Open iToim app
Улс төр | 5 мин уншина

Г.Амартүвшин: Арилжааны банкууд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг гацааж байна

Г.Амартүвшин: Арилжааны банкууд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг гацааж байна
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 10
УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тус хуулийн төслийг Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016 онд өргөн мэдүүлж байсан бөгөөд үүнээс хойш таван ажлын хэсэг байгуулж байсан ч өнөөдрийг хүртэл баталж чадаагүй юм. Харин энэ 7 хоногийн пүрэв гаригт хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батална.
-2016 онд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн барьсан. Одоо хэлэлцэж байгаа төсөл анхныхаасаа өөрчлөгдсөн үү?
-Анх өргөн барьсан төслөөсөө нэлээд өөрчлөгдсөн байгаа. Ажлын хэсэг дээр хуулийн төслийг арай бодит болгох тал дээр ажилласан. Өмнө нь нэлээд улс төржүүлсэн заалтууд байсан байна лээ. Манай арилжааны банкуудын, ялангуяа том банкуудын аж ахуйн нэгжүүд дээр хийдэг бизнестэй өрсөлдөх хэмжээний том банкийг оруулж ирэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр зүтгэж байна.
-Хуулийн төслийг хэлэлцэж эхлээд олон удаа завсарлага авч, хойшлуулсан. Ямар шалтгаанаар хуулийн төслийг хойшлуулаад байсан бэ. Хэлэлцүүлгийн явцад та банкуудын лобби байна гэж хэлж байсан. Банкууд ямар заалтыг нь дэмжихгүй эсэргүүцээд байгаа юм бэ?
-Үндсэндээ хоёр гол маргаантай заалт байсан. Нэг нь хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкийг оруулж ирэхэд өөрийн хөрөнгийн доод хэмжээ 500 тэрбум байна гэж анхны төсөл дээрээ тусгасан байсан. Гэтэл 500 тэрбум гэдэг хэт өндөр босго гэж үзэж байгаа. Энэ босгыг давж Монгол Улсад үйл ажиллагаа явуулах банк байна уу гэдэг том асуултын тэмдэг. Миний харж байгаагаар 500 тэрбумын босгыг тавибал энэ хууль батлагдсан ч хэрэгжихгүй байх магадлалтай. Хоёрт, нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ хэд байх вэ гэдэг асуудал байсан. Одоо үйлчилж байгаа хуулиар арилжааны банкууд нэг зээлдэгчид өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний зээл олгоно. Одоогийн төслөөр нэг зээлдэгчид өөрийн хөрөнгийг гурав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний зээл гаргаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, 100 тэрбумаар өөрийн хөрөнгөө бүрдүүлбэл 300 тэрбумын зээлийг нэг зээлдэгчид өгч болно гэсэн заалтыг оруулсан. Зарим гишүүн үүнийг бага байна 500 тэрбум болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ зээл гэдэг нөгөө талдаа өөрөө эрсдэл. Тиймээс энэ эрсдэлээ зөв тооцох, нөгөө талдаа банкны нийт зээлийн багцын тодорхой хэмжээг зөвхөн нэг харилцагчид олгох нь эрсдэлтэй байдаг. Энэ хөрөнгө оруулалтын банк дэд бүтэц, зам, гүүр, хурдны зам, төмөр зам, эрчим хүчний салбарт орж ирнэ.
-Хөрөнгө оруулалтын банк зөвхөн том төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн. Тэгвэл гаднын төрийн өмчит банк, хувийн банк оруулна гэсэн зааг ялгаа бий юү?
-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк орж ирээд хувь иргэдээс хадгаламж татахгүй, данс нээхгүй. Цалин, тэтгэврийн зээл олгохгүй. Нэг үгээр хэлбэл, банкны жижиглэнгийн үйлчилгээ үзүүлэхгүй. Том төсөл, аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн төрөлжсөн банк гэдэг нь хамгийн том ялгаа. Харилцах данс нээж болно. Гэхдээ зөвхөн санхүүжүүлэх гэж байгаа төслийнхөө компанид л данс нээнэ. Мөн үнэт цаас гаргаж болно. Өөрөөр хэлбэл, манай зах зээлд орж ирээд эх үүсвэрээ татахын тулд бонд гаргаж болно. Эсвэл манай зах зээлд арилжаалагдаж байгаа бонд, үнэт цаасыг худалдаж авах боломжтой. Энэ нь том зургаараа харахад манай санхүүгийн зах зээлд маш том дэмжлэг болно. Бондын эрэлт өндөр байх тусам зээлийн хүү буурна. Өөрөөр хэлбэл, бусад аж ахуйн нэгжийн гаргасан бонд дээр том хөрөнгө оруулагч санхүүжүүлээд орвол тэдний зээлийн хүү буурна гэсэн үг. Гадна талдаа Хаан банктай ч юм уу, манай арилжааны банкуудтай өрсөлдөх гэж орж ирж байна гэж харагдаж байх шиг байна. Гэхдээ ерөөсөө тийм зүйл байхгүй.
-Арилжааны банкуудын үйл ажиллагаанд орохгүй гэж байхад юунаас айгаад хуулийн төслийг лоббидож гацаагаад байгаа юм бэ?
-Манай таван том банк зах зээлийнхээ 85 хувийг базчихсан. Энэ таван банк л зах зээлийнхээ өнгө аясыг тодорхойлдог гэж хэлж болно. Хүү, шимтгэл, зээлийн хэмжээ ямар байх вэ гэдгийг үндсэндээ шийдээд явдаг. Ийм зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулаад сурчихсан банкууд мэдээж хэрэг одоо байгаа зах зээлийнхээ эрх ашиг, байр суурийг алдахгүйн тулд хамгаалалт хийж байна. Ажлын хэсгийн хурал дээр Банкуудын холбооны төлөөлөл орж ирээд үндэсний аюулгүй байдлын асуудал яриад л сууж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал огт биш. Эсрэгээрээ банкны салбарт шинэ өрсөлдөгч орж ирж, илүү өрсөлдөөнтэй болоод, хүү, шимтгэл нь буурна. Энэ хэмжээгээр манай эдийн засагт сайн биз дээ. Аж ахуйн нэгжүүд бага хүүтэй зээл авч байж, тэр зээлээрээ шинэ төсөл, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйл ажиллагаа санхүүжүүлэх нь эцсийн дүндээ Монгол Улсын иргэд, бусад аж ахуйн нэгжүүдэд илүү хямд өртөгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Би банкны салбарт олон жил ажилласан. Манай банкны салбар яаж ажилладгийг мэддэг хүний хувьд хэлэхэд зах зээлийнхээ нөлөөллийг алдахгүй гэж хичээж байгаа ажиллагаа гэж үзэж байна. Бид Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ маш том өөрчлөлт болсон. Том банкууд бүгд хувьцаат компани бол, IPO хийгдээд эхэллээ. Тэгэхгүй бол энэ банкуудыг хар л даа. Нэг нь төмөр зам барьж байдаг, нөгөөдөх нь Эрдэнэтийг худалдаж авах гээд хөөцөлдөөд гүйж байдаг. Зарим нь түргэн хоолны бизнес хийгээд явдаг байж болохгүй. Банкаа хийвэл банкаа л хий. Төмөр зам бариад л, банкны хувьцаа эзэмшигч нь гарч ирээд “бид их хямдхан төмөр зам барьсан” гээд шал худлаа юм яриад сууж байна. Ийм байж болохгүй.
-Монголбанкны мэдээлснээр БНХАУ-ын хоёр, Япон улсын нэг банкны төлөөлөгчийн газар ажиллаж байна гэсэн. Хэрвээ энэ хуулийг баталбал манайд орж ирэх гадаадын банк байгаа болов уу?
-Намайг банкны захирлаар ажиллаж байхад Bank of China төлөөлөгчийн газраа банкны лецензтэй болгох хүсэлт өгч байсан. Түүнийг нь ҮАБЗ дээр хаачихсан гэж сонсож байсан. Түүнээс өөр мэдээлэл алга. Харин хэзээ манай эдийн засаг, төслүүд гаднын банкуудад сонирхолтой байх вэ гэхээр нэгд, хууль эрх зүйн орчин тогтвортой, хоёрт, өрсөлдөөний дүрэм тодорхой, гуравт, улс төрийн ямар нэгэн нөлөө орж ирэхгүй, үйл ажиллагаа тогтвортой явуулах боломж бүрдүүлсэн үед. Ялангуяа, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк 10-20 жилийн хугацаатай хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлнэ. Энэ утгаараа 10-20 жилийн хугацаанд авсан зээлээ төлөх хэмжээний тогтвортой байх ёстой. Энэ нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд гаднын аль ч банканд сонирхолтой харагдана.
-Гаднын банк ороод ирвэл зээлийн хүү буурна, цэвэр өрсөлдөөн бий болно гэдэг хүлээлт нийгэмд байна. Хэрвээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталчихвал зээлийн хүү буурах болон хөрөнгө оруулалтын салбарт хэзээ нөлөө үзүүлж эхлэх вэ?
-Хууль батлагдаад л маргаашаас нь нэг банк орж ирээд үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Цаашдаа том аж ахуйн нэгж, том төслүүд дээр санхүүжилтийн нэг хэлбэр нь нэмэгдэж байгаа болохоор зээлийн хүү нь буураад эхэлнэ. Тэгэхээр өрсөлдөөний зарчмаар дунд болон урт хугацаандаа том төсөл, аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүү буурна. Энэ нь дам дамандаа эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн