Нийгмийн өндөр идэвх, хичээл зүтгэлээр үеийнхнээ манлайлж яваа нэгнийг бид энэ удаа онцолж байна. Тэр бол “Ахиллис” олон улсын байгууллагын сайн дурын ажлын зохион байгуулагч, сайн дурын ажилтан, “Unread growth” программын оролцогч, Shoppy.mn онлайн худалдааны төвийн үйл ажиллагааг хариуцдаг, “Wishes” сайн дурын клубийг үүсгэн байгуулагч Э.Анужин юм. Тэрээр 19 настай, хоёр жилийн турш сайн дурын ажил идэвхтэй хийн, 30 гаруй сайн дурын ажлыг хариуцан зохион байгуулалтад, 15000 гаруй хүнд тусалжээ.
-Юуны түрүүнд ярилцах саналыг маань хүлээн авсанд баярлалаа. Одоо сурах гэж байгаа сургууль болон ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Би “Оном” сургуулийг төгссөн. Есдүгээр сарын сүүлээр Герман явах гээд бэлдэж байна. Нэг жил “Unread growth” хөтөлбөрөөр суралцаж байгаа учраас, тэнд очоод эхний жилээ ажлаад, хэлний бэлтгэлд сууна. Тэгээд ажилласан жилээ хоёр болгохын тулд эхний жилдээ тэндээ очоод “gap year” буюу нэг жил өнжин суралцана. Дараа жил их сургуулиа сонгоод, Германд очиж дөрвөн жил сурна. Германд бол үлдэхгүй. Эргэж ирээд Монголдоо их гоё шинэлэг зүйлүүдийг хийнэ. Өөрийн гэсэн бүх зүйлийг бүтээнэ. Одоо хүмүүс намайг мэргэжлээ сонгосон уу гэж их асууж байгаа. Хариулт болгоод Олон улсын харилцаа гэж хэлж байгаа. Тэхдээ би математикаар гүнзгийрнэ. Шинжлэх ухааныг их сонирхдог, тэр тал руугаа суралцана. Эхлээд математикаа гүйцэт, төгс болгочихвол физик, химийн салбар руу орно. Тэгээд шинэ шинэ нээлтүүд хийнэ.
-Хэзээнээс, яагаад сайн дурын ажил хийж эхэлсэн бэ. Хамгийн анх хийж байсан сайн дурын ажил нь юу байв?
-Сайн дурын ажлыг 2017 оноос хойш тасралтгүй хоёр жил зохион байгуулсан. Хамгийн анх 2015 онд есдүгээр ангид байхдаа “Нэг чихрийг нэг хогоор” гээд зургадугаар сарын нэгэнд болдог үйл ажиллагаанд сайн дурын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тэрнээс эхлээд сайн дурын ажил хийж байх хэрэгтэй юм байна гэсэн хүсэл эрмэлзэлтэй болж байлаа. Сайн дурын ажил хийх болсон шалтгаан гэвэл би анх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс их айдаг байлаа. Хажуугаар нь хүртэл тойрч гардаг тийм муухай хүүхэд байсан. Адилхан хүн байж тэгж болохгүй гэдгийг сайн дурын ажил хийснээрээ ойлгосон. Тэгээд анх “Ахиллис”-ын сайн дурын гишүүн шалгаруулж авна гэсэн анкетыг facebook-ээс олж хараад бүртгүүлж байв. “Ахиллис”-д элсэж ороод хамгийн анхны хийж байсан сайн дурын ажил гадаа гудамжинд сууж байгаа хүмүүст бээлий, оймс гээд аль болох дулаахан зүйлүүдийг бэлэглэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй тулаад харьцаад эхэлбэл, айх биш харин ч хайрламаар хүмүүс. Хамгийн анх хараагүй хүүхдүүдтэй ажиллаж байсан юм. Тэндээс асар их зүйлийг ойлгосон. Бусадтай яаж нийтэч харьцах вэ, бусдыг хүндэлвэл би өөрөө хүндлэлийг олж авах юм байна, асуудал гарвал эерэгээр хэрхэн зохицуулах вэ гэх мэт. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт ажиллаад эхэлсэн чинь миний айдас байхгүй болсон. Тэнд л сайн дурын ажил хийх нь ямар гоё юм бэ гэсэн мэдрэмж төрсөн.
-Нийтдээ хэчнээн сайн дурын ажил зохион байгуулж байв?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд 30 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, 15000 орчим хүнийг хамруулжээ. Нэг сайн дурын ажил зохион байгууллаа гэхэд хамгийн багадаа 500 хүн оролцдог. Сайн дурын байгууллагын хувьд “achillis”, “unread”, “wishes” гээд гурван газарт харьяалагддаг. Мөн "Эмнести интерншл" олон улсын сайн дурын байгууллагад байсан. "Эмнести" мэдлэгийн төвшин нэлээд дээшлүүлэх ач холбогдолтой. Гэвч ачаалалтай байсан болохоор нэгийг нь зайлшгүй орхисон. Одоо энэ гурав дээрээ төвлөрч ажиллаж байна.
-Wishes гэх сайн дурын клубийг яагаад үүсгэн байгуулах болов?
-Гол зорилго нь сайн дурын ажил хийдэг хүүхдүүдийг нийгэмд зөвөөр ойлгуулах юм. Заавал олон улс руу сургуульд явах гээд сайн дурын ажил хийдэг юм биш. Бас ямар нэгэн тэтгэлэгт хамрагдах материал бүрдүүлэх гэж, илүү их тодорхойлолт, сертификат цуглуулах гэх мэтийн зорилготой сайн дурын ажил хийдэггүй хүүхдүүд олон. Тиймээс тэдний байр суурийг хамгаалж, нийгэмд гэгээлгээр ойлгуулах зорилготой клуб юм. Хамгийн эхний үйл ажиллагаагаар “Ахиллис”-тай сайн дурын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа “Итгэл, найдвар, боломж” гэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд марафон гүйлтийг зохион байгуулсан. Цаашид ч энэ марафоныг тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Хэлний мэдлэгийн хувьд чамгүй төвшин өндөр байх. Ямар ямар хэлтэй вэ?
-Англи хэл ахисан дунд, Солонгос хэлний анхан шаттай. Одоо Герман хэл сураад явж байна. Герман хэлний А1 төвшинтэй, А2 үзэж эхэлж байгаа. Өнгөрсөн жил “Lines” гэх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг олон улсын байгууллагын сурагч солилцооны хөтөлбөрт тэнцсэн. Тэгээд англи хэлний шалгалт өгөөд 30 хувийн тэтгэлэг аваад, Америкт оччихоод ирсэн. Америкт суралцаад англи хэл нэлээд гайгүй болсон. Энд англи хэлний дуудлагыг буруу сурсан байсан. Богино хугацаанд ч гэсэн гадагшаа гараад үзвэл хүний тархи сэтгэлгээ нэлээд өөрчлөгддөг юм билээ.
-Сайн дурын ажил хийх амьдралд нь хэр их нөлөөлсөн бэ. Сайн дурын ажлын хийхийн давуу тал юу гэж боддог вэ?
-Сайн дурын ажил хийсэн нь миний амьдралд маш том боломжийг бий болгож, надад олон зүйлийг өгч, намайг үнэхээр өөрчилсөн. Дахиад хэлэхэд, “Ахиллис”-т ажилласнаар би ямар нэгэн мөнгө төгрөг авахгүй хэдий ч мөнгөөр үнэлэгдэх боломжгүй олон зүйлийг мэдэж авсан. Жишээлбэл, биеэ даах чадвар төгс болсон, бусадтай маш эвсэг сайхан харьцдаг болсон. Мөн олон хүн таньдаг болсон гээд “их” гэдэг үг багадахаар хэмжээний зүйлийг сурч мэдсэн. Ер нь сайн дурын ажил хийснээр хүнтэй маш сайхан харьцаж сурдаг. Харьцаж сурснаараа ямар олон төрлийн хүмүүс байдаг вэ, надаас ямар өөр орчинд өссөн хүмүүс, түүгээрээ юу ярьж байна вэ гэдгийг сонсдог, мэддэг болдог. Мөн хүнийг их хүндэлдэг болно. Тэхдээ ямар нэгэн жүжиглэлтгүй, чин сэтгэлээсээ хүндэтгэн харьцана. Багаар ажиллах чадвар ч сайжирч, зөв хүрээлэлтэй болдог. Би нэг зүйлийг баттай хэлж чадна. Тэр нь сайн дурын ажил хэзээ ч муу зүйл авчрахгүй. Харин ч хөгжил, дэвшил авчирна. Яг амжилт гаргая гэвэл сайн дурын ажил чамайг нэг биш нэлээн хэдэн шат ахиулах зүйл юм. Өөрийгөө аливаад дайчлах чадвар ч дээшилдэг. Жишээлбэл, би одоо Герман хэл сурч байгаа. Мэдэхгүй зүйл маш их гарч байгаа хэдий ч сайн дурын ажил хийгээд би тууштай болсон. Түүнийхээ ачаар даваад гарч байна.
-Сайн дурын ажил их цаг зав шаарддаг. Заримдаа бүр оройтож хонох, хичээл номоосоо холдох тохиолдол гардаг. Энэ үед гэрийнхэн нь дургүйцэж байсан уу?
-Заримдаа шөнийн нэг, хоёр болж байхад гэртээ орно. Заримдаа бүр хонож ажиллана. Үйл ажиллагаа болох гэж байгаа газраа зохион байгуулалтыг хариуцаад тэр шүү дээ. Хүнд бие биеэндээ итгэх итгэл чухал. Ялангуяа гэр бүлийн хүмүүст энэ бол маш чухал. Ээж, аав маань надад маш их итгэдэг. Би “ийм ажилтай” гээд цаанаа өөр юм хийгээд яваад байсан бол энэ их том асуудал. Ээж аав надад итгэдэг учраас би итгэлийг нь даагаад хариуцлагатай байдаг. Надад итгэж байгаа нь намайг буруу зүйл хийхгүй гэдгийг баталчхаж байгаа хэрэг юм. Аав хаяадаа “Чи арай их ажиллаад, хичээл чинь хаягдаад байна” гэсэн зүйлийг хэлдэг байсан. Тэгээд аав намайг хараад ингэж дүгнэж байна гээд би өөрийнхөө алдааг харна. Хүн аливаа зүйлийн тэнцвэржүүлээд явах нь их чухал. Би ч заримдаа гадуур ажилтай гээд хоногоор явдаг. Ээж, аав орж ирэхээр юу болсон тухай, ажил маань бүтсэн эсэхийг асууна. Тэгээд бүх зүйлээ ярилцана. Ингээд бие биесээ маш сайн ойлгодог. Гэр бүлтэйгээ ярилцах нь миний үеийн хүүхдүүдийн хувьд чухал. Манай аав, ээж нэлээд сайн сонсогч. Тиймээс хайр дурлалын асуудал дээр хүртэл чөлөөтэй ярьдаг.
-Чи дөнгөж 19 настай ч олон байгууллагад харьяалагддаг. Хувийн санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ. Ер нь гэрээсээ мөнгө авдаг уу?
-Сайн дурын байгууллагуудаасаа бол ямар нэгэн цалин хөлс авдаггүй. Угаасаа би мөнгө бодож хийдэггүй. “Shoppy” онлайн худалдаанаасаа гэрээ байгуулаад цалин аваад нийгмийн даатгалын 10 хувиа төлөөд явдаг. Мөн сүлжээний бизнес эрхэлдэг. Түүнээсээ ашиг олдог. Хааяа гэрээсээ автобус, унааны мөнгө авна. Гэхдээ өдрийн од шиг. Сүүлийн нэг жил гэрээсээ мөнгө авах нь багассан. Ах маань оюутан. Энэ жил төгсөнө. Тэгэхээр гэрийнхнийгээ хүндрүүлээд яахав гээд аль болох өөрөө зохицуулахыг хичээдэг.
-Амжилтад хүрэхийн тулд яах хэрэгтэй гэж боддог вэ?
-Хүн бүрт байвал зохих суурь эрдмүүд гэж байдаг. Түүнд тууштай, тэвчээртэй, хүнлэг байх зэрэг ордог. Үүнээс тууштай байх нь хамгийн их чухал гэж ойлгодог. Амжилтад хүрэхийн тулд ерөөсөө хийж эхэлсэн бол дуусгадаг тууштай байдал их хэрэг болох байх. Үгүй бол тухайн зүйл таалагдсан ч гэсэн буцаад шантарна. Мөн ном их унших хэрэгтэй. Би сайн дурын ажил хийхээсээ өмнө ном уншдаггүй байсан. Сайн дурын ажил хийхээр тухайн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс маш их ном уншиж, номоос бүх зүйлийг мэдсэн байдаг. Мөн сэтгэлээсээ ямар нэгэн жүжиглэлт байхгүй ажиллана гэдэг гоё. Жүжиглэлт байна гэдэг зүгээр нэг сертификат авахын төлөө ажиллаж байгаа хэрэг. Дараа нь өөрийнхөө, үнэнээрээ байх амжилтад бас нөлөөлдөг болов уу. Чадахгүй байж чадна гэх биш. Би чадахгүй байна, тиймээс сурмаар байна гэх сэтгэхүйгээр хандаж сурах нь зөв юм шиг санагддаг.