Английн Манчестер Юнайтед клуб лхагва гаригт Кристиано Рональдотай байгуулсан гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр 37 настай Португалийн супер од ДАШТ-ий дундуур клубээ орхиж байна.
Кристиано Рональдо 2021 оны наймдугаар сард долоо хоногийн 500 мянган фунт стерлингийн цалин авах гэрээ байгуулж, Манчестер Юнайтед клубдээ дахин нэгдсэн. Түүний гэрээ ирэх долдугаар сард дуусах ёстой байв.
Гэвч тэрээр өнгөрсөн долоо хоногт Английн алдарт нэвтрүүлэгч Пирс Морганд өгсөн ярилцлагадаа багийн эзэд, удирдлага, дасгалжуулагч болон хуучин хамтрагчдаа хурцаар шүүмжилж, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн нь тоглогчийг явуулах шалтгаан болсон юм.
Клуб тоглогчид гэрээ цуцалсны нөхөн төлбөр олгохгүй бөгөөд Кристиано Рональдо ирэх нэгдүгээр сард нээгдэх солилцооны цонхоор шинэ багт нэгдэхээр болж байна.
Манчестер Юнайтед клубийн албан ёсны мэдэгдэлд “Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээгээ цуцалж, тоглогчийг явуулах шийдвэрт хүрсэн. Олд Траффордод хоёр удаа хүчин зүтгэхдээ багийнхаа төлөө 346 тоглолтод оролцож 145 гоол оруулсан асар их хувь нэмэрт талархал илэрхийлж, түүнд болон түүний гэр бүлд ирээдүйн сайн сайхныг хүсэн ерөөе.
Манчестер Юнайтед клуб Эрик Тен Хаг дасгалжуулагчий удирдлага дор ахиц дэвшил гаргаж, талбай дээр амжилт үзүүлэхийн төлөө анхаарлаа төвлөрүүлсээр байна” гэжээ.
Харин Кристиано Рональдо даваа гаригт Катарт шигшээ багийнхаа хамтаар хэвлэлийн хуралд оролцох үеэрээ "Би хүссэн үедээ өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ" гэх байр суурь илэрхийлсэн.
Тэгвэл тэрээр лхагва гаригт багаа орхих болсон шийдвэрийнхээ талаар “Багийн удирдлагуудтай ярилцсаны эцэст бид гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлахаар тохиролцсон. Би Манчестер Юнайтед клуб болон хөгжөөн дэмжигчиддээ хайртай. Энэ бүхэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэвч одоо бол миний хувьд шинэ сорилт хайх цаг болжээ. Багийнхандаа улирлын үлдсэн тоглолтууд болон цаашдын ирээдүйд өндөр амжилт хүсье” гэсэн байна.
Кристиано Рональдо баасан гаригт Португалийн шигшээ багийнхаа хамтаар Ганын эсрэг ДАШТ-ий эхний тоглолтдоо оролцоно.
Эх сурвалж: BBC, SkySports