Боловсролын зээлийн сангийн гадаад зээл, диплом, оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжийн талаар БЗС-ийн захирал Ж.Ариунболд мэдээлэл хийлээ.
Тэрээр хэвлэлийн хурлаар дөрвөн асуудал танилцуулав.
Тэрээр "Нэгт, гадаал зээл. БЗС-аас 1997 оноос хойш дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад оюутнуудыг сургаж эхэлсэн. Энэ үйл ажиллагаа 2020 он хүртэл үргэлжлээд одооноос Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг болон өөрчлөгдөж байна. Дэлхийн шилдэг сургуулиудад ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулна. Ингэснээр гадаад зээлийн асуудал нэг талдаа гарч байна.
БЗС-аас жилд 40 хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сургадаг байсан бол одооноос 500 болж байна. Өмнө нь БЗС-аас зээл авч, суралцахад оюутнууд үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж, зээлээр суралцдаг байсан бол одоо эргэн төлөх нөхцөлгүйгээр, тэтгэлгээр суралцана. ЭЕШ нээлттэй болдог учир гадаад зээлийг нээлттэй сонгон шалгаруулна гэсэн үг юм.
Хоёрт, диплом. 1993-2016 он хүртэл олгож байсан хөнгөлөлттэй зээлийг 30 орчим мянган оюутанд 40 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнээс 13650 диплом үлдсэн байна. 1993-2004 он хүртэл төгссөн хүүхдүүдийн дипломыг бүрэн чөлөөлсөн. Мөн 2008 онд мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан, дүн нь 2.8-аас дээш бол дипломыг нь өгч байсан. Одоо ч авч болно. 2008-2016 онд төгссөн оюутнууд сургалтын төлбөрөө төлөөд авна.
Гуравт, оюутны хөгжлийн зээл. Боловсролын зээлийн сангаас хүүгүй, сургуулиа төгссөнөөс хойш зургаан жилийн дотор зээлээ төлөхөөр оюутны хөгжлийн зээл авдаг. 2018 оноос хойш зээл авсан хүүхдүүдийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулсан. Зээлээ төлөхгүй бол муу зээлдэгч болно. Энэ жил оюутны хөгжлийн зээлийн 2-4 түвшний оюутнуудад үргэлжлүүлэн олгоно. Харин нэгдүгээр түвшиний оюутнуудад тэргүүлэх чиглэлийн мэргэжлийнхэнд зээл олгоно.
Дөрөвт, буцалтгүй тусламж. Монгол Улсын өнчин ядуу, хагас өнчин, бүтэн өнчин, цаатан өрхийн, багш, сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад буцалтгүй тусламж олгодог. Нийт 6600 орчим оюутан бий. Үүнийг үргэлжлүүлэн олгоно" гэлээ.
Боловсролын зээлийн сангаас оюутнуудыг дэлхийн шилдэг их, дээд сургуульд магистр, докторт сургадаг. Энэ үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цаашдаа энэ нь Ерөнхий сайдын тэтгэлэг болох аж.
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЭЕШ-д амжилттай оролцсон хүүхдүүдийг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад бакалаврт суралцуулахаар болсон билээ.