Open iToim app
Парламент | 3 мин уншина

О.Номинчимэг: Иргэд төлбөрийн чадваргүй тохиолдолд үнэгүй өмгөөлүүлэх боломжтой

О.Номинчимэг: Иргэд төлбөрийн чадваргүй тохиолдолд үнэгүй өмгөөлүүлэх боломжтой
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 20
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулгыг УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг хийлээ. Тус хуульд төлбөрийн чадваргүй этгээд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд үнэгүй өмгөөллийн үйлчилгээ авах тухай заасан байдаг юм. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гурван өөрчлөлт орсон байна. 
Нэгд, төрөөс авах боломжтой хуулийн туслалцааны төрлийг өргөжүүлжээ. Энэ хүрээнд төрөөс иргэдэд өгөх хууль зүйн зөвлөгөөг цахимаар өгөх боломжтой болсон байна. 
Хоёрт, хуулийн туслалцаа авах хүрээг нэмсэн байна. Өмнө нь зөвхөн эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй этгээдэд төрөөс хуулийн туслалцааг үзүүлдэг байсан. Харин шинэчилсэн найруулгаар эрүүгийн, иргэний, захиргааны хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй этгээд үнэгүй өмгөөлүүлэх, төрөөс хуулийн туслалцаа авах боломжтой болсон байна.  
-Төлбөрийн чадваргүй этгээд эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан болсон тохиолдолд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой. 
-Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргахад төлбөр төлөх чадамжгүй байвал хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ авч болно. 
-Үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийг оролцогч төлбөр төлөх чадамжгүй байвал хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой болов. Тухайлбал, иргэний 0.07 га газрын кадастр алдаатай байх, давхардуулж өгөх, газар руу нь түрж орсон барилга баригдахад төрийн байгууллагад хандах, захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх үйл явцад төлбөрийн чадваргүй байгаа тохиолдолд хууль зүйн туслалцааг үнэгүй авч болно. 
-Хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон насанд хүрсэн этгээд төлбөрийн чадваргүй тохиолдолд хууль зүйн үнэгүй туслалцааг авах эрхтэй боллоо.  
Гуравт, орон нутагт үйлчлэх өмгөөлөгчийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой болжээ. Өмнө нь төрөөс хуулийн туслалцаа авахдаа зөвхөн улсын өмгөөлөгчөөр дамжуулан авдаг байхад орон нутаг хүртээмжгүй байх асуудал тулгардаг байсан. Тиймээс өмгөөллийн эрхтэй этгээд төрөөс үзүүлэх хууль зүйн туслалцааг үзүүлэх боломжтой болж байна.  
Дээрх үйлчилгээг авахад нийтлэг тавигдах шаардлага нь тухайн иргэн насанд хүрсэн, мөн төлбөрийн чадваргүй байх ёстой аж. Төлбөрийн чадварыг тодорхойлохдоо ҮСХ-оос гаргасан өрхийн мэдээллийн сангаас харах юм байна. Уг мэдээллийн санд ядуурлын түвшнээс доош амьжиргааны түвшинтэй, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай гэж бүртгэгдсэн иргэнийг төлбөрийг чадваргүй гэж үзнэ. Тус мэдээллийн санд бүртгэгдээгүй тохиолдолд ядуурлын шугамаас доош орлоготой гэдэг өргөдлөө харьяа засаг даргын тодорхойлолтой хамт мэдүүлэн үнэгүй өмгөөлүүлэх эрхтэй болох юм хэмээн УИХ-ын дарга зөвлөх О.Номинчимэг танилцууллаа.  
Үүнээс гадна тус хуульд хүүхдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх дөрвөн тохиолдлыг оруулж өгчээ. Үүнд хүүхдийн асран хамгаалагч, гэр бүл нь төлбөрийн чадвартай эсэх нь хамаагүй аж. 
-Гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд. Үүнд хүчингийн хэрэг, ялгаварлан гадуурхах гэмт хэрэг, тэвчишгүй хөдөлмөр, гэмт хэрэгт татан оролцуулах, мансууруулах донтох байдалд татан оролцуулах, хүүхдээр зүй бус байдлыг сурталчлахад татан оролцуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг гэх мэт.  
-Хүүхэд гэмт хэргийн гэрч болсон тохиолдолд.  
-Зөрчлийн тухай хуулиар шийдэгддэг хэргүүдийн хүрээнд хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд. 
-Эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин алдагдсан, асран хамгаалагчгүй хүүхдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлнэ.  
Мөн ахмад настан болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, Монгол Улсад байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой болжээ.  
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн