Гуравдугаар сарын хоёрны Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Францын иргэнээс коронавирус илэрсэн. Тэр иргэнтэй зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай иргэн Увс аймагт ирсэн гэсэн мэдээллээр аймгийн онцгой комисс хуралджээ.
Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан: Английн иргэн гуравдугаар сарын 5-нд Аеромонголиа Улаанбаатар-Улаангом чиглэлийн онгоцоор Улаангомд ирж нэг хоносон. Түүний дараа Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн нутаг Ямаат гэдэг газар очиж байгалийн зураг аваад дөрөв хоног тэнд ажилласан байна. Тиймээс Улаангомыг бүхэлд нь хөл хорио тогтоож байна. Тэр хүний хоносон газар, түүнтэй хамт ирсэн бүх зорчигч, нисэх онгоцны буудал, хоносон зочид буудал хоол идсэн ресторан, орсон хоёр дэлгүүрт түр хөл хорио тогтоон ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Нэг, хоёрдугаар хавьтлын хүмүүстэй холбогдон зураглалыг гаргаж, өөрсдийгөө тусгаарлахыг анхааруулсан. Аймгийн онцгой комиссын шуурхай баг Бөхмөрөн сумын нутаг руу хөдөлсөн. Мөн Улаангомоос орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байна. Мөн тэд Баян-Өлгий аймгийн Хотгорын уурхайгаар дамжин ирсэн тул тус газрын хүмүүс анхааралтай байх хэрэгтэй.
Увс аймгийн Засаг Дарга Д.Батсайханаас тухайн иргэний биеийн байдлыг тодруулахад “Улаанбаатараас орчуулагч, тогоочтойгоо хамт ирсэн. Улаангомоос жолооч аван Бөхмөрөн сум руу явсан. Бөхмөрөн сумын байгаль хамгаалагчийнд дөрөв хоносон. Яг тэнд нь тусгаарлаад шинжилгээ авахаар Улаангомоос шуурхай багийг явуулсан. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, халуун нь хэвийн байгаа” гэдгийг хэллээ.