Мэргэжлээ зөв сонгож, карьераа төлөвлөх нь хэн бүхний өмнө тулгарах асуудал. Учир нь мэргэжил сонголт гэдэг таны амьдралын ирээдүйн баталгаа юм. Иймд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй сурагчдадаа, мөн өөрийн сонгосон мэргэжилдээ эргэлзэн буй хүн бүрд дараах зөвлөгөөг хүргэж байна.
Ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй хүүхдийн эцэг эх нь хүүхдээ юунд сонирхолтой, ямар зан төрхтэй гэх мэтээр таньж мэдэх нь чухал. Гэхдээ үүнээс илүү тухайн хүүхэд өөрөө өөрийгөө таньж мэдэх нь хамгийн гол асуудал юм. Өөрийн юунд дуртай, юу хийж чадах, юу сонирхдог зэрэг өөрт хамгийн ойр байгаа шинжээ ажиглан харах хэрэгтэй. Мөн өөрийн зан төлөвөө тодорхойлоорой.
Өөрийн дотоод сэтгэлээ сонсож, ирээдүйд хэн болох, хэнд үйлчилж, хэрхэн амьдрахаа сайтар тунгааж ирээдүйн амьдралынхаа зорилгыг тодорхой болгох хэрэгтэй.
Хүн ажлынхаа цалингийн хэмжээнд анхаарч ажиллахаас илүү өөрийн сонирхолтой, хүссэн ажлаа хийх нь илүү амжилтад хүргэдэг. Ер нь аз жаргал бол мэргэжлээ зөв сонгосонтой холбоотой байдаг. Тиймээс тухайн мэргэжилдээ эзэн нь болж, тууштай ажиллаж чадах эсэхдээ анхаар. Тухайн мэргэжлийг эзэмшээ хэн болох, ямар нөхцөл байдалд, хэр хугацаанд, хэрхэн ажиллах, зэргээр мэргэжлээ нарийн судлах хэрэгтэй. Боломжтой бол сонирхож буй мэргэжлийнхээ орчинтой танилц.
Мэргэжлээ солиод байвал төөрөгдөлд орно. Харин зөв сонголт хийснээр суралцах хугацаанд асуудал гардаггүй. Иймд мэргэжлээ сонгохын тулд шийдвэр гаргахад бодитоор тусалж чадах хүмүүстэй ярилцаарай. Гэхдээ эцэг эх, хүүхэдтэйгээ ярилцахдаа аль нэг мэргэжлийг тулган шаардаж болохгүйг анхаарах хэрэгтэй. Ингээд мэргэжлээ сонгосны дараа сургуулиа сонгох нь зүйтэй.
Нэмэлт: Эцэг эхчүүдийн анхаарах зүйл
Эцэг эхчүүд хүүхдээ төгсөх анги хүртэл нь мэргэжлээ сонгох хараахан болоогүй гэж хардаг түгээмэл дутагдал бий. Хүүхдээ дунд ангиас нь хүүхдээ дуртай чиглэлээр нь илүү хөгжүүлж, ажил мэргэжлийн сонирхлыг тодорхойлох тестэд хамруулах, хүүхэдтэйгээ ярилцах зэрэг арга хэмжээ авч, эртнээс хэрэгжүүлэх хэрэгтэй. Өсвөр насны хүүхэд өөрийгөө бүрэн тодорхойлох болоогүй байдаг. Үүнд эцэг эхчүүд болон, багш, карьер зөвлөхийн зөвлөгөө тусламж зайлшгүй шаардлагатай байна.