Open iToim app
Анализ | 7 мин уншина

Төрийг өмчилсөн 1 хувь, тэдний албат 99 хувийн Америк схем

Төрийг өмчилсөн 1 хувь, тэдний албат 99 хувийн Америк схем
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 7
Европ тивд төр, улс гэж дөнгөж үүсч байх 2500 шахам жилийн тэртээ, эртний Грекийн гүн ухаанч Эпикур “төр бол ард түмэн өөрсдийн төрмөл эрхүүдээ нийтийн өмнө төлөөлүүлэх гэж бий болгосон тогтолцоо” гэж томъёолж байсан байдаг. Хүн төрөлхтөний түүхийн явцад төр нь хотын иргэдээс бүрдсэн, шашны, шашин-иргэний хосолсон, феодалын, хамжлагат, хаант, социалист, капиталист гэх зэрэг хэлбэрээр хөгжиж ирсэн. Гэхдээ, нийт олонхийг төлөөлсөн, нийт олонхийг захирдаг, удирддаг хэсэг бүлэг гэсэн төрийн үндсэн шинж чанар өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байна.
16-р зууны сүүлээс Европчууд Америк тивийг нээж, Америк руу Европын төр, соёл экспортлогдов. Удалгүй Америкт усан тээвэр, төмөр зам барих, төмөр замын тээвэр, металл, ган, нефтийн үйлдвэрлэл, нефть тээврийн, мөн банк, санхүүгийн гэх мэт бизнесүүд хөгжижээ. Тэндээс Английн Ротшильдийн гэр бүл, Америкт Корнелиус Вандербильт, Эндрю Карнеги, Рокфеллерийн гэр бүл, Ж.П.Морган, Варбург гэсэн цөөн хэдэн баячууд-тэрбумтнууд төрөн гарч 20, 21-р зууны үе залгамжлагчид нь тэдний бодлого, үйл хэргийг үргэлжлүүлж байна. Тэд боолын хөдөлмөр, нутгийн Индианчуудыг хоморголон устгах, ажил хаясан ажилчдыг балмадаар буудан хороох гээд тэр цөөн хэдэн хөрөнгөтөн, баячуудад үйлчилдэг төр бүхий жинхэнэ зэрлэг капитализмыг хөгжүүлсэн. Тэгсээр 20-р зуун гарлаа. 1913 онд одоогийн Америкийн Холбооны нөөцийн сан байгуулагдав. Энэ сангийн тухай хууль батлагдахад “Энэ хууль дэлхий дээрхи хамгийн том залилан мэхлэлтийг тогтоож байна. Ерөнхийлөгч энэ хуулинд гарын үсэг зурахад нууц мөнгөний ноёрхол хуульчлагдана. Энэ шинэ хууль батлагдсанаар мөнгө хүүлэгчид хүссэнээрээ инфляц бий болгодог болно. Энэ үеээс эхлээд хямралыг ч зохиомлоор хийдэг болно.” гэж тэр үеийн АНУ-ын Конгрессын гишүүн Чарльз Линдберг хэлж байжээ.
Түүний хэлсэнчлэн, энэ сан нь Америкийн Төв банкны үүргийг гүйцэтгэдэг мэт боловч, үнэн хэрэгтээ Америк хэмээх аварга том улсын бүх, банк санхүүг төртэй нь хамт атгадаг нөгөө л Рокфеллер, Ротшильд нарын гэр бүл, Варбург, Голдман Сакс гэх мэт цөөн хэдэн баячуудын мэдлийн цэвэр хувийн компанийн зохион байгуулалттай. Энэ сан бас Америкийн долларыг хүссэн хэмжээгээрээ хэвлэдэг ганц газар. Тэгсэн атлаа Америкийн Ерөнхийлөгч ч энэ сангийн үйл ажиллагаанд нь оролцох, танилцах эрхгүй. Нууц! 1929 онд Америкт санхүүгийн их хямрал болж, улс нь ядуурч, ажилгүйдэл дээд цэгтээ хүрч, олон сая хүн, гэр бүл гудамжинд гарав. 1934 онд Германд Гитлер засгийн эрхэнд гарч, Гитлерийн Германы засгийн газрын бодлого газар нутгаа дайны замаар тэлж, эдийн засгаа хөгжүүлэх хэмээн тунхаглав. Энэ нь хэдий хоорондуураа Атлантын далайгаар тусгаарлагдсан ч Америк улсын хувьд ч ялгаагүй аюул занал байв. Нөгөө талаас үүнийг Америкийн төрийг атгасан хэдэн хөрөнгөтнүүд асар их бизнесийн боломж гэж үзсэн. Ингээд 1939 онд Гитлер дэлхийн 2-р дайныг эхлүүлэв. 1941 оны 6-р сарын 22-нд Зөвлөлт улс руу халдав. Америк дайн эхлэхтэй зэрэгцэн Гитлерийн Германд үйлдвэрүүд барьж, санхүүжилт хийж, нөгөө талаас, Германы эсрэг байлдаж байсан Зөвлөлт холбоот улсад онгоц, цэргийн техник, буу, сум, дарь, хөнгөн цагаан гэх мэтийг арилжааны нөхцөлтэй нийлүүлж, 2 талд ажилласан. Эцэст нь 1945 онд Дэлхийн 2-р дайн дуусахад Америк эдийн засгийн хувьд улам хүчирхэгжиж чадсан байна. Энэ үеэс капитализмын нөгөө талд социалист лагерь хэмээх бодит улс төрийн хүчин бий болж, Америк, Англи тэргүүтэй капиталист системийн хүчний тэнцвэрийг алдагдуулсан. Энэ нь, Америк зэрлэг биш соёлтой капитализмыг хөгжүүлэх нэг шаардлагыг бий болгов. Америкийн харууд болон жирийн ард иргэдэд хуучин шигээ зэрлэгээр хандах нь бослого, тэмцэл болж хувирах, цаашлаад цөөн хэдэн хөрөнгөтнүүдийн мэдлийн төр-мөнгөний машиныг нь эрсдэлд оруулах аюул дагуулж байв. Тиймээс Америк анх 1847 онд үндсэн хуулиа батласнаас хойш бараг 200 жилийн дараа, 20-р зууны дунд үеэс хар хүмүүсийг анх удаа хүний тоонд оруулж, тэдэнд сонгууль өгөх эрх олгож, цагаан арьстнуудтай адил ажил эрхлэх, нийгмийн халамжаас хүртэх гэх мэт боломжуудыг бага багаар бий болгосон. 1964 онд Америкийн засгийн газар банк, санхүүгийн бодлогодоо өөрчлөлт оруулж, жирийн иргэд машин, байшин гэх мэт зүйлийг зээлээр, лизингээр авах боломжтой болгож эхлэсэн. Ингэснээр жирийн ард иргэдийн толгойноос нийгмийн хувьсгалд хүргэх аюултай ажилчин анги, нийгмийн тэгш бус байдал гэх мэт ухамсар, ойлголтыг устгах арга хэмжээг авсан. Харин нөгөө талдаа ард түмэн цөөн хэдэн баячуудын эзэмшлийн банкуудад насан туршдаа өрөөр уяуулж, хүү хэлбэрээр банкуудын ашгийг хийж өгдөг барьцааны хүмүүс болж хувирсан. Ийнхүү Америкийн төрийг атгасан баячууд зөвхөн харгислал, дайн байлдаанаар төдийгүй одоо банк, санхүүгийн салбараар дамжуулан ард иргэдээ ашгийнхаа бас нэг эх үүсвэр, хүү төлдөг боолууд болгосон. Америкт үнэн хэрэгтээ ардчилал, хүний эрх, шударга ёс байж уу? 1970-аад оноос ардчилалын өлгий Америк гэдэг ухуулга, тархи угаалтын үеийг эхлүүлж, Африк тивийн олон орон, Чили, Аргентин зэрэг улсуудад энд тэндгүй зэвсэгт төрийн эргэлтүүд зохион байгуулсан. 1970 онд шударга сонгуулиар Чили улсын Ерөнхийлөгч болсон Сальвадор Альенде социалист чиг баримжаагаар улс орноо удирдан, амжилтанд хүрч эхлэсэн. Харамсалтай нь энэ нь Америк түүнийг түлхэн унагах шалтаг болж 1973 онд АНУ-ын шууд удирдлаган дор Чили улсад “кондор” нэртэй цэргийн ажиллагаа явагдаж, Альенде амиа алдаж, Америк Чили улсын генерал Пиночетыг Ерөнхийлөгчийн суудалд залж байв. Бие даасан тусгаар тогтносон улсад шүү дээ! Дараа нь тэр Пиночет 90-ээд онд манай Сайханбилэг шиг улс орноосоо зугтан Английн хамгаалалтанд байж байгаад нас барж төгссөн. Африкийн олон орнууд иргэд нь бие, биеэ алан хядсан дуусдаггүй иргэний дайнд живсэн. Үр дүнд нь Америк тэдгээр улсуудын эдийн засгийг гартаа авч, цөлмөж хэдхэн хөрөнгөтнүүд баяжих бас нэг бүдүүлэг арга хэрэглэв.
Дараагийнх нь, 80-аад оны дундаас Америк Саудын Арабтай нийлэн дэлхийн нефтийн үнэ унагах хуйвалдаан эхлүүлж, ЗХУ тэргүүтэй социалист системийг эдийн засгийн хувьд сөхрүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнд нь ЗХУ болон социалист систем задран унасан. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, социализм мухардалд орсон учраас задарсан юм биш, эдийн засгаар нь сөхрүүлсэн учраас задарсан юм. 90-ээд он гарсны дараа Америк болон НАТО Холбооны Югослав улсыг задалж, Ирак, Афганистанд цэргээ оруулж, 2011 онд Арабын хэд хэдэн оронд “Арабын хавар” нэртэй зэвсэгт төрийн эргэлтийг дотроос нь зохион байгуулж, тогтсон байсан тайван амьдралыг нь самарч хаясан. Ливи улсын ерөнхийлөгч Муамар Каддафи-г 2011 онд зэвсэгт үймээн, галдан шатаалтанд зүрх нь хөөрсөн өөрийнх нь улсын иргэд барьж аван нүд халтирам зэрэмдэглээд, дараа нь амийг нь хэрцгийгээр хороосон. Тэр аллагын тухай мэдээг хүлээж аваад АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтон “Тиймээ. Ирлээ, харлаа, тэр үхлээ” гэж баяртайгаар дуу алдаж байсан. Мөн л тэр бүх цуст ажиллагаануудыг Америк тусгаар тогтносон улсуудад үйлдсэн. Энэ бүхэнд ардчилал, шударга ёс харагдана уу? Дээрхи бүх үйл явдлуудын ард Америк, Английн нөгөөх л цөөхөн хэдэн баячууд байв.
Иймэрхүү үнэн мөн чанар бүхий зах зээлийн, ардчилсан нийгмийг Европ, Америкийн тэдгээр капиталистууд 18-р зууны үеэс өөрсөддөө зориулан зохиосон. Тэдний хувьд төр бол тухайн улсын бүх хүн ам, баялгийг гартаа атгасан асар том, супер ашигтай “хувийн компани”. Уг “компани”- ийн өмч нь татвар төлөгчидийн татвараас бүрддэг улсын төсөв, улсын өмч. “Компанийн” ТУЗөвлөл нь парламентын гишүүд, төрийн өндөрлөгүүд, сайд нараас бүрдэнэ. Ард түмэн гэдэг бол сонгууль болохоор тэр супер ашигтай “төр-компани”-ийн “ТУЗ”-ийг нь сонгож өгдөг, дараа нь татвар нэртэй ууж, идэх хөрөнгийг нь бий болгож өгдөг үнэгүй боолууд. Тэр татварыг ард түмэн хөлсөө шингээж хөдөлмөрлөн байж олсон хэдээсээ төлнө.
Энэ бол цөөн хэдэн хөрөнгөтнүүд төрийг эзэмших, түүнийг өөрсдийн төлөө ажиллуулах, төрөөр дамжуулан ард түмний татвар, улсын өмч хөрөнгийг дээрэмдэх, Эпикурын хэлж байснаас 180 хэм эсрэг “схем” юм.
Дээрхи дээрмийн “схем”-ийн эдийн засгийн суурь, үндэс нь зах зээлийн эдийн засгийн харилцаа, улс төрийн үндэс суурь нь ардчилал. Зах зээлийн эдийн засгийн харилцаа хувийн өмчийн адил, тэгш! эрхийг тунхагладаг, энэ эрх баян, буурай ямар ч хүнд сайхан сонсогдоно, үнэн хэрэгтээ тэр эрхийг хүн амын 1%-иас ч бага, хэдхэн хүн л эдлэдэг жамтай, ардчилал нь сонгууль, сонгох, сонгогдох эрхийг тунхаглаж, улмаар байнгын ажиллагаатай, халдашгүй эрхтэй! парламент гээчийг бий болгодог, энэ нь үнэн хэрэгтээ нөгөө “схем”-ийн 1% болох хэдэн баячуудад зориулагдсан бүтэц болохоос биш, 99% буюу нийт ард түмэнд зориулагдаагүй аж.  
1990 онд Монгол улс, “Ардчилсан хувьсгал”-ынхан “яагаад ч юм” энэ Америкийн “схем”- ийг сонгосон. Дэлхий дээр Америкийн энэ зэрлэг капитализмын “схэм”-ээс ялгаатай, зах зээлийн эдийн засаг, төр, иргэний харилцааг илүү ухаалгаар зохицуулан хөгжиж байгаа Герман, Швед, Япон зэрэг улсууд, мөн улс төрийн босоо удирдлага, авторитар дэглэм зах зээлийн эдийн засгийг хослуулан хөгжиж байгаа Хятад, Орос зэрэг улсуудын жишээ байна.  
Энэ 30 жилийн хугацаанд Монгол улсад олон ч сонгууль боллоо, олон ч их хурал сонгогдлоо, Монгол улс ч нэгэнт сонгосон замаараа замнах гэж боломжоороо л үзлээ. Гэвч ард түмэн нь олон нам, хөгшин, залуу, эр, эм, нутаг нуга, улсынхаа өнгөрсөн түүхийг муулж улс төр хийдэг нэг хэсэг, эсэргүүцдэг нөгөө хэсэг гэх мэтээр бүхий л боломжоор хуваагдчихсан, талцчихсан, фэйсбүүк, хэвлэл мэдээллээр хоорондоо алалцсан, цалингийн, тэтгэвэрийн, ипотекийн, бизнесийн, лизингийн гээд зүсэн бүрийн зээлийн өрөнд баригдчихсан, өрийн сүлжээ, банкуудын барьцаанд орсон ядарсан ард түмэнтэй, нөгөө талдаа цөөн хэдэн хүн сонгууль нэрээр гарч ирж ард түмний хөрөнгийг дээрэмдэж хөлжиж, баяжихад зориулагдсан төртэй ийм орон болж хувирчээ. Монгол улс 30 жилийн өмнө сонгосон зах зээлийн нийгэм, ардчилалын өнөөдрийн үр дүн, бодит дүр төрх нь энэ байна.
Т.БАТЖАРГАЛ
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн