Open iToim app
Өнөөдрөөс нэмэгдэж буй татварууд
Эдийн засаг | 3 мин уншина

Өнөөдрөөс нэмэгдэж буй татварууд

Нийтэлсэн 2017 оны 12 сарын 31
Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хавар долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон. Үүнээс дөрөв нь 2017 онд хэрэгжиж эхэлсэн бол үлдсэн гурав  нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс нэмэгдэж байна. Үүнээс гадна 2018 оны улсын төсөвт газар болон лицензийн татварыг нэмэгдүүлэхээр болсон юм. Ингээд өнөөдрөөс нэмэгдэж буй татваруудыг дахин сануулъя.
1. Архи, тамхины онцгой албан татвар нэмэгдэнэ
Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар, 2019 оноос 5 хувиар, 2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ. /Хүснэгтээс дэргэрэнгүй харна уу/ Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалын татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх тооцоог хийжээ.
undefined
2. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно
Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулахаар хуульчилсан. Тодруулбал, сарын 1.5 сая хүртэл орлоготой иргэд 10 хувь,  1.5 саяас дээш орлоготой бол 15 хувь, 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь, 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлөх юм. Иргэд орлогоосоо хамаарч 10-25 хувийн татвар төлнө гэсэн үг. Өмнө нь нийтээрээ 10 хувийн татвар төлдөг байлаа. Тэгэхээр зарим хүний хувьд цалингаасаа төлдөг хувь хүний орлогын албан татвар нь 2-3 дахин нэмэгдсэн гэсэн үг. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосноор 2018 онд 88 тэрбум төгрөг, 2019 онд 84 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх хуулийг баталсан. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр сарын 1.8 сая төгрөгийн цалин болон түүнтэй адилтгах орлоготой иргэдийн татварын ачаалал буурах бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэд татвар төлөхгүй юм байна.
undefined
3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг хувиар нэмэгдэнэ. Одоо ажилтан 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тус бүр нэг хувиар нэмэгдэж 11 хувийн татвар төлдөг болно. Түүнчлэн, НДШ-ийг 2019 онд 0.5, 2020 онд нэг хувиар тус тус нэмнэ.
4. Лиценз борлуулбал зарсан хувьтай нь дүйцэхүйц татвар ногдуулна
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ашигт малтмалын лицензийг гуравдагч этгээдэд худалдаалбал худалдсан хувьтай нь дүйцэхүйц татвар ногдуулахаар болсон. Тухайлбал, тухайн уул уурхайн лицензийн хамгийн том хувьцаа  эзэмшигч өөрийн  лицензээ шилжүүлсэн тохиолдолд шилжсэн хувьтай тэнцэх хэмжээгээр татвар ногдуулна. Тухайн компани шилжилт хөдөлгөөн хийхэд лицензийн нийт дүнгээс татвар авахгүй. Харин хамгийн том хувьцаа эзэмшигчийн эзэмшиж буй хувьцаанд 30 хувийн татвар авах заалттай юм байна. Тухайлбал, 20 хувийн лиценз эзэмшиж байгаад худалдаалах юм бол лицензийн үнэлгээний зөвхөн 20 хувь дээр татвар ногдуулна. Уг татварыг гаднын томоохон хөрөнгө оруулагчид нэлээд эсэргүүцэж байгаа аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн