Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Орос-Хятадыг холбосон төмөр замын гүүрийн бүтээн байгуулалт дуусч, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлнэ

Орос-Хятадыг холбосон төмөр замын гүүрийн бүтээн байгуулалт дуусч, туршилтын тээвэрлэлтийг эхлүүлнэ
Нийтэлсэн 2021 оны 8 сарын 11
БНХАУ-ын Тунжянь болон ОХУ-ын Нижнеленинское хотуудыг холбосон төмөр замын гүүрийн бүтээн байгуулалт дуусч, энэ сарын 26-28 өдрүүдэд туршилтын галт тэргийг зорчуулахаар төлөвлөсөн байна.
Манай хоёр хөрш улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх дэд бүтцийн гол бүтээн байгуулалт гэж тодорхойлогдож буй энэхүү гүүрээр ихэвчлэн ОХУ-ын төмрийн хүдрийн экспорт хийгдэх юм. Тунжянь-Нижнеленинское төмөр зам нь өргөн болон нарийн цариг бүхий хос замтай. Тиймээс галт тэрэгний дугуйг солих шаардлагагүйгээр тээвэрлэлт чөлөөтэй хийх боломжтой. Түүнчлэн, Оросын галт тэрэг Хятадын нутаг дэвсгэрээр 15 километр орчим зайд өргөн царигаар зорчиж, импортын агуулахуудад ачаагаа буулгах юм.
undefined
Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонины мэдээлснээр гүүрийг турших болон төмөр замын тохируулга хийгдэх ажил энэ оны турш үргэлжлэх бөгөөд 2022 оноос тээвэр хийгдэж эхлэх аж. Улмаар жилд Тунжянь-Нижнеленинское төмөр замаар жилд 21 сая тонн ачаа бараа тээвэрлэхээр төлөвлөсөн. Үүний дийлэнх хэсэг нь ОХУ-ын уул уурхайн экспорт байна.
БНХАУ-ын Хэйлунцзян муж болон ОХУ-ын Еврейн автономит улсуудын хооронд хийгдэх худалдааны нийт эргэлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.25 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад худалдааны хэмжээ 18.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
ОХУ болон БНХАУ-ын эрх баригчид анх 1995 онд Амур, Уссури мөрнүүд дээгүүр гүүр барих гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч бүтээн байгуулалтын ажил 12 жилийн турш огт хийгдээгүй юм. Харин 2007 онд ОХУ-ын тал хоёр их гүрний хооронд хийгдэх ачаа тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагаас шалтгаалан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх санаачилгыг тавьсан. Улмаар 2013 онд хоёр улсын Зам тээврийн сайд нар бүтээн байгуулалтын ерөнхий гэрээнд гарын үсэг зурж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд БНХАУ-д айлчлах үеэр албан ёсоор ажил хэрэг болох эхлэх нь тавигдсан түүхтэй.  
Үүний дараа 2014 оны есдүгээр сард төслийг хэрэгжүүлэх хоёр улсын хамтарсан компани байгуулагдаж, Оросын талаас бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Харин Хятадын талаас бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлж, 2019 оны гуравдугаар сард гүүрийн холболт хийгдэж дууссан.  
Уг төмөр зам нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах, хил дамнасан тээврийн дэд бүтцүүдийг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжиж буй төмөр замын төслийн томоохон хэсэг юм. Уг төслийн хүрээнд ОХУ-ын Забайкальский мужийн Чит хотыг БНХАУ-ын ӨМӨЗО-той холбох Транс-Сибирийн төмөр замын өргөтгөл болон Монгол Улсын Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтууд өрнөж байна.
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өнгөрсөн арванхоёрдугаар сард гурван улсын төмөр замын төслүүд хэрэгжиж дууссанаар Хятад рүү тээвэрлэх Монгол, Оросын нүүрсний тээвэрлэлтийн хэмжээ эрс өснө гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: Sputniknews, Global Times
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн