Open iToim app
Парламент | 2 мин уншина

Х.Нямбаатар: Гадаадын иргэн харьяатын газар хөрөнгө оруулагч биш вьетнамуудад виз олгосон байна

Х.Нямбаатар: Гадаадын иргэн харьяатын газар хөрөнгө оруулагч биш вьетнамуудад виз олгосон байна
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 23
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монгол улсад орж ирж байгаа гадаадын иргэдийн визний хугацаа дуусч байгаа. Ер нь гадаад иргэд орж ирээд ямархуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг хянадаг хяналт Монголд байна уу. Энэ нөхдүүд чинь дураараа л аашлах юм байна ш дээ. Улаанбаатар хотод хэд хэдэн China Town, Korea Town  байх шиг байна шүү. Тэр рүүгээ Монголчуудыг оруулдаггүй, өөрсдийнхөө дураар  амьдардаг орчныг бүрдүүлсэн байна. Тэнд нь хар тамхи, хүн худалдаалах гэмт хэрэг гээд хамаг болж бүтэхгүй зүйл  явж байна. 100 айлд юу болж байгааг харж байгаа юу. Гадаадууд хэд хэдэн гудамжаар авчихсан юм биш үү. Тэнд монгол хүн амьдарч байгаа юу. Монгол Улсад гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгийн бизнес хийж, хэд хэдэн байраар нь худалдан аваад Монголчуудад түрээслүүлж байна. Банкууд дээр байгаа томоохон хадгаламжууд монгол хүний нэр дээр боловч гаднынхны мөнгө байна. Монголд хуулиар ёсоор амьдарч байгаа иргэдийн асуудал тусдаа шүү. Харин хууль бусаар амьдарч, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэд дээр тавьж байгаа төрийн хяналт гэж байна уу?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Визний хугацаа дууссан гадаад иргэдийн талаар бүртгэл байдаг юм уу, энийг яаж шүүдэг юм бэ гэж байна. Яг үнэнийг хэлэхэд одоогийн манай программ шаардлага хангахгүй байгаа. Өөрөөр хэлбэл хугацаа дуусмагч сигнал асдаг программ байхгүй. Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газрын дундын мэдээлэл солилцдог программ байгаа. Үүнийг нэг бүрчлэн гар ажиллагаа хийж байж хүмүүсийн визний хугацаа хэтрэлтийг шүүж гаргадаг. Сая энэ ажлыг зохион байгуулсан. Маш олон гадаадын иргэн хугацаа хэтэрсэн визний зөрчилтэй байсан. Одоо албадан гаргах ажиллагаа хийгдэнэ, тодорхой хязгаарлалтад оруулсан. Арав гаруй жил Монгол Улсад амьдарсан хэрнээ огт цалин авдаггүй, байгууллагын жижүүр манаач хийж байсан  хүмүүсийг илрүүлсэн. Энэ хүмүүсийг албадан гаргана. Дээр нь манай Гадаадын иргэн харьяатын газарт их учир байна.  Вьетнамын зарим иргэнд хөрөнгө оруулагчийн виз олгосон байна. Харваас хөрөнгө оруулагч биш хүмүүст виз олгосон. Энэ хүмүүст албаны шалгалт явуулж, улсад учруулсан хохирлын  хэмжээг шалгуулахаар АТГ болон бусад байгууллагад хандсан.
Цаашид энэ хууль батлагдсанаар гадаадын иргэдэд аль болох визийг хөнгөлөлттэй шуурхай өгнө. Нөгөө талаас гаднынханд хэт их энгэрээ задгайлсан байдлаар хандахгүй. Нэгдсэн бүртгэлийн системтэй болох учраас байгууллагууд өөр хоорондоо мэдэгдэхгүй виз олгодог зүйлийг арилгаж, нэг цонхны үйлчилгээнд шилжинэ.
-Улсын бүртгэлийн газрын дарга Баасандорж: Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар гаднын иргэн Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь нээлттэй.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн