АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама улс төрөөс зодог тайлсныхаа дараа гэргий Мишель Обамагийн хамтаар кино салбарт хөл тавьсан. Улмаар тэд 2018 онд “Higher Ground” продакшныг үүсгэн байгуулж, анхны бүтээл болох “American Factory” баримтат киногоор “Oscar”-ын наадмын “Шилдэг баримтат кино” шагналыг хүртсэн.
Мөн Барак Обама өөрийн намтар ном болох “The Audacity of Hope” болон “A Promised Land” гэх хоёр номын аудио хувилбараар “Grammy” шагналыг хүртэж байв.
Тэгвэл Барак Обама бямба гаригт “Our Great National Parks” цуврал баримтат киногоороо “Emmy Awards”-ын “Шилдэг өгүүлэгч” шагналыг хүртлээ. Тэрээр уг шагналд домогт сагсан бөмбөгч Карим Абдул-Жаббар болон “Oscar”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагналт Лупита Нионго нартай өрсөлдөж, ялалт байгуулсан юм. Ингэснээр Барак Обама “Emmy Awards” хүртсэн АНУ-ын түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Өмнө нь, АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч Дуайт Д.Эйзенхауэр 1956 онд “Emmy Awards”-ын тусгай шагналыг хүртэж байжээ.
Нийт таван анги бүхий “Our Great National Parks” цувралд дэлхийн өнцөг булан бүрт буй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг өгүүлдэг бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Netflix”-ээр цацагдаж эхэлсэн. Барак Обама уг баримтат цувралд продюсероор ажилласан бөгөөд өөрөө “Narrator” буюу өгүүлэгч хийсэн юм.
Түүнчлэн Барак Обама энэхүү шагналыг хүртснээр “Oscar”, “Grammy” болон “Emmy” наадмаас шагнал хүртсэн түүхэн дэх 17 дахь хүн болж байна.