Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Владимир Путиний түрэмгийлэл ба Украины шинэ Ерөнхийлөгчийн сорилт

Владимир Путиний түрэмгийлэл ба Украины шинэ Ерөнхийлөгчийн  сорилт
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 30
Улс төрийн ямарч туршлагагүй Владимир Зелински нь Украины ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа ч ОХУ-ын зүгээс тавьсан хэд хэдэн хүчтэй шахалт, сорилттой нүүр тулгараад байна.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 24-нд  Украинаас салан тусгаарласан Луганск болон Донецк хотын 3.7 сая иргэдэд ОХУ-ын иргэншлийг хялбаршуулсан замаар олгох тогтоол гаргасан билээ. Үүний дараагаар өнгөрөгч долоо хоногт Хятадын нийслэл Бээжин хотод болсон "Бүс ба зам" санаачилга олон улсын хамтын ажиллагааны форумд үг хэлэх үеэрээ Украины бүх иргэдэд давхар иргэншил олгох тухай дурдсан.
Үүний хариуд Украины Ерөнхийлөгч Владимир Зелински Оросын тал манай иргэдэд иргэншил олгоно гэх төөрөгдлөөр цагаа үрэхгүй байхыг сануулж, ОХУ-ын талын түрэмгийлсэн харилцааны өнгө аяс нь Луганск болон Донецкт энх тайвныг авчрах хамгийн сайн шийдэл биш. Украин улстай заналхийллийн хэл, цэрэг, эдийн засгийн дарамт шахалтаар харьцах ёсгүй. Энэхүү байдал нь Минск, Донбасс мужуудад энх тайвныг хэрхэвч тогтоохгүй. Хэрвээ Крымийг Украины талд буцаан өгсөн тохиолдолд ямар ч асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөд бэлэн гэдгээ илэрхийлж хялбар хоол биш болохоо харуулсан юм.  
Харин өнөөдөр буюу мягмар гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ асуудлаар Владимир Зелинскитэй тохиролцоонд хүрч чадна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ тэрээр Владимир Зелинскид хандан бас нэгэн уриалгын доор Украины ерөнхийлөгчид хүнд сорилт тавьсан нь Гүржийн Ерөнхийлөгч асан Михайл Саакашвилигийн Украины иргэншлийг сэргээх хэрэгтэй гэсэн явдал байв. Тэрээр “Хэрвээ украинчууд энх тайвныг ярихыг хүсэж байвал эхлээд бидэнтэй биш, гүржүүдтэй ярьсан нь дээр. Тэр тусмаа хэдий Гүржийн Ерөнхийлөгч байсан ч одоо өөрийгөө украин хүн гэж үздэг Михайл Саакашвилигийн иргэншлийг сэргээхээс эхлэх хэрэгтэй” гэсэн юм.
Михайл Саакашвили нь 2004-2013 онд Гүржийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан ч улс төрийн асуудлаас болж 2015 онд улсаасаа дүрвэж, хөөгдсөн билээ. Түүнд Украины өмнөх Ерөнхийлөгч Петро Порошенко 2017 онд улсынхаа иргэншлийг олгосон байдаг. Гэвч өнгөрсөн оны хоёрдугаар сард Засгийн газар нь үүнийг цуцалж түүнийг Польш улс руу албадан гаргаж 2021 он хүртэл Украинд эргэж ирэхийг нь хориглосон юм.
Энэ талаар одоогоор Украины Ерөнхийлөгч Владимир Зелински ямар нэгэн албан ёсны хариулт өгөөгүй байна. Олон улсын улс төрийн тоймчид энэ бүхнийг Москвагийн эрх баригчдын зүгээс хийж буй туршлагагүй Украины шинэ Ерөнхийлөгчийг барьц алдуулах гэсэн үйлдэл гэж дүгнэж байна. Мөн энэ бүхнийг хэрхэн даван туулахаас хамаарч Владимир Зелинскигийн дотоод болон гадаад байр суурь ихээхэн хамаарахыг дурдсан юм.
Эх сурвалж: Thenews, Tass, 112 international
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн