“Өргөө амаржих газар”-ын үйл ажиллагаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал: Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн ажилтны ҮЭ холбоог дэмжиж оролцохоос өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Манай байгууллагаас бүтэн таван сарын турш “Өргөө амаржих газар”-ын асуудлыг хууль дүрмийн дагуу шийдэж өгөхийг Ерөнхийлөгч, Засгийн газар гээд холбогдох байгууллагуудад хандсан.Гэвч арга хэмжээ авахгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Өргөө амаржих газар”-аас 138 эмнэлгийн ажилчин халагдсан байна. Нэг ч хүнийг халж болохгүй шүү дээ. ЭМЯ-ны Ёс зүйн хороо Ж.Энхцэцэг захирал олон зөрчил гаргасан хэмээн дүгнэлт гаргасан. Иймд бид арга буюу өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Ж.Энхцэцэг захирал цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хүнийг тус эмнэлгийн дотоод аудитороор томилсон. Энэ хүн эмнэлгийн дотоод аудит хийх нэрийдлээр ажилтнуудыг дарамталдаг байдал бий болгосон гэх өргөдөл гомдол бидэнд маш их ирж байна.Салбарын сайдад энэ талаар мэдээллээд ямар ч үр дүн гарсангүй. Ж.Энхцэцэг захирал Эрүүл мэндийн сайд С.Энхболдын гэр бүлийн хүнтэй дотно найзууд учир сольж, халж чаддаггүй юм байна гэж харж байна. Олон баримтаар Ж.Энхцэцэг захирлын буруутай үйлдлийг тогтоосон байхад С.Энхболд сайд та хариуцлага тооцох ёстой. Эс бөгөөс та суудлаа тавьж өг.Бид өнөөдөр тус асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад албан шаардлага тавьж байна. Ёс зүйн алдаа гаргасан нь тогтоогдсон Ж.Энхцэцэг гэдэг энэ хүнд хариуцлага тооцож чадахгүй байгаа салбарын сайдад хариуцлага тооцох ёстой.