “Give Me Justice” гэдэг ийм дүр төрх болох байх гэж бодож байгаа. Сонирхолтой яриа өрнүүлж, элэн далангүй ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн