Зүрх судасны эмгэгээс хамгийн их тохиолдох артерын даралт ихсэх өвчин, судас хатуурах өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн Зүрх судасны эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболдоос цөөн асуултад хариулт авлаа.
-Эхлээд зүрх судасны өвчинд ямар ямар эмгэгүүд хамаардаг талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Зүрхний өвчин гэдэгт зүрх болон судасны системийн өвчнүүдийг хамруулан ойлгодог. Нарийвчлан тайлбарлавал “cardiovascular diseases" зүрх судасны өвчин буюу зүрхний титмийн өвчин, зүрхний шигдээс, цусны даралт ихсэлт, цус харвалт, судас хатуурах өвчнүүд хамаарна.
Үүнээс цусны даралт ихсэх буюу артерын даралт ихсэхийг Артерын гипертензи гэж нэрлэдэг. Хүний хэвийн даралт 120/80 мм МУБ /Мөнгөн усны багана/ байдаг бөгөөд артерын даралт 140/90 мм МУБ-аас дээш байхыг артерийн даралт ихэссэн гэж үздэг. Ийм тохиолдолд эмчид хандаж зааврын дагуу эмчилгээ хийлгэж даралтаа буулгах шаардлагатай. Цусны даралт өндөр байдаг бол
Согтууруулах ундаа даралт ихэсгэдэг тул тохируулан хэрэглэх
Тамхи нь цусны судсанд хортой тул тамхинаас гарах
Өөх тос, давс бага хэрэглэж зөв зохистой хооллох
Тогтмол биеийн тамираар хичээллэх. Ингэхдээ ямар ачаалалтай хийхийг эмчийн зөвлөгөөгөөр тохируулан хийнэ. Өдөрт 30 минут биеийн идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.
Эмчийн зааврын дагуу эм уух
Зүрх судасны гол өвчин нь судас хатуурах өвчин юм. Энэ нь хоол хүнснээс үүдэлтэй бөгөөд зүрхний титэм судасны эмгэг, зүрхний булчингийн шигдээс, тархины судасны өвчин, цус харвалт зэрэг өвчин үүсдэг. Эдгээр өвчнүүдээс хамгийн элбэг байдаг нь зүрхний титэм судасны эмгэг бөгөөд өөх тостой бодисууд холестерол судасны хананд хуримтлагдаж, өнгөр тогтсоноор судас нарийсч, зүрхний цусан хангамж багасна. Үүнийг титэм судас нарийсах өвчин гэдэг. Энэ нь цус харвалтын гол шалтгаан болж байна.
-Зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан юу байдаг вэ. Энэ нь хүмүүсийн хайхрамжгүй үйлдэлтэй холбоотой юу?
-Зүрх судасны өвчлөл нь олон хүчин зүйлээс хамаардаг. Дээр үед гурван цагаан буюу өөх, сахар, давсыг зүрх судасны өвчлөлд хамгийн нөлөөтэй гэдэг байсан бол орчин үед зүрх судасны өвчин нь маш олон зүйлээс хамаарах болсон. Сүүлийн үеийн судалгаанаас харахад амны хөндий бохир байдал нь зүрх судасны өвчлөлийг ихэсгэдэг нь тогтоогдсон. Зүрх судасны эмгэг үүсэхэд нас, хүйс, удамшил нөлөөлөхөөс гадна архи, тамхи, хоол хүнсний буруу хэрэглээ ялангуяа өөх тос, нүүрс ус, давс ихтэй хоол хэтрүүлэн хэрэглэх, хөдөлгөөний дутагдал зэрэг амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Үүнээс болоод манайхан даралт ихсэх өвчнийг ердийн байх ёстой өвчин юм шиг хүлээж авдаг болж. Гэтэл даралт ихсэх нь зүрх судасны өвчлөлийн бүх эх үүсвэрийг нь тавьдаг. Иймээс л ДЭМБ даралтаа бага байлгахыг анхааруулаад байгаа юм.
-Зүрх судасны өвчнөөс сэргийлэхийн тулд хувь хүн өөрөө ямар үйлдэл, дэглэм, дадалтай байх ёстой вэ?
-Зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхийн тулд хамгийн эхэнд даралтаа хянах нь маш чухал. Ингэсхийн тулд стрессээ багасгах, хөдөлгөөнтэй, биеийн жингээ тогтмол барих, зөв хооллох хэрэгтэй. Ингэвэл судасны нарийсал, титэм судасны бөглөрөл зэргээс ангид байх боломжтой. Өөх сахарын хэмжээг тааруулж, биеийн жингээ тохирууллаа ч стрессттэй удаан яваад байвал судаснууд шархалж, хатуурна. Цаашлаад тархинд харвалт өгөх эрсдэлтэй. Тиймээс бие сэтгэлээ тайван, аливаа зүйл хэт санаа зовохгүй байх ёстой. Амаа цэвэрлэхгүй байвал тодорхой хугацааны дараа судасны хатуурал үүсгэдэг. Зүрх судасны өвчнөөс сэргийлийн тулд зөвхөн жингээ барьж, өөх тосоо багасгах биш, эрүүл мэнддээ цогцоор нь анхаарах хэрэгтэй.