Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь анх 1929 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 90 жилийн ой нь тохиож байгаа аж. Тус төв нь эмийн эмчилгээ, нөхөн сэргээх, сэтгэл судлах эмчилгээгээрээ жилдээ 40 мянга гаруй өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлдгээс гадна 6000 өвчтөн хэвтэн эмчлүүлдэг. Тэгвэл 90 жилийн ойг тохиолдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн гадаад, дотоод орчин нөхцөлийг сайжруулах тал дээр олон ажлуудыг хийж байна. Тухайлбал сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гадна талбайн 7000 гаруй м.кв бүхий хатуу хучилттай авто зам, явган хүний зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг, саравч, амрах талбай зэрэг ажлуудыг хийж, гадна тайгаа бүрэн тохижуулж дуусчээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл: Манай сэтгэцийн алба нь хөгжингүй орны төвшинд нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх салбар болно гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ жилийн хувьд маш олон ажил хийгдсэн. Хууль эрх зүйн хувьд их шинэчлэгдсэн. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилчдын эрх зүйн тухайд их шинэчлэгдсэн. Мансуурах бодис, эм хэрэглэлтийг хянах тал дээр хууль батлагдах гээд явж байна. Мөн согтуурах мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх тухайд шинэчлэгдсэн гэх мэт хууль эрх зүйн хувьд шинэчлэл хийсэн. Мөн дэд бүтцийн хувьд өөрчлөлт хийгдсэн. Манай байгууллага гүний худаг, усан сан, цэвэрлэх байгууламж, уурын зуух гэм мэт зүйлүүддээ шинэчлэл хийсэн. Мөн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт 42 хувьтай байсан бол энэ жил хувьд 92 хувьд хүрсэн байгаа. Манай сэтгэцийн эрүүл мэндийн алба нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад оношилгоогоороо дэлхийн өндөр хөгжилтэй орны хэмжээнд, эмчилгээгээрээ Ази номхон далайн хэмжээнд байгаа. Өнөөдрийн хувьд гэвэл Нийслэлийн захирагчийн албанаас эмнэлгүүдийн гадаад тохижилтын асуудалд анхаарч манай төвийн гадна талбайн 7000 гаруй м.кв бүхий хатуу хучилттай авто зам, явган хүний зам, амрах талбайн асуудлыг шийдэж өгөөд өнөөдөр хүлээн авч байгаад маш их баяртай байна” гэлээ.



