Нэр бүхий УИХ-ын гишүүд тойрогтоо Цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багц тараасан явдал нь олны дүргүйцлийг хүргээд байгаа билээ. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн Т.Доржханд ‘Ул боов, бэлгийн багц тараадаг, санал худалдаж авдаг энэ зүйл хавтгайрлаа. Ердөө хоёрхон сарын өмнө Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсан байдаг. Гэтэл төсөвт үр ашиггүй зардал, хавтгайруулсан халамжийн бодлого хэвээр байна. Богд Зонховын асуудал өнөөдрийг хүртэл яригдаж байна. Цар тахлын үе мөн Монголчуудын гурван хүний хоёр нь ажилгүй ядууралтай ийм тохиолдолд Богд Зонхов мэтийн цемент зуурна. Тэгсэн мөртлөө ядуу иргэд, ахмадууддаа Цагаан сараар нь боов, гурил тараадаг ийм зүйлийг бид хязгаарлахгүй бол болохгүй нь ээ. Үүнтэй холбоотой бид Улсын их хурлын Сонгуулийн тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулах хэрэгтэй.
Нэгд, хэрвээ та УИХ гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн бэлгийн зүйл тараахгүй. Цагаан сараар та ул боов, хүнсний багц тараахгүй.
Хоёрт, хэрэв та тараасан тохиолдолд дахин сонгогдох эрхгүй болж эрүүгийн хариуцлага ногдуулах болно гэсэн ийм ерөнхий зохицуулалт оруулахаар санал болгож байна. Энэ агуулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болон шат шатны албан тушаалтнуудад хамаарах болно. Бид саналаа нэгтгээд энэ хаврын чуулганаар энэ асуудлыг оруулах болно. Иргэдэд ажлын байр, тогтмол орлого хэрэгтэй болохоос биш нэг удаагийн зүйл хэрэггүй. Бидэнд тогтолцооны өөрчлөлт маш хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа ‘Миний бие өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржхандын хамтаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачилга гаргаж байна. Сүүлийн үед УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо бэлэг тарааж байгаа энэ явдлыг цахим орчинд илт шүүмжилж байна. Нэг удаагийн бэлэг тараалт, нэг хүний асуудал шийдэх биш. Улс орны асуудлаа дорвитойхон шийдэх хэрэгтэй, нэг удаагийн бэлэг өгөхөөс илүү бид нарын тэтгэврийг нэмээч ээ. Энэ тэтгэврээр цаашид амьдрах ямар ч боломжгүй боллоо. Энэ утааны асуудлыг шийдээч, түгжрэлээ шийдээч, эмнэлэг сургууль бариач зэрэг асуудлыг тавьж байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсрол ингэж дээшилсэн байхад улстөрчид бид шийдэл гаргахгүй, ийм байж болохгүй. Бэлэг тараах асуудал өөрөө сөрөг үр дагавартай байдаг. Иймд УИХ-ын гишүүд бид сонгуулийн хуулиа улам боловсронгуй болгож, улс орныхоо хөгжлийг зөв гольдрил руу оруулахад шийдэл гаргах хэрэгтэй байна. Иймд бусад УИХ-ын гишүүдээ бид хоёртой нэгдэж сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах энэ асуудлыг дэмжээч ээ гэж уриалмаар байна.