“Хүнээр хүн хийх амаргүй”, “биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй” хэмээх зүйр үгийг хүүхэдтэй болсон хойноо л ухаардаг байх гээд ганц бие хүн үл ойшооно. Хүүхэдтэй болчихоод хүүхдийн хүмүүжлийн талаар судалж байснаас эртхэн завтай байгаа дээрээ хүүхэд өсгөх талаар энгийн ойлголтуудыг мэдээд авахад буруудахгүй хэмээн хүүхэдтэй хүмүүс сургамжилна. Ганц бие байхдаа хүүхдийн хүмүүжлийн талаар уншиж, судалж байхгүй бол “хүүхэд томрох тусмаа их асуудал” гээд бухимдаад явдаг хүний нэг болох талтай. Тиймээс TED дээр тавьсан хүүхэд хүмүүжүүлэх ухааны талаарх гурван итгэлийн гол санааг ирээдүйд эцэг эх болох, саяхан эцэг эх болсон хүмүүст зориулъя.
1. Аз жаргалтай гэр бүлийн гурван дадал
“Аз жаргалтай гэр бүлийн нууц” номын зохиолч Брюс Фейлер өөрийн гэр бүлдээ гурван энгийн дүрмийг хэрэгжүүлжээ. Энэхүү номын зохиолч өсвөр насандаа “Анна Каренина” зохиолын алдарт эхлэлийн өгүүлбэр болох “Жаргалтай гэр бүлийн аз жаргал ижил. Харин зовлонтой гэр бүл бүхэнд өөр өөрсдийн зовлон бэрхшээл бий” хэмээх эхний хэсгийг уншчихаад юу гэж дээ, аз жаргал ч гэсэн харилцан адилгүй шүү дээ гэж боджээ. Гэвч гэр бүл судлалын мэргэжилтэн болсныхоо дараа Толстойн зөв байсныг ухаарсан байна. Түүний хувьд аз жаргалтай гэр бүлд байдаг гурван дадал бол цагаа зохицуулах, хүүхдийнхээ биеийг нь даалгах, өөрийн түүхээ хуваалцах юм.
Аз жаргалтай гэр бүлийн дадал #1: Цаг заваа зохицуулах. Маш завгүй, ажил ихтэй байсан ч хоногийн аль нэг хоолны цагаар гэр бүлдээ багахан ч гэсэн цаг зарцуулж, тэдний яриаг сонсох хэрэгтэй. Судлаач Эллин Галински 1,000 хүүхдээс “эцэг эхээсээ хамгийн их хүсдэг зүйлээ хэлээч” гэж асуухад тэдний дийлэнх нь хамгийн түрүүнд “эцэг эх нь орой ажлаас ирэхдээ стрессгүй, бага ядарсан байгаасай гэж хүсдэг” хэмээн хариулжээ. Ялангуяа эрэгтэй хүмүүс ядраагүй, бухимдаагүй үедээ л ар гэртээ анхаарах гээд байдаг сул талтай. Хүүхэд бага байхдаа л аав, ээжийгээ ажлаасаа хурдан тараад ирэхийг тэсэн ядан харуулддаг. Харин өсөж том болоод хүлээж суухаа больдог шүү дээ. Тиймээс ажил, гэр бүлийн амьдралаа хослуулж сурах хэрэгтэй.
Аз жаргалтай гэр бүлийн дадал #2: Өмнөөс нь аливааг хийхгүй байх. Өөрсдөөр нь хийх зүйлсийнх нь жагсаалтыг өдрөөр, долоо хоногоор нь гаргуулж, цаг төлөвлөлтийг багаас нь хийж сургах. Ингэснээр хэт үглээ эцэг эх байхаас давхар аврахаас гадна хүүхдийн урд тархины хөгжилд тустай юм. Хүүхдийнхээ тухайн өдөрт төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг цаасан дээр тэмдэглэх нь тэдэнд өөрөө бие дааж хийх хүсэл эрмэлзлийг төрүүлдэг байна.
Аз жаргалтай гэр бүлийн дадал #3: Хүүхдүүддээ өөрийнхөө тухай ярьж өгөх. Судлаач Эмрой “чи мэдэх үү” нэртэй тестийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас авчээ. Тус тестэд эмээ өвөө чинь хаана төрсөн бэ, ээж аавыгаа ямар ахлах сургууль төгссөнийг мэдэх үү, гэр бүлийн чинь хэн нэгэн өвчтэй эсвэл хэцүү цаг үеийг туулж байгаа юу, тэдэнд тохиолдсон хамгийн хэцүү үеийг мэдэх үү зэрэг асуултыг асуужээ. “Чи мэдэх үү” тестэд өндөр оноо авсан хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй, амьдралд бие даах чадвартай байсан бөгөөд сэтгэл санааны эрүүл мэнд, аз жаргалын төвшинг хэмжихэд энэхүү тест чухал үр дүнтэй байсан гэж тус судалгааг авсан хүн үзжээ. Хүүхдүүддээ амьдралынхаа хүнд хэцүү, сайхан цаг мөчийн тухай, хэрхэн даван туулсан түүхээ ярьж өгөх нь бага насны хүүхдийн сэтгэхүйд эергээр нөлөөлдөг байна.
Эцэст нь “аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгох вэ гэвэл зүгээр л энэ гурван алхмыг туршиж үз” хэмээн тус дадлыг амьдралдаа хэрэгжүүлсэн зохиолч Брюс Фейлерийн зөвлөгөөг та ч мөн туршаад үзээрэй.
2. Хүүхэд минь аз жаргалтай өсөж байгаа юу гэдэг чухал биш
Хүүхдийнхээ хүмүүжилд өнөө үеийн эцэг эхүүд урьд үеийн аав ээж нараас илүү анхаарал тавьдаг болжээ. Хэдий бид эрчүүдийг олон ажлыг нэг зэрэг амжуулж чаддаггүй хэмээн бухимддаг ч урьд үеийн эрчүүдтэй харьцуулахад тэд сайн эцэг байхад анхаарч, хүүхдийнхээ хүмүүжилд тэгш оролцохыг хичээж л явна. “Бүгдээрээ жаргалтай бас баяр хөөргүй”- All joy and no fun номын зохиолч Женнифер Сениорийг ээж нь төрүүлэх үед хүүхэд өсгөх талаарх Бенжамин Спаркийн: “Хүүхдийн талаарх ойлголтууд ба арчилгаа” хэмээх нэртэй ганц л ном байсан бөгөөд тухайн үедээ хүүхдийн тухай номууд дундаас нийт 50 сая хувь борлогджээ. Харин түүнийг анхны хүүхдээ төрүүлэх үед хүүхдийн хүмүүжил, өсөлт хөгжлийн талаарх төрөл бүрийн ном хоёр багана дүүрчихсэн байсан нь сайшаалтай ч сонголт хийхэд хүндрэлтэй байж. Номын дэлгүүрт хэрхэн цардуулгүй хоол иддэг хүүхэд өсгөх үү, йогийн авьяастай хүүхэд өсгөх нь зэрэг бүхий л сэдвээр бичсэн номнууд байсан ч тэрээр өөрт тохирох номоо олж чадалгүй буцжээ. Женниферийг бага байхад цардуулгүй, байгалийн гэсэн тодотголтой хүүхдийн бүтээгдэхүүн байгаагүй ч ээж нь түүнийг эрүүл саруул өсгөсөн. Гэтэл хүүхэд хүмүүжлийн талаар судалж, мэргэжилтнүүд хүртэл бэлтгэгдсээр байхад л яагаад эцэг эх байхын хямрал гэгч зүйл байсаар байна вэ гэдэг нь ойлгомжгүй.
Хүүхдийн хөдөлмөрийг хуулиар хориглоогүй байсан “Их хямралын үе”-д хүүхэд бол санхүүгийн баталгаа байсан. Тухайн үеийн эцэг эх болон үр хүүхдийн хоорондох харилцаа одооныхоос тэс өөр байсан нь ойлгомжтой. Гэр бүл дэх хүүхдийн үүрэг бол санхүүдээ тус нэмэр болох байв. Харин өнөө цагт тэдний гол үүрэг бол суралцах. Эцэг эхийн хувьд хүүхдээ амжилттай хүн болгохын тулд дан ганц боловсрол олгох нь хангалтгүй харин нэмэлт сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулах шаардлагатай болсон. 1965 оны үед эмэгтэйчүүд зөвхөн сайн эзэгтэй байхад л анхаардаг байсан бол өнөө цагт гэр бүлдээ анхаарч, ажлаа ч хийж байна. Ямар ч эцэг эх хүүхдээ аз жаргалтай орчинд өсөж томроосой гэж л хүснэ. Харин аз жаргалтай хүүхэд ямар байх вэ гэсэн хэмжүүр байхгүй. Хүүхэд минь аз жаргалтай байна уу гэж зовнихын оронд бид хүүхдэдээ зөв хүмүүжил, үлгэр дуурайлал үзүүлж буй эсэхэд анхаарах хэрэгтэй. Сайн сайхан амьдрал, аз жаргалыг тэд бидний зааж, үлгэрлэсэн бүхний үр дүнд олж авдаг. Хүн шиг хүн ямар байх вэ? гэж биднээс асуувал бүгд л өөрсдийнхөөрөө тодорхойлно. Тэр бүх зан чанарыг хүүхдэдээ бүрдүүлэх нь чухал юм.
3. Хүүхдийн хөгжилд гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдал, эцэг эхийн анхаарал чухал
Хувь хүний хөгжил болон амжилтад хүрэх эсэх нь бидний хаана, хэзээ төрснөөс шалтгаалдаг гэдгийг сэтгэл судлаач нар олон жилийн судалгаагаар баталжээ. Бид хаана төрөхөө, эцэг эхээ сонгохгүй ч өөрсдийн үр хүүхдэдээ илүү сайхан амьдрал, боломжийг бий болгох боломжтой гэдгийг санаж явах нь зүйтэй. Мөн хүн бүр ээж, аавынхаа байснаас илүү дээр амьдрах буюу “удмын нэр хүнд”-ээ дээшлүүлэхийг зорьдог байх нь чухал юм.
Хүүхдийн хөгжилд санхүүгийн тогтвортой байдал яагаад чухал вэ? Их Британи улс 1946 оноос хойш нийт 70 гаруй жил хувь хүний хөгжлийн судалгааг 70,000 хүн дээр хийжээ. Шинжлэх ухааны сэтгүүлч, зохиолч Хелен Пиерсон тус судалгаанаас олж анзаарсан хоёр чухал зүйл байсан нь хүүхдийн хөгжилд гэр бүлийн санхүүгийн байдал, эцэг эхийн өдөр бүрийн анхаарал чухал болохыг анзаарчээ. Таван удаа хийсэн тус судалгааны хамгийн эхний оролцогчид нь Шотланд, Вейлс, Их Британи улсын амьжиргааны төвшин доогуур гэр бүлд төрсөн 14,000 хүүхдүүд байв. Тэдний дийлэнх нь дундаж амьдралтай хүүхдүүдийг бодвол тааруу сурч, сайн боловсрол олж авч чадаагүйгээс гадна буруу амьдралын хэв маягаасаа болж богино насалжээ. Ядуу гэр бүлээс гаралтай ч гэсэн хүнд хэцүү нөхцөлөөсөө гарсан хүн байсан ч тун цөөн байж. Сэтгэн бодох чадвараараа ч мөн дундаж амьдралтай хүүхдүүдээс нэг жилийн хоцрогдолтой байсан гээд хүнд хэцүү гэр бүлд төрсөн хүүхдэд амьдралын бэрхшээл илүү тохиодог байна. Бид эцэг эхээ сонгож төрөхгүйгээс хойш тохиолдох бэрхшээл бүрийг давж чадах тэнхээтэй байх ёстой. Энэтхэг шиг Кастын системтэй оронд төрөөгүй л бол гарал үүслээ дээшлүүлэх боломжтой шүү дээ.
Хүүхдийнхээ хөгжилд эцэг эх нь анхаардаг байх: Хүүхдэдээ орой бүр ном уншиж өгөх, тэдэнтэй ярилцах нь хувь хүний хөгжилд чухал. Хүн бүрийн амьдралын гараа адилгүй ч хүүхдийнхээ ирээдүйд анхаарч, тэдний хөгжилд цаг заваа зарцуулдаг гэр бүлд төрсөн хүүхдүүд амжилттай амьдардаг байна.
Хүүхдийнхээ хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг эцэг эхчүүд:
Хүүхдэдээ багаас нь ном уншиж өгч, тэдний яриаг хичээнгүйлэн анхаарч сонсдог. Судалгаагаар таван настай хүүхдэдээ ном уншиж өгдөг, хүүхдээ аравтай байхад нь хичээлд нь анхаардаг байсан гэр бүлд өссөн хүүхэд 30 хүрэхдээ хүнд хэцүү амьдралаасаа гарч чаддаг байна. Мөн сургуульд орохдоо эцэг эх нь ном уншиж өгдөггүй байсан хүүхдүүдийг бодвол сурлага сайтай байдаг нь тогтоогджээ.
Тогтсон унтлагын цагийг мөрддөг. Тогтсон цагтаа хүүхдээ унтуулдаг байх нь хүүхдийн зан аашинд эергээр нөлөөлдөг байна. Унтах ёстой цагтаа унтдаггүй байсан хүүхдүүд том болоод зан аашны асуудалтай болдгийг 70 жилийн судалгааны үр дүнгээр нотолжээ.
Боловсролд нь анхаардаг: Гэрийн боловсрол хүүхдэд эртэднэ гэж байхгүй. Харин ч хэрэгтэй гэдгийг сайн эцэг эхчүүд мэддэг. Сургуульд ороод тоо, үсэг сурахаас хойш заагаад яах вэ гэж боддог болоод л амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд хөгжлийн хоцрогдолтой байдаг байна.
Гэхдээ дан ганц сайн эцэг эхийн дээрх үйлдлийг хийх нь хангалтгүй бөгөөд хамгийн чухал нь санхүүгийн тогтвортой байдал юм. Сайн эцэг эхийн хүүхдэдээ үзүүлдэг дээрх үйлдлүүд амьжиргааны түвшин доогуур болон чинээлэг айлын хүүхдүүдийн боловсролын зөрүүг 50 хувиар л багасгадаг байна. Өнөө маргаашийнхаа хэрэгцээнд зовних хүүхдийн амьдрал болон дутах зүйлгүй бүх юмаар хангалуун хүүхэд хоёрын бодол сэтгэхүй, ертөнцийг харах үзэл нь өөр байх нь тодорхой. Хэрэв та үр хүүхдээ илүү амжилттай, сайн яваасай гэж хүсэж байвал гэр бүлийнхээ санхүүгийн хүндрэлийг зайлшгүй шийдвэрлэх хэрэгтэй.