Сонгуулийн ерөнхий хорооноос 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилж улсын хэмжээнд 59.35 хувийн ирцтэй өндөрлөсөн. Ингээд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхийн санал буюу нийт хүчинтэй саналын 67.7 хувь буюу 823 мянга гаруй иргэний саналыг авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Ингэснээр тэрээр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгуулийн дүнг автомат машинаар тоолохоос гадна хяналтын тооллогыг 100 хувь хийхээр тусгасан. Өчигдөр 22.00 цаг өнгөрөөгөөд автоматжуулсан системээр дүнгээ дамжуулаад араас нь бүх хэсгийн хороод саналын хуудсыг гараар тоолж дууслаа. Урьдчилсан байдлаар бүх дүнг танилцуулъя.
Улсын хэмжээнд санал авах 2087 хэсгийн хороо ажилласан. Нэмээд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг авч өчигдөр орой 22.00 цагаас хойш тоолсон. Гар тооллого хийхэд зөрсөн хэсгийн хороо байхгүй.
Санал хураах байранд 1.216.246 иргэн саналаа өгсөн байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн 59.35 хувийн ирцтэй байлаа.
-МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 823326 сонгогчийн саналыг авч, 67.76 хувийн дэмжлэг авсан байна.
-АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72832 сонгогчийн санал авч, 5.99 хувийн дэмжлэг авсан байна.
-ЗХЭЭ-ээс нэр дэвшсэн Д.Энхбат 246968 сонгогчийн санал авч 20.33 хувийн дэмжлэг авсан байна.
-Цагаан сонголтыг 71937 иргэн буюу нийт саналын 5.92 хувийг эзэлж байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад ирцийн хувьд ялгүй бага байна.
2087 хэсгийн хороонд 18146 төрийн албан хаагч ажилласан. Нийт 21395 төрийн албан хаагч ажиллаж, албан үүргээ сайн биелүүллээ.