Open iToim app
Үйл явдал | 9 мин уншина

Г.Майцэцэг: Ямар ч үед бид өмсөх хувцас, идэх хоолоо дотооддоо үйлдвэрлэдэг байх ёстой

Г.Майцэцэг: Ямар ч үед бид өмсөх хувцас, идэх хоолоо дотооддоо үйлдвэрлэдэг байх ёстой
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 7
“Exclusive” брэндийн  үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Г.Майцэцэгтэй ярилцлаа. 
-Сайн байна уу. Таны үүсгэн байгуулсан “Exclusive” брэндийн 10 жилийн ой өнгөрсөн онд тохиожээ. Монголын анхны оёмол хувцас үйлдвэрлэсэн компани гэхэд буруудахгүй байх. Та компаниа байгуулж байсан түүхээ хуваалцаач?
-Манайх анх Польшид 2002 онд үйлдвэрийн сууриа тавьсан. Бид Польшид үйлдвэрлэл эрхэлж, 20-оод Польш ажиллуулдаг байсан. Тэгээд Монголдоо түлхүү ажлын байрыг бий болгож, Монголдоо бүтээе гэж бүр мөсөн шийдээд, ирсэн. Ирээд харж байхад манай хувцасны салбарт их л том боломж харагдсан. Яагаад гэвэл хувцас маш үнэтэй байсан. Европт хувцас үнэтэй биш шүү дээ. Анхдагчийн нэрийг зүүх хэцүү ч гэлээ одоо харахад сайхан санагдаж байна. Энэ нэр хүндийг авахын тулд хөдөлмөрлөнө гэдэг сайхан зүйл байсан. Манай компани гаднын H&M, LV гэх мэт брэндүүдтэй адил массын үйлдвэрлэл хийдэг. Энэ нь стандарт хэмжээгээр, тодорхой тоо ширхгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэсэн үг. Үйлчлүүлэгчийн биеэс хэмжээ аваад, захиалгаар хувцас хийдэггүй. Захиалгаар хувцас хийнэ гэдэг хамгийн дээд зэргийн үйлчилгээ. Манай компани анх захиалгат хувцсыг хийдэг байсан. Гэхдээ сүүлийн 8-9 жил түлхүү масс үйлдвэрлэл хийж байна. Бид Европт арваад жил оёмлын салбарт ажиллаж байсан болохоор тэр хэмжээгээрээ нөр их туршлага хуримтлуулсан. Анх зорьсон зорилгоосоо бид ухраагүй. Бид сүүлийн зургаан жил бодит үнийг барьж, хөнгөн үйлдвэрийн салбартаа луужин маягаар ажиллаж байна. Үнэд шууд нөлөөлдөг зүйл бол бүтээмж. “Exclusive” анх Монголын зах зээл гарч ирснээс хойш маш олон брэндүүд гарлаа. Энэ нь манай брэнд хийж бүтээе гэсэн хүмүүст итгэл үнэмшил өгч чадсан гэсэн үг. Олон олон залуус өөрсдийн нэрийн брэндээ гаргаж байна. Дотуур хувцаснаас авахуулаад үндэсний брэндүүд бий болсон. Хүнд урам итгэл гэдэг том зүйл. Бид чадахгүй, бүтэхгүй хажууханд маш том үйлдвэрлэгч орон байж байхад эд нартай өрсөлдөхгүй гээд олон дарга нар хэлдэг. Одоо ч гэсэн хэлж л байна. Болно гээл харвал болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр хэзээ ч бэлэнчилж болохгүй.
-Ер нь үндэсний үйлдвэрүүд компанидаа Монгол нэр өгдөг шүү дээ. Та яагаад “Exclusive” гэж гадаад нэр өгсөн юм бэ?
-Бид зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдсан брэнд болохын тулд нэр нь гадаад байх хэрэгтэй гэж үзсэн. Аль ч улсад орчуулгагүйгээр ойлгогддог байх нэр гээд “Exclusive” гэж сонгосон. Тухайн үедээ хэлэхэд жаахан хэцүү байсан байж магадгүй. Харин одоо бол хүмүүс харьцангуй хэлж сурсан байна. Хүмүүсийн хэлний төвшин сайжраад байна гэсэн үг. Манай брэнд маш олон залууст яагаад болохгүй гэж болох юм байна гэдэг урмыг өгсөндөө би өөртөө болон хамт олондоо хамгийн их талархдаг.
-Таныг үйлдвэрлэлээ эхлүүлж байх үед үндэсний үйлдвэрлэлийн компани их цөөхөн байсан байх. Хүмүүсийн үндэсний үйлдвэрлэлд хандах хандлага ч бас өөр байсан. Таныг үйлдвэрлэлээ эхлүүлж байх үеийг одоо үетэй харьцуулбал ямар байна?
-Зах зээлийн хөрс их зөөлөн болсон байна л даа. Одоо хүмүүс аль болох Монголдоо хийсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахыг зорьдог болж. Миний дөнгөж эхлүүлж байсан үед Монголд хийсэн гэвэл чанаргүй гээд хаяж явдаг байсан. 2009 онд хүмүүс тэр болгон брэнд гэж мэддэггүй байлаа. Одоо бол толгойтой болгон нь үндэсний брэнд гэж ярьдаг болж. Залуучууд маш их хүсэл тэмүүлэлтэй юм хийхийн төлөө хичээж байна. Гол нь энэ залуучуудын хүсэл мөрөөдлийг нухчиж болохгүй. Жишээлбэл сүүлийн 30 жил миний замыг манай ахмадууд засаж өгөөгүй. Тэр үйлдвэрүүдийг нурааж, байхгүй болгож байхад одоогийн ахмадууд дуугараагүй. Хэн ч тэрийг хамгаалаагүй. Хэн ч тэмцээгүй болохоор өнөөдрийн нийгэм бий болсон. Өнөөдрийн энэ үйлдвэрлэгч биш хэрэглэгч нийгмийг бий болгосон. Би ахмадуудынхаа насан дээр оччихоод харамсаж амьдрахыг хүсэхгүй байна. Тийм болохоор би хөнгөн үйлдвэрийн салбар ийм байх ёстой, үйлдвэр ингэж явах ёстой гээд тэмцээд байдаг юм. Би өөрийнхөө төлөө ингээд явж байгаа юм биш. Ирээдүйд төрөх хүүхдүүдийн төлөө л дуугараад байгаа юм. ЖДҮ гэдэг зүйл заавал хөгжих ёстой.
-Манай улсад үйлдвэрлэл хийхэд хэр байна?
-Монголд үйлдвэрлэл хийхэд амар биш. Гол нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гаднаас импортоор ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс үнээрээ өрсөлдөх ёстой. Үнэ нь хямд байх нөхцөлийг төр засаг бүрэлдүүлэх ёстой. Ийм төрийн бодлого байхгүй болохоор үйлдвэрлэгч хүн өөрийн эрхгүй үг дуугаа хүргэж эхэлнэ. Юм хийж үзээгүй хүн намайг ойлгохгүй л дээ. Би өөрийнхөө төлөө ингээд дуугараад байгаа юм биш. Том зургаар харвал хөнгөн үйлдвэрийн салбар гэдэг аливаа улсын хөгжлийн суурь нь байдаг. Өмсөх хувцас, идэх хүнсээ заавал эх орондоо үйлдвэрлэдэг байх ёстой. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцдэг зүйл. Бид нар харж байна шүү дээ. Хил хаагдвал яах вэ? Яг энэ үед бид тансаг хэрэглээ биш юмаа гэхэд өнөөдрийн өмсөж байгаа оймсноосоо эхлүүлээд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, дулаан хувцсаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг байх ёстой. Хөнгөн үйлдвэрлэл хөгжөөгүй улс бол гал тогоогүй айл л гэсэн үг. Төр засгийн бодлогоор хөнгөн үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Ямар нэгэн асуудал эх оронд тулгарахад үйлдвэрлэгчид л босож, тусална шүү дээ. Хамгийн түрүүнд хийж чадах зүйл юу байна аа гээд бодоход амны хаалтаас л эхэлж байна. Эх оронд ямар нэгэн асуудал тулгарахад бөх, дуучид яг юу хийх вэ? Гэтэл хамгийн түрүүнд гар бие оролцож, эх орондоо хийж чадах зүйлсийг бид хийдэг. ЖДҮ-ээ хусдаг, хулгайлдаг хүмүүсийг бид уучилж чадахгүй. Манай улс жилийн дөрвөн улиралтай онцлог бас хүйтэн орон. Бид Африкийн нэг улс шиг даавуу ороогоод явж болохгүй. Тийм болохоор бид эх орондоо мөр бүтэн, гэдэс цатгалан явах ёстой. Хүний анхдагч хэрэгцээ бол өлсөхгүй байх, даарахгүй байх.
-Төр засаг нь бодлогоор хөнгөн үйлдвэрээ дэмждэггүй, хулгайлдаг гэлээ. Ийм зах зээл дээр та яаж тогтвортой 11 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Нууц нь бид байнга шинэчлэл хийдэг. Монгол хүн ам цөөтэй учраас нэг бүтээгдэхүүнийг олноор хийх хэцүү. Бид чинь муу мөртлөө голомтгой гэдэг шиг адилхан юм өмсчихөөд бие биетэйгээ таарахыг хүсэхгүй. Тиймээс нэг загвараар олон хувцас хийж болохгүй. Манай загварын товчоо дээр өдөрт 3-8 загвар шинээр гарч байдаг. Долоо хоног болгон манай бүтээгдэхүүн шинэчлэгдэж байдаг. Ингэж байж бид удаан тогтож байгаа. Тэрнээс биш за энэ сайн зарагддаг энэ гоё гээд байнга үйлдвэрлээд байвал доошоо явна гэсэн үг. Манай загварын товчоо 20-оод хүний бүрэлдэхүүнтэй. Улаанбаатар хотод 6 цех, хөдөө орон нутагт 3 цех ажиллаж байна. “Exclusive”-д 120 орчим хүн энэ брэндийн хувцсыг бүтээдэг. Өөрийгөө боломжийн цалин өгөөд ажиллуулдаг гэж боддог. Гэхдээ ажилчдынхаа цалинг 3-5 сая төгрөг болгочих юм сан гэж зориод явж байна.
-“Exclusive”-ийн хувьд одоо юунд зорьж ажиллаж байна. Гадагшаа экспортлох бодол байна уу?
-Бид хамгийн түрүүнд дотоодын зах зээлээ хангах юм сан гэж боддог. Хүмүүс хэлдэг л дээ урагшаа, хойшоо худалдаанд гараач, яваач гээд л. Гэхдээ хангалттай шүү дээ. Бид үйлдвэрлэгчийнхээ зарчмаар ажилламаар байна. Нэг үеэ бодоход Өвөр Монголчууд өөрсдөө хүрч ирээд бараагаа авдаг болсон. Бөөндөж авч байна, ганц нэгээр нь авч байна. Хилээр харин яаж гаргах нь тэдний асуудал. Хэрвээ би өөрөө Хятад ч юм уу, Орос руу худалдаа хийе гэж бодоход хил гааль дээр жаахан хэцүү л дээ. Хятад, Орос нь өөрсдийн үйлдвэрлэлээ чанга хамгаалсан бодлоготой байдаг. Жишээлбэл, би манайд үйлдвэрлэдэг нэг сөдөн куртик зарах гээд явлаа гэж бодоход Орос улсад тийм материалтай, загвартай куртик хэдээр зарагддаг тэрийгээр тооцож 30-40 хувийн татвар авна гэсэн үг. Мэдээж манай брэнд шиг хямдхан байна гэж байхгүй шүү дээ. Манайхыг 5-6 дахин нугалсан үнэтэй байгаа. Манай брэндийн нэг онцлог нь хэрэглээ талтай. Нэг удаа өмсөөд дахиж өмсөхгүй шүүгээний мухарт очих биш. Зөвхөн нэг баярт өмсөх гэж битгий хувцас худалдаж ав. Сүүлийн үед залуучууд минималист стильтэй болсон байна. Манай үйлдвэр ч гэсэн яг минималист хэв шинжээр үйлдвэрлэлээ хийдэг. Цагаан сараар өмсье гээд манайхаас нэг цамц авлаа гэж бодоход тэрийгээ дараа нь өдөр тутамдаа өмсөх боломжтой. Нэг удаагийн хэрэглээ гэж яасан ч байж болохгүй. Манай хамгийн том давуу тал нь материал. Бид нар юун тулд хүний нутагт 10-аад жил үйлдвэрлэл хийсэн юм. Бид нарын хамгийн сайн мэддэг юм бол материал. Манай материалууд дандаа баруун луу гардаг материалууд. Бид жил болгон нэг загварыг трэнд болгодог. Энэ жилийн хувьд тааран материалтай хувцсуудыг онцолж байгаа. Тааран материал нь дэлхийд тансагт тооцогддог.
undefined
-Танай компанийн үйлдвэрлэж буй хувцаснууд их өрсөлдөхүйц хямдхан үнэтэй байдаг юм билээ?
-Хямдхан байлаа гээд чанаргүй гэсэн үг биш шүү (инээв). Хямдхан хувцас өмслөө гээд таны нэр хүнд унахгүй гэдгийг залуучууд сайн ойлгодог байх хэрэгтэй. Зарим хүмүүс хямдхан хувцас өмсөхөөс ичдэг. Одоо үед бол харин ч мөнгөнд хэмнэлттэй хүнийг хамгийн ухаалаг хүн гэж үзэж байна. Түүнээс биш хүний үнэ цэнэ нь хувцсандаа биш. Хүнд өөрт нь байдаг. Жишээ нь би гэхэд 25 мянгын цамц, 24 мянгын юбка өмсчихөөд л сууж байна. Тэглээ гээд би бол би л байна. Миний үнэ цэнэ өмсөж байгаа хувцаснаас шалтгаалахгүй. Би айхтар үнэтэй хэдэн саяын хувцас өмссөн ч би бол би л байна. Хувцас гэдэг зүйл хүний эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл. Энэнд хувцасны үнэ ямар ч хамаагүй. Би монгол хувцас өмсөөд явж байгаа залуусыг хараад өөрийн эрхгүй баярладаг. Энэ заавал манай брэндийн хувцас байх албагүй шүү дээ. Хэн байх нь ч хамаагүй. Монголдоо л бүтээсэн хувцсыг өмсөж байна гэдэг хамгийн гоё. Тэр хэмжээгээрээ тэд дотооддоо, өөрсдөдөө хөрөнгө оруулж байгаа хэрэг. ЖДҮ-ийг дэмжиж байна аа гэдэг эдийн засагтаа оруулж буй иргэний хувь нэмэр. Хамгийн том эх оронч үзэл. Түүнээс биш гадаадын хүн энэ муу хужаа, энэ муу Вьетнам, шар толгойт гээд л би Монгол гээд омогших нь эх оронч үзэл биш байхгүй юу. Үнэхээр л монголоороо омогшмоор байгаа юм бол Монголдоо хийгдсэн нэг бүтээгдэхүүнийг аваад хэрэглэчих, өмсчих. Монголд үйлдвэрлэсэн нэг бүтээгдэхүүн худалдан авахад дөрвөн хүний ажлын байрыг баталгаажуулж байдаг.
-Түрүүхэн та хэлсэн л дээ. “Exclusive”-ийг дагаад олон компани төрсөн гээд. Ер нь шинээр гарч ирж байгаа компаниудыг ихэвчлэн залуучууд үүсгэж, авч явж байна л даа. Та тэдэнд юу гэж зөвлөмөөр байна?
-Залуучуудын нэг алдаад байдаг зүйл нь өөрсдөө бүх юмаа хийх гэж зүтгээд байдаг. Загвараа гаргана, материалаа сонгоно, үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн болгоод хүнд хүргэнэ гэдэг нүсэр их хөдөлмөр. Бас бүгдийг нь чадна гэдэг хэцүү. Тийм болохоор яг чаддаг, хийдэг юмаа төрөлжөөд хийгээд яв. Ингэж амжилттай явна. Зүгээр оёдог л бол хувцас гаргачихна гэсэн үг биш. Ганц цамц гаргахын тулд маш олон мэргэжил шаардана. Хувцсыг бүтээхэд ганцхан оёдог байхад хангалтгүй. Эхлээд дизайнер загварыг нь гаргана, дараа нь тухайн загварын онцлогоос шалтгаалж материалын шинжээч ямар материалаар хийх вэ гэдгийг сонгоно. Тэгээд зохион бүтээлт явна. Зураг эскизийг гаргана. Гаргасан эскизээрээ эсгүүр гаргана. Түүнийг даавуун дээрээ тавьж хайчилна. Дараа нь технологич дээр очин ямар оёдлоор оёх вэ гэдгийг шийднэ. Түүний дараа оёдолчин дээр ирэн эцсийн бүтээгдэхүүн болно. Энэ мэтчилэн ганц хувцас бүтэхэд 5-6 мэргэжилтэн дамжина. Ганц хувцас бүтэхийн тулд 25-30 жилийн туршлага орсон гэсэн үг. Нэг мэргэжилтэн дунджаар 2,5-6 жил суралцаж байгаа. Энэ болгоныг нэмээд үзэхэд нэг хувцас дор хаяж 25-30 жилийн туршлага шаардагдана. Тиймээс оёдог нь оёж, зурдаг нь зурах ёстой. Манай брэндийн загварын товчооны хаалга харьцангуй нээлттэй байдаг. Бид бүх юмыг нь хангаж өгөхийг хичээдэг. Тэд хараад хүссэн зүйлээ өөрсдөө хийх боломжтой. Ийм боломжийг нь олгож байж сайн дизайнер төрнө.
-Ярилцлага маань ингээд дуусч байна. Сүүлийн мөчийг танд үлдээе?
-Хэчнээн өвчин гараад хөл хорио тогтоосон ч гэлээ Монголчуудын нэг билэгдэл байдаг шүү дээ. Сар шинээр хүн болгон шинэ хувцас өмсдөг гээд. Билэгдлээ бодсон ч хүн бүр сайхан шинэ хувцастай шинэ сараа гаргаасай гэж хүсэж байна. Бид аль болох чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр та бүхэндээ хүргэх юм сан гэж зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн