Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Г.Баясгалан: Хоол идсэний дараа шингэн бага уу. Учир нь...

Г.Баясгалан: Хоол идсэний дараа шингэн бага уу. Учир нь...
Иргэдийн байнгын сэдэв болох ходоодны өвчлөлийн талаар Дотор, зүрх судасны их эмч Г.Баясгалантай ярилцлаа.
-Баяр наадмын үеэр иргэдийн махны хэрэглээ ихэсдэг. Их хэмжээгээр мах махан бүтээгдэхүүн хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэнд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Гэнэт их хэмжээний хоол, хуушуур, хорхог, бууз идсэнээс болж ходоод, нойр булчирхай, элэг цөсний үйл ажиллагаанд ачаалал өгдөг. Жишээлбэл, наадамтай холбоотойгоор өдөрт таван хуушуур, хорхогны мах идлээ гэж бодъё. Ингэж их хэмжээгээр идэх нь нэгд, тухайн хүний ходоод, нойр булчирхай, цөсний үйл ажиллагааг алдагдуулдаг. Энэ нь тайван үед амарч байх ёстой эрхтэн хэтэрхий ихээр ажиллана гэсэн үг. Товчхондоо, идсэн хоолыг задлах ферментүүдийг ихээр ялгаруулахын тулд удаан хугацаагаар ажиллаж байгаа юм. Энгийн үед хоол дөрвөн цагийн дотор цааш дамжиж алга болох ёстой. Тэгэхээр дөрвөн цаг тутамд ходоод хоосорч байх ёстой гэсэн үг. Гэтэл их хэмжээний хоолыг ходоод дүүртэл нь идэх юм бол энэ хугацаа уртасна. Хүн өдөрт найман цаг ажиллах ёстой ч гэнэт 16 цаг ажиллаж байгаатай адил. Гэхдээ хувь хүний онцлогоос хамаарна. Хэрвээ тухайн эрхтнийх нь үйл ажиллагаа алдагдалтай, архаг өвчтэй байснаасаа болж бөөлжиж, гүйлгэж, гэдэс нь цанхайж болно.  Юуг, хэр их тос, өөх идсэн, мөн араас нь халуун, хүйтэн ямар шингэн зүйл уусан зэрэг нь мөн хамаарна. 
-Уух юм хамаарна гэж байна. Гэтэл аялж зугаалж байгаа иргэд хоол идсэний дараа согтууруулах ундаа хэрэглэдэг. Энэ нь хоол боловсруулах эрхтэнд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Махан хоолны араас архи хэрэглэснээр давхар архийг задлах ферментийг элэгнээс ялгаруулах шаардлагатай болно. Ингэснээр элэг нь дээр ирэх ачаалал нэмэгдэнэ. Тэгэхээр архи уух нь тухайн хоолыг шингээх биш элэг, нойр булчирхайн үйл ажиллагааны ачааллыг нэмнэ.
-Хоол идсэний дараа унтах юм уу, хэвтчихдэг шүү дээ. Энэ нь хэр зүйтэй юм бэ?
-Хоол идсэний дараа их хэмжээгээр эсвэл 1-2 аяга уугаад байдаг. Энэ нь өөрөө хоолны шингэцийг удаашруулдаг. Ходоодонд хоол задалдаг ходоодны хүчил гэж байдаг. Харин ус ууснаар энэ ходоодны хүчил саармагжиж, хоол задрах нь удааширна гэсэн үг. Тэгэхээр болж өгвөл хоолны араас ус уухгүй байх нь зүгээр. Харин хоол идсэний араас хэвтдэг гэдэг дээр хэлэхэд хоол идсэнээс хойш 1-2 цагийн дараа хэвтэж болно. Учир нь, ходоодонд хоол боловсорч байх хугацаанд ходоод гүрвэлзэх хөдөлгөөнөөр байнга агшиж байдаг. Харин хэвтсэнээр ходоодны шүүрэл улаан хоолой руу дээш орж цэврүү үүсгэдэг. Энэ нь олон давтамжтай удаан хугацаанд явбал хорт хавдар үүснэ. Ээлжийн ажилтай, өдөржин хоолгүй явж байгаа орой цадталаа идчихээд унтдаг хүмүүст ихэвчлэн үүсэж байгаа. Үнэхээр шаардлагатай тохиолдолд баруун талаараа биш зүүн талаа өндөр дэртэйгээр унтахыг зөвлөж байна. Энэ нь ходоодноос дээшээ улаан хоолой руу цэврүү үүсэж, улаан хоолойг түлэхээс сэргийлж байгаа юм. Тэгэхээр хоолоо идчихээд хэвтэх нь сайн зүйл биш.
-Бусад улсынхны ходоодны өвчлөлийг харахад нэг хэсэгтээ бөөгрөнсөн байдаг бол монголчуудынх уртаашаа тархсан, хамрах хүрээ нь их байдаг гэж сонсож байсан. Энэ нь хоол идсэний дараа хэвтдэгтэй холбоотой юу?  
-Тухайн хүний идэж ууж байгаа хоол хүнсний хэрэглээ стресс, тарган туранхай байдлаас хамаардаг. Жишээ нь, тарган хүн юм идээгүй байсан ч ходоод нь шахагдчихсан байдаг. Тэр хүн ходоодоо дүүртэл нь хоол идэх юм бол огиулах, амархан бөөлжих эрсдэлтэй. Харин туранхай хүн дүүртэл нь идсэн ч огиулах, бөөлжих нь бага. Удаан хугацаанд огиулж, улаан хоолой нь түлэгдэж явах юм бол урт хугацаандаа хавдар үүсэх эрсдэлтэй. Ерөнхийдөө улаан хоолой, ходоодны аль хэсэг түлэгдэж, өөрчлөлт орсон гэдгээс л хамаарна. Тэрнээс хоол идээд хэвтсэн хүн болгон улаан хоолойн хавдар тусна гэсэн үг биш.
-Ходоод өвдсөн, цээж хорссон үед халуун бүлээн юм сайн уу гэдэг шүү дээ. Энэ нь яг яаж ходоодыг эмчлээд байгаа юм бэ, зөв эмчилгээ мөн үү?
-Цээж халуу дүүгэж байгаа үед халуунаас илүү хүйтэн зүйл байвал зүгээр. Ходоодны хүчил ихэссэнээр улаан хоолойг түлж халуу дүүгээд байгаа хэрэг. Ходоодны шүүс нь өөрөө өөрийгөө түлж гэмтээгээд байгаа гэсэн үг. Энэ үед цайны хунчир, бүлээн сүү байж болно. Тэрнээс халуун зүйл санал болгохгүй.
-Хоолны араас ус уух нь буруу гэхээр хоол идсэний дараа юу уух ёстой юм бэ?
-Хэрвээ хуурай, горойхоор хоол идээгүй бол 30 минутын дараа багаар ус ууж болно. Их хэмжээгээр ус уух нь ходоодны хүчиллэг орчныг саармагжуулна гэж болно.
-Үүн дээр л анхаараасай гэж иргэдэд зөвлөж хэлэх юу байна вэ?
-Хамгийн энгийн анхаарах зүйл гэвэл давс. Өмнө нь иод дутагдлын улмаас давсыг иоджуулж ихээр хэрэглэдэг байсан. Түүнээс хойш давстай хоол гоё амттай гээд ойлгочихсон. Олон улсын зөвлөмжөөр өдөртөө хэрэглэж байгаа бүх зүйлийнх нь нийт давсны хэмжээг тооцоход таван грамм буюу нэг цайны халбага байх ёстой гэж байгаа. Гэтэл одоогийн хүмүүсийн хэрэглэж байгаа масло нь давстай, талх нь давстай, өдрийн хоол нь давстай, цай нь давстай, орой идэж байгаа хоол нь давстай атлаа дээр нь кетчуп, цуу зэрэг амтлагч нэмдэг. Давс их хэрэглэхээр ус ихээр татдаг. Ингэснээр биеийн жин нэмэгдэнэ, цусны даралт ихэснэ, хавагнана, зүрхэнд ачаалал өгнө, бөөрний үйл ажиллагааг алдагдуулна гэх мэт олон сөрөг нөлөөтэй. Мөн давхар давстай юм их хэрэглэхээр ходоодны хүчил нэмэгддэг. Тухайлбал, самар, чипс идэхэд ходоодны шүүрэл ихэснэ. Хэрэв ходоод хоосон байвал давсны хүчилд ходоод түлэгдэнэ гэсэн үг. Илүүдэл давс цааш явсаар бөөр, түрүү булчирхай, давсагт чулуу үүсгэх аюултай. Тиймээс хамгийн ихээр алдаж байгаа зүйл бол давс.  Өмнө нь иодын дутагдалтай байсан болохоор давс их хэрэглэдэг байсан. Одоо иодын дутагдал байхгүй учраас заавал давс хэрэглэх шаардлагагүй гэж зөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн