УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдаа яаралтай томилох шаардлагатай байгаа учраас нэг цагийн завсарлага өгсөн юм. Завсарлагын хугацаа дуусч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.9 хувь нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.
Ингэснээр тэрээр Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд нарын нэг боллоо. Тодруулбал, П.Гэндэн 37 настайдаа, Ю.Цэдэнбал 36 настайдаа, Ц.Элбэгдорж 35 настайдаа, Р.Амаржаргал 37 настайдаа, М.Энхсайхан 41 настайдаа Ерөнхий сайдаар томилогдож байсан бол Л.Оюун-Эрдэнэ 41 настайдаа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдлоо.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Эдийн засаг хөгжлийн яам байгуулах саналыг би болон бусад гишүүд гаргаж байсан. Та энэ яамыг байгуулан ажиллана гэлээ. Энэ тал дээр тодруулаад өгөөч. Хүн рүүгээ чиглэсэн эдийн засаг байх ёстой. Байшин барилга, зам барьдаг цаг үе өнгөрчихөөд байна. Ажлын байрны цаана үйлдвэрлэл гэсэн маш том зүйл байгаа. Үүний цаана иргэд, аж ахуйн нэгж байгаа. Ажлын байрыг аж ахуйн нэгжүүд бий болгоно. Ажлын байрыг бий болгох тал дээр та хэрхэн харж байна вэ. Хөнгөн үйлдвэр болон хүнсний үйлдвэрүүдээ хөгжүүлнэ гэж байгаа. Хөдөө аж ахуйгаа ямар байдлаар дэмжих вэ.
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсыг эдийн засгийн хувьд нэлээд том байдлаар авч үзэхийн тулд Эдийн засаг хөгжлийн яам зайлшгүй байх ёстой. Энэ яамыг АН анх байгуулсан. Үүнийг зөв байсан гэж боддог. Эмчилгээ, боловсрол, албан томилолт болон гадагшаа аялах, машин худалдаж авах гээд нэлээд их мөнгийг гадагшаа гаргадаг. Жил бүхэн 1.2 сая ам.долларыг алддаг. Хүнсний бүтээгдэхүүн, нефть, гэр ахуйн бараа, авто машин гээд 6.1 сая мөн гадагшаа гаргачихдаг. Яаж үүнийг хэмнэж багасгаж, гадагшаа зардаг экспортоо нэмэгдүүлэх вэ гэдэг дээр Эдийн засгийн яам голлож ажиллах чиг үүрэгтэй байна. Зөвхөн нүүрс, төмрийн хүдэр зардаг биш хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх вэ. Энэ бүтэц зөвхөн нэг Засгийн газарт бус үе үеийн Засгийн газарт байх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Манай херо Баатарын дүү Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд боллоо баяр хүргэе. Та амласан ёсоороо 400 сая жуулчнаа Монголд авчраарай. Амжилт хүсье.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй уулзлаа. Олонхийн бүлэгт хүнд хэцүү цаг ирж байгаа. АН-ын бүлэг алдаа гаргаад огцорсон Засгийн газарт ажиллаж байсан хүн Ерөнхий сайдаар ажиллах нь тохиромжгүй, ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байгаа.