Монголын ноос ноолуурын салбарын тэргүүлэгч "Говь" компани ХБНГУ-ын Берлин хотод өөрийн албан ёсны салбар дэлгүүрээ 2016 онд нээж, Европын хэрэглэгчдэд зориулсан онлайн худалдаагаа 2019 онд эхлүүлж байжээ. Сүүлийн хоёр жил цар тахлаас улбаатайгаар гадаад дахь салбар дэлгүүрийн орлого буурсан ч онлайн худалдаа тогтвортой өсч ирсэн байна. Жишээ нь, энэ намар Германд ноолууран бүтээгдэхүүний онлайн худалдааг "Говь" компанийн бүтээгдэхүүн тэргүүлж, онлайн хэрэглэгчийн тоо 500 мянга давсныг Таванбогд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан онцолж байсан.
Одоогоор "Говь" компани дэлхийн ноолуурын салбарын ердөө хоёрхон хувийг буюу хоёр их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байгаа аж. Цаашдаа "Говь" компани Европын холбооны 27 улс болон Их Британи зэрэг улсад нийт 60 салбар нээж, 2030 он гэхэд ажилчдынхаа тоог 8500-гаар нэмэгдүүлж 10 мянгад хүргэх, дэлхийн ноолуурын зах зээлийн 20 хувийг эзэлж, борлуулалтын орлогоо 6 их наяд төгрөгт хүргэж томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Говийн үйлдвэр жилд 2.3 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байгааг жил бүр үе шаттай нэмэгдүүлж, жилд 10 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болох боломж, ирээдүй байгаа юм байна.