Open iToim app
Д.Чойжамц: Амьдралдаа гундаад явж буй хүнд сайхан урмын үг хэлээрэй, тэр л том өглөгт тооцогдоно
Нийгэм | 3 мин уншина

Д.Чойжамц: Амьдралдаа гундаад явж буй хүнд сайхан урмын үг хэлээрэй, тэр л том өглөгт тооцогдоно

Нийтэлсэн 2018 оны 2 сарын 13
Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийг угтан Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, Гавж Д.Чойжамц Монголын нийт ард олонд өнөөдөр мэндчилгээ дэвшүүлж, энэ жилийн төрх, ирэх жилийн өнгийг айлдлаа.
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Гавж Д.Чойжамц, “Тахиа жилд Монгол Улс хөгжин цэцэглэж, төр засаг цэгцэрсэн амжилт бүтээлээр дүүрэн өнгөрч байна. Айлчлан ирж буй нохой жил Монгол түмэнд ерөөлтэй сайхан жил болохоор зурхайд буусан. Гэхдээ өндөр суудалтад хатуу, залуус болон олон түмэнд ээлтэй, нялхаст маш сайн жил байх төлөвтэй. Мөн ахмадууд эрүүл мэндээ хамгаалах, малчид хянуур байх шаардлагатай бөгөөд хуумгай хандвал эд малаа бусдад алдах магадлалтай. Хур бороо элбэгтэй ч жилийн дунд үед, улирал эхлэхэд ган гачигтай байх нигууртайг анхаарах хэрэгтэй” хэмээлээ. Үргэлжлүүлэн Цагаан сарын баярын зан үйлийн талаарх мэдээллийг хүргэсэн юм.
Тэрээр “Цагаан сараар айлд зочилсон хүн хоймор өөд харцаа тогтоож, дараа нь бусад хүнтэй мэндэлдэг. Бэлэг дэмбэрэлгүй муу үг хэлж огт болохгүй. Буруу муу үг хэлсэн хүнийг амны бэлэггүй гэж үзэн Цагаан сараар дахин гэртээ урьдаггүй. Энэ мэтээр бидний өв уламжлал, ямба ёслол ирээдүй үед залгамжлан үлдэх ёстой. Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар торгон дээлээ өмсөж, Монгол уламжлалаа сурталчлах нь даяаршиж буй өнөө үед үндэсний дархлаагаа хадгалан үлдэхэд өндөр ач холбогдолтой.
undefined
Цагаан сар өглөгөөр эхэлдэг. Монголчууд өглөгийг чухалчилдаг. Өглөг өгч буйн цаад учир шалтгаан нь өөрт буцаж буян болж ирнэ гэдэгт итгэдэгт оршмой. Мөн өглөг нь бусдад урам зориг өгөх зорилготой. Амьдралдаа гундаад явж буй хүнд сайхан урмыг үг хэлж байна гэдэг чинь ч өглөгт тооцогдоно. Бие, хэл, сэтгэл хэмээн үзвэл хэлээр буюу бусдадаа сайхан үг хэлж, амьдралд нь тэнцүүлсэн, цаашдын зүг чигийг нь өгсөн сургаалаа айлдаж байх нь зөв өглөг юм. Түүнчлэн шинэ жилийн өглөө бие биедээ сайхан зан аалиар хандаарай. Бага насандаа эцэг эхийн хайраар тэтгүүлж, залуу зандан насандаа гэр бүл болж, өтлөх насандаа өсгөсөн эцэг эхийнхээ хайрыг үр хүүхэд нь буцааж хариулж жаргаадаг. Бага нас, залуу нас, өтөл үе гурван цагийн хэлхээнд Монголчууд бид  жаргалд умбаж байдаг. Энэ учир нэн ялангуяа үр хүүхдэдээ анхаарал тавьж хайр энэрлээр өглөг өгөөрэй. Жилийн эхэн өдрүүдэд тухайн жилийн өнгийг тодорхойлж, ирэх 360 өдөр би ийм байна хэмээн сэтгэж, энэ ёсоороо зан араншиндаа, амьдралдаа өөрчлөлт гаргаж бусадтай найрсаг амьдарна гэсэн сэдлийг үүсгэх нь чухал юм. Амьдрал хувь хүний өөрийн хичээл зүтгэлээс шалтгаалдаг” хэмээн захив.
Ахмад хүн гарын алгыг доош харуулан золгодог нь буян болон, урт удаан наснаас залуу үедээ өгч байна гэж хууччуул үздэг байжээ. Харин залуу нь гарын алгыг дээш харуулан золгож буян, урт нас, удаан жаргалаас нь хуваалцаж байна гэж бэлгэшээдэг байна.
Энэ ертөнцийг аз жаргалтай туулъя гэж эрхэмлэж байвал нэн түрүүнд урт наслах хэрэгтэй. Гэхдээ гэр бүлээрээ урт настай удаан жаргалтай амьдрах нь жаргал юм. Мөн өвдөж, хавдаад байвал жаргал үгүй. Тиймээс өвчингүй байхын тулд эгэл амьдралын хэвшлийг бүрдүүлэх ёстой. Гэр бүлээрээ, хамт олноороо өвчнөөс сэргийлэх хэрэгтэй. Үүний дараа амьдралыг хорлодог барцад гэдэг зүйлээс хол байх ёстой. Аюул ослоос урьдчилан сэргийлж, архи тамхинаас хол байх нь зүйтэй. Бурхан багшийн сургуульд зааснаар би ийм буруу зүйл хийвээс өөрийгөө болон гэр бүлээ сүйдэлнэ шүү дээ гэж санаж байх, үүнийг мэдэж байвал барцад буюу амьдралын саадаас өөрийгөө хамгаална.  Эцэст нь эд хөрөнгөө зөв зарцуулж, ажил төрлөө хичээнгүйлэн хийж, хуримтлал үүсгэж, гамнаж хэмнэж эдийн засгаа авч явах хэрэгтэй. Үүнээс гадна соёл, боловсрол гэх мэт олон зүйл хүний амьдралд хэрэгтэй. Энэ бүхэн таны амьдралд бүрдэж, дэлгэрч байгаасай хэмээн ерөөл дэвшүүлье хэмээлээ.
Тэрээр айлдварынхаа төгсгөлд ирж буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилдээ Монголын ард түмэн эв түнжинтэй, бие биедээ хүндэтгэлтэй, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, харшлах зүйлгүй, эд таваар элбэг, үр хүүхэд өнөр өтгөн болохыг хүсэн ерөөв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн