Дэлхий дээр нийт 330 гаруй төрлийн үлэг гүрвэл байх бөгөөд үүний 16 орчим хувь нь Монголын говь нутгаас олдсон байдаг. Гэвч 1990 оноос хойш бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалж энэ үнэт, өв олдворууд хууль бусаар гарч, дуудлага худалдаагаар орсоор өдийг хүрчээ. Үүний нэг тод жишээ, нийтэд ил болсон олдвор бол одоогоос арав орчим жилийн өмнө эх нутгаасаа хууль бусаар гарсан “Тарбозавр Батаар” буюу бидний сайн мэдэхээр “Тираннозавр Батаар”-ын олдвор байлаа. Бид тухайн үеийн удирдлага, эрдэмт хүмүүсийнхээ ачаар Батаарыг эх орондоо буцаан авчирсан. Тэр дундаа тухайн үед Палеонтологич, доктор профессор М.Болорцэцэгийн оролцоо, хувь нэмэр үүнд ихээхэн байв. Тэрээр АНУ-ын Байгалийн түүхийн музейн болон “National Geographic Society”-д гэрээт судлаачаар ажилладаг бөгөөд Монголоос хууль бусаар гарсан динозаврын олдвороо буцаах ажилд сайн дураар ажилласаар өдгөө 50 орчим / АНУ-ын Засгийн газрын мэдээллээр / олдвороо эх орондоо авчирсан байна.
Бид энэ удаагийн “Дэлхий монгол” буландаа түүнийг урилаа. Тэрээр багаасаа байгаль, хөдөө орон нутагт дуртай, сонирхолтой нэгэн байсан бөгөөд аавынхаа мэргэжлийг өвлөн эзэмшиж дэлхийд “Монгол” гэх тодотголоо таниулж яваа мэргэжилтний нэг юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Таны аав Монгол Улсын анхны палеонтологич нарын нэг. Та багаасаа аавынхаа мэргэжлийг эзэмших сонирхолтой, хүсэлтэй хүүхэд байсан уу. Багын хүсэл мөрөөдөл нь юу байв?
-Миний бага нас социализмын үед өнгөрсөн. Багадаа аливаа юмсын зүй тогтлыг ажиглах тэр дундаа байгальтай ойр байх дуртай хүүхэд байсан. Хотод төрсөн ч амралтаараа хөдөө явах дуртай, сэмхэн хөдөөний хүүхдүүдэд атаархаж явдаг хүүхэд байсан даа.
Чиний хэлсэнчлэн аав минь Монгол Улсын анхны палеонтологич нарын нэг. Хүүхэд байхад мэргэжлийн онцлогоор байнга хөдөө явчихна. Жаахан байсан учир юу хийдэг бол оо, яагаад жил бүр явдаг байна аа, болдог бол хамт явчих юмсан даа хэмээн битүүхэн дотроо бодно. Аав Зөвлөлт Монголын хамтарсан геологи, палеонтологийн экспедиц /судалгаа /-ийн журмаар явдаг байсан юм. Ийнхүү аавын мэргэжлийг сонирхон явах тусам мөн багаасаа байгальд ойр өссөн минь надад энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн болов уу.
-ШУТИС-д магистрт суралцан байхад таны анхны геологийн экспедиц нь эхэлсэн. Энэ үед эмэгтэй геологич байна гэдэг жендэрийн хувьд хэр ялгаатай, хэцүү байсан бэ?
-Бидний үед ихэвчлэн геологийн инженер гэх мэргэжлийг эрэгтэй хүний хийх ажил гэх ойлголт нийгэмд түгээмэл байсан. Энэ хэрээр экспедицэд явахад жендэрийн ялгаа гардаг байлаа. Маш цөөхөн эмэгтэй мэргэжилтэнтэй байсан. Магадгүй хөдөө, орон нутагт судалгаа хийхээр урт хугацаагаар явах, малтлага, геологийн хүнд чулууг үүрч авч явах зэрэг бэрхшээлтэй зүйл гардгаас улбаатай болов уу. Гэхдээ миний хувьд хүсэж, дурлаж сонгосон мэргэжил минь учир тийм ч хэцүү санагддаггүй байсан.
Намайг ШУТИС-д магистраа хамгаалж байхад аав Америк болон Монголын хамтарсан экспедицэд хамт явахыг санал болгосон. Энэ бол миний анхны экспедицийн санал байв. Учир нь палеонтологийн чиглэлээр мэргэшсэн хүн тухайн үед цөөхөн байлаа. Гэвч ингэхдээ Монголын багийн шаардлагын дагуу давхар тогоочийн ажлыг хийхээр болсон. Үүнд хэдий миний бие сэтгэл дундуур байсан ч туршлага хуримтлуулах үүднээс ямар ч гэсэн явахаар болов. Би ч судалгааны газраа очингуут шууд л тогооч хийхгүй, өөрийн мэргэжлийн ажлаа л хийх болно гээд Америкийн судлаачдын хамтаар тэдний арга барилд суралцахаар явсан.
Хүн ер нь өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилд тууштай зогсох нь зөв үр дүнг гаргадаг гэдгийг би тэр үед мэдэрсэн. Тодруулбал, эхний экспедиц, судалгааны ажил дуусч дараагийнх нь эхлэх болоход Монголын тал намайг оролцуулахыг зөвшөөрөөгүй. Харин Монголд ирсэн Америкийн талаас удаах судалгаандаа намайг оролцохыг санал болгосон юм. Үүнээс хойш зургаан жил орчим багтайгаа хамт Монголдоо судалгаа хийж явсан. Энэ боломж надад АНУ-д ирэх цаашлаад АНУ-ын Байгалийн түүхийн музейд ажиллах, Нью-Йорк хотын их сургуульд докторын зэрэг горилох боломжийг олгосон юм. Ингээд докторын дараах судалгаагаа Америкийн Монтана мужийн их сургуульд хийж, Америкийн их сургуульд дэд профессороор ажилласан. Ерөнхийдөө АНУ-д судлаач хүний явах бүхий л замналаар явж өдийг хүрлээ. Миний судалгааны судлагдахуун ихэвчлэн Монголын материал байдаг. Гэвч Монголын материал дээрээ судалгаа хийхэд шат шатны асуудал байнга тулгардаг. Үүнийг анх Америкт ирэх үед мэдсэн. Өмнө дотор нь ажиллаж байхдаа мэдээгүй явж. ШУА-ийн байгууллага бүтэц зохион байгуулалт, шинжлэх ухааныхаа хувьд системийн доголдолтой зүйл нэлээд байсан. Одоо ч багагүй байна. Ийм байхад шинжлэх ухааны нээлт хийх цаашлаад дараа үеэ бэлтгэхэд бэрхшээлтэй зүйлс гардаг. Тухайн үед Монголдоо ирэхийг бодовч судалгаа хийх тоног төхөөрөмж байхгүй мөн зарим шалтгаанаас энд үлдэж ажилласан. Эрдэмтэн болох зам их урт хугацаа юм. Энэ их мэдлэгээ Монголдоо хуваалцаж, судалгаагаа хийхэд хязгаарлагдмал нөхцөл байдал хүлээж байсан.

-Таны хэлсэнчлэн олон нийтэд салбарын судалгаа мэдээллийг нээлттэй хүргэж ойр байх чухал. Магадгүй энэ үүднээс та эх орондоо “Монголын динозавр судлалын хүрээлэн”-г байгуулсан уу. Байгууллагын үүсэл хөгжлийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
-Миний бие хэдий гадаадад ажиллаж, амьдардаг ч эрдэмтэн, судлаач хүний хувьд эх орныхоо салбарын хөгжилд хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж боддог. Монголын динозавр судлалын хүрээлэн бол миний олон нийттэй харилцах, холбогдох гүүр минь юм. Байгууллагаараа дамжуулан палеонтологич гэж хэн болох, Монголд үнэхээр палеонтологийн олдвор байдаг уу, байдаг бол хаанаас олддог, энэ олдвор ямар үнэ цэнэтэй вэ гэх асуултын хариуг өгөх юм. Мөн миний, бидний залгамж халаа болох дараагийн үеэ бэлдэх юм. Үүнд чиглэсэн шат шатны ажлуудыг бид хийсэн. Нас насны ангиллаар сургалтаа зохион байгуулсан. Бид хоёр настай хүүхдээс 80 настай тэтгэврийн хүнд хүртэл шинжлэх ухааны процессыг таниулахаар зорин ажиллаж байна. Анх орон нутгаар аялан явдаг мэдлэгийн хайрцгаар сургалтаа эхэлсэн бол яваандаа нүүдлийн автобусан музейг бий болгосон. Харин одоо бид динозаврын музей байгуулахаар төлөвлөж байна. Музейг Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг олдворт газар байгуулах болно. Монголын анхны динозаврын олдвор Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Баянзаг олдворт газраас зуун жилийн өмнө олдож байлаа. Одоо ч мөн олон олдвор олддог. Бид эдгээр олдвороо хамгаалах нь чухал. Учир нь энэ бидний үнэт өв юм. Үүний тулд хүмүүст зохих ёсны мэдлэгийг олгох ёстой. Монголын түүх, соёл мэдлэгээр дамжин цааш өвлөгдөх болно. Харин тэрхүү мэдлэгийг бодит соёлын өвүүд бий болгоно.
Бид үнэт өвөө олноор алдсан. Бидэнд одоо дахиж алдах эрх байхгүй. Харин алдаагаа засах боломж бий
-Энэхүү байгууллагаас гадна ярилцлагадаа нэгэн зүйлийг дурдахад Монголоос хууль бусаар гадаадад гарсан динозаврын олдворыг буцаах ажилд та идэвхийлэн оролцдог. Бидний сайн мэдэхээр өмнө “Тираннозавр Батаар”-ыг Монголд авч ирлээ хэмээн хэвлэл мэдээллээр томоохон шуугиан болж байсан. Энэхүү ажилд таны хувь нэмэр маш их байсан. Анх Батаарын дуудлага худалдааны тухай мэдээллийг хаанаас олж харсан бэ?
-Дуудлага худалдаанд “Тираннозавр Батаар” гэж байсан бол яг албан ёсны нэршил нь Тарбозавр Батаар юм. Анх 2012 онд Нью-Йоркт өдрийн цайны цагаар Тарбозавр Батаарын дуудлага худалдааны мэдээллийг олж харсан юм. Дараа нь интернэтээс дуудлага худалдааны тухай мэдээлэл болон бусад судалгааг хийсэн. Ингээд энэ тухай мэдээллийг тухайн үед Соёл спорт аялал жуулчлалын яамны сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэлд хэлж, хандсанаар Монгол Улсын талаас нэхэмжлэл гаргаж, дуудлага худалдааг зогсоох манай талын ажлууд үе шаттай хэрэгжсэн. Ингээд шалгалтын явцад Батаарын асуудалтай холбогдсон америк иргэн удаа дараа манай Монголоос хууль бусаар олдворыг гаргасан байсан бөгөөд Англид амьдардаг түүний хамсаатнаас 17 орчим олдвор олдсон. Энэхүү үйл ажиллагаанд Америкийн Засгийн газар их идэвхтэй ажиллаж маш их мөнгө гаргасан. Би одоо ч мөн Америкийн дотоодын хамгаалах газар болон хуулийн байгууллагатай хамтран хууль бусаар гарсан олдворыг эх орондоо буцаах ажлыг хийж байна. Энэ ажилд миний бие судлаач хүчний үүднээс динозаврын гарал үүслийг тогтоодог юм. Шүүх үүнд үндэслэн шийдвэрийг гаргах юм. Миний хувьд салбартаа 30 гаруй жил ажиллалаа. Монголын динозаврын олдвороо бол таних л болно.
Гадаадад хууль бусаар гарсан олдворыг Монголд буцаах ажлыг энэ дуудлага худалдаагаар эхлэлтэй хэмээн хүмүүс ойлгодог. Гэвч энэ бол өрөөсгөл ойлголт юм. Монголын олдворууд 1990 оноос хойш хууль бусаар үй олноороо гарсан. Бид энэ гучин жилийн хугацаанд олдвороо алдаад явж байгааг мэдээгүй. Мэдэхгүй сууж байсан. Тарбозавр бол үүний ил болсон нэгээхэн хэсэг нь. Харин үүнээс өмнө би шийдвэр гаргах түвшний олон хүмүүст ийм асуудал болж байна шүү, анхаарал хандуулах хэрэгтэй гэх асуулгыг тавьж хандсан. Гэтэл хэн ч анхаарахгүй байсан. Учир нь энэ талын мэдлэг олон нийтэд маш бага байсан. Мэдлэггүйн улмаас анхаарал хандуулдаггүй байсан байх. Харин үүнд анхаарал хандуулсан хүний нэг нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл юм. Бид санаандгүй тааралдаж, би түүнд энэ тухай мэдээллийг анх хэлсэн. Гэхдээ эхэндээ нэг их ойшоогоогүй. Харин түүнд цааш энэ талын ойлголт өгөх ном судалгаа зэрэг бусад бүх хэрэгтэй мэдлэгийг олгосноор Тарбозавр Батаарын асуудал гарах үед маш сайн олголттой болж ирсэн. Энэ асуудал бол амархан бүтдэг зүйл биш. Маш их хөдөлмөр орж байж ил болсон асуудал гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Манай улс динозаврын олдвороос гадна ихээхэн соёлын үнэт өвөө алдсан. Гэхдээ Тарбозаврыг буцаасан энэ явдал гадагшаа хууль бусаар гарсан соёлын өвөө буцаан олох итгэл найдварын эхлэл болсон. Одоо бид соёлын өвөө ямар арга замаар буцааж авахаа мэддэг боллоо.
-Одоогоор нийт хэд орчим олдвор эх орондоо ирээд байна вэ. Мөн шүүхээр яг одоо шалгаж, хянаж яваа олдворууд байгаа юу?
-Одоогоор 50 орчим динозаврыг Монголдоо буцаасан байна. Гэхдээ энэ тоон үзүүлэлт Америкийн Засгийн газрын албан ёсны тоогоор юм. Харин олдсон олдвор болгоныг мэргэжлийн хэмжээнд тооцвол 50-иас их олдвор Монголдоо очсон. Энэ их тоо шиг сонсогдож байгаа боловч бага тоо. 1990 оноос хойш хууль бусаар гарсан олдвор болгоныг буцааж чадаагүй л байна. Энэ үйл ажиллагаа үргэлжлэн явсаар л байна. Яг одоо Америкийн Засгийн газарт буцаагдахаар хүлээгдэж буй динозаврын олдворууд байгаа. Миний хувьд Монголынх мөн биш эсэхийг тодорхойлон ажиллаж байна. Мөн Монгол руу явахаас өмнө олдвороо бид дахин судалж, хардаг. Миний хувьд Америк дахь Монголын Элчин сайдын газартай хамтран ажилладаг. Бид жилийн өмнө долоон динозаврыг буцаасан.
-Гадаадад хууль бусаар гарсан олдворуудыг буцаах энэ ажил ер нь маш хэцүү процесс дунд явдаг болов уу. Таны хувьд энэ ажлыг сайн дураар идэвхийлэн хийх нь ямар нөлөөтэй гэж боддог вэ?
-Би өөрөө мэргэжлийн палеонтологич хүн. Мэргэжлийнхээ үүднээс бидний гол судлагдахуун, Монголын соёлын үнэт өв учир энэ ажлыг үүргээ гэж хардаг. Хулгайлагдсан олдвор бүр өөрийн гэсэн эзэнтэй. Эзэн нь юмаа мэдэж, хамгаалах хэрэгтэй. Магадгүй бид алдаа хийсэн байж болно. Гэхдээ алдаагаа эргүүлэн засах ёстой.
Америкийн хэд хэдэн мужид динозаврын хууль бус асуудал гардаг. Би өөрөө Нью-Йоркт амьдардаг учир Америкийн Засгийн газрын Дотоодын хамгаалах газарт хууль бусаар олдсон олдвор бүрийг баримтжуулахын тулд Нью-Йорк хотод авчрахыг хүссэн. Хүсэлтийг минь тэд маш уриалгахан хүлээн авсан. Энэ нь миний ажлыг маш хөнгөлөх юм. Учир нь муж, хот бүрд очин судлахад хэн миний зардлыг гаргах билээ. Би өнөөдөр энэ ажлыг хийлээ гээд цалин мөнгө авдаггүй. Энэ бол миний сайн дураараа хийдэг ажил. Учир нь энд байгаа олдвороо таньж, буцааж авчирч чадах ганц монгол палеонтологич нь би юм шүү дээ.
-Монголын говь нутагт эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс ихээр олддог. Гэсэн ч нөгөө талдаа энэхүү түүх, соёлын үнэт өвөө мэддэг цөөхөн хүн. Үүнээс болоод ч тэр үү бидэнд мэдэгдэхгүйгээр олон олдвор хууль бусаар гарч байна. Бид үүнтэй хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ. Энэ явдлыг багасгахад таны зүгээс ямар арга хэмжээг аваасай гэж боддог вэ?
-Бидэнд энэ төрлийн мэдлэг дутуу, мэдлэгийн чанараас шалтгаалж олдвороо алдаж, хохирч байна. Хүмүүст олдворыг зарахаар мөнгө олж болно гэх ойлголт байхаас нутагтаа авч үлдэн хадгалбал цаашид ямар ач холбодолтой вэ гэдэг ойлголт байхгүй байна. Үүнийг хэн ч анхаарахгүй байна. Бид хил гаалийг чангатгах талаар ярьдаг. Гэвч энэ ажил хийгдэж л байна. Харин өөрчлөгдсөн зүйл, үр дүн гэж алга. Энэ бол түр зуур биднийг юм хийж байна гэж тайвшруулж байгаа зүйл. Яг үнэндээ гол асуудлаа шийдэж чадаагүй л байна. Үүнд дан ганц хуулиас гадна олон нийтийн оролцоо чухал. Тэр дундаа олон нийтийн дунд зөв мэдлэг мэдээлэл байна гэдэг чухал. Үе дамжсан өв соёл бол мөнгөөр хэмжигдэхгүй зүйл юм шүү дээ. Жишээлбэл, Чингис хааны үеийн олдворыг алдлаа гэхэд тухайн тодорхой цаг үеийн түүхийн талаарх мэдлэгийн хоосон орон зай бидэнд бий болно. Тодорхой цаг үе, хэсгийг мэдэхгүй байна гэдэг бид соёл түүхээ алдаж байна гэсэн үг. Хулгайлагдсан олдворуудын хувьд маш олон мэдлэг алдагдсан. Хэдий олдвор нь байсан ч бид өмнө нь хаанаас олдсон гэдгийг хэлэхэд бэрх. Тухайн олдсон газрыг нь агуулж байгаа чулуулгаар тодорхойлж олдворын орчин насыг тогтоодог. Тэр үеийн амьдралын төрхийг гаргаж ирнэ. Тухайн газрыг сүүлд олж тогтооно гэдэг хэцүү асуудал болдог юм. Иймд бид эхнээсээ л олдвороо алдахгүй байх хэрэгтэй.
-Түүхийн үнэт өв, олдвор гэдэг тухайн орны илтгэх, илэрхийлэх гол хүчин зүйл болж өгдөг. Бид эх орондоо буцан ирсэн энэ үнэт өвүүдээ зөв, зохистой байдлаар хадгалж, хамгаалж чадаж байна уу?
-Монголын анхны Үлэг гүрвэлийн музей 2013 онд байгуулагдсан. Монголдоо буцан ирж байгаа олдворууд Үлэг гүрвэлийн төв музейд очдог байсан. Одоо харин энэ музей Лениний музейд байрлаж байсан. Соёлын өв болгонд өөрийн гэсэн хадгалах, хамгаалах стандарт бий. Манайд энэ стандарт нь шаардлага хангахгүй байгаа. Олон улсын стандартыг бий болгох, мөрдүүлэхийн тулд боловсон хүчин хэрэгтэй. Мэргэжлийн сан хөмрөгч байх ёстой. Лениний музей бол динозаврын олдворт таарч тохирох музей биш. Үлэг гүрвэлийн төв музейг 2019 онд хааж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэсэн. Одоогоор шинэ барилга нь баригдаж байгаа. Харин үүнд стандартын дагуу хадгалж хамгаалах журам орсон эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна.
-Та олон улсын “Wings world Quest” болон “National Geography Society”-ийн шилдэг залуу эрдэмтнээр шалгарч байсан юм билээ. Энэ шагналыг тухайн үед ямар шалгуур, үзүүлэлтийг нь үнэлж танд олгосон гэж боддог вэ?
-“Wings World Quest” олон улсын байгууллагын тэргүүний эмэгтэй эрдэмтнээр 2009 онд, 2010 онд АНУ-ын Үндэсний газар зүйн хүрээлэн буюу “National Geographic”-ын залуу эрдэмтэн шагналыг олгосон. Жилд арван хүнийг тодруулж олгодог юм билээ. Шагналын сан болох 10.000 ам.доллараар Монгол дахь динозавр судлалын танин мэдэхүйн анхны сургалтаа Өмнөговь аймагт явуулж эхэлсэн.
Их сургуулиа төгссөнөөс хойш салбараа хөгжүүлэх үйлсэд тууштай явж байна. Хийж байгаа ажлыг минь үнэлж олон улсын байгууллагаас энэхүү шагналуудыг олгож байгаа явдалд талархаж явдаг.
-Хувь хүний асуултаар ярилцлагаа үргэлжлүүлцгээе. Монголд олон залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийг хүсэж байна. Залуус дэлхийн түвшинд өрсөлдөхийн тулд ямар хандлагатай байж, аль талдаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй вэ?
-Хамгийн гол нь өөрийн сонирхож, хүсэж байгаа зүйлээ мэдэх хэрэгтэй. Ингэхдээ амжилттай яваа, дэлхийн хэмжээнд очсон хүн болгоны зөвлөгөө, арга барил, номыг унших гээд хэрэггүй. Учир нь хүн бүхэн өөр өөрийн гэсэн онцлог, арга барилаар явдаг. Аливаа нэг хүний бичсэн зөвлөмж заавал чамд тусах албагүй. Заавал тэр хүний явсан замналаар явах албагүй. Харин үүний оронд чи бүх зүйлийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Амжилт гэдэг маш олон шат дамжлагыг давж байж хүрэх зүйл. Чиний сэтгэл зүрхэнд ойр байдаг, байнга бодож явдаг, хийхийг хүсэж явдаг тэр зүйлдээ цаг гарга. Нэг ч гэсэн алхам, үйлдэл хийгээрэй.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Монголдоо олон улсын стандартын дагуу динозаврын музейг барих болно. Энд дараагийн палеонтологич мэргэжилтнүүдээ бэлтгэж дэлхийн хэмжээний мэдлэгийг олгох болно. Мөн мэдээж цаашид Монгол дахь шинжлэх ухааны салбараа хөгжүүлэх чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулах болно.