Залуусын дунд сүүлийн үед “Диско муужгай” дуугаараа танигдах болсон уран бүтээлч “168”-тай ярилцлаа. Тэрээр өөрийн урлагийн мэдрэмжээс гадна өнөөгийн залуус болон ахмад үеийнхний хоорондын сэтгэлгээний ялгаа, залуучуудын мөн чанар, улс төрийн оролцоо ба ойлголт гэх сэдвүүдээр нээлттэй ярилцсан юм. Орчин үеийн залуусын төлөөлөл болсон түүний ярианаас шинэ үеийнхний үзэл бодол, ертөнцийг харах өнцөг зэрэг сонирхолтой агуулгуудыг олж харах болно гэдэгт итгэлтэй байна.
-Хоёулаа ярилцлагаа 168 гэдэг уран бүтээлчийг хувь хүн талаас нь танилцуулахаас эхэлье. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу, би 168 байна. Намайг Тэнгис гэдэг. Би 23 настай. Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Би өнгөрсөн таван сараас хойш дуу хийж эхэлсэн. “MOTR” буюу “Movement on the Road” продакшны уран бүтээлч гэж явдаг. Одоогоор арав гаруй клип, таван цомог гаргасан байна. Ирэх нэгдүгээр сард анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Сүүлийн үед үе тэнгийнхээ залуу уран бүтээлчидтэй хамтраад “Урлаг Монголд хөгжихийн төлөө” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Үүний хүрээнд бид анхны хамтарсан тоглолтоо арванхоёрдугаар сарын 6-нд буюу ирэх баасан гаригт “Hawai Complex” төвд 16.00 цагаас хийх гэж байна. Тоглолт оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Тасалбар 20000 төгрөгийн үнэтэйгээр www.ticket.mn вебсайтаар борлуулагдаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк дээрх “event”-ээс авч болно. -“Movement on the Road” продакшнд өөрөөс чинь гадна удахгүй цахиур хагалах сонирхолтой уран бүтээлчид олон байдаг. “MOTR”-ыг танилцуулахгүй юу?
-“MOTR” продакшн нь 2017 онд гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд 2019 оноос компани болгон үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор “High tech” буюу тухайн хүний бие физиологид тохирсон ухаалаг хувцас, “pop-up store” буюу зөвхөн хязгаарлагдмал тоогоор тодорхой арга хэмжээ, үйл явдалд зориулан гаргадаг “MOTR” хувцасны брэнд хөгжүүлэлт, хөгжмийн “Underground”, “Rave”, “Techno” урлагийг Монголд хөгжүүлэх “event” зохион байгуулалт, болон урлагийг арай өөр шинэлэг байдлаар хийж, шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирж, орчин үеийн урлагт Монгол гэсэн тусдаа өвөрмөц хэв маягтайгаар дэлхийд гаргаж ирье гэсэн үндсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Би өөрөө компанийнхаа үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоо бол суртал ухуулга хариуцсан захирал гэж явдаг. Суртал ухуулга гэхээр өвөрмөц сонсогдож байгаа байх. Манайхан дандаа маркетинг гэж ярьдаг. Хэдий энэ хоёр өөр ойлголт ч гэсэн үндсэндээ төстэй. Дээрээс нь манай улс өмнө нь өнөөдрийнхөөс өөр нийгэмд 70 гаруй жил амьдарсан, коммунист суртал ухуулга гэдгийг жинхэнэ утгаар мэддэг учраас хүмүүст арай илүү ойлгогдох байх гэдэг үүднээс энэ нэршлийг ашигладаг. Манайд олон чанартай уран бүтээлчид байгаа. Бүгдээрээ өөрсдийн гэсэн өвөрмөц уран бүтээлүүдээ хийгээд явж байна.
-168 гэх тайзны нэрний учрыг тайлбарлаж өгөөч. Чиний нэг дуун дээр сард ажиллах ажлын цагийн тоо 168 гэж байсан. Энэ тоо яг ямар утга илэрхийлдэг юм бэ?
-Би гудамжаар алхаж яваад энэ нэрийг бодож олсон. Ер нь би олсон гэдгээс илүүтэй энэ нэр намайг өөрөө олсон байх. Ухаад үзэх юм бол олон гүнзгий утгатай. Жишээ нь 2015 оны судалгаагаар монгол эрэгтэй хүмүүсийн дундаж өндөр 168 байдаг. Үндсэн хуульд заасны дагуу сард ажиллах цагийн тоо 168 байгаа. Сард ажлын 21 өдөр, хоногт найман цаг ажиллана гэж үздэг. Дээрээс нь Хятад гээд Азийн орнуудад энэ тоо баян, дүүрэн байх гээд олон утга билэгддэг юм билээ.
-“Урлаг Монголд хөгжихийн төлөө” хөдөлгөөний гол зорилго юу юм бэ. Чиний “Бүжье, бүжье” дуун дээр “Урлаг Монголд хөгжихийн төлөө. Уухайлж урлагийг шүтэхийн төлөө. Монгол Улсыг урлагаар тэргүүлэхийн төлөө. Дэлхийн Монголыг сонсдог болохын төлөө бид залхууралгүй хичээх хэрэгтэй. Үргэлж бүтээж, ажилдаа явж, аяга тавгаа угааж, нийгмийн даатгал, татвараа төлж, хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Баасан гаригт харин үйлдвэрт очих хэрэгтэй” гэдэг. Үүгээрээ нийгэмд ямар мессеж өгөхийг зорьж байгаа вэ?
-Дэлхий ертөнцийн сүүлийн үеийн сонин сайхныг хараад байхад манай залуус улс төрийн оролцоо гэх зэрэг асуудал дээр Хонконгийн залуучуудаас ямар хол хоцорсон байна вэ гэдэг нь шууд анзаарагдаж байгаа. Тэд бол бидэнтэй харьцуулахад харьцангуй хаалттай нийгэмд эрх чөлөөнийхөө төлөө, ардчиллын дуу хоолой болж үзэл бодлоороо нэгдэн нийлж, тэмцэж чадаж байна. Тийм байхад бид яагаад улс төр биш юм гэхэд ядаж өөрсдийн ойлгодог урлагийнхаа төлөө нэгдэн нийлж чадахгүй гэж ярьсны үндсэн дээр бидний хэдэн залуус энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн. Манайд өмнө нь 1990 онд залуу үе үзэл бодлоороо гудамжинд нэгдэн тухайн үеийн нэг намын тогтолцоотой, хаалттай нийгмийн эрх баригчдад нөлөөлж чадсанаар ардчиллын үйл явц өрнөсөн шүү дээ. Харин бид мэдээж ахиад ямар нэгэн өөрчлөн байгуулалт бус байгаа зүйлээ илүү гоё болгоё гэдэг дээр л өөрсдийн үзэл бодлоо энэ хөдөлгөөнөөр дамжуулан илэрхийлж байгаа юм.
Ерөнхийдөө Монголын өнөөгийн урлагийн байгаа байдал нийгэмдээ муу нэртэй. Монголд урлаг хийгээд амьдралаа залгуулна гэдэг хэцүү асуудал. Хүмүүс хүртэл урлаг гэхээр дуучин, жүжигчин л гэж хүлээж авдаг. Гэтэл уран зураг, сонгодог урлаг, гудамжны урлаг, шивээс гээд урлагийн мянга мянган төрөл жанр бий. Дээрээс нь хамгийн чухал нь урлаг гэдэг зүйл өөрөө нийгмээ дагах буюу зөвхөн хүмүүст таалагдах зүйл хийхийн төлөө бус үзэл суртлаараа хүмүүсийн оюун санааг байлдан дагуулаад капитализм шиг тасралтгүй хөгжиж байх ёстой зүйл байдаг. Аливаа орны хөгжлийг урлагийн салбар нь хэр яваатай нь жишиж тодорхойлж болдог. Гэтэл Монголын урлаг өнөөдөр бараг нийгэмдээ чирэгдээд явж байна. Энэ бүхэн өнөөдрийн ийм хүнд байдал дунд нийгэм урлагийг хүлээж авах сөхөөгүй байгаатай холбоотой байх. Бүр зарим хэсэг нь урлагийг ойлгохыг ч хүсдэггүй. Хамгийн эмгэнэлтэй нь манай нийгмийн оюун санааны оргилд байх ёстой сэхээтэн, элит хэсэг нь хүртэл өөрсдийн тухайн үеийн урлагаа мэднэ гэхээс орчин үеийн зүйлсийг мэдэрдэггүй. Урлаг ингэж орхигдож, өөрсдөө хоцорч явсаар сүүлдээ хүмүүс бараг урлаг, хог новш хоёроо ч ялгахгүй болж ирлээ. Уучлаарай, хог новш гээд арай муухайгаар хэлчихлээ. Ерөнхийдөө уран бүтээлч, хар тамхичин хоёроо ялгаж чадахгүй байдалд хүрлээ гэдэг санааг илэрхийлэхийг хүслээ. Учир нь хүмүүс өнөөдөр тайзан дээр гараад татганаад ч байгаа юм шиг хөдлөөд байгаа хүнийг шинэ төрлийн бүжиг бүжиглэж байна гэдгээс илүүтэй “энэ одоо мансуурчихсан хар тамхичин юм байхдаа. Энэний одоо юуг нь ойлгодог юм” гэж хүлээж авч байна шүү дээ.
Тиймээс энэ хөдөлгөөнөөр контемпрари арт, пост-модернизм, перформанс арт, инсталиац урлаг ер нь ямар болсон юм. Techno гэж юу юм. Хөгжмийн өөр ямар шинэ төрлүүд гарч ирээд байна. Уран бүтээлчид дуулж байгаа юм уу. Бичлэг нь ямар болсон юм бэ. Контент, үзэл суртал зэрэг өөр олон асуудал 2019 онд дэлхийн төвшинд яаж явж байна гэдэгт нийгэмд ядаж тодорхой ойлголт өгөхийг зорьж байгаа. Тэгж байж Монголд уран бүтээлчид урлагийн карьертай болох, түүгээрээ хоолоо олж идэх, үнэхээр авьяастай бол шударга хүч хөдөлмөрөө зарцуулаад амжилтад хүрч, сайхан амьдардаг болох ийм юмны л эхлэл болохыг хүссэн. Бидэнтэй ижил үзэл бодолтой асар олон залуус бидний энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа нь бидэнд урам өгч, ирээдүй гэрэлтэй байгаа гэдгийг харуулж байна.
Баасан гаригт “Урлаг Монголд хөгжихийн төлөө” хөдөлгөөн хип-хоп тоглолт хийнэ. Үүний дараа арванхоёрдугаар сарын 13-нд Монголын хүүхдийн ордонд рок тоглолт хийх болно. Энэ тоглолтод зориулаад би Нисванис хамтлагийн Амгаа ахтай дуу хийж байгаа. Мөн тэр тоглолт дээр моно-драм жүжиг тоглогдоно. Жүжгийн зохиолыг нь би өөрөө бичсэн. Тэгээд өөрөө бас жүжиглэж үзүүлнэ. Үүн дээр бид Гэрэлтүүл гээд ТББ-тай хамтарч ажиллаж байгаа. Дээрээс нь арга хэмжээний үеэр гудамжны урлаг, олон төрлийн контент, дуу, клип, дүрсний урлагийн төрлүүдийг дэлгэн харуулах болно.
Бид цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлж илүү олон арга хэмжээ зохион байгуулж ажиллах төлөвлөгөө гаргаад явж байгаа. Тиймээс “Урлаг Монголд хөгжихийн төлөө” хөдөлгөөн зогсохгүй. Угаасаа хөгжил зогсох ёсгүй. Хөгжил гэдэг капитализмын зам учраас байнга урагшлах учиртай. Бид энэ асуудлаараа Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Нийслэлийн соёл урлагийн газарт хандаж төслөө танилцуулаад холбогдох хүмүүстэй нь уулзсан. Юутай ч биднийг хүлээн авч санаа бодлыг сонсож байна лээ.
-Чи их өвөрмөц шивээсүүдтэй болохоор шивээс гэдэг урлаг дээр хоёулаа жишээ авч яръя. Нэг үеэ бодоход Улаанбаатарт шивээс гэдэг зүйлийг ойлгодог хүмүүс хангалттай олон болжээ. Чиний дуун дээр “Улаанбаатарт хамтдаа хөгжье” гэдэг. Гэтэл жишээ нь нийслэлтэй хамгийн ойр аймгийн төв буюу Төв аймгийн Зуун модонд шивээсчин хүн салон нээгээд өөрөөсөө гадна ар гэрээ тэжээгээд явах боломжтой юу?
-Үгүй. Тэгэхээр нэгэнт манайд нөхцөл байдал ийм учраас аливаа урлагийн хөгжлийг гадаад зах зээлтэй харьцуулж яривал илүү ойлгомжтой болох байх. Жишээ нь шивээсний урлаг дээд цэгтээ тулчихсан Европын шивээсчид яаж ажилладаг вэ гэхээр ердөө л нэг инстаграм юм уу тухайн орондоо түгээмэл ашигладаг нэг платформ хэрэглэдэг. Ердөө л өөрийн гэсэн нэг хэв маяг, дизайнаа хөгжүүлээд тэрийгээ сошиал дээрээ сурталчлаад байж байдаг. Өөрсдийн гэсэн шивээсний салонгүй байдаг юм билээ. Үндсэндээ өөрийн орондоо юм уу эсвэл дэлхийн улс орнуудаар дуучдаар бол аялан тоглолт буюу “tour” хийгээд “за би тэдэн сарын тэдэнд тэр хотод очно. Яг тэнд байрлаад төдөн цагаас эхлээд шивээс хийж эхэлнэ” гээд хүмүүсээс урьдчилсан захиалга аваад явдаг. Түүгээрээ хангалуун сайхан амьдардаг. Монголд бол шивээс хийдэг хүн хамгийн хэцүү амьдарч байгаа шүү дээ. Үнэндээ бол зөвхөн шивээс гэлтгүй салбар бүрт тэр гоё орны хүмүүс ашиглаж байгаа бүх нөөц бололцоо, авьяас, чадвар нь бидэнд бий. Ингээд ярихаар хүмүүс “манайх жижиг зах зээлтэй” гээд баахан гунигтай шалтаг тоочоод эхэлдэг. Хүн ер нь өөрөө л хийхгүй бол хэн миний өмнөөс намайг тэжээх юм. Тиймээс бидэнд ямар ч салбарт тэр хүмүүстэй адил дэлхийн зах зээл дээр өрсөлдөөд явах боломж байгаа.
Харин тийшээ гарч чадахгүй байгаа асуудал дээр нийгмийн хүлээж авч байгаа хандлагыг л гол фактор болгож ярих нь зүйн хэрэг байх. Жишээ нь би хойд хөршид яг надтай зэрэг гарч ирсэн уран бүтээлчдийг байнга ажигладаг. Таван сараас хойш гэхэд над шиг улс даяар, залуучууд нь бүгд сонсдог дуу хийж чадсан хүн байхгүй л байгаа юм. Гэхдээ л тэр хүмүүс явсаар байгаад хэдэн жилийн дотор гэхэд бүүр итгэмээргүй амжилтад хүрчихдэг. Энэ хүмүүсийг чинь дэлхий биш юм гэхэд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд сонсоно шүү дээ. Тэр залуусаа амжилтад хүргэхийн тулд бизнес, эрх мэдэлтэй хүмүүс ард нь том баг ажиллуулж хамаг хүчээ хаяж хүлээн зөвшөөрүүлдэг. Муулсан хүмүүсийн коммент харагдахгүй болтол нь дэмждэг. Дараа нь хүлээн зөвшөөрөгдөхөөр нь амжилтыг нь ашиглаад үзэл суртлаа хийж болно. Энэ дээр Монголыг сонсох хүн байх уу гэдэг асуулт гарах байх. Хүчтэй урлаг гэдэг зүйл өөрөө тэр үзэл суртлаа бий болгоод дэлхийг байлдан дагуулаад явдаг. Энэ дээр Америк, Солонгосыг харахад л хангалттай. Урлагаа хөгжүүлж байж улс нь хөгждөг гэж арай туйлширч болохгүй байх. Гэхдээ хөгжихийн тулд, хөгжлөө хадгалахын тулд урлагийг зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй байдаг юм билээ. Урлаг нь хүчтэй байхын хэрээр тэр улсын хөгжил нь хурдан явдаг, хөгжлөө хадгалах дархлаа нь хүчтэй бүрэлддэг.
Гэтэл Монголд надтай нас чацуу, урлагт таван жил болсон, муу ч үгүй дандаа хит уран бүтээл хийж ирсэн залуу өнөөдөр яг л анх эхэлсэн байрандаа байж байдаг. Учир нь энэ авьяасыг нь нээж, урлаг гэж тэр хүүхдийн хувьд юу юм гэдгийг нь сонсоод, дэмжих ёстой хүмүүс нь “энэ одоо ямар балай юм аа хийгээд байгаа хүүхэд вэ. Мангар бацаан. Урлаг чинь ийм биш. Урлаг Монголд хөгжинө ч гэх шиг. Чи урлагийг Монголд хөгжүүлнэ гэж юу байдаг юм” гэсэн юм яриад байгаа байхгүй юу. Тийм учраас бидний хөгжлийн боломж хязгаарлагдмал, карьер байхгүй, явцгүй байна шүү дээ. Ийм учраас л залуучууд бид өөрсдөө хамтарч ажиллаад, нэгнээ дэмжээд л явж байна.
-Монголд зөвхөн урлаг гэлтгүй залуусын чиг хандлагыг ойлгохгүй, тэднийг хүлээж авахгүй байгаа байдал ажиглагддаг талаар шинэ үеийнхэн ихээр ярьж, асуудал дэвшүүлдэг. Гэхдээ нэг үеэ бодоход залуусаа ойлгоё гэдэг хандлага ихээр гарах боллоо. Мэдээж энэ нэг талдаа хүн амд эзлэх залуусын хувь хэмжээ эрчимтэй өсөж байгаатай холбоотойгоор бизнес, улс төрийн салбар өөрийн эрхгүй энэ зүг рүү анхаарал хандуулахаас өөр замгүй болж байгаатай холбоотой байх. Дээрээс нь хаа нэг гудамжинд болдог жагсаал цуглаануудад “залуус хаачив” гэх асуултыг бидний өмнөх үеийнхэн ихээр тавьдаг. Эдгээр өнцгүүд дээр уран бүтээлч бус зөвхөн залуу хүнийхээ хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Хүйтэн дайнд Зөвлөлтүүд ялагдаж 1989 онд Берлиний хана нурахад “Scorpions” хамтлагийн “Wind of Change” гэдэг дуу тухайн үеийн тэр асар том өөрчлөн байгуулалтын хамгийн том билэг тэмдэг болж байсан. Урлаг, суртал ухуулга гэдэг ийм хүчтэй. Ердөө ганцхан энэ дуунаас тэрхүү шилжилтийн үеийн хүмүүсийн сэтгэл зүрх, мэдрэмж, итгэл найдварыг мэдэрч болно. Энэ дууг өнөөдөр мэдэхгүй хүн бараг байхгүй. Монголд ч гэсэн 1990 оны Хонх хамтлаг ардчиллын дуу хоолой болж байлаа.
Гэсэн хэрнэ өнөөдөр тэр өөрчлөлтийг хийж байсан хүмүүс маань юу гэж байна гэхээр “харин ч нэг үеэ бодоход та нар гайгүй нийгэмд амьдарч байна” Бид нар Lumino-г “та нар одоо юу хачин юм хийгээд байгаа юм бэ” гээд очоод зодчихдог байлаа ч гэх шиг хачин юм яриад байгаа байхгүй юу.
Тэгэхээр энд залуу үе болон ахмад үеийн хооронд ойлголтын асар том зөрүү байгаа юм. Өөрөө хэдхэн хоногийн өмнө талбай дээр болсон жагсаалыг ярих шиг боллоо. Залуус ер нь сонгууль дөхөхөөр гэнэт гараад ирдэг хүмүүсийг мэддэг шүү дээ. Ер нь яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ямар ч урт хугацааны гаргалгаа, шийдэл дэвшүүлээгүй, хүч хэрэглэхэд турхирсан лоозон барьсан арга хэмжээнд очиж яах юм. Залуус эвлэлдэн нэгдэж чаддаггүй гэдэг. Тэгвэл яг тэр жагсаалын өмнөх долоо хоног шиг санагдаж байна талбай дээр залуус өөрсдийн хүсэл зорилгоороо дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тайван жагсаал хийгээд, олуулаа цугласан. Ихэнх нь арван жилийн хүүхдүүд буюу миний дүү нар байсан.
Тэгэхээр залуус юуны төлөө эвлэлдэн нэгддэг вэ. Зөвхөн сайн сайхан ирээдүйн төлөө. Тэр дулаараад байгаа дэлхий чинь залуус өөрсдөө дараа нь хойч үе амьдарна. Үнэндээ тэр хүүхдүүд талбай дээр дэлхий дулааралтай тэмцлээ гээд цаг уурын өөрчлөлт зогсчихгүй нь мэдээж. Гэхдээ л хамгийн гол нь тэр мессежийг хүмүүст хүргэж, хоногшуулахыг зорьж байгаа. Энэ талаар бүгдээрээ мартаж болохгүй шүү, үүнийгээ байнга ярьж, сануулж байна шүү, фэйсбүүк, цахим орчинд байнга явж байдгаас өөр асуудлууд зөндөө байна шүү гэдэг ийм л агуулгатай. Арван жилийн сурагчид байтугай залууст өөрчлөлт хийх боломж нь тэртээ тэргүй хуулийн хүрээнд байхгүй. Тиймээс өөрийн хамгийн сайн чаддаг салбартаа өөрийгөө нээж түүгээрээ эх орондоо хувь нэмрээ оруулахыг зорьдог байх. Миний хувьд ч гэсэн Монгол муухай байна гээд гаднын нэг улс руу дүрвээд явуул явж чадна шүү дээ. Гэхдээ л өөрийн чаддаг зүйлээрээ эх орондоо, өсөж төрсөн Улаанбаатар хотдоо хувь нэмрээ оруулмаар байгаа учраас л энэ бүх зүйлийг хийдэг. Еврей ардын нэг ийм зүйр цэцэн үг байдаг “алим хэзээ ч модноосоо хол унадаггүй” гэж. Тэгвэл би биднийг шүүмжлээд байдаг хүмүүсийн бүтээсэн хүчирхийлэлтэй, архидалттай, авлигатай нийгмийн бүтээл шүү дээ. Тэгээд яагаад эргээд залуусаа гайхна гэж. Харин би лав хувьдаа дүү нараа, өөрийн үр хүүхдээ ийм хөгийн нийгэмд амьдрах ёсгүй гэж үздэг.
Залуу үеээ ойлгохоор хичээж байна гэдэг дээр бол ер нь дэлхийн аль ч оронд хийсэн судалгаанд миллениал болон “Generation Z” үеийнхэн хүн төрөлхтний өмнөх бүх төлөөллүүдтэй харьцуулахад хамгийн ихээр ирээдүйнхээ төлөө санаа зовж, тэрнийхээ төлөө ямар нэгэн алхам хийдэг, туйлшраад байдаггүй хэрнэ үрэлгэн хүмүүс юм билээ. Дээрээс нь зөвхөн Монголд гэлтгүй дэлхий дахинд яг хийж бүтээдэг залуу үе хүн амын дийлэнх хэсгийг эзлэх болсон. Тиймээс шинэ үеийнхний тэрхүү онцлогийг мэдэрч, тэдний хандалтыг авахгүй л бол ямар ч том бизнес, улс төрийн нам хүчний ирээдүй бүрхэг болж ирсэн гэдгийг ойлгосон учир залуусыг сонсож эхэллээ гэдэгтэй санал нэгдэнэ. Ёр нь ямар ч нийгэм залуустаа хүлээн зөвшөөрөгдөж байж цааш явдаг юм билээ.
Залуусаас улс төрийн оролцоо хүсээд байдаг гэдэг дээр. Тэгвэл залуу хүн бүрийн хувьд үнэ цэнэ байж чадах тэр уриа, үзэл суртал, лоозон үг нь хаана байна вэ. Нэг бол коммунизмын үеэс үлдэж хоцорсон эсвэл хэт барууны үзэл юм уу хэт үндсэрхэг үзэл суртлууд өнөөгийн манай нийгэмд зонхилж байна. Эдгээр нь бүгд өнөөдрийн болон ирээдүйн нийгэмд хоцрогдсон үзэл баримтлалууд. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр хүмүүст тогтсон системийн дагуу, хэн нэгний зурсан зургаар явах ямар ч шаардлага алга. Улам бүр өөрчлөгдөж буй дэлхий ертөнц өнөөдөр хүмүүст ганцаархнаа хувцасны бренд хөгжүүлээд, дуу хөгжим хийгээд, арга хэмжээ зохион байгуулаад тэрүүгээрээ нийгэмд сайн сайхан, эерэг мессеж өгөөд явах боломж олгож байна. Өмнө нь бол эрх мэдлийн хувьд дээрээс доош шугаман бүтэцтэй схемийн дагуу эрх мэдэлтэй хүмүүсийн үгээр аливаад нөлөөлж, хувцасны бренд гэдэг хүртэл хийхэд нүсэр том ажил байлаа шүү дээ. Одоо бол нийгмийн бүрэлдэхүүн хэсгүүд, улс орнууд хүртэл онцлог шинж чанараараа нэгдэн нийлж, тухайн нийгэм болон дэлхий ертөнцийг бүхэлд нь бий болгож буй цогц схемийн зөвхөн нэг салбарыг нь хариуцаад өөрсдийн бий болгосон тэр капиталаараа байхгүй зүйлсээ бусадтай хуваалцаж байна. Гэтэл бодит байдал дээр залууст энийг хийж чадна гэсэн итгэлээс өөр юм алга. Боломж олгохгүй байж өгсөн сонгуулийнх нь саналаар хаа нэг газар очиж суучхаад нэмж боломжийг нь хулгайлаад байхад ямар юмных нь улс төрийн оролцоо хүсээд байдаг юм бол гэдгийг гайхдаг. Энийг өөрсдөөсөө асуугаад үзэх хэрэгтэй байх.
-Хувь хүний хувьд ийм байдаг байж. Тэгвэл уран бүтээлчийн хувьд шүүмжлэлд хэр өртөж байна вэ. Тэрийг хэрхэн хүлээн авч байна. Сошиал дахь зарим сэтгэгдлүүдийг хараад байхад нийгмийн шүүмжлэлтэй ханддаг хэсгээс нэлээдгүй хүнд сэтгэгдлүүдийг бичсэн байна лээ?
-Би чинь одоо бараг сүүлийн үед Монголд хамгийн муу муухай жишээ болчихсон хүн байх шүү. Хүмүүс намайг ойлгохгүй хачин муухайгаар нь хараагаад л янз бүрээр хэлээд байдаг. Тэгэхээр би өөрийн дуртай юмаа хийгээд, өөрийгөө хаа хүрэхийг сориод явж байгаа жирийн л нэг нийгмийн төлөөлөл. Түрүүн хэлсэн “алим хэзээ ч модноосоо хол унадаггүй” гэж. Гэхдээ би хэдий ердөө 23 настай залуу ч гэлээ одоо бараг хоцрогдсон, хуучин хүн болчхоод байна шүү дээ. Надаас дүү хүүхдүүд бүр этгээд, илүү бүтээлч хүмүүс ар араасаа гарч ирээд намайг шахаж байна. Намайг ойлгох гэж байх зуур миний дараагийн хүүхдүүд чинь илүү ухаантай болчхож, юмыг шал өөр өнцгөөс нь хардаг юм байна, мэдээллийг тэс өөрөөр хүлээж авч, боловсруулж байна, дэлхий ертөнцийг чамаас, надаас арай өөрөөр харж байна. Үнэндээ бид ийм ирээдүйд бэлэн байх хэрэгтэй байна шүү дээ. Эдгээр хүүхдүүд тун удахгүй уран бүтээл, бизнес гээд бүх салбарт хүч түрээд ороод ирнэ. Тэр үед нь бас л бидний үеийн залуус туулж байгаа боломж олддоггүй бүрхэг нийгэмтэйгээр тэднийг угтан авах уу. Үнэхээр миний үеийн залуус дунд боломж нь олдолгүй өөрийн чин хүсэл мөрөөдлөөсөө тэс өөр юм хийгээд явж байгаа хүмүүс зөндөө байна. Тэрнээс болоод гэр бүл салалтаас өгсүүлээд нийгмийн асар олон өвчин гарч байна шүү дээ. Тэгвэл дараа дараагийн үеийн хүүхдүүдэд биднээс ч илүү өндөр потенциал байгаа. Тэднийг юу хийж чаддагийг нь харалгүйгээр ахиад хэдэн хувийнх нь хүсэл зорилгыг булшлахыг би үнэхээр харж тэвчихгүй. Тиймээс намайг юу гэж харааж, ерөөж хэлэх нь хамаагүй. Миний хийж байгаа бүхэн ирээдүйн залууст “энэ чинь солиотой, гаж амьтан биш урлагийн нэг үзүүлбэр” гэж хүлээж авдаг, нээлттэй сэтгэхүйг суулгаж өгч чадаж л байв тэр нь золиос байна уу юу ч болоод явсан надад харамсах зүйл байхгүй.
-Урлаг гэж чиний хувьд юу вэ гэдэг асуултаар ярилцлагаа өндөрлөе. Өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлж ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Урлаг бол соён гэгээрүүлэх үүрэгтэй. Урлагийн хөгжлийг тэр урлаг хэр их мессежтэй байж чадаж байна, тэр контентийг хийснээр хүмүүст хэр зэрэг нөлөөлж чадаж байна гэдгээр нь дүгнэдэг. Өөрөөр хэлбэл тухайн орны уран бүтээлчдийн хийсэн тэрхүү бүтээл нь нийгэмд нөлөөлөх төвшин нэмэгдэхийн хэрээр урлаг хөгжсөн гэж үздэг юм байна л даа. Хэрвээ урлагийн хөгжил ингээд тасралтгүй явсаар байвал уран бүтээлч хүн улстөрчдөөс илүү нийгэмд нөлөөтэй болдог юм байна. Жишээ нь “Kanye West”, Доналд Трамп хоёр нэр хүнд, Америкийн нийгэмд нөлөөлөх цар хүрээнийхээ хувьд бараг л ялгаагүй шүү дээ. Хэрвээ Монголд урлагийн салбар уул уурхай, улс төр, барилгын салбар шиг их мөнгө эргэлдүүлдэг байсан бол манай урлаг, уран бүтээлчид аль хэдийн дэлхийд гарчихсан байгаа гэж би боддог.
Улс төр бол зүгээр хүний хийх дуртай ажил байж болно. Гэхдээ зөвхөн улс төрийг л хараад, бид нар сонгуулиа л зөв өгчихвөл улс хөгжих гээд байгаа юм биш шүү дээ. Иргэдийн оролцоо нэмэгдэж байж улс орон баян цатгалан биш юм гэхэд зөв голдирлоор хөгждөг юм билээ. Нийгмийн оролцоо гэхээр заавал жагсаж цуглаад байхыг бас хэлэхгүй байх. Энэ бол олуулаа цуглаад дундаа байгаа дуу хоолойгоо хэрэгтэй хүмүүст нь хүргэж байгаа оролцооны ердөө нэг хэлбэр шүү дээ. Үүнээс гадна бидний өөрсдийн бүтээсэн үйлдвэрлэл, төлсөн татвар, хуулиар олгосон эрхээ эдлэхийн хажуугаар хүлээсэн хариуцлагадаа хэрхэн үнэнч байх, контент, уран бүтээл тэр бүгд нийгэмдээ ямар үр өгөөжтэй байна гэдэг нь бидний оролцоо ямар хэмжээнд явж байгааг илтгэх илүү чухал үзүүлэлт болох байх. Тэрнээс Монголд амьдрах арга алга. Ийм муухай юм байна. Хүмүүс дандаа луйвар хийж амьдарч байгаа болохоор би ч гэсэн адилхан хөгийн байна гээд байвал угаасаа хэцүү. Тэрний оронд мөрөөрөө өөрийг нь хүлээж авах гадаад руугаа явчихсан нь дээр биз дээ.