Open iToim app
Улс төр | 4 мин уншина

Ш.Раднаасэд: 10 гаруй жилийн дараа АТГ-ыг татан буулгах ажиллагаа эхэлж байна

Ш.Раднаасэд: 10 гаруй жилийн дараа АТГ-ыг татан буулгах ажиллагаа эхэлж байна
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 8
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг хуулиар Авлигатай тэмцэх газрын дэд даргын тус газрын дарга нь томилох зохицуулалт хийж байгаа юм байна. Өмнө нь АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгосноор 6 жилийн хугацаанд УИХ томилдог байсан юм. Үүнийг өөрчилж, АТГ-ын дэд даргыг УИХ-аас бус тус газрын дарга нь томилдог байхаар зохицуулалт хийжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариул авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Авлигатай тэмцэх хуульд Ерөнхийлөгч санал болгосноор АТГ-ын даргыг УИХ, дэд даргыг тус газрын дарга нь томилохоор өөрчилж байгаагийн шалтгаан юу вэ.
Ажлын хэсэг: Авлигын эсрэг 2007 оны хуульд өөрчлөлт оруулж байгаа. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор томилно, дэд даргыг нь АТГ-ын дарга томилдог болж өөрчилж байгаа юм. УИХ АТГ-ын дэд даргыг томилдог байхдаа Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаатай байсныг өөрчилж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Маш олон байгууллага дээр эрх мэдлийн сонин байдал байсныг өөрчлөх гэж байгаа юм байна гэж бодож байна. УИХ дээр дарга, дэд даргыг томилохын тулд тохироо хийдэг байдлыг нэг мөр болгох гэж байгаа нь буруу биш байж магадгүй.  Гэхдээ хуульд ТЕГ-ын дэд даргын үүрэг, АТГ-ын дэд даргын үүрэг гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ нь олон толгойтой болгодог байсан. Харин энэ удаад толгойг нь нэг болгож байгаа нь муугуй санаа байж магадгүй. Тагнуулын даргыг Засгийн газар томилдог, дэд даргыг Ерөнхий сайд томилдог ч тэргүүн дэд дарга гэж нэг албан тушаал гаргаад ирсэн. Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга гэсэн асуудал хуульд бичигдсэн зүйл байхгүй шүү.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хууль ямар учиртай вэ. Ардчилсан намын бүлэг энэ хуулийг цаг үеэ олоогүй төсөл гэж үзэж байна. АТГ бол авлигад идэгдээд энэ байгууллагыг байгуулсан. Өнөөдөр бид авлигын индексээр сүүлийн хэдэн жил дандаа ухарч байгаа. Энэ хууль хэлэлцэх үед АТГ-ын дарга нь яагаад байхгүй байна вэ. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулна уу. АТГ-ын дарга нь эрхэлсэн, дэд дарга мөрдөн байцаалтаа хариуцдаг учраас УИХ томилдог. Энэ саналаараа байх нь зөв шүү. Ер нь АТГ-ын даргыг 6 жилээр томилдог, яг бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан дарга бий юу, мөн АТГ-ын дарга УИХ-д ажлаа тайлагнадаг, ер нь тайлагнаж байсан уу.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар: Өнгөрсөн жил Үндсэн хуульд өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ хуульд зааснаар олгож болно гэж заасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа бол нэгдмэл зохион байгуулалттай явах хуулийн зохицуулалттай. Мөрдөн байцаалтаа дарга, гүйцэтгэх ажлыг дэд дарга нь хариуцна гэсэн буруу ойлголттой явж байна. Цаашид бид эрх мэдлийн тэнцвэр дээр тогтож ажиллая л гэж байгаа юм. УИХ дээр нэг зэрэг хоёр хүн томилогдох нь өнгөрсөн жилүүдэд бий болгосон байсныг өөрчилж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: АТГ-ын дэд дарга нь эзэнгүй байгаа. Хурдан эзэнтэй болгох ёстой. Хуучин хуулиар улстөрчдийн томилгоо хоёр талдаа гараад, ажил алба хоёр талцдаг, эрх үүргээ булаацалддаг байсныг нэг болгож, АТГ-ын дарга нь өөрөө үүрэг хариуцлагаа үүрээд явах нь зөв. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа түүнтэй адилтгах зэрэг тогтоохыг хасна гэжээ. Гэхдээ одоогийн эрхэлж байгаа ажлынх нь ажил үүрэг хэвээр хадгалагдана биздээ. Хуулиар эрх үүргийг нь хязгаарлаж байгаа юм биш биздээ. Мөн бүрэн эрх үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэжээ. Хууль батлагдсанаас хойш дэд дарга шинээр томилогдсон өдрөөс эхлэх үү.
Ажлын хэсэг: Ажлын чиг үүрэгтэй холбоотой асуудалд өөрчлөлт орохгүй. Дэд даргыг энэ хууль батлагдаж, төрийн албаны хуулиар хугацаагүй томилогдоно гэсэн үг.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хуучин гэмт хэрэгт холбогдвол, огцрох өргөдөл өгвөл гэх мэт асуудлыг орхигдуулсан байна. АТГ-ын даргын бүрэн эрх дээр дэд даргаа томилох, чөлөөлөх асуудлыг тусгаагүй байна. Үндсэн хуульд заасан гэмт хэрэгтэй тэмцэх бүрэн эрх Засгийн газарт байдаг. АТГ-ыг мөрдөн шалгах чиг үүрэг, соён гэгээрүүлэх чиглэлийг УИХ-ын харъяанд байхаар зохицуулах нь зөв.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:  Монгол Улсын 2005 онд Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Энэ хуулийн төсөл бидний нэгдэн орсон конвенцыг зөрчиж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг нь улс төрийн хүсэл зоригоос хамаардаг. Даргыг нь хэн томилох вэ гэдгийг олон талаас нь ярьж байж 2008 онд хууль нь батлагдсан түүхтэй. 10 гаруй жилийн дараа энэ байгууллагыг татан буулгах ажиллагаа эхэлж байна гэж харж байна. Яагаад гэвэл даргыг хэн, хаанаас томилох вэ гэдэг нь өөрөө энэ байгууллагын тогтолцоотой холбоотой асуудал юм. Хамгийн том асуудал нь энэ. 
Хоёрдугаарт, Монгол Улсын Авлигын индекс гэж зүйл бий. Түүгээр хууль тогтоомж, мэдээллийн ил тод байдал зэрэг олон зүйлийг харж үнэлдэг. Энэ өөрчлөлтийг хийснээр манай индекс дахиад доошоо унах нь. Үүнийг тооцож үзсэн юм болов уу. 
Ер нь Засгийн газрын дэргэд олон мөрдөх алба хэрэггүй. Мөрдөн албыг прокурорт нь өгдөг юм уу эсвэл цагдаатай нийлүүл. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хянадаг, мэдээллийн ил тод байдлын хангадаг, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг байгууллагаа УИХ дэргэдээ авч үлддэг юм уу. Иймэрхүү байдлаар явах ёстой юм болов уу гэж бодож байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн