Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Монголын Засгийн газар 'Рио Тинто'-гийн тавьсан хоёр дахь саналыг сайтар судална гэв

Монголын Засгийн газар 'Рио Тинто'-гийн тавьсан хоёр дахь саналыг сайтар судална гэв
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 26
Монголын Засгийн газар болон Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" группийн хооронд хийж буй яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй арван сар болох гэж байна. Монголын Засгийн газар 2021 оны нэгдүгээр сард “Оюу толгой” төслийн  хөрөнгө оруулагч "Рио Тинто" групптэй хэлэлцээ хийх, төслийг тохирох Ажлын хэсгийг байгуулсан. Гэвч өнгөрсөн арван сарын хугацаанд хоёр талынхан албан ёсоор ширээний ард сууж, үүссэн асуудлаа нээлттэй ярьж, тохиролцсон асуудал алга. Харин өнгөрсөн арван сарын хугацаанд хоёр тал тус тусдаа хэд хэдэн удаа мэдээлэл хийж, захидал "шидэлцэв". 
Монголын Засгийн газрыг төлөөлж буй Ажлын хэсгээс Оюу толгойн гүнийн уурхайн төсөлд хийсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсан. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Монголын Засгийн газраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн шинжээчдийг хөлсөлж, гүнийн уурхайн зардал хэтэрсэн шалтгаан нөхцөлийг судлуулсан. Ингээд наймдугаар сард хөндлөнгийн шинжээчид Монголын Засгийн газар дүгнэлтээ хүргүүлсэн байдаг.
Хөрөнгө оруулагч тал болон Оюу толгой төслийн менежментийн баг бүтээн байгуулалт хойшилж, гүний уурхайн зардал хэтэрсэн шалтгааныг геотехникийн нөхцөл байдлаас үүссэн гэдгийг удаа дараа мэдэгдсэн байсан. Гэтэл дэлхийн нэр хүндтэй шинжээч нар гүний уурхайн санхүүжилт хэтэрсэн болон бүтээн байгуулалт удааширсан нь огт геотехникийн нөхцөл байдлаас үүсээгүй, менежментийн алдаатай үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэснийг танилцуулсан юм.
Хөрөнгө оруулагч "Рио Тинто" болон "Туркойз Хилл ресурс"-ийн зүгээс хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг шууд үгүйсгээгүй бөгөөд үүнээс хойш Засгийн газарт хоёр ч удаа буулт хийж, тодорхой саналуудыг хүргүүлээд байгаа юм. 
Нэг дэх буулт:  2021.08.21
Хөрөнгө оруулагчдын зүгээс өнгөрсөн наймдугаар сарын 21-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн захидалдаа юуны өмнө гүний уурхайн зардал хэтэрсэнд хүлцэл өчиж буйгаа илэрхийлж, дараах гурван саналыг тавьсан байдаг. 
1. Монголын талын 34 хувийн хөрөнгө оруулалтад олгосон зээлийн хүүг бууруулах.
2. Төслөөс Монголын тал ногдол ашиг хүртэж эхлэх хугацааг наашлуулах.
3. Оюутолгойн өнөөгийн татвар болон роялти төлбөрөөс гадна ирэх гурван жилийн хугацаанд “COVID-19” цар тахалтай тэмцэхэд зориулж Монголын Засгийн газарт 350 сая ам.доллар /нэг их наяд гаруй төгрөг/-ын нэмэлт орлого бүрдүүлэх асуудалд хамтран ажиллах зэрэг саналыг тусгасан захидлыг ирүүлсэн юм. 
Хоёр дахь буулт: 2021.10.21
Тэгвэл Оюу толгойн хөрөнгө оруулагчид өчигдөр буюу 2021 оны аравдугаар сарын 21-нд Засгийн газарт дахин захидал ирүүлжээ.  "Рио Тинто"-гоос ирүүлсэн уг захидалд Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газрын өөрийн хувь эзэмшилд ногдох өр зээлийн 70 хувийг чөлөөлх бүхий утга агуулжээ. Тодруулбал, Оюу толгой төслийн анхны хөрөнгө оруулалт болон гүний уурхайн хөрөнгө оруулалтын Монголын Засгийн газарт ногдох нийт зээлийн хэмжээ 2.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх саналыг "Рио Тинто" Монголын Засгийн газарт тавьсан байна. 
Тэгвэл уг саналын талаар Монголын Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн дэд ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо хэвлэлд байр сууриа илэрхийлжээ. 
Тэрээр ""Рио Тинто"-гоос дахин санал ирсэн. Бид тодорхой саналыг нухацтай судална. Засгийн газрын Ажлын хэсэг санхүүгийн зөвлөх компаниудтай хамтарч ажиллаж байна. Бид ирүүлсэн санал нь үнэхээр Монгол Улсад ашигтай эсэхийг нухацтай судалж байж хариулт өгөх болно.
“Оюу толгой” ХХК өнөөдөр маш их өрийн дарамттай байна. Нийт 12 тэрбум ам.долларын өртэй байгаа нь энэ компанийн мөнгөн урсгал, орлого зээлийн хүүнд төлөгдөхөд зарцуулагдаж байгаа. "Туркойс Хилл Ресурс" компанид төлөх хувь нийлүүлэгчдийн зээл одоогийн байдлаар 8 тэрбум ам.доллар байгаа бөгөөд хүү нь жилийн найманорчим байгаа нь энэ компанийн ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа. Бид ер нь "Оюутолгой" төслөөс ирэх үр өгөөжийг сайжруулахад асуудлыг цогцоор харах шаардлагатай байгаа" гэжээ.
Түүнчлэн, тэрээр "Рио Тинто" компанийн удаа дараа ирүүлсэн саналуудад гүнийн уурхайн зардал хэтэрсэн шалтгаан нөхцөл хийгээд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар огт үг, өгүүлбэр байхгүй байгаад шүүмжлэлтэй хандсан байна. Мөн Монголын Засгийн газрын Ажлын хэсгээс тавьж буй асуудлуудад тодорхой хариулт өгөхгүй байгаа нь өөрөө хэлэлцээ удаашрах, эргэлзээтэй байдлыг үүсгэж байгааг илэрхийлжээ. 
Мөн Монголын Засгийн газраас Дубайн гэрээ буюу Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, цаашлаад Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг саналууд тавьж байгаа ч хөрөнгө оруулагч тал уг асуудлууд дээр ямар нэгэн байр суурь огт илэрхийлэхгүй байгаа юм байна. 
Хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн нөхцөл байдал болон зардлын хэтрэлтийн асуудал бүрэн шийдэгдээгүйгээс болж гүнийн уурхайн бүтээн байгуулалт зогсох, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орохгүй байх бодит эрсдэл үүсээд байгаа. Мөн Оюу толгой компанийн ТУЗ хуралдаж чадахгүйгээс гүнийн уурхайн нөөцийн төлөвлөгөө батлах ажил хойшилсоор байгаа аж. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн