Арилжааны банкууд валют арилжаагаа зогсоох нь зогсоож, лимит тогтоох нь тогтоосон энэ үед валют арилжааны хар зах буюу “Найман шарга” дээрх дүр зургийг сурвалжиллаа.
“Найман шарга”-д очиход хөл хөдөлгөөн урьдын үеэс хавь илүү байв. “Доллар, юань авна, зарна” гэх ченжүүд замын хоёр талыг эзэлсэн харагдана. Хажуугаар зөрөх иргэдээс нэг нэгэнгүй валют сураглана. Иргэд ээлж дараалан “Найман шарга”-ын дагуух валют арилжааны газруудаар орцгооно. Тэнд яваа иргэд аль болох хямд үнээр валют авахын тулд нэг бүрчлэн орж үзнэ. Иргэдийн хамтаар валют арилжааны газруудаар орж үзвэл “Ногоон байхгүй” гэх үгийг олонтаа сонсов. Гадуур зогсох ченжээс нэгэн иргэн 870000 төгрөгт ам.доллар авах гэсэн юм гэхэд “Нэг доллар 3180 төгрөгөөр авна. Нийт 273 ам.доллар болох юм байна, авах уу. Өөр газруудаар сураглаад үз. Ер нь доллар олдохгүй дээ” гэв.
“Үнэтэй байсан ч хамаагүй”
“Найман шарга”-ын арилжааны газруудад ам. доллар авах үнэ 3130, зарах үнэ нь 3200 төгрөг болсон байв. Валютын ханшийн самбар дээр зөвхөн ам.доллар авах үнэ байрлуулж, дийлэнх нь зарах үнээ буулгасан байв. Зарах ханшаа буулгасан нь учиртай аж. Хаалгаар ээлжлэн орж ирэх иргэдэд өөр, өөр үнэ хэлнэ, заримд нь 50, 100 төгрөг нэмж хэлж байлаа.
Арилжаачдаас банкуудад ам.доллар 2995 төгрөгтэй тэнцэж байхад яагаад “Найман шарга”-д 200 төгрөгийн зөрүүтэй байгаа талаар лавлахад “Банкинд үнэ бага байгаад яах юм. Доллар зах зээлдээ гаргахгүй, нийлүүлэлт хомс байна шүү дээ. Хэрэв чиний иддэг талх олдохгүй бол талх үнэд орно. Хэдий үнэтэй ч гэсэн чи авна биз дээ. Үүнтэй адилхан иргэд ч гэсэн шаардлагатай байгаа учир авч байна” хэмээн уцаарлангуй хариулсан юм.
Зарим валют арилжааны газар цөөн доллар байх ч задгай учир иргэд голж байна гэв. Үүний хажуугаар зарим газарт нь иргэд доллар авах гэж “алалцаж” байгаатай таарлаа. Учир нь, ихэнх арилжааны цэгт “ногоон” олдохгүй байгаа тул олдоцтой газраасаа авах гэж улайрч байгаа нь энэ. Зарим нь доллар зарахдаа нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх лимит тогтоосон бөгөөд их хэмжээгээр доллар авах гэсэн иргэн рүү арилжаачид учир байдлыг тайлбарлан бухимдаж байв. Жишээ нь, нэгэн 60 сая төгрөгт ам.доллар худалдан авах сонирхолтой бөгөөд үнэтэй ч хамаагүй, нэг долларыг 3200 төгрөгөөр авах саналыг тавихад нэг сая төгрөгт л ав гэж байсан юм. Гэхдээ тухайн иргэн хажуу талынх нь валют арилжааны газраас 60 сая төгрөгт 19 мянган орчим долларыг аваад гарлаа. Тухайн иргэнд доллар зарсан арилжаалагч өмнөө "доллар зарахгүй" гэсэн бичиг гаргаж тавиад, өнөөдрийн гол арилжаагаа хийсэн нь илт.
Хар зах дээр ам.долларын ханш цаг, минутаар ингэж өөрчлөгдөж байв. Банкууд нь лимит тогтоож, тодорхой хязгаарлалтууд хийж байгаа ч өнөөдөр “Найман шарга”-ын арилжааг хянах газар алга, ченжүүд дуртай үнээ хэлж, хэн дуртай нь бараг 20 мянган доллар аваад гарахыг нүдээрээ харав. Банкууд нь валют гаргахгүй байгаа учир “Найман шарга”-руу шуурцгааж байна гэх.
Эдийн засагч Ө.Ганзориг "Найман шарга"-ын арилжааны талаар нийгмийн сүлжээнд “2000-аад онд банкны теллер байхад Найман шарга дээр ханш дээшээ буудчихдаг. Бид машинтай бэлэн доллар авч очиж ханшийг нь буулгадаг байж билээ. Одоо Монголбанк бэлэн доллар аваад Найман шарга орно уу даа. Утгаа алдлаа” хэмээн илэрхийлжээ.
Манай улсын нийт валютын 4-5 хувь нь “Найман шарга”-д эргэлддэг гэдэг ч уг газар нь манай улсын валютын ханшийг тогтоох нь бий. “Найман шарга”-д валютын ханш хэд байна, зах зээлд валютын ханш түүгээр л тогтдог нь нууц биш!