Open iToim app
Дэлхийн монгол | 14 мин уншина

У.Ганбаяр: Монголдоо ирэх нь Оксфордод багшлах, Абу Дабид өндөр цалинтай ажиллахаас илүү үнэ цэнтэй байсан

У.Ганбаяр: Монголдоо ирэх нь Оксфордод багшлах, Абу Дабид өндөр цалинтай ажиллахаас илүү үнэ цэнтэй байсан
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 15
 “Дэлхийн монгол” булангийн ээлжит зочноор “InfoSec+” компанийн үүсгэн байгуулагч, доктор У.Ганбаярыг урьж, ярилцлаа. Тэрээр Италийн Трэнто их сургуульд доктороо хамгаалж, Үндэсний судалгааны төвд нь мэдээллийн аюулгүй байдлын олон улсын төслүүдэд гар бие оролцож, мөн Оксфордын их сургуульд судлаач, багшаар ажилласан арвин туршлагатай нэгэн.
Түүний хувьд Оксфордод үргэлжлүүлэн багшлах, Абу Дабид өндөр цалин амласан саналуудаас татгалзаж, эх орондоо ирээд байгаа юм. Хүний амьдралд ховорхон тохиолдох дээрх саналуудаас яагаад татгалзсаныг нь сонирхон асуухад “Анх Монголоос гарахдаа л  ихийг сураад эх орондоо эргэж ирнэ гэж зорьсон. Хангалттай туршлага хуримтлуулж чадлаа. Одоо эх орондоо хөдөлмөрлөх, бүтээх цаг минь болсон. Харь орноос “монгол болохгүй байна” гэхээс илүү дунд нь орж, асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж чадна” хэмээн хариулсан юм. Ингээд эрхэм танд У.Ганбаярын боловсрол, карьер, хувь хүний хөгжил  болон мэргэшсэн салбарынх нь хөгжлийн талаарх сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Таны бага насны дурсамж гэвэл юу санаанд орж байна. Тэр дурсамжаас яриагаа эхэлье?
-Би Төв аймгийн Батсүмбэр суманд төрж, хүүхэд ахуй насаа Шатан зөрлөг гэх газар өнгөрөөсөн. Манай аав ээж төмөр замд ажилладаг байлаа. Мөн хажуугаар нь мал маллана. Би ч хөдөөний хүүхдүүдийн нэг адил моринд хайртай. Хурдан морь унана, уралдаанд ч оролцоно. Улсын наадамд ч уралдаж явлаа. Гэхдээ одоо бодоход нэлээд эрсдэлтэй байсан юм билээ. Нэг удаа өвлийн уралдаанд оролцож яваад осолдож нэлээд том гэмтэл авч байсан. Тэгээд дахин уралдаанд оролцоогүй дээ.
Харин сургуулийн хувьд олимпиадад бэлдээд, бэлдээд амжилт гаргадаггүй хүүхэд байдаг даа. Би яг л тийм хүүхэд байсан. Бүх хичээлдээ боломжийн, олимпиадад ч худлаа үнэн бэлтгэж, оролцоно. Гэхдээ яг амжилт гаргав уу гэхээр байдаггүй шүү. / инээв /
-Та арван жилээ хаана төгссөн бэ. МУИС-д мөн багшилж байсан гэж сонссон юм байна?
-Би арван жилээ хот, хөдөөгийн сургууль дамжиж төгссөн. Анх Төв аймгийн Батсүмбэр суманд нэгдүгээр ангид элсэн орсон ч ганц жил болоод хот руу шилжиж, Төмөр замын 73-р сургуульд дотуур байранд байрлан сурч эхэлсэн. Харин арван жилийн сүүлийн хоёр жилээ нэгдүгээр хорооллын Ирээдүй цогцолбор сургуульд шилжин суралцаж, төгссөн. Конкурсаа өгсний дараахан гэр бүлтэйгээ ямар мэргэжил сонгох талаараа ярилцаж, олон ч мэргэжил сонирхож байлаа. Тэр үед хамаатны ах “Математик, физиктээ өндөр оноо авсан юм чинь, IT-аар явуулсан нь дээр гэж бидэнд зөвлөж, МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуульд бүртгүүлж, компьютерийн сүлжээний инженерийн ангид нь элсэж байв. Тухайн үедээ хаашаа, юу руу орж байгаагаа мэдээгүй л дээ. Гэхдээ курс ахиж, мэргэжлээ улам ойлгож дурлаж эхэлсэн.
Их сургуулиа төгссөний дараахан MCS-ээс ажлын санал хүлээн авч байсан. Энэ тухай МУИС-ийн багш нартайгаа ярилцахад, тэд өөр саналтай байгааг хэлж, сургуульдаа багшаар үлдэхийг санал болгосон юм. Тэр үед анх өөрийгөө хүнд зааж, сургаж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Гэвч багш нар итгэл хүлээлгэж байсан тул сургуульдаа багшлахаар үлдэв. Мэдээж эхний жил учраа олохгүй хэцүү байсан. Доод курсийн дүү нартаа, төгсөөгүй ангийнхандаа ч хичээл орно гээд нэг л эвгүй санагдаж байлаа. Гэхдээ эхний жилээ өнгөрөөсний дараагаар туршлага сууж, арга барилаа бага багаар олж эхэлсэн. Бүр олимпиадад сурагчдаа бэлтгэж, улсын олимпиадад ч түрүүлж, улсаа төлөөлөн Ази тивийн компьютер сүлжээний тэмцээнд оролцохоор болов. Хүүхдүүд маань сайн бэлдэж зүтгэсний хүчинд улсынхаа анхны томоохон амжилт болох гуравдугаар байранд шалгарсан. Хоёр жил дараалан энэ амжилтыг үзүүлсэн дээ. Ингээд амжилт гаргаад, хүүхдүүд ч хичээлээ ойлгоод эхлэхээр өөрөө ч их зүйлийг сурдаг юм билээ. Миний МУИС-д багшлах хугацаанд олж авсан хамгийн чухал зүйл нь мэдлэгээ хүнд хүргэж, миний заасан хүн маань эргээд надад хандаж “Баярлалаа багш аа, энэ бол таны ач байсан юм шүү” гэх чин сэтгэлийн үг байлаа. Надад их урам зориг өгсөн. Ингээд сургуульдаа 2016 он хүртэл ажиллаж, магистраа ч хамгаалсан. Үүний дараа гадаадад мэргэжлээ дээшлүүлэх, ур чадвараа сайжруулахыг хүсэж зорьсон доо.  
-Энэ шийдвэрийг гаргахад юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-МУИС-д багшаар ажиллаж байхдаа гадаад явна гэж боддоггүй байлаа. Европ битгий хэл Ази хүртэл хол сонсогддог байсан юм. Харин нэг удаа Австрали руу ажлаар явах тохиол гарсан. Австралид очоод дэлхий яаж хөгжиж байна, хүмүүс яаж ажиллаж, амьдарч байна, ур чадварын хувьд ямар хол зөрүүтэй байгаагаа анзаарсан юм. Тэгэхэд би чинь Англиар бүрэн өөрийгөө ч танилцуулахад бэрх байсан үе. Ингээд Монголд буцаж ирэхдээ англи хэлээ мэргэжлийн түвшинд сурч, тэдний дунд орж юм олж авна гэх мотивацитай болсон.
Харамсалтай нь, юм бүхэн миний төсөөлснөөр болоогүй ээ. Би ирээд удаагүй байхдаа гэнэтийн автомашины осолд орж, эмнэлэгт хэсэг байсан. Орвонгоороо эргэхээ ч дөхсөн дөө. Гэхдээ хэвтэрт байхдаа Австралид олж авсан мотиваци намайг түлхэж өгч байлаа. Би хэдий эмнэлэгт байсан ч англи хэлээ сайжруулж, IELTS-ийн шалгалтад бэлдсэн. Ингээд хэдэн сарын дараа англи хэл ч гайгүй сайн болсон. Дараа нь шалгалтаа ч өгч, хүссэн оноогоо авсан. Улмаар хэд хэдэн тэтгэлэгт хүсэлтээ явуулж, Италийн Трэнто хотын их сургуульд доктороор суралцах судлаач оюутны тэтгэлэгт тэнцэж явсан. Доктороо хамгаалах хугацаандаа мөн Италийн Үндэсний судалгааны төвд судлаачаар ажилласан. Гол төлөв Европын холбооны аюулгүй байдлын төслүүд дээр ажиллаж, мэдлэг туршлагаа ахиулж чадсандаа их баяртай байдаг.

Хөдөө морио унаж явахдаа дэлхийн шилдэг Оксфордын хаалгыг тогшино чинээ төсөөлөөгүй

undefined
-Таны аялал цааш Английн Оксфордын их сургууль руу үргэлжилсэн. Дэлхийн шилдэг их сургуулийн нэгд ажиллах ямар санагдав?
-Доктороо хамгаалсны дараа Италийн судалгааны төвдөө дахин 2-3 жил ажиллах санал авсан. Гэхдээ би тэр үед буйр сэлгэж, өөр улсад ажиллаж үзэхийг бодож байсан юм. Ингэж байхад манай удирдагч Оксфордын их сургууль судлаачийн ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авч байгааг сануулсан. Тэр үед хэдий цаг нь тулсан байсан ч хурдхан л хүсэлтээ бөглөж явуулав. Эхний шатанд тэнцсэний дараа хоёр шатны шалгаруулалтад дахин оролцож, судлаачаар ажиллахаар болсон. Тухайн үед итгэж өгөхгүй, ёстой их баярлаж байсан даа. Бас нэг явдал санаанд орж байна. Тэр нь МУИС-аас гарах жил өөр нэг компаниас ажлын санал авч даргатай нь уулзахаар болсон юм. Тэгээд уулзаж байтал дарга нь “Чи манайд тогтвортой ажиллах уу” гэв. Би ч үнэнээ хэлж нэг жил ажиллаад л гадагшаа явна гэсэн. Гэтэл дарга нь аль сургуульд гэж асуухад би дэлхийн шилдэг их сургуулийн нэг “MIT” гэж харилсан юм л даа. Гэтэл дарга нь өөдөөс хараад инээгээд “за бид холбогдоё” гэж хэлсэн. Тэндээс гарч явахдаа дотроо “Нээрээ арай том юм ярьчихав уу. Гэхдээ угаасаа ингэж л бодсон юм чинь үзээд алдана, хүрэхгүй байсан ч яах вэ” гэж бодож байв. Энэ үйл явдал санаанд орж би яг л миний өөдөөс хараад инээж байсан дарга шиг гэнэт инээд хүрсэн. Гэхдээ энэ удаа өөрийгөө шоолох биш чадсандаа бардаж инээсэн хэрэг. Английн Оксфордын их сургууль одоо дэлхийд тэргүүлж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд компьютер шинжлэх ухааны салбартаа тэргүүлж байгаа. Оксфордод оччихоод энэ явдлыг санаж дотроо “Зорьж явбал бүтдэг л юм байна” гэж бодсон доо.
-Сонирхолтой түүх байна шүү. Та тэгвэл Оксфордод ажиллах хугацаандаа юуг хамгийн их сурч, туршлага хуримтлуулсан гэж боддог вэ?
-Анх хүлээлт өндөр, яана даа л гэж очсон. Гэхдээ их өөр байсан шүү. Баг маань их таалагдсан. Бүх зүйлс системийн дагуу, дэмжлэг ихтэй байсан. Сургуулиас ажлаас гадуурх амьдрах байр дээр ч санаа тавьж, анхаарч байлаа. Оксфордод байх хугацаанд олон төсөл, судалгаан дээр ажилласан. Давхар багшлах санал ч авсан юм. Ингээд эхний семестр туслах багшаар ажиллаж байгаад, дараагийн семестрээс нь үндсэн багшаар аюулгүй байдлын нэг хичээл зааж эхэлсэн. Хүндэт профессор, хамтран ажиллагсдаасаа ажлаа хэрхэн төлөвлөж явуулж байгааг харж суралцахыг хичээсэн дээ. Оксфордод нэг жил ажилласан. Хэдий дахин ажиллах санал тавьсан ч Монгол руугаа буцаж ирэх шийдвэрээ гаргаж, энэ онд эх орондоо ирсэн.
-Эх орондоо яагаад ирэхээр болсон бэ. Өмнө нь Абу Дабигийн судалгааны төвөөс бас томоохон ажлын санал авч татгалзсан гэсэн. Яагаад эдгээр саналаас татгалзах болсон бэ?
-Яг энэ шийдвэрийг гаргаж байхдаа Оксфордоос дараагийн төсөл рүү, Абу дабигаас маш өндөр цалин, нөөц бололцоотой саналуудыг хүлээн авсан. Гэхдээ үүнээс илүү надад эх орондоо ирэх нэг том хувийн болон бусад олон шалтгаан байсан. Би анх Монголоос гарахдаа буцаж ирнэ гэх зорилготой явж байсан юм. Тэндээсээ их зүйл сурч, туршлага хуримтлуулаад буцаж Монголдоо суурьшуулна гэж бодож байлаа. Хоёрт, гадаадад байгаад тэндээс шүүмжлэхээс илүү, дунд нь орж асуудлыг шийдэхэд, гарц олоход хувь нэмрээ оруулах нь илүү үр дүнтэй гэж бодсон. Монгол хэцүү байна гээд хүн болгон яваад байвал дунд нь ажиллаж босгож ирэх хүн байхгүй байх. Гэхдээ мэдээж явж байгаа хүмүүсийг ерөөсөө буруутгахгүй, харин ч яваад нүдээ нээгээд, их юм сураад буцаад ирээсэй гэж боддог. Би бүр улсын хэмжээний гэхээр том өөрчлөлт гаргаж, нөлөөлөхгүй байх л даа. Гэхдээ өөрийн салбарын хөгжилдөө хувь нэмрээ оруулж багахан ч гэсэн нөлөөлөхийг хүсч байна. Жижигхэн ч гэсэн өөрчлөлт авч ирвэл болж байна аа л гэсэн үг дээ.
-Гэхдээ танд эрсдэлтэй санагдаагүй юу. Яг одоогийн нөхцөл байдлыг харвал төлөгдөөгүй зээл болон инфляцын өсөлт гээд манайд асуудал их байна. Харин таны хувьд юунд итгэж, зорьж байна вэ?
-Мэдээж энэ тухай ч бодолцсон. Монголд ирээд бүр илүү их мэдэрч эхэлж байна. Манайд юм их үнэтэй байна. Энд хоолонд орох, Италид хоолонд орох үнийн хувьд бараг адил байна. Орон сууц, хүнс ногоо ч цаг үеэ дагаад өсчээ. Үүн дээр хүмүүсийн хандлага, тулгарч байгаа асуудлыг харахаар шантармаар санагдах үе бишгүй гарахаар л байна. Гэхдээ би нэг эхлүүлсэн зүйлдээ бууж өгөх дургүй тул үр дүнг нь харах байх гэж найдаж байна.
Мөн би Оксфордод ажиллаж байхдаа найзуудтайгаа нийлж Монголд аюулгүй байдлын зөвлөгөө, сургалт, үйлчилгээ үзүүлэх компани үүсгэн байгуулчихсан явж байсан юм. Манай баг хамт олон маш чадварлаг, туршлагатай хүмүүсээс бүрдсэн. Бид өөрсдөдөө итгэж байгаа. Иймээс өөрсдийн үр нөлөөг гаргаж чадна гэдэгт итгэлтэй байж, өдөр шөнөгүй ажиллаж байна. Манай компани ( InfoSec+ ) 2022 оны нэгдүгээр сараас аюулгүй байдлын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний гол зорилго бол аюулгүй байдал гэдэг зүйлийг Монголын компаниуддаа таниулах, асуудлыг нь шийдэж өгөх, туслалцаа үзүүлж, шалгалт хийж, зөвлөгөө өгөх зорилготой. Манай компаниуд гаднаас энэ төрлийн үйлчилгээнүүдийг өндөр үнээр авдаг. Харин манай багийн хувьд тэднээс дутахааргүй чадварлаг хүмүүс бий. Ийм хүмүүс байхад яагаад бид заавал гадны компанид их хэмжээний мөнгө төлөх ёстой гэж. Хоёрт, бид гадаадын компаниудад аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэн ажиллахыг зорьсон. Одоогоор зорилгодоо хүрэхээр бага багаар л явж байна.
-Манай улсын хувьд сүүлийн үед хэд хэдэн томоохон байгууллагууд кибер халдлагад өртлөө гэх мэдээ сонсогддог. Таны хувьд энэ талаар юу гэж бодож байна. Манайх энэ чиглэлд хэр сайн анхаарч, өөрсдийгөө бэлтгэж байна?
-Мэдээллийн аюулгүй байдал одоо үед халуухан сэдвийн нэг. Манай улсын хувьд одоо л дөнгөж аюулгүй байдал гэдэг зүйлийг ярьж эхэлж байна. Энэ жил гэхэд бид аюулгүй байдлын хуультай боллоо. Үүнтэй холбоотой манай байгууллагууд аюулгүй байдал дээрээ анхаарч эхэлж байна. Гэхдээ нөгөө талаараа манайд ч дэлхийд ч энэ чиглэлийн хүний нөөц байхгүй байна. Иймээс бид энэ чиглэлд хүний нөөц бэлдэх тал дээр шуурхай ажиллах хэрэгтэй байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их сургуулиудаа дэмжих, суралцах оюутнуудыг нь дэмжих талаар ч анхаарах хэрэгтэй. Үүнийг шийдсэний дараа дараагийн зүйлсдээ анхаарахнь  чухал. Бид аюулгүй байдлын талаар олон шийдэл ярьдаг, гэхдээ эхлээд үүнийг хийж хэрэгжүүлэх хүний нөөцөө бий болгох чухал байна. Нөгөө талаараа бас нэг зүйл хэлэхэд, гаднын байгууллагад аюулгүй байдлыг авч явах баг гэж байдаг бол манай байгууллагуудад ихэнхдээ баг гэж байдаггүй голчлон ганц хүн л хариуцдаг. Гэтэл энэ чинь бүхэл бүтэн баг хамт олны хийх зүйл шүү дээ.
-Кибер халдлага яаж үүсдэг вэ.  Энгийн сайт, линк руу орж юм үзэх үед алдагдах боломж бий юу?
-Алдагдах боломжтой. Олон шалтгаанаас кибер халдлага үүснэ. Жишээлбэл, технологийн шийдэл эсвэл тогтолцоогоо хангаагүйгээс ч юм уу. Гэхдээ кибер халдлагуудын цаана 90-95 хувь нь хүний оролцоотой буюу тухайн байгууллага дээр байгаа хүний мэдлэг, туршлагагүй байдал эсвэл буруу тохиргоо хийснээс амжилттай халдлага болдог. Нэг линк дээр дарахад л байгууллагын бүх мэдээлэл алдагдах боломжтой цаг үе байна шүү дээ. Иймд аюулгүй байдлаа хангахын тулд хүн, технологи, процесс гэдэг зүйлсийг сайн хангах хэрэгтэй.
Байгууллагууд аюулгүй байдал гэдгийг хамгийн сүүлд нь анхаарч үзэх гээд байдаг. Гэтэл үүнийг анх дизайнаа гаргаж эхлэх үедээ тооцоолж хамтад нь хөгжүүлэх хэрэгтэй. Мөн олон нийтэд аюулгүй байдлын талаар мэдлэг олгох ажлууд ихээр хийх хэрэгтэй. Иргэд хаа хамаагүй сэжигтэй сайт руу орохгүй, хувийн мэдээллээ орж бүртгүүлэхгүй, линк дээр нь дарахгүй байх тал дээр анхаарах чухал байна. Дэлхий даяар жил ирэх тусам кибер халдлагаас үүсэх хохирол ихсэж байна. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдүүдээ IT, аюулгүй байдлын салбар луу чиглүүлж, сургах тухай бодолцож үзэхийг хүсч байна. Одоо ч ирээдүйд ч маш эрэлттэй байх салбар шүү дээ.

Оксфордод тэнцэхийн тулд онцгой байх албагүй, гол нь өөрийгөө зөв тодорхойл, харуул

undefined
-Таны бодлоор орчин үеийн залууст хамгийн хэрэгтэй ур чадварыг юу гэж хардаг вэ?
-Амархан шантарч байна. Нэг зүйлдээ тууштай байж тултал нь хийж чаддаггүй. Ийм байж болохгүй. Аль эсвэл оролдож үзээгүй байж өөрийгөө голж байна. Үүнийгээ засах хэрэгтэй болов уу. Нэг юм барьж авсан бол түүнийхээ ард нь гарчих хэрэгтэй. Ийм сэтгэхүйтэй байвал бусад нь аяндаа болчих байх аа.
-Таны бодлоор ямар хүүхэд Оксфордод тэнцэж байна вэ. Мөн залуус их сургуульд хүсэлт гаргахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Оксфордод байхдаа компьютер шинжлэх ухаанаар магистрын хөтөлбөрт элсэх хүүхдүүдийн материал шалгах багт ажиллах боломж олдсон. Урьд нь өөрөө шалгуулдаг байсан бол энэ удаа шалгадаг багт нь орохоор болсон юм. Эндээс өмнө нь материалаа явуулахдаа яаж алдаж байснаа олж мэдсэн. Мөн Оксфордод орох хүүхдүүд өөрсдийгөө хэдэн жилийн өмнөөс ямар сайн бэлтгэснийг харсан. Жишээлбэл, Энэтхэгийн оюутны захидлыг уншихад, тухайн оюутны гэр бүлийн гишүүн нь тархины хүнд өвчтэй. Үүнийг анагаах ухаанд хараахан оношилж чадахгүй. Тэрээр арван жилд байхдаа энэ өвчнийг оношилъё гэх зорилгыг өөртөө тавьсан. Ингээд судлаад явж байхдаа хиймэл оюун ухааныг ашиглан ямар ч өвчнийг оношилж болох боломжтой гэх нийтлэл уншиж, тэр өдрөөс хойш хиймэл оюун ухааныг судалж, их сургуулийн компьютер шинжлэх ухааны ангид элсэж суралцсан байна. Тэгээд багш нартайгаа нийлж хиймэл оюун ухааныг хэрхэн эрүүл мэндтэй хослуулах талаар ажиллаж олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, гарааны бизнес ч эхлүүлсэн байсан. Харин түүний дараагийн зорилго нь “Дэлхийн шилдэг сургуульд элсэн орж өөрийн судалгаагаа ахиулах, хүмүүст туслахыг хүсч байна. Иймээс танайд суралцах хүсэлтээ илгээж байна” гэж байсан. Ингэж л өөрийгөө бэлтгэж, захидалдаа үүнийгээ илэрхийлж гаргадаг юм билээ.
Материал шалгах баг нийт арав гаруй хүнээс бүрдэх бөгөөд нэг оюутны захидлыг хоорондоо сольж уншиж, зөвлөлдөж орох үгүйг шийддэг. Үүнээс хараха,д залуус аль ч гадаадын их сургуульд хүсэлт гаргахдаа “Motivation letter”-тээ анхаарч, сайн бичих шаардлагатай. Ингэхдээ “Яагаад тэр сургуульд суралцах гэж байгаа, чи өмнө нь мэргэжлийнхээ дагуу юу хийсэн, тэндээсээ юуг олж авч дараа нь юу хийх гэж байгаа вэ” гээд өөрийгөө маш сайн илэрхийлж өгсөн байх нь чухал юм шүү. Дараа нь мэдээж тодорхойлох захиа чухал. Заавал нэг академик түвшний хүнээс авч байгаарай. Мөн тодорхойлох захидал нь зөвхөн “Сайн, зүтгэлтэй ажилтан” гэх хангалтгүй. Үүний оронд энэ хүн хэдэн жил ямар төслүүд дээр ажиллаж ямар үр дүн гаргасан. Ямар давуу талтай зэргийг тодотгож бичсэн байх хэрэгтэй. Түүнчлэн, мэдээж их сургуульд байхдаа ямар чиглэлийн хичээл үзэж байсан, гол дүн нь хэр байна зэрэг чухал.

Амьдралд биеийн хүчнээс илүү тархины хүчээ ашиглах чухал

-Амьдралдаа хийж байсан бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?
-Нэлээд бүтэлгүйтэл байгаа. Миний бодлоор бүтэлгүйтэл бол амьдрал, ажил дээр байх л зүйл юм. Харин бүтэлгүйтлээ гээд хаяж болохгүй. Яаж сайжруулах вэ гэж бодох ёстой. Үүнээс гадна 2015 оны автомашины осолд орж, үүнээс амьд үлдэхдээ л маш их зүйл ойлгож авсан. Хиймээр байгаа зүйл байвал шууд хийж байх хэрэгтэй. Жишээлбэл, хүнд хайртай болсон бол түүнийгээ хэлчих, идмээр байвал идэж, аялмаар байвал аялчих. Дараа гэж хойш нь тавих шаардлага байхгүй. Энэ бол миний гол баримталдаг зарчим болсон. Гэнэтийн юм бол гэнэтийн л байдаг. Хүн хэдхэн сеундын дотор хорвоогоос явчих ч боломжтой. Харин хорвоогоос явахдаа харамсах зүйлгүй, сэтгэл амгалан явах л хэрэгтэй юм байна гэдгийг боддог болсон доо.
-Хүний амьдрал ер нь төсөөлшгүй зүйлээр дүүрэн гэдэгтэй та санал нийлэх үү. Жишээлбэл, та багадаа “За, би дэлхийн шилдэг Оксфорд гэдэг сургуульд ороод ингэнэ, тэгнэ” гээд бодож байсан уу. Ер нь энэ бүх зүйл юугаар бүрэлдэж, бий болсон гэж та бодож байна?
-Мэдээж багадаа үнэхээр ингэнэ гэж бодож төсөөлж, байгаагүй. Тэр үед Оксфордын талаар ч мэдээлэл байгаагүй. Харин шатар тоглодог байсан болоод ч тэр үү улс болон дэлхийд данстай тамирчин болох тухай мөрөөдөж байсан удаа бол бий. Ерөнхийдөө би өөрөө маш их хөдөлмөрлөж, тууштай байж энэ хүрсэн гэж бодож байна. Шантрах зүйл гарч л байсан. Гэхдээ би бууж өгч байгаагүй. Аз гэж байдаг. Харин аз гэдэг ямар хүнд ирэх вэ гэвэл хөдөлмөрлөж, тууштай байсан хүнд гарч ирнэ. Нөгөө талаар гэр бүлийн нөлөөлөл ч байсан. Биднийг багад аав ээж үргэлж дэмждэг байсан. Манай аав, ээж хоёр төмөр замд замчингаас эхлээд хар, бор ажил хийж байсан ч үр хүүхдийнхээ боловсролд анхаарч өсгөсөн. Тэд маань хэдий өөрсдөө дээд боловсрол зээмшиж байгаагүй ч чухал гэдгийг ойлгож үр хүүхдээ дэмжиж байсан. Багаасаа эхэлж хөдөлмөрийн амт гэж юу байдгийг мэдэрч өссөн юм. Ачаалал даах чадвар, сууж сурах чадварт сайн суралцсан. Би арван жилийн зуны амралтаараа барилгын туслах хийж өдрийн 8000 төгрөгийн цалин авч байсан. Харин сүүлд их сургуульд мэргэжлээрээ сурч явахдаа нэг айлын компьютерт вирусны программ 30 минутын дотор суулгаж өгөөд л 5000 төгрөг олсон. Тэр үед бодохдоо биеийн хүчээ ашиглаж өдөржин хүнд хэцүү ажил хийж 8000 олох боломжтой бол, нөгөө талаар  хэрэв би толгойгооо ашиглаж чадвал 30 минутын дотор л 5000 төгрөг олох боломжтой юм байна. Цааш сайн суралцаж, амьдралд биеийн хүчнээс илүү тархины хүчээ ашиглавал хялбар гэдгийг ойлгож авсан.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Өөрийн гэх өнөр өтгөн гэр бүлтэй болж, тайван амьдралыг хүсдэг. Энэ бол миний хамгийн том зорилго юм. Үүнд хүрэх явцдаа ажил, карьер, нийгэмд нөлөөлөх нөлөөлөл гээд бусад зорилгууддаа хүрээд явах байх.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн