ЭЕШ тун удахгүй болох гэж байгаа ч, мэргэжлээ сонгож чадаагүй хүүхдүүд цөөнгүй байгаа байх. Иймд МУБИС-ийн БоСС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн сэтгэл судлаач, багш, доктор Б.Энхмаатай мэргэжил сонголтын тухай ярилцлаа.
-Ер нь хүүхэд хэдэн настайгаасаа мэргэжил сонгох чадвартай болсон байдаг вэ?
-Америкийн судлаачид Р.Аугер, А.Блэкхарст, К. Уаль нар хүүхэд дөрвөн настайгаасаа эхлэн дүрд тоглон, өсөж том болоод хэн байхыг хүсдэг, яагаад заавал эмч?, яагаад багш?, гэх мэтчилэн ирээдүйн мэргэжлийн чиг баримжаатай холбоотой олон асуудлыг хөндөн ярилцдагийг тэмдэглэсэн нь олонх сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг бага наснаас нь мэргэжлийн ертөнцтэй танилцуулах асуудал нэн чухал гэдгийг зөвлөдөгтэй адил утгатай ойлголт. Аль болох багаас нь мэргэжлийн ертөнцтэй танилцуулах, мэргэжлийн онцлог, хөдөлмөрлөх нөхцөл, ямар чадвартай байж тухайн мэргэжлийн эзэн болж чадах мэдээллийг өгөх нь ирээдүйд оновчтой зөв сонголт хийх, сэтгэл хангалуун амьдрах нэгэн нөхцөл бүрдэнэ.
-Ер нь мэргэжил сонгох, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх зэрэгт шат дараатай, бэлтгэл хийх цагаа төлөвлөх зэрэг суурь хүмүүжил, дадал хэвшил энэ үед чухал мэт?
-Тийм ээ, аливаа сонголтыг хийхэд тухайн хүүхдийн хүмүүжил, төлөвшил хамгийн чухал. МУБИС-иас ЕБС-ийн ахлах ангийнханд зориулсан “Мэргэжил бүхэн сайхан” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөн орон нутгийн суралцагчдад зориулсан сургалтыг багш, эцэг эх, сурагчдад зориулан зохион байгуулж байна. Сургалтын үер ЕБС-ийг төгсөгчдийн 60-70 хувь нь сургуулиа сонгосон байдаг ба тэдний маш цөөхөн нь улсын болон хувийн сургуулийг харьцуулж үзсэний үндсэн дээр хувийн сургуулийг сонгодог нь харагдсан. 9-12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл, эцэг эх, томчуудтай хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцох ажил үр өгөөжтэй байнгын эрэлттэй байна. Иймээс системтэйгээр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг тасралтгүй хийх нь мэргэжилтнүүдийн үүрэг. Тасралтгүй үйл ажиллагааг дэмжих нь тухайн салбарын бодлогын хүрээнд яригдах асуудал. Төгсөх ангийнхан ЭЕШ-ын оноон дээр тулгуурлан сургуулиа сонгодог нь маш том дутагдал бөгөөд ийм сонголт хийснээр мэргэжил буруу сонгосны хор уршгийг амсдаг болов уу. Мэргэжлээ сонгоно гэдэг нь ирээдүйд хэн байх өөрийн хувь заяагаа сонгож байна гэсэн үг. Сонгосон мэргэжил тань танд сэтгэл хангалуун байдал, өөрийн нөөц боломж, ур чадвараа ашиглах, өөрийгөө илэрхийлэх олон сонголтуудыг бий болгоно. Өөрийнхөө бүхий л нөөц боломж, авьяас чадварыг сайтар судалснаар зөв сонголт хийх боломжтой юм.
-Хүүхдүүд ихэвчлэн ахлах ангид ороод мэргэжил сонголтын талаар бодож эхэлдэг. Энэ зөв үү?
-Монголд ахлах ангийн сурагчид хичээл сонголтыг 10 дугаар ангиас эхлэн хийхдээ ирээдүйн мэргэжлийн талаар ярилцаж эхэлдэг. Энэ нь манай улсад системтэйгээр боловсон хүчин бэлтгэх асуудал бодлогын түвшинд алдагдсантай холбоотой. Мэргэжлийн чиг баримжаа нь нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбарыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт билээ. Мэргэжлийн баримжаа олгох ажил нь мэргэжлээ оновчтой сонгох болон ажил, мэргэжлийн ертөнцтэй танилцаж, танин мэдэхэд туслалцаа үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, аргазүйн тогтолцоо юм. Мэргэжлийн баримжаа олгох ажлын ач холбогдол жил ирэх тусам өсөн нэмэгдэж, нэгэн үе “орхигдоод” байсан мэргэжлийн чиг баримжаа олгох, сурагчдын авьяас сонирхлыг нээн илрүүлэх, хөгжүүлэх асуудал бодлогын хэмжээнд яригдан, хэрэгжиж байна.
Сэтгүүл, сайт дэх сонжоо бөглөн мэргэжлээ сонгох хэрэггүй
-Хүүхдээ зөв мэргэжил сонгохын тулд эцэг, эхчүүд юу хийх хэрэгтэй бол?
-14 наснаас эхлэн сурагчид ирээдүйн мэргэжлийн сонголтоо эцэг эхтэйгээ ярилцаж эхэлдэг. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ ажил мэргэжил, хичээл сонголтын талаар ярилцах, багш болон сургуулийн сэтгэл судлаачтай зөвлөлдөх шаардлагатай. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ ямар ч асуудлаар нээлттэй ярилцах нь хамгийн чухал. Ингэж чадсанаараа хүүхдийн ирээдүйн сонголтод эерэг нөлөө үзүүлэхээс гадна асуудлыг олон талаас нь харьцуулан дүгнэх боломж олгодог. Хүүхэд мэргэжлээ өөрөө л сонгох ёстой. Иймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ орчин үед хамгийн эрэлттэй ямар мэргэжил байгаа болон төрөл бүрийн мэргэжлийн онцлогуудын тухай ярилцах. Сэтгүүл, сайт дээрх сонжоо бөглөн сонголт хийхгүй байхыг хүүхэдтэйгээ зөвлөлдөх, мэргэжлээ буруу сонгосон хүмүүсийн бодит жишээг тайлбарлан дүгнэлт хийх, дипломтой болохын төлөө цаг алдаж байснаас өөртөө тохирох мэргэжлийг сонгох, дуртай зүйлээ хийхэд цаг зарцуулах нь хавьгүй илүү болохыг таниулах хэрэгтэй.
-Харин хүүхдүүд хэзээнээс юунд бэлдэх хэрэгтэй бол?
-Хүүхдүүд 14-15 наснаас хойш өөрийнхөө хэн болох, юу хийх дуртай, юуг хийх дургүйгээ мэдэж өөрийгөө таних хэрэгтэй тэр чинээгээр мэргэжил сонгоход дөхөм болно. Мэргэжлээ сонгохдоо насан туршийн сонголт гэж андуурахгүй, өөрийн боломж чадвараа бодитойгоор үнэлж; мэргэжлийн үйл ажиллагааны агуулга, ажлын нөхцөл, тавигдах шаардлагыг сайтар судлан, найз нөхдөө дуурайлгүй; эцэг эхийн тулган шаардалт, удам дамжсан мэргэжлийг сонгохгүй; мэргэжлийн нөөц хувилбартай, элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд тулгуурлан мэргэжил, сургуулийн нэр хүндэд түшиглэж сонголт хийлгүй; мэргэжил, мэргэжил сонголтын талаарх мэдлэгтэй, сонирхлоо олж тогтоон, өөрийгөө таних, мэргэжлийн талаар эрэл хайгуул хийх, тохирох мэргэжлийн чиглэлээ тодорхойлох шаардлагатай. Мөн насанд хүрэгчдээс өөрийн сонирхсон асуултын хүрээнд мэдээллийг авч чаддаг байх.
Эцэг, эхчүүд ЭЕШ-д бэлдэж буй хүүхдээ ганцаардуулахгүй байж, зан байдлыг нь ажиглаж байх хэрэгтэй
-12 дугаар ангийн хүүхдүүд ачаалал ихтэй байдаг. Сэтгэл зүйн хувьд хямрал, гутралд орох магадлал бий юу?
-12 дугаар ангийн хүүхдэд ЭЕШ гэдэг бол том айдас. Хүн болгон сургууль төгсөхийг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг учраас хүүхдийг төөрөгдөлд оруулах, тэр байтугай сэтгэл гутралд орохыг ч үгүйсгэхгүй. Учир нь өсвөр насныхан сэтгэл зүйн хувьд тогтворгүй, зан үйл нь хувирамтгай, эцэг эх, үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа хандлага нь өөрчлөмтгий байдаг. Иймээс хүүхдэд бий болсон сэтгэл гутралыг анзаарахгүй өнгөрөх нь элбэг. Өсвөр насны хүүхэд дотны хүнээ өөд болох, хүндээр өвчлөх, хамт амьдрахаа болих, хол явах, эцэг эхээсээ тусдаа амьдрах, эцэг, эхийн зүй бус харилцаанаас шалтгаалан сэтгэл гутралд орох магадлалтай. Мөн хүүхдэд анхаарал хандуулахгүй байх, муу үнэлгээ авах, уйтгарлах, сэтгэлээр унах, хэвийн биш үйлдэл хийх зэрэг нь сэтгэл гутрал үүсэх шинж тэмдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймээс эцэг эхчүүд хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөн, зан үйлийг сайтар ажиглаж аль болох ганцаардуулахгүй ямар ч тохиолдолд чамд туслах үнэнч хүмүүс байгааг ойлгуулах, үйл үйлдлээрээ харуулах нь тэдний үүрэг юм. Хэрвээ таны тусламж хүүхдийн сэтгэл санааны хэвийн байдлыг хангаж чадахгүй бол мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй.
-Ер нь мэргэжлээ буруу сонгох нь ирээдүйд ямар нөлөө үзүүлэх бол?
-Сурагчид сонгосон мэргэжил болон өөрийгөө бүрэн таньж мэдээгүйгээс болж буруу сонголт хийдэг. Мөн найз нөхөд, томчуудын нөлөөгөөр буруу сонголт хийх нь элбэг. Сонголт хийж чадахгүй байна гэдэг нь нийгэмд эзлэх өөрийн байр сууриа олох, өөрийн хэн гэдгээ танихад хүндрэлтэй, бие даасан шийдвэр гаргах чадваргүй болох магадлалтай. Түүнчлэн хүсээгүй мэргэжлээрээ суралцаад их дээд сургууль төгслөө гэж бодоход гүйцэтгэж буй ажлаасаа урам зориг, эрч хүчийг авч чадахгүй, байнгын дарамт шахалт, ажлаас халшрах хам шинжтэй болох нь бий. Иймээс сурагчид хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа үнэ цэнээ хэдэн жилдээ алдахгүй байж болох мэргэжлийн тухай мэдээллийг байнга эрэн хайж, өөрийн хувийн сонирхол, хүсэл мөрөөдөл, хэрэгцээ, боломж, чадвар, эрүүл мэндийн байдалдаа тохируулан ирээдүйн мэргэжлээ сонгоосой хэмээн хүсч байна.