Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Н.Цолмон: Хоолны шингэц муудах нь зөвхөн ходоодных биш байдаг

Н.Цолмон: Хоолны шингэц муудах нь зөвхөн ходоодных биш байдаг
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 30
“Ходоодны хорт хавдрын оношилгоо” сэдвээр Гранд мед эмнэлгийн дурангийн эмч Н.Цолмонгийн зөвлөгөөг хүргэж байна.
-Манай улсын хүн амын нас баралтад ямар хавдар нөлөөлж байна вэ. Хавдар яагаад үүсдэг вэ? 
-Манай улсын хувьд хүн амын нас баралтын шалтгааны нэгдүгээрт элэгний хавдар, хоёрдугаарт нь хоол боловсруулах замын хавдар өндөр байна. Хавдрын талаар хүмүүс ойлгохдоо хавдар туссан л бол ямар ч найдлагагүй, эмчилгээ байхгүй, эмчилгээ хийлээ гээд үр дүн багатай гэж буруу ойлгодог. Хэрвээ хавдрыг эхний шатанд нь оношилж, эмчлүүлбэл аюултай эрсдэлд орохгүй байх боломжтой гэдгийг хэлмээр байна. Хоол боловсруулах замын эрхтний эс нь замбараагүй ургаснаар хавдар үүсгэдэг гэж хэлж болно. Гэхдээ хавдар үүсгэдэг нарийн шалтгаан нь тодорхойгүй байдаг. Харин хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлийн тухайд маш олон янз байдаг. Жишээ нь, хоол, эмийн хэрэглээ, удамшлын хүчин зүйлүүд нөлөөлдөг. Ходоодны хавдрын тухайд хеликобактерийн нөлөөгөөр үүсэх нөхцөл өндөр гэдэг нь нэлээн сайн судлагдсан.
-Ходоодны хавдрын тухайд илрэх өвөрмөц шинж чанарт нь юу байдаг вэ?
-Ходоодны хавдар нь эхний үедээ ямар нэгэн шинж чанар илэрдэггүй. Харин хожуу буюу гурав дөрөвдүгээр үедээ өвөрмөц шинж чанар илэрдэг. Үүнд нь шалтгаан тодорхойгүйгээр цус багадах, ядрах, биеийн жин буурах гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
-Ходоодны хавдар бүрэн эдгэрэх боломжтой юу?
-Манай улсын хүн амын ходоодны хавдар оношлогдож байгаа байдал нь хожуу үе буюу гурав, дөрөвдүгээр шатандаа ихэвчлэн байна. Ингэж оношлогдохоор эдгэрэх магадлал тааруухан байдаг. Харин бусад эрхтэндээ үсэрхийлээгүй эхэн үедээ оношлогдвол маш сайн тул эдгэрэх боломжтой. 
-Хоол боловсруулах эрхтний хавдрын эмгэгийг илрүүлэхдээ яах вэ?
-Хавдар илрүүлэх үндсэн болон дагалдах шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай. Үүнд нь цусны шинжилгээ, ходоодны дурангийн шинжилгээ зэрэг орно. Ходоод гэдэсний дуранд 40 наснаас эхлээд жилдээ нэг удаа, бүдүүн гэдэсний дуранд 50 наснаас эхлэн жил болгон хамрагдах ёстой. Хэрвээ гэр бүлийн хүмүүсээс ходоод гэдэсний буюу бусад хавдраар өвчилсөн л бол заавал шинжилгээнд хамрагдах шаардлагатай байдаг. Үнэхээр л өөртөө хайртай, хавдраас урьдчилан сэргийлэх гэж л байгаа бол иргэд хоол боловсруулах эрхтний дурангийн шинжилгээнд жил болгон хамрагдаад явах хэрэгтэй. 
-Мэдээж хэрэг ходоодны хавдар зөв хооллолттой салшгүй холбоотой байх. Та хооллолтын тухайд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тийм ээ. Махан хоолыг багасгаад, ногоо цагааг түлхүү хэрэглэж, давсны хэрэглээг багасгах шаардлагатай. Боломжтой бол 19 цагаас хойш махан хоолоо хязгаарлах хэрэгтэй. Мөн амьтны гаралтай өөх тосыг хязгаарлаад ургамлын гаралтай өөх тосыг хүнсэндээ хэрэглэж заншаарай. Хамгийн тод анхааруулмаар байгаа зүйл бол өглөөд өлөн гарч хэзээ ч болохгүй гэж зөвлөх байна. Сүүлийн үед таргалалттай холбоотойгоор хавдар ихсэж байна гэсэн судалгаа байгаа. Сая 2015-2016 онд АНУ-д 630 мянган биеийн жингийн илүүдэлтэй, таргалалттай хүмүүст судалгаа хийгээд үзэхэд хавдрын үүсэх эрсдэл долоо дахин их байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр биеийн жингээ барих нь хавдраас урьдчилсан сэргийлэх нэг арга болно.     
-Манайхан ходоод өвдлөө гээд шууд эм уудаг. Энэ нь зөв үү?   
-Үрэвсэл дарах эмийн хувьд ходоодны салстыг цочроож өгдөг. Тийм учраас үрэвслийн эмүүдийг эмчийн өгсөн зааврын дагуу хоол идсэнийхээ дараа хэрэглээрэй. Цээж нь хорсдог, ходоодны шархтай болон сөргөөтэй хүмүүс хоол идсэнийхээ дараа хэвтэхгүй, бариу хувцас өмсөхгүй, хоол идчихээд тонгойж бөхийх дасгал хөдөлгөөн хийхгүй байх шаардлагатай. Мөн хоол шингэхгүй байна гэдэг нь нойр булчирхай, элэг, цөснөөс илэрдэг шинж тэмдэгтэй адилхан учраас оношилгоо хийлгэж байж ходоодноос болоод шингэхгүй байна уу, үгүй юу гэдгийг нь тогтооно. Тэгэхгүй өөрсдөө дур мэдэн хоол шингэхгүй байна гээд хоол шингээх эм хэрэглэж болохгүй. Нэмж хэлэхэд ходоодны хүчил ихтэй хүмүүст өтгөн хаталт явагддаг. Гэхдээ ганц ходоод гэж хэлж болохгүй. Хүн өдөр болгон тогтмол цагт, тогтмол хугацаанд өтгөнөө гаргах хэрэгтэй.     
-Ходоодны шархтай хүмүүс хэрхэн хоолловол сайн бэ?
-Ходоодны эмгэгтэй хүмүүс нэг идэхээрээ хэт идэхгүй, их өлсөхгүй, 2-3 цагийн зайтай чанасан, жигнэсэн цочроогч багатай хоол идэх хэрэгтэй. Мацаг барихдаа оношилгоонд хамрагдчихаад мацаг барих эсэхээ шийдээрэй. Сүүлийн үед хүмүүс ажлын ачаалал, стресстэй, нойр муутай байгаагаас шалтгаалаад ходоодонд нь үйл ажиллагааны өөрчлөлтөд орчихдог. Үүнээс болоод цөс нь ходоод руугаа сөргөөж ордог. Ялангуяа залуучуудад сүүлийн үед энэ нь илэрч байгаа тул болж өгвөл стрессээ тайлж байхыг зөвлөмөөр байна.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн