Open iToim app
Эдийн засаг | 6 мин уншина

И.Мөнхцэцэг: Татвар төлөгчдөдөө бид талархах ёстой

И.Мөнхцэцэг: Татвар төлөгчдөдөө бид талархах ёстой
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 14
Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгч иргэдийг зарласан билээ. Энэ удаа 20 шилдэг аж ахуйн нэгж шалгаруулахад Хан-Уул дүүргээс хоёр, шилдэг татвар төлөгч 10 иргэнийг шалгаруулахад Хан-Уул дүүргийн долоон иргэн шалгарсан юм. Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Дэд дарга И.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-"Шилдэг татвар төлөгч” иргэн аж ахуй нэгжийг хэд дэх жилдээ шалгаруулж байна вэ. Энэ хүрээнд ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Татварын албанаас жил бүр тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчийн өдрүүд” болгон тэмдэглэсээр 22 дахь жилдээ ирж байна. Энэ өдрийн хүрээнд бид татвар төлөгчдөдөө зориулсан бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг. Тухайлбал,
-Ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудын дунд татварын боловсрол, ойлголтыг өгөх үүднээс гар зураг, эссэ бичгийн уралдаан
-Оюутан, сурагчдын дунд мөн  багаар оролцдог мэдлэг сорих тэмцээн
-Татвар төлөгчдөдөө зориулсан төрөл бүрийн сургалт, уулзалт зохиодог. Өмнөх жилүүдэд төв талбай дээр нээлттэй өдөрлөгийг зохион байгуулан татвар төлөгчдөд зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлж ажилладаг байсан бол 2020 онд болон энэ жилийн хувьд хөл хориотой байгаа учир дээрх арга хэмжээ цахимаар явагдаж байна. Хүүхэд багачуудын дунд гар зургийн болон тик ток уралдааныг мөн цахимаар явуулж нийтдээ 1000 гаруй, Хан-Уул дүүргээс 180 гаруй хүүхэд багачууд оролцлоо. Ер нь манай татварын албаны бүхий л үйл ажиллагаа бүрэн цахимжиж чадсан давуу талтай.
Татварын албанаас татвар төлөгчийн өдрүүдийг зохион явуулдаг болсон нь бидэнд таатай байдаг. Учир нь бид татвар төлөгчдөдөө “баярлалаа” гэдэг үгийг нийтэд нь хэлэх боломж олддогоороо онцлог. Мөн шилдэг татвар төлөгчдөө шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд шилдэг татвар төлөгчийг ТЕГ-аас сегмент бүрээс шалгаруулсан онцлогтой бөгөөд нийт 20 шилдэг аж ахуйн нэгж шалгаруулахад Хан-Уул дүүргээс хоёр, шилдэг иргэнийг шалгаруулахад Хан-Уул дүүргийн долоон татвар төлөгч шалгарсан манай хэлтсийн хувьд бахархууштай зүйл болж байна. Татвар төлөгчдөдөө бид талархах ёстой.
-Ямар шалгуур үзүүлэлтээр шилдэг аж ахуй нэгж, иргэдийг сонгодог вэ?
-Шилдэг байна гэдэг нь өөрөө татварын хууль тогтоомжийг маш сайн мөрдсөн татвар төлөгч байна гэсэн үг. Тухайн татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагаа жижиг, том байх нь үүнд хамаагүй, гол нь “Би хэдэн тайлан өгөх ёстой байсан тэр бүрийг цаг хугацаанд нь өгч чаддаг уу. Би хэдэн төрлийн, хэчнээн төгрөгийн татвар төлөх ёстой байсан үүнийг цаг хугацаанд нь төлдөг үү, цахим төлбөрийн баримт байнга олгож хэвшсэн үү” гэдэг нь хамгийн том шалгуур. Түүнчлэн татварын хяналт шалгалтад орж байсан эсэх, хэрэв орж байсан бол зөрчил нь ямар байсан, бага байж чадсан уу, зөрчил гаргадаггүй татвар төлөгч мөн үү гэдэг шалгуур чухал. Тэгэхээр энэ болгоныг яг хуулийн хугацаанд нь төлсөн  татвар төлөгч шилдэг байна. Ингээд энэ олон шилдгүүд дундаас мэдээж төлсөн татварын хэмжээгээр хамгийн их татвар төлсөн нь хамгийн шилдэг нь болно.
Ковидтой жил учраас ихэнх салбар үүдээ барьсан байдалтай байлаа. Шилдэг татвар төлөгч иргэд нь орлого буураагүй их хэмжээний татвар төлсөн иргэд байна. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд ХУД-ээс сонгогдсон шилдэг татвар төлөгчид ерөнхийдөө зөвлөгөө үйлчилгээ эрхэлдэг болон шууд худалдаа эрхэлдэг иргэд, компаний тухайд ч мөн санхүүгийн чиглэлийн компани шалгарсан байна.
-Цар тахлын үе болоод татварын бүх үйлчилгээ цахимд шилжлээ гэлээ. Хан-Уул дүүргийн тухайд цар тахлын үед хэрхэн иргэдэд хүртэмжтэй ажиллаж байна?
-Цар тахлын нөхцөл байдал үүсэн хөл хорио тогтсоноос эхлэн Татварын Ерөнхий Газарт болон манай хэлтэст Гамшгийн удирдлагын баг ажилласан. Тус баг нь “Халдвар дэгдэлт, цар тахлын үеийн үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”-г хуулийн дагуу гаргасан ба үүний дагуу ажиллаж байна. Тус төлөвлөгөөний дагуу манай бүх үйл ажиллагаа цахим хэлбэрт бүрэн  шилжсэн. Ер нь ч татварын алба 100 хувь цахим болохын төлөө ажиллаж ирсэн. Өмнө Хувь хүний орлогын албан татварын тайланг цаасаар авдаг байсан бол энэ жил 100 хувь цахимаар авдаг болсон байна. Мэдээж хэрэг ингэж авахад татвар төлөгч иргэд цахим орчинд ажиллаж чадах, чадахгүй, тайлангаа зөв өгөх, өгөхгүй, хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж байгаа иргэд нэлээд олон төрлийн материалыг файлаар хавсаргаж явуулж чадах эсэх, энэ нь шаардлагад нийцэх үү зэрэг олон бэрхшээлүүд байсан боловч бид ард нь гарч чадсан. Энэ хүрээнд онцолбол ХУД-ийн татварын хэлтэс ХХОАТ-ын тайланг 12000 гаруй иргэдээс цахимаар хүлээж аван 4009 хувь хүний  хөнгөлөлт, чөлөөлөлтийн цахимаар ирүүлсэн материалыг хянан 3,3 тэрбум төгрөгийн буцаан олголт олгогдохоор шийдвэрлэгдсэн байна. Үүний зэрэгцээ татварын албанд ирж үйлчлүүлэх татвар төлөгч үйлчлүүлэгч олон байдаг. Энэ бүх үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Хан-Уул дүүргийн тухайд бусад дүүргүүдээс хамгийн түрүүнд иргэдэд үйлчлэх цахим цонхнуудыг ажиллуулж эхэлсэн. Энэ цонхоор үйлчилгээ авах бол манай пэйж хуудсанд тавьсан “QR” кодыг уншуулж тухайн цонхонд ажиллаж буй байцаагчтай шууд холбогдон үйлчилгээг авах боломжтой. Мөн бид үйлчилгээ сайжруулахын тулд өөрсдийн пэйж хуудасны чат, коммент хэсгийг маш идэвхтэй ажиллуулж байна. Татвар төлөгч асуултаа чат болон комментоор үлдээж болно. Тухай бүрд хариултыг нь цаг алдалгүй өгөх гэдэг үүднээс өдөр бүр хоёр байцаагчийг томилж ажиллуулж байна. Маш их асуулт ирж байгаа учир саяхнаас автомат чатботод нэгдэн илүү шуурхай болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн жил манай дүүргийн татвар төлөгчид улс нийслэл, орон нутгийн төсөвт нийт 189 тэрбум төгрөгийн төсвийг бүрдүүлжээ. Хан-Уул дүүргийн хэмжээнд 129 мянга орчим татвар төлөгч хувь хүн, 23000 орчим аж ахуй нэгж байгууллага татвар төлдөг. Бид цар тахлын энэ хүнд үед татвар төлөгчдөдөө албадлагын арга хэмжээг авахгүйгээр аль болох өөрсдөө санаачилгаараа төлөх байдлыг дэмжин ажиллаж байна. Ерөнхийдөө ноднин хөл хорионы үеэс эхлэн албадлагын арга хэмжээ авахгүй ажиллаж ирсэн.
Мөн татвар төлөгчдөдөө цахимаар сургалтыг явуулж байна. Энэхүү сургалтыг бид өдөр бүр хийж байна. Ер нь татвар төлөгчийн өдрөөс өмнө бид энэхүү сургалтын “Zoom”-ээр явуулж ирсэн. Учир нь 2020 онд бид татварын шинэчилсэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хууль хэрэгжээд нэг жил байгаа ч мэдээгүй, сонсоогүй татвар төлөгч олон байна. Тэдгээрийг эрсдэлээс сэргийлэх мөн хуульд орсон шинэ боломжуудыг ашиглуулах үүднээс түлхүү сургалтууд явуулж байна. Сургалтыг онол, хууль бус практик хэрэгцээнд тулгуурлан явуулж байна. Яг одоогоор татвар төлөгчийн өдрүүдийн хүрээнд өдөрт дөрвөн удаагийн сургалт явж байна. Сургалтын зарыг пейж хуудсандаа байнга тавьж байдаг. Энэ сургалтад хэдэн татвар төлөгч оролцох нь хамаагүй гол нь тэнд оролцож байгаа хүмүүс хэрэгцээтэй мэдээллээ аван зөрчлөө арилгах нь бидний зорилт юм.
-Татвар төлөхийн ач холбогдол юу вэ. Мөн иргэдийн зүгээс юуг сайн мэдэх хэрэгтэй гэж та боддог вэ?
-Татварын ерөнхий газраас энэ жилийг татварын боловсролын жил болгон зарласан. Татварын боловсрол олгоно гэдэг чухал. Учир нь татвар гэж юу юм, би яагаад татвар төлөх ёстой вэ, төлөхгүй байвал яах вэ гэсэн суурь ойлголтыг татвар төлөгчид,  ирээдүйн татвар төлөгч мэддэг байж өөрийгөө эрсдэлээс сэргийлнэ. Татвар төлөх нь та бидний Үндсэн хуульд заасан үндсэн үүрэг. Татвар төлөгчдийн төлсөн энэ татвараар эргээд бид төсвийн орлогоо төвлөрүүлж, нэгдсэн хуваарилалтаа хийж, улс орны хөгжил ард иргэдийн сайн сайханд зориулагдсан ажлууд хийнэ.
Одоо иргэдийн хамгийн сайн мэдэж хэрэгжүүлэх боломжтой зүйлийн нэг нь  нь ибаримт авч өгч хэвших юм.
Ибаримтыг борлуулалт, үйлчилгээ үзүүлж байгаа тухай бүрд заавал олгох ёстой. Аж ахуйн нэгжүүд, төсөвт байгууллагууд “Зах худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлж буй иргэд Ибаримт өгөхгүй байна, үүнийг шийдээч ээ” гэсэн санал, гомдлууд байнга ирдэг байсныг татварын албанаас шийдвэрлэж “QR баримт”-тай болгож өгсөн.  Тодруулбал, үйлчилгээ явуулж буй иргэн бүрт өөр өөрийн регистрийн дугаараар QR баримттай болсон. Ингэснээр та худалдаа хийсэн нөхцөлд тухайн худалдагчийн QR кодыг Ибаримт аппликейшнээр уншуулах юм. Үүний дараа худалдагч таны нэхэмжлэлийг хүлээж аван зөвшөөрснөөр таны Ибаримт баталгаажна. Хэрвээ Ибаримтыг худалдагч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд та шууд цахимаар гомдол гаргаж болно. Мөн зах, худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид QR баримтаа ил байршуулахгүй байх асуудлууд гарч байна. Тэгэхээр энэ асуудлыг гаргадаггүй болгохын төлөө иргэд, худалдан авагчид зохих шаардлагыг тавьдаг байх, баримтаа нэхэж авдаг байх хэрэгтэй юм. Нөгөө талд зах, худалдааны төвд ажиллан буй иргэд ибаримтаа /QR баримтаа/ олгодог, соёлтой үйлчилгээ үзүүлдэг баймаар байна.  Ингэснээр тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн тайлангаа гаргахад ч маш хялбар болох юм.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн