АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны цөмийн зэвсгийн олон улсын гэрээнээс гарах болсноо зарлажээ. Тэрээр 2015 онд буюу Обамагийн засаглалын үед байгуулсан энэхүү гэрээг цөмийн зэвсэг, зэвсэгт халдлагын эсрэг дорвитой арга хэмжээ авч чаддаггүй, түүхэн дэх хамгийн хэрэгцээгүй гэрээ хэмээн шүүмжилсээр ирсэн бөгөөд ийнхүү албан ёсоор татгалзах шийдвэр гаргажээ.
Трамп гэрээнээс гарах болсноо “Энэ бол аймшигтай нэг талыг барьсан, Ойрхи Дорнод даяар алан хядлага, терроризмыг санхүүжүүлэх боломжийг өөгшүүлсэн хэлэлцээр нэртэй халхавч байсан. Тус гэрээ хэзээ ч энх тайван авчрахгүй “ялзарсан” зүйл. Тийм учраас АНУ дахин хамтран ажиллах боломжгүй.” хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү АНУ тус цөмийн гэрээнээс гарснаар Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхлэх бөгөөд Ирантай харилцсан улс орнууд ч мөн хоригт багтах болжээ. Хориг зургаан сарын дотор хэрэгжиж эхлэх бөгөөд өнөөдрөөс 90 хоногийн дараа Иран улс ам.доллараар гүйлгээ хийх эрхгүй болно. Санхүү болон газрын тосны хориг 180 хоногийн дараагаас хэрэгжиж эхэлнэ. Энэ хооронд Ирантай бизнесийн гэрээ хэлцэл байгуулсан Америкийн компаниуд үйл ажиллагаагаа цэгцэлж, зогсоох ёстой болж байна.
Трамп 2015 онд байгуулсан тус гэрээнд өөрчлөлт оруулахыг оролцогч БНХАУ, ОХУ, Герман, Европын холбоонд санал болгосон боловч талууд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзсэн учир албан ёсоор гарч байгаа аж. Харин бусад харилцагч талууд гэрээг үргэлжлүүлэх шийдвэрт хүрчээ.
Ираны талаас АНУ-ын энэхүү үйлдлийг энх тайван байдлыг эвдэх гэсэн эдийн засгийн дарамт хэмээн тодорхойлсон бөгөөд өөрсдийн үйлдвэрлэж, бүтээн байгуулж буй цөмийн зэвсэг, түүнтэй холбогдох туршилтууд нь энх тайван ертөнцийн ямар ч улсад заналхийлээгүй. Харин энэхүү эдийн засгийн хоригийн дараа Иран ч мөн тохирох хариу үйлдлийг үзүүлэхээ өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн юм.