Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг 13.15 цагт Сүхбаатарын талбайд ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан. Дараа нь хоёр орны төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж, Төрийн ордны ёслол хүндэтгэлийн гэрт гарцаарчилсан уулзалт хийсэн юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт нэг цаг гаруй үргэлжилсэн. Уулзалт ажил хэрэгч, өргөн цар хүрээтэй болж өнгөрсөн талаар Ерөнхийлөгч нар хэвлэлийн хурал хийх үеэрээ илэрхийллээ.
Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Энэхүү ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар "Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай" Монгол Улс, ОХУ хоорондын гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн уулзалтын үр дүнд хоёр орны Засгийн газар хооронд дараах баримт бичгүүдэд гарын үзэг зурж, хамтран ажиллахаар боллоо. Үүнд,
1. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар,
2. “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар,
3. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар,
4. “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол”-д БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов нар,
5. “Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”-д Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,
6. “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”-нд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,
7. “Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,
8. “Монгол Шуудан ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,
9. “Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Павел Анатольевич Ливинский нар,
10. “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээр”-т “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус, тус гарын үсэг зурлаа.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.
Х.Баттулга: ОХУ-аас 100 тэрбум рублийн экспортыг дэмжих зээл хүссэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ганцаарчилсан уулзалт хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлтэй санал бодлоо солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа, итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид бүхэн талархаж байна. Энэхүү ялалт нь Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр ард түмний найрамдалт нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм. Манай хоёр орны ард түмэн бол энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхдүүд билээ. Дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын байгуулсан хүндтэй гавьяаг бид хойч үедээ мөнхжүүлсэн үлдээх ёстой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амиа хайрлалгүй зүтгэсэн Монгол, Зөвлөлтийн нөхдийнхөө түүхэн гавьяаг үүрд дурсах болно.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн төвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр болгон байгуулж, бид гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа нь хоёр талын хэлэлцээр итгэлцлийг бататгаж, хамтын ажиллагааг шинэ үед гаргаснаараа улс төрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлж, Засгийн газар яам хоорондын 10 баримт бичиг зурлаа. Манай хоёр орны цэрэг техник хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байна. Мөн Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газрын хоорондын протоколыг шинэчлэн байгуулахаар болсныг хэлэхэд таатай байна.
Ирэх онд болох аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ялалтын ойд Монголын тал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоо илэрхийлье.
Хоёр орны худалдаа эдийн засаг хамтын ажиллагаа урагшлуулах хүрээнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар мөн хэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбар, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо илэрхийллээ. ОХУ өөрийн алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг хангаж, Монгол Улсын далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна. 2018 оны зургадугаар сард Монгол, Оросын Засгийн газар хооронд байгуулсан транзит тээврийн гэрээ энэхүү боломжийг бидэнд нээсэн. Бид алс дорнодын боомтод шинээр терминал барих асуудлыг судалж ТЭЗҮ-ийг бэлэн болгоод байна. Евро Азийн эдийн засагтай орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг ОХУ дэмжинэ гэдэг итгэлтэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзлээ. ОХУ-ын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн худалдааны төлөөлөгчийн Владивосток хотноо нээхээр төлөвлөж байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж үзэж байна. Цаашид бид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр төвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтай байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын хөгжлийн банк хооронд рубль төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч, санамж бичиг байгууллаа. Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадахгүй байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн эхний үе шат болон Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэх төвшинд хүрснийг мэдэгдлээ.
Хоёр орны харилцааг Найрсаг, Иж бүрэн стратегийн түншлэлийн төвшинд хүргэснээр хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээгдэж байгааг дахин онцлон тэмдэглэе. Урилгыг минь хүлээн авч Монгол Улсад айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин танд дахин талархал илэрхийлье.
В.В.Путин: Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Монгол Улсад хийх айлчлал маань Халх голын байлдаанд ялалт байгуулсан ёслолын арга хэмжээтэй холбоотой. Наян жилийн өмнө буюу 1939 онд Зөвлөлт болон Монгол дайчид мөр зэрэгцэн тулалдан дайснуудад хатуу хариу өгч, мөн Монгол Улсын бие даасан, газар нутгийг бүрэн бүтнээр авч үлдсэн, хамгаалсан билээ. Энэхүү ялалт нь булаан авагчдын дайчдын урмыг хугалж, аугаа их дайны хүнд хэцүү он жилүүдэд Зөвлөлт улсын хилийн аюулгүй байдлыг батлан хангахад чухал нөлөө үзүүлсэн. Мэдээжийн хэрэг фашистуудтай тэмцэхэд Монголын ард түмний үзүүлсэн дэмжлэг туслалцааг байнга санадаг. Монгол Улс Зөвлөлтийн дайчдад зориулсан 500 мянга гаруй адуу гаргасан. Энэ нь дайны хүнд хэцүү үед маш чухал дэм байсан. Монгол иргэдийн нийт 53 танк бүтээж, өгсөн. Уг танкууд олон дайнд ашигласан. Ирэх жил нацизмыг ялсан 75 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ үеэр ирэх гадаад улсын төрийн тэргүүн нарын дунд бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Москва хотод тавдугаар сарын 9-нд болох хүндэтгэлийн арга хэмжээнд урьсан. Монголын түнш маань урилгыг хүлээн авсанд талархаж байна.
Олон жилийн турш хүндлэл болсон найрамдал харилцаа маань цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн бат бэх суурь гэж харж байна. Х.Баттулга ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээ ажил хэрэг болно гэж найдаж байна. Бид өргөн хүрээнд асуудлыг авч хэлэлцэн, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон. Гарын үсэг зурсан гэрээний том багц буюу Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ гэрээг онцлон тэмдэглэмээр байна. Энэхүү гэрээг байгуулснаар Орос, Монголын харилцаа шинэ төвшинд гарч байна. Бид харилцаагаа олон салбарт хөгжүүлэх боломжтой. Яриа хэлэлцээгээр бид эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулсан нь ойлгомжтой. ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш юм. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар дахин 10 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ бид өмнө хийдэг худалдааны түүхэн амжилтаа гүйцэхийн төлөө илүү урагшаа тэмүүлж, нягт хамтран ажиллах боломж хоёр талд бий гэж харж байна.
Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ ажлыг худалдаа эдийн засаг, шинжлэх техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс хариуцна. Энэхүү төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Орос, Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санд хариуцуулах бөгөөд энэ санг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Монголын түншүүдтэй хамтран энэ ажлын хүрээнд гарын үсэг зурсан. Тус сангийн хөрөнгө оруулалт голчлон үндэсний валютаар хийнэ гэдгийг тэмдэглэсэн. Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жил тусламж үзүүлж ирсэн. Далан жилийн өмнө УБТЗ хамтарсан үйлдвэрийг нээсэн. Өнгөрсөн жил тус нийгэмлэг ачаа тээврийн дээд амжилтыг тогтоосон. Оросын төмөр замын компаниудын дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах шинэ дэвшилтэд автомат систем энэ онд ашиглалтад оруулсан нь Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг улам нэмэгдүүлнэ. Оросын төмөр замчид замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлүүдийг барихад Монгол түншүүддээ тусламж үзүүлэхэд бэлэн.
ОХУ нь уламжлал ёсоор Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч мөн. Роснефть компани Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний ихэнх хэсгийг хангаж байна. Мөн Оросууд Монголын цахилгааны гол эх үүсвэр болох ТЭЦ-IV-ийг засварлахад гол дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд шинэчлэлийн үр дүнд тус станцын хүчин чадал үлэмж нэмэгдэнэ. Дашрамд хэлэхэд, өчигдөр тус станцын шинэчлэлийн эрчим хүчний блокийг ашиглалтад оруулсан.
Монгол Улсад цөмийн шинжлэх ухааны төв байгуулах саналыг Оросын тал судалж байна. Яриа хэлэлцээний явцад хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны сэдвийг хөндсөн. Манай хоёр улсын хооронд шинжлэх ухаан, соёлын харилцаа хөгжиж байгаа. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Орос улс нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэхэд Монгол Улсад тусламж үзүүлдэг. Монгол оюутнуудад зориулж жил болгон 500 оюутанд тэтгэлэг олгодог. Газрын тос, хөдөө аж ахуйн зэрэг Монголын эдийн засагт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр сурч байна. Батлан хамгаалахын цэрэг техникийн хамтын ажиллагаа нь Ази тивийн аюулгүй ажиллагааг хангахад чухалд тооцогдоно гэж бодож байна. Цэргийн хамтарсан ажиллагааг бид цаашид үргэлжлүүлэх нь гарцаагүй.
Бүс нутаг олон улсын харилцаагаар Орос, Монголын байр суурь ижил төдийгүй, ойрхон гэдгийг энд онцлон тэмдэглэе. Манай хоёр улс олон талт талбар, нэн тэргүүнд НҮБ-ын хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулж, уялдуулна. Мөн Орос, Монгол, Хятад гурван улсын хамтын ажиллагааны шугамыг хөгжүүлж, бид өнгөрсөн зургадугаар сард хамтарсан уулзалт хийсэн. Евро Азийн эдийн засагт оролцох, хамтрах Монгол Улсын хүсэл эрмэлзлийг бид дэмжиж байна. Уг хамтын ажиллагаа манай хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хэлхээ холбоог хөгжүүлэхэд тус дөхөм болно гэж бодож байна.
Монгол Улстай хийх хамтын ажиллагаа хүрсэн тохиролцоо маань Орос, Монголын харилцааг улам бэхжихэд тус дөхөм болно гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын ард түмэн биднийг халуун дулаанаар угтан авсанд талархал илэрхийлье. Удахгүй ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон төлөөлөгчдийг хүлээн авахад таатай байх болно” гэлээ