ЕБС-ын төгсөх ангийнхны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 14-өөс эхлэв. Гэхдээ жил бүр олон шалтгааны улмаас зарим сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч чаддаггүй. Иймд улсын болон хувийн 20 сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчдын дунд судалгаа хийлээ.
Судалгаа хийхэд 17 сургуулийн төгсөх анги бүрт ямар нэг байдлаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүй 1-7 хүүхэд байв. Жишээлбэл 3-р сургуулийн гурван бүлгийн 120 гаруй хүүхдийн 14 нь шалгалтад орохгүй гэжээ. Шалтгааныг тодруулбал, өөр улсад суралцана гэсэн хариулт хэлсэн аж. Харин 113-р сургуулийн нэг ангийн 25 хүүхдийн гурав нь нэг жил өнжиж, гадаад руу явж суралцана, хөл хорионы үеэр хоёр жил ажилласан ажилдаа төгсөөд ажиллах тул шалгалтад орох шаардлагагүй хэмээсэн байна. Энэ мэтчилэн элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүй гэх сурагчдын дийлэнх нь “Gap year” буюу жилийн завсарлага авах бодолтой юмсанж. ЭЕШ өгөхгүй гэх сурагчдын дийлэнх нь Улаанбаатар хотын улсын сургуулийн хүүхдүүд байна. Уг хүүхдүүд гадаад хэл болон бусад зүйлсээ бэлдэхийн тулд жилийн завсарлага авахыг зэхэж байгаа аж. Харин хувийн сургуулийн хүүхдүүд бага ангиасаа гадаад хэлийг гүнзгийрүүлж сурсан тул ихэвчлэн 12-р ангиа төгсөөд гадагшаа явж сурахад бэлэн байдгаас гадна зарим нь төгсөхөөсөө өмнө олон улсын тэтгэлэгт хамрагдчихсан байдаг талаар Гёте сургуулийн сурагч ярив. Түрүү жилүүдийн төгсөгчдөөс тодруулахад ангид нь 2-4 хүүхэд ЭЕШ өгөөгүй. Тэдгээр хүүхдүүд төлбөрөө олохын тулд нэг жилийн турш ажиллана, Солонгос улсад суралцана хэмээж байсан. Харин нэг, хоёр жилийн дараа явахаар төлөвлөсөн сургууль руугаа явж чадаагүйн улмаас ЭЕШ өгч жил алдаж суралцсан гэх тохиолдлууд цөөнгүй байв. Энэ бол ЭЕШ өгөхгүй байх нь зарим сурагч 1-2 жилийн хугацааг алдах эрсдэлтэй байдгийн тод жишээ юм..
Түрүү жилийн нийт төгсөгчийн 3500 гаруй нь ЭЕШ-д огт бүртгүүлээгүй байна. Эдгээр хүүхдүүд нь дараа жилдээ ЭЕШ өгдөг тул анги удирдсан багш нар сурагчиддаа олон улсын сургуулиудад суралцах гэж байгаа ч ЭЕШ өгөхийг зөвлөж байгаа аж. Учир нь ЭЕШ-ын оноо нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд жил өнжсөн ч дараа жилийн элсэлтээр их сургуульд орох боломжтой юм. Хэрэв шалгалт өгөөгүй тохиолдолд дараа жилийн ЭЕШ хүртэл хичээлийн нэр, томъёо, онолыг мартах тохиолдол байгаа учир нийт төгсөгчид ЭЕШ өгөх нь зүйтэй юм.