Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Л.Ганбат: Коронавирусийн халдвар авсан сурагчдыг ЭЕШ өгөх боломжоор хангана

Л.Ганбат:  Коронавирусийн халдвар авсан сурагчдыг ЭЕШ өгөх боломжоор хангана
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 13
Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийсэн. Хэвлэлийн хуралд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат нар оролцж, элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгсөн юм. 
БШУ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир: Улсын хэмжээнд 839 ЕБС байгаагийн 622 нь арванхоёрдугаар ангийг хичээллүүлж байна. Нийт сургуулийн 50 орчим хувь нь аймгийн төв болон нийслэлд байгаа бол 38 орчим хувь нь сумын төвд байна. Арванхоёрдугаар ангиудын дундаж анги дүүргэлт 24.5 хувьтай буюу 100-аас дээш хүүхэдтэй 82 сургууль 200-аас дээш хүүхэдтэй 11 сургууль байгаа юм. Ийм сургуулиуд дээр хүүхдүүдийн нягтрал ачааллыг бууруулах зорилгоор зөвхөн ЭЕШ-д бүртгүүлсэн хичээлүүдийг өдөрт гурваас илүүгүй цагаар хичээллүүлнэ. Мөн нэг ангид байх хүүхдийн тоог 10-аар хязгаарлах болно. Багш нарыг аль болох вакцинд хамруулан сурагчид болон өөрсдийн аюулгүй байдал дархлааг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана. Өчигдөр Боловсрол, соёл урлагийн газрын дарга нартай албан ёсоор эдгээр зааврыг нэг бүрчлэн танилцуулж аймаг болгонд өөр өөрийн онцлогтойгоор хэрхэн зохион байгуулах хэрхэн үр дүнтэй хүргэх талаар заавар зөвлөмж хүргэсэн. Та бүхэн мэдэж байгаа урт хугацааны цахим сургалт нь хүүхэд болгонд суралцах орчин нөхцөлийн ялгаатай байдал үүсгэж байна. Иймд хүүхдүүдэд тэгш боломж олгох аль болох ялгаатай байдлыг арилгаж үр дүнтэй ЭЕШ-аа өгч хүссэн мэргэжлээ сонгон суралцахад нь үндэсний хэмжээнд дэмжлэг үзүүлж зохион байгуулахаар үйл ажиллагаа бэлтгэлээ хангаж, маргаашаас давтлага хичээл эхлэх гэж байна.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат: Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах  бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хангаад явж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах хуваарийг гаргасан. Энэ жилийн ЭЕШ-д 40420 хүүхэд бүртгүүлээд байна. Бүртгэлийн статистикаас харвал энэ жил анхаарал татсан тоо гарч байгаа. Тухайлбал, өмнөх онд төгссөн буюу дахин их дээд сургуульд элсэхээр элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн хүүхдүүдийн тоо өмнө жилүүдэд 3000 орчим байсан. Гэтэл энэ жил нэлээд өсөж 8000 гаруй шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. Хичээл сонголтын хувьд математик, англи хэл, нийгмийн ухааны тухай мэдлэгийн хичээлийг 60-70 орчим хувь нь сонгосон байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврын агуулга бүрийг хичээл бүр дээр гаргаж өгсөн. Тухайлбал, математикийн 40 даалгаврыг ийм хугацаанд, ийм агуулгатай байна гэж өмнө заадаг байсан. Тэгвэл энэ жил нэмэлтээр энэ 40 даалгавар нь ямар сэдэв, дэд агуулгаас байх вэ гээд илүү нарийвчлалтайгаар тухайн ангитай нь холбож тодорхойлж гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр элсэлтийн ерөнхий шалгалтад  бэлдэж байгаа шалгуулагч болон багш нар маргаашаас эхлэх танхимын дадлагыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан тус агуулгыг чиглэл болгон бэлдвэл үлдсэн хоёр сар гаруйн хугацаанд амжилт гаргах боломж байна гэж үзэж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дууссантай холбоотой тавдугаар сарын 20-оос суудлын хуваарийг зарлана. Суудлын хуваарь нь тухайн шалгуулагч аль шалгалтын байранд очих, аль анги танхим , ширээ суудалд шалгалт өгөх вэ гэсэн мэдээлэл бүхий хуудас юм. Үүнийг тавдугаар сарын 20-оос хэвлэж авах боломжтой. Энэ жилийн ЭЕШ-ыг улсын хэмжээнд 50 байранд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Шалгалтын байр болгонд тусгай анги байгуулж байна. Энэ ангид халуурсан эсвэл  ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн шалгуулагч оруулж, хамгаалалтын хувцастай багш нар шалгалтыг авах зохион байгуулалт хийсэн" гэлээ. 
Шалгалтын нийт 50 байр ажиллах бөгөөд орох гарах гарцыг тусгайлан гаргаж, шалгалтын байранд халдвар хамгааллын нарийн дэглэм мөрдүүлнэ. Коронавирусний халдвар авсан сурагчдыг шалгалтад орох бүх боломжоор хангах бөгөөд тусгай анги бэлдэж байна. Шалгалтын оноо засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан явуулна. Шалгалт бүрийн дараа шалгалтын байранд дүн оноог мэдээлнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн