Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Ц.Энх-Амгалан: Бодлогогүйгээс малын түүхий эд үнэгүйдэж байна

Нийтэлсэн 2022 оны 9 сарын 19
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран "Малчид ба эдийн засгийн хөгжил” сэдвээр ээлжит "Өөрөөс нь" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр малчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй болгох цаашлаад мал аж ахуйн салбарыг бодлогоор дэмжиж малаас гарч буй түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож эдийн засгаа тэлэх шаардлагатай байгааг онцоллоо.
undefined
НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын техникийн зөвлөх, зооинженерч C.Жигжидпүрэв: Эдийн засгийн хоёр дахь тулгуур салбар болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийг авч яваа малчдын хувьд мэдлэг мэдээллээр хангагдах тал дээр харьцангуй сул байна. Мал аж ахуй үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг нь бизнес гэдгийг ухаараад малын амьсгалаас бусдыг нь үнэ цэнтэй, мөнгө болгох үндэстэй юм. Гэтэл малчид өдөр хоногийг амиа аргацаасан байдлаар хандаад байна. Арван малтай ч бай, мянган малтай ч бай малчин та байгалийн цэвэр нөөцийг ашиглаад амьд үйлдвэрлэлийн үр шимийг хүртэж байгаа  бизнес эрхлэгч гэдгийг ойлгоод наад захын орлого, зарлагаа хөтөлдөг болох хэрэгтэй байна. Тийм учраас эдийн засгийн тулгуур болох хүнс, хөнгөн үйлдвэрүүдийг цаашлаад экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чухал үүрэгтэй малчин өрхүүдийг мэдлэг мэдээлэл, ур чадвар, боловсрол, эрүүл мэнд, аж ахуй үйлдвэрлэх бэлчээрийн асуудлуудыг шийдвэрлэж хангаж өгөх нь чухал байна. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдсанаар гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, монгол орны бэлчээрийн 80 гаруй хувь нь цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртөөд байгаа энэ үед үүнийг тэсвэрлэн гарах, даван туулах чадвар маш чухал байна. Бэлчээрийн нөөц, даацад нь тохируулж мал аж ахуй эрхлэхэд мэдээж малын ашиг шимийг нэмэгдүүлэх цаашлаад мал аж ахуйн салбарын хэрэглэгчийн чиг хандлагаа мэдрээд технологиудыг нэвтрүүлж, бүтээмж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Түүнчлэн, малчид  хамтарч хоршиж хэрэглэгчдийн хүсээд байгаа зүйлсийг үйлдвэрлэх хэрэгтэй байна. 
undefined
Монголын Бэлчээрийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, хөгжлийн эдийн засагч Ц.Энх-Амгалан: Зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас эхлээд манай мал аж ахуйн салбар бодлогогүй явж байгаа. Бодлогыг барьж байгаа төр засгийн байгууллага, яам нь чиглэл өгөхгүй байгаа учраас өнөөдөр 170 мянган малч өрх өөр өөрийнхөөрөө амьдралаа аваад яваад явж байна. Энэ утгаараа энэ салбарын потенциалыг бүрэн ашиглаж чадахгүй байна. Манай орны хувьд 170 мянган малчин өрхтэй, 70 сая малтай, жилд үйлдвэрлэж байгаа түүхий эдийн хэмжээ маш их. Зөвхөн ноолуурыг авч үзэхэд дэлхийн зах зээл дээр борлуулагдаж байгаа нийт 20 мянган тонн ноолуурын 10 мянган тонн буюу 50 хувийг манай улс нийлүүлж байна. Гэтэл яг энэ утгаараа бид дэлхийн зах зээл дээр ноолуурын салбарт гол тоглогч нь байж чадахгүй байна. Яг одоо манай үндэсний үйлдвэрлэлүүд 10 мянган тонн ноолуурын хоёр мянгыг нь аваад эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Эцсийн бүтээгдэхүүн гэдэг нь нэмүү өртөг, ажлын байр болж эргээд эдийн засагт орж байгаа үр ашиг өндөр байдаг. Харин зөвхөн угаагаад самнаад гаргаад байвал 2 хувийн л ашигтай байдаг учраас эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгох нь нэн чухал байна. Тийм учраас энэ нөөц боломжоо ашиглаад гадаад зах зээлд өөрийн орны ноолуурыг сурталчилан таниулах, өрсөлдөх чадвараа тодорхойлох цаг нь болсон. Малчид малынхаа ашиг шимийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь бодлогогүй явж байгааг харуулж байна.
Бид өнөөдөр бусдаас ондооших чадвараа олж хараад түүнийгээ эдийн засгийн үр ашиг болгох хэрэгтэй. Манай улсын мал аж ахуйн салбарын бусдаас ондооших тал нь байгальд ээлтэй, байгалийн жамаар үйлдвэрлэл явуулдгаараа малаас гарч байгаа бүтээгдэхүүн чанартай байдгаараа онцлог. Тийм учраас бид нүүдлийн мал аж ахуйгаа ашиглаад дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц стандартад нийцүүлэн, бусдад ойлгуулах хэрэгтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн