“Архи амьдралын, ажил үйлсийн дайсан”. Энэ үгийг бид жирийн нэг амны уншлага мэт хэлчихдэг. Гэвч архитай зууралдсан айлын амьдралд бяцхан үрсийн өнчрөл, хагацал, уй гуниг, хэрүүл тэмцэл, айдас түгшүүр гээд амьдралаас мэдэрч болох хамаг гашуун бүхэн сархдын шилтэй хамт ирдэг талаар тэр бүр боддоггүй билээ.
“Архинд орохтой адилхан түүнээс амар гарч болдоггүй нь гачлантай” гэх. Ийм шийдвэрийг архинд орсон хүмүүс тэр бүр зүрхэлж, зориглож гаргаж чаддаггүй. Тиймдээ ч тэд архинаасаа амар салдаггүйн зовлонд хүлээтэй байдаг биз ээ.
Бид энэ удаагийн сурвалжлагаа Баянхонгор аймагт байрлах “Жаргалтай амьдрал” төвөөс бэлтгэлээ. Тус төв нь 21 аймагтаа ганц байдаг архинаас гаргах хамгийн үр дүнтэй төв юм. Энэ төв Монгол Улсдаа эмчилгээ сувиллаараа хамгийн үр дүнтэй гэх ам дамжсан яриагаар архины хамааралт гишүүнтэй гэр бүлүүдэд эчнээ танигджээ.
Үйлчлүүлсэн иргэдийн 75 хувь нь архинаас бүрэн гарч, 30 гаруй хувь нь ажлын байрт зуучлуулдаг гэсэн судалгаа бий.
Баянхонгор аймгийн төв, Цагдаагийн газрын дэргэд байрлах тус төвийн дотогш ороход хувийн эмнэлэг адил тохижилт, үүдний угтах хэсэгтэй. Үйлчлүүлэгчдийнхээ урласан бүтээлүүдийг ханандаа өлгөн тохижуулжээ. Эмчлүүлэгчдэд зориулсан 2-4 хүний багтаамжтай нийт дөрвөн өрөө, ариун цэврийн болон нийтийн угаалгын душ, саун, эмчийн өрөөтэй. Түүнчлэн, алжаал тайлах амралт, сургалтын өрөөнүүдээс бүрдэх аж. Харин гадна талдаа саравч, сандал бүхий цомхон нэг давхар барилга буй.
Бидэнд Угтагч, жижүүр Б.Золбаяр дээрх байдлаар танилцуулан явахын зэрэгцээ энэ төвтэй холбогдсон өөрийн түүхээ ч хуваалцав.
Тэрээр “Манай төв 2021 оны долдугаар сард нээгдсэн. Энэ цагаас хойш 270 гаруй хүнд үйлчилсэн байна. Манай төвд хоёр мэргэжлийн сэтгэл зүйч, их эмч, сувилагч, жижүүр, нягтлан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр нэг хүнд 28 хоногийн эмчилгээг үзүүлнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэг дор бус хоёр эрэгтэй ээлж аваад нэг эмэгтэй ээлж авах байдлаар хүмүүсээ авдаг. Ирж байгаа хүмүүсээс нэг ч төгрөг авахгүйгээр оо, сойз саван, алчуурыг нь хүртэл бид бэлддэг. Тиймдээ ч манай төвийн оочер намар хүртэл дүүрчихсэн байгаа.
Үйлчлүүлэгчдийнхээ зөвхөн элэг гэхээс илүү бусад эд эрхтэнд нь ямар гэмтэл байгааг шинжилж тэдгээрт нь эмчилгээ хийдэг. Мөн мэргэжлийн үсчин авчраад үс зүсийг нь өөрийнх нь хүссэн загвараар засаж өгнө. Тэгээд ч болоогүй гоо сайханд нь анхаарч нүүрэнд нь иллэг, маск тавьж өгдөг юм. Царай зүс, харагдах байдлыг нь хүртэл тордоно шүү дээ. Тэр хүнийг яаж өөрчилж гоё болгож болох бүх аргыг хэрэглэдэг. Манай төвд ихэвчлэн залуус ажилладаг учраас хандлага сайтай байдаг л даа. Харин үйлчлүүлж байгаа хүмүүсийг насны ангиллаар авч үзвэл 28-60 насны хүмүүс ирдэг. Үүний дийлэнхийг 30-50 насныхан эзэлж байна.
Би энэ төвд анх эмчлүүлэхээр ирж байлаа. Надад хүн бүр үнэн сэтгэлээсээ хандаж байгаа нь мэдрэгддэг байсан учраас энд ажилд ормоор санагдсан л даа. Хоёр сар цалингүй ажиллаж байгаад жинхэнэ ажилтан нь болж чадсан. Бүгд үйлчлүүлэгчийнхээ төлөө гэсэн сэтгэл зүрх гаргаж, архины хамааралтай архичин шүү гэж биш хүн гэдэг нүдээр харж харьцаж, хүндэлдэг.
Угтагч, жижүүрээр ажиллаж эхлээд анзаарсан нэг зүйл гэвэл анх ирж байгаа хүмүүсийн харилцаа, хандлага, нүдний харц гээд бүх зүйл догшин, тогтворгүй байдаг. Харин эмчилгээ хийгээд эндээс гарах өдрөө жигтэйхэн сэргэж, гөлөлздөг байсан нүдний гарц нь хүн рүү эгцэлж тогтон хардаг бүр нэг оч гялалзуулсан золбоотой болдог. Бухимдуу, тавтиргүй, адгуу зан нь соёлтой хүлээцтэй болж “би” гэхээс илүү бусдыг сонсож, ойлголцож, өөрийгөө ойлгуулж чаддаг болсон байдаг. Тэр хүмүүсийн өөрийгөө ялан дийлсэн, энд ирсэн шийдвэрийг нь маш их хүндэлдэг. Тиймдээ ч хийж байгаа ажлаараа бахархдаг. Гадуур явахад хүмүүс намайг таниад “Сайн байна уу, манай тэр хүн танай төвд эмчлүүлээд гарсан. Одоо их сайхан тогтуун хүн болсон. Ажил хийж байгаа. Та бүхний буян” гэдэг. Тийм үг сонсоод хийж байгаа ажил маань маш өгөөжтэй сайхан мэдрэмж төрүүлдэг” гэлээ.
-БИ ЯМАР АРХИАР УГЖУУЛСАН БИШ, ГАРНА АА-
Б.Золбаярын ярихыг дэргэдээс нь сонсож зогссон 28 настай /тус төвийн хамгийн залуу үйлчлүүлэгч/ М.Жамух “Би өөрийн түүхээ ярьж болох уу, өөрийнхөө өөрчлөлтийг яримаар санагдлаа” гэв. Иймд түүнтэй хийсэн богино ярилцлагыг энд хүргэе.
-Та хэчнээн жил архины хамааралтай байсан бэ, энэ төвд ирэх шийдвэрийг гаргахад хэцүү байв уу?
-Би 12 жил архи уурсан. Архинд орсон 12 жилд амьдрал хэцүү, архигүй өдөр миний амьдралд цөөхөн байлаа. Эхнэр хүүхэд байхгүй учраас ээжтэйгээ амьдардаг. Ээжийгээ их ч зовоосон доо. Хотод цэргийн ангид ажиллаж байгаад архинаас болж гарсан. Уг нь Судан руу энхийн ажиллагаанд явах байсан. Ингээд бодоход миний амьдралд үнэ цэн үгүй мэт санагдаж архинаас гарах шийдвэрийг гаргаж чадалгүй явсаар энэ хүрсэн. Уг нь “АА” архинаас гаргах нийгэмлэгт явсан ч нэг л сэтгэлийг минь задалж чадаагүй болоод тэр үү буцаад архинд орчихсон.
-Архи уухад шалтгаан байдаг шүү дээ. Таны хувьд юунаас болж архи амсдаг байв?
-Би гэрийнхэндээ гомдсон. Айлын том хүү. Том ах юм чинь гээд л тэр гомдлоо хэлж чадахгүй дотроо гомдож явсаар байгаад архи уудаг болчихсон. Тэгээд согтуу үедээ л тэр гомдлоо хүмүүст ярьж тайвширдаг байсан юм. Архи уудаг хүмүүсийн нэг адилхан зүйл гэвэл сэтгэлд нь эдгэдэггүй шарх байдаг юм билээ. Үүнийг хамт ууж суусан, хамт эмчлүүлж байгаа хүмүүсээс мэдсэн.
-Энэ төв сэтгэл зүйчтэй гэсэн. Эрүүл үедээ сэтгэл зүйчид дотор сэтгэлээ ойлгуулж хэлэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Эрүүлдээ хүнд сэтгэлээ нээх нь согтуудаа ярихаас сайхан юм билээ. Дотор онгойгоод л ирсэн. Үүнээс юуг бодсон гэхээр эрүүлдээ хүнтэй ярилцах хамаагүй дээр юм байна гэж бодсон. Өөр бусад хүмүүс ч гэсэн архи ууж дотроо онгойлгох биш эрүүлдээ ярьж ойлголцдог байгаасай гэж бодох болсон.
Мөн сэтгэл зүйчтэй ярихаас гадна шигтгээ наамал хийж тогтож суухаар бясалгаж өөртэйгөө ярилцах урт удаан хугацаа зарцуулж байгаа.
-Энд ирэхээс өмнө таны зан байдал ямар байсан бэ?
-Би дуу муутай хүн байсан. Эрүүлдээ бараг хүнтэй дуугардаггүй. Харин согтохоороо агсардаг, зан ааш их эвдэрдэг. Харин энд ирээд олон хуурай ах, найзтай болж байна. Тэдэнтэйгээ урд амьдралаа яриад, ирээдүйгээ бас зорилгоо ярина.
-Архи уудаг байх үед тань амьдралын зорилго гэж танд байсан уу?
-Байгаагүй. Нэг шил архи олж уух сан л гэж боддог байлаа.
Эндээс гараад та юу хийх вэ, төлөвлөсөн бодсон зүйл бий юү?
-Ээжийгээ зовоосон өдрөө жаргалтай өдөр болгож нөхнө. Малаа хариулж ээжийгээ жаахан ч гэсэн амраана. Залуу хүн байна. Хань ижилтэй болж үр хүүхэдтэй болно. Намайг эндээс гарахыг ээж маань тэсэж ядан хүлээж байгаа байх. Би энд архинаас гарах гэж л ирсэн. Тиймээс заавал гарна. Гараад ямар ч үед архинаас татгалзаж чадахаар сэтгэл зүйтэй болсон. Сэтгэлийн зовуурь минь эдгэсэн. Одоо дахиж архи амсахгүй ээ. Би ямар архиар угжуулж өссөн биш дээ.
“Жаргалтай амьдрал төвийнхөн хоорондоо нөхөрлөж, архинаас хагацаж буй өдрүүдээ баяртайгаар нэгэндээ хуваалцаж байдаг талаар Б.Золбаяр болон Б.Жамух нарын яриа тод өгүүллээ.
Тус төв ямар эмчилгээ сувилгаа хийдэг талаар Ерөнхий эмч Н.Янжинлхам “Бид эхний долоо хоногт хордлогыг нь тайлдаг. Дараагийн долоо хоногт сэтгэл зүй, ганцаарчилсан уулзалт, түүний дараах долоо хоногт хөдөлмөр эмчилгээ, сэтгэхгүй хөгжүүлэх тоглоом наадгай, АХА тэмцээн явуулдаг. Хамгийн сүүлийн долоон өдөрт бариа засал, ганга эмчилгээ, гоо сайхны эмчилгээ гэсэн цогц үйлчилгээ өгнө. Архины хамааралтай байна гэдэг сэтгэл зүйн донгийн өвчин тиймээс сэтгэл зүйтэй нь тулж ажилладаг” гэлээ.
Иргэдийн стресс, бухимдал ихсэж, нийгэм доройтох тусам архинд хүмүүс живдэг гэх. Харин тэднийг аврах ганцхан арга нь хүн гэдэг өнцгөөр харж, хүн шиг харьцаж, дотор сэтгэл дэх буглааг нь гаргаж чадвал тэднийг аварч болох мэт. Харин хэн ч биш гэж харсаар байвал тэд өөрсдийгөө алдаж, битүүхэндээ “намайг ойлгооч, сонсооч” гэх харангыг архины лонх хөнтөрч илэрхийлдэг байж мэднэ.