Германд хэрхэн тэтгэлгээр суралцах болон тус улсын талаар ХБНГУ-ын Аахен хотын “RWTH Aachen University”-ийн төгсөгч О.Хатанбаяртай ярилцлаа.
-Та ХБНГУ-ын аль сургуулийг төгссөн бэ. Сургуулийнхаа онцлог давуу талаас бидэнтэй хуваалцахгүй юу?
-Би 2014 онд ХБНГУ-ын Аахен хотын “RWTH Aachen University”-ийн Техникийн их сургуульд уул уурхайн баяжуулагч мэргэжлээр бакалавр, 2017 онд далд уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр магистерын зэрэг хамгаалсан.
Манай сургууль Германы хамгийн баруун талын хотод байрладаг гэдгээрээ онцлог. Аахен хот Бельги, Недерланд улсуудтай хил залгаа орших бөгөөд унадаг дугуйгаар 15 минут яваад л хил давчихдаг юм. “RWTH Aachen University”-ийн Техникийн их сургууль нь анх 1870 онд польтехникийн хэлбэрээр байгуулагдсан бөгөөд өдгөө Германы шилдэг есөн Техиникийн их сургуулийн нэг юм. Мөн ХБНГУ-ын Засгийн газраас жил бүр шалгаруулдаг "Exzellenzinitiative“ буюу шилдэг судалгааны байгууллагаар жил бүр шалгарч “Элит” их сургууль тодорхойлолтод багтдаг юм.
Сургуульд одоогоор нийт 47 мянга гаруй оюутан суралцдаг, оюутныхаа тоогоор улсдаа эхний дөрөвт ордог. Мөн судалгааны чиглэлээр хувийн салбараас олдог мөнгөн дүнгээр Германдаа тэргүүлж байна. Аахен нь Германы хамгийн их хүн ам суурьшсан мужид байрладаг учир эдийн засгийн хувьд хүчтэйгээс гадна үйлдвэрлэл түлхүү хөгжсөн болохоор оюутан залуус цагийн ажлын олдоц ихтэй. Герман улсад Уул уурхайн чиглэлээр дээд боловсрол олгодог гурван их сургуулийн нэг нь “RWTH Aachen” их сургууль юм.
-Герман хэл хэрхэн сурсан бэ, туршлагаасаа залууст зөвлөгөө өгнө үү. Герман хэлийг хэрхэн ямар арга барилаар сурвал үр дүнтэй вэ?
-Хэл сурах нь гал манахтай адил гэж бидний аав, ээж хэлдэг байсан. Үүнийг би өөрийн туршлага дээр илүү сайн ойлгож авсан даа. Хэлийг бататган давтаж хэрэглэхгүй л бол хурдан мартагддаг. Ямар ч хэлийг сурахад 100 хувь цагаа зарцуулж сурах хэрэгтэй. Хэл сурахыг салхитай талд навчаар байшин барихтай зүйрлэж болно. Навчнуудыг ар араас нь завсар өгөлгүй нэг дор давхарлаж барьж дуусгахгүй л бол, завсар авах тоолонд цуглуулсан навчнууд чинь салхинд хийсээд дараа нь хийсэн ажлаа дахиад эхнээс нь хийх шаардлагатай болдог. Мөн системтэйгээр түвшингөө ахиулан сурах нь зүйтэй. Шавь төвтэй, дадлага сайтай багшаар сууриа сайн тавиулах хэрэгтэй болов уу.
Миний хувьд герман хэлийг ШУТИС-ийн Германы Инженерийн Бэлтгэл ангид С.Сэржмядаг багшаар заалгасан. Хичээлийн бус цагаар Герман номын санд сууж, өглөөнөөс орой хүртэл давтдаг байлаа. Хэлний мэдлэгийг үндсэн гурван чадварт хувааж болно. Үүнд ярих, сонсох болон бичгийн чадвар багтах юм. Эдгээрийг тус тусад нь хөгжүүлэх боломжтой. Жишээлбэл, бичгийн орчуулгатай кино үзэх, дуу орчуулан сонсох, телевизийн мэдээ үзэх, сонирхолтой сэдвээрээ нийтлэл уншиж, зохион бичлэг бичих явдал юм. Дүрмийн мэдлэгийг багшид суурилсан сургалтаар авах нь зөв болов уу. Шинэ үг цээжлэхийн хувьд дээр дурдсан зүйлүүдийг хийх явцад гарч ирсэн шинэ үгнүүдээ давтаж цээжлэх нь “Хамгийн өргөн хэрэглэгддэг үгс” зэргийг тусгайлан цээжлэхээс илүү үлдэцтэй удаан тогтдог санагдсан.
-Герман улсад хэрхэн суралцах боломжтой вэ. Өөрийн хамрагдаж байсан болон бусад тэтгэлгүүдийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
-Миний хувьд ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан уул уурхайн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Иймэрхүү хоёр улсын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрүүд Боловсролын яамны цахим хуудсан дээр зарлагдах нь элбэг. Гэвч тогтмол биш.
Мастерын хөтөлбөрт тэтгэлэг олох нь баклаврт олохоос илүү олдоцтой байдаг. Үүнд DAAD (Deutsche Akademische Austauschdienst) буюу Германы Эрдмийн солилцооны албаны тэтгэлэгт хөтөлбөр бий. Шалгуур нь урьдчилан зарласан хөтөлбөрийн дагуу суралцах чиглэл таарсан байх ёстой. Хэлний шалгуур тэнцэхгүй тохиолдолд сургалт эхлэхээс өмнө хэлний бэлтгэлд явах боломж бас байдаг. Энэ тэтгэлэгт ирж очих онгоцны зардал, сар бүрийн амьжиргааны зардал, даатгал, судалгааны нэмэгдэл мөн гэр бүлтэйгээ байдаг бол гэр бүлийн нэмэгдэл багтана. Гэр бүлээ авчрах нь тухайн нөхцөл бүрт өөр байж болно. DAAD-ын шугамаар Монголоос Германд тэтгэлгээр суралцах боломжуудыг доорх холбоосоор орж үзнэ үү. https://www2.daad.de/deutschland/stipendium/datenbank/de/21148-stipendiendatenbank/ Мөн Мастерын хөтөлбөрөөр Европын холбооноос санхүүжүүлдэг Erasmus+ буюу Европын холбоонд гуравдагч орноос ирж суралцах боломжийг үүсгэсэн хөтөлбөрүүд байдаг. Үүнд Европын холбооны аль нэг сонгогдсон сургууль гуравдагч орны аль нэг сонгогдсон сургуультай хамтарсан мастерын тэтгэлэгт хөтөлбөр санал болгодог. Жишээлбэл, мастерын хоёр жилийн хөтөлбөрийн нэг жилийг Монголд нэг жилийг Европт (Германд) суралцан өнгөрүүлнэ. Тэтгэлэгт ирж очих онгоцны зардал, сар бүрийн амьжиргааны зардал, даатгал багтана. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор үзэж болно. Коронавирусийн нөхцөл байдлын улмаас одоо цагт хөтөлбөр зарлагдаагүй байж болно. https://www.eacea.ec.europa.eu/scholarships/emjmd-catalogue_en Мөн тусгайлан мэргэжлийн чиглэлээр тусгай сангаар дамжуулж тэтгэлгээр суралцаж болно. Жишээлбэл, хуулийн чиглэлээр “Hans Seidel”-ын сангаар дамжин суралцаж болно. Мэргэжлийн чиглэлийн холбоо сангуудад хандаарай.
-Эдгээр тэтгэлгүүдэд хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ. Герман улсын тэтгэлэгт бэлдэж буй хүүхдүүдэд зөвлөгөө өгнө үү?
-Суралцах чиглэлээр нь тэтгэлэг олгогдож буйг нягтлах хэрэгтэй. Хэрэв тохирч байгаа бол хэлний түвшний C1-ийн шалгуурыг хангасан байх ёстой. Мастерын хөтөлбөрт элсэн орох тухайн сургууль бүрийн дотоод дүрэм өөр байдаг тул тухай бүрт нь нягталж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, зарим сургууль баклаврын сургалтдаа 180 кредит цуглуулсан байхыг шаарддаг. Ихэнх монгол сургуулиудад бакалаврын түвшинд 120 кредит цуглуулдаг. Энэ нь шалгуурт хүрэхгүй байх үндэслэл болдог. Гэвч ихэнх Германы сургуулиуд тухайн дутсан кредитыг нөхөж үзэх болзол бас тавьдаг юм.
Тэтгэлгийн шалгаруулалтад өгөх өргөдлийг сайн үндэслэлтэй бичих хэрэгтэй. Уран яруу гэхээсээ илүү, зорилго чиглэл, ирээдүй нь энэ тэтгэлэгтэй хэрхэн холбогдох зэрэг ач холбогдлыг тайлбарлан харуулах нь зүйтэй. Намтраа (CV) бичих тал дээр бусдаас зөвлөгөө аваарай.
-Германд суралцах нь ямар давуу талтай вэ. Тус улсад суралцах давуу талуудаас дурдана уу. Мөн гадаад оюутнуудад тус улсын зүгээс хэр хөнгөлөлт үзүүлдэг вэ?
-Герман улсад суралцах хамгийн том давуу тал нь, боловсролын салбарын зардлыг төрөөс бүрэн даадагт байдаг. Тиймээс Герман улсад суралцах нь үнэ төлбөргүй (Ганцхан мужаас бусад нь). Бусад давуу талуудаас дурдвал, үйлдвэрлэл ихтэй учир суралцах хугацаандаа дадлага туршлага хуримтлуулах боломж ихтэй.
Мөн оюутан байх тодорхой хугацааг ажилласан жилээр тооцон нийгмийн даатгалыг төлсөнд тооцдог. Оюутан хүн татварын хөнгөлөлт маш сайн эдэлдэг. Оюутны цагийн ажил газар газраас хамааран янз бүр байдаг хэдий ч олдоц харьцангуй их. Гадаад оюутнуудад зориулсан тусгай хөнгөлөлт гэж байхгүй, дотоодын оюутнуудтай ижил тэгш хөнгөлөлт авна. Гадаад оюутнуудын нийгмийн гарал үүсэл, шашины талаас нь тусгайлсан дэмждэг үзүүлдэг холбоо, сүмүүд байдаг. Үүнийг мөн тусгайлан судлах шаардлагатай.
-Герман улсын талаар бидэнд танилцуулна уу. Тус улсын соёл, амьдралын хэв маяг болон ёс заншлаас танилцуулна уу?
-Герман нь 82 гаруй сая хүн амтай 16 мужаас бүрдсэн холбооны улс юм. Канцлерын буюу Парламентын засаглалтай ба Европын холбоонд хамгийн их хөрөнгө оруулдаг гишүүн орон юм. Баруун Европын төв хэсэгт оршин, хөрш есөн улсаар хүрээлэгдсэн дэлхийн тэргүүлэгч экспортлогч орон юм. Хамгийн их хүн амтай муж улс нь “НордРайнВэстфалэн” бол хамгийн их хүн амтай хотоор “Берлин” 3,6 сая хүн амтайгаар бичигддэг.
Герман хүмүүс асуудалд прагматик байдлаар хандах дуртай. Наргиа хийх нь бага, цаг төлөвлөлт сайн. Нийгмийн нэгдсэн дэг журмаа сайн баримталдаг. Аливаа ажлыг маш нарийн нягт төлөвлөдөг хүмүүс байдаг. Монгол хүн ажлыг эхэлчихсэн байхад 50 хувийг нь хийчихлээ гэж үздэг байхад Герман хүмүүс ажлыг төлөвлөчихсөн байхад 50 хувийг хийчихлээ хэмээн үздэг байх жишээтэй.
Дунд мэргэжлийг (МСҮТ) төрөөс дэмждэг. Дунд мэргэжлийн ажиллах хүчний хомсдолтой ба мөн Инженер техник анагаах ухаан болон асаргааны салбарт ажиллах хүчний хомсдолтой. Герман хүмүүс өглөө (3-5 цагийн хооронд) эртлэн босож ажлаа үдээс хойшхон амжуулаад оройг гэр бүлтэйгээ олон цагаар өнгөрүүлэх эрмэлзэлтэй.
Хоолны соёлын хувьд маруухан боловч, шарсан зайдас, бяслаг, бүрж шарсан мах болон шар айрагны давтагдашгүй өв соёлтой. Хөлбөмбөг бол тэдний номер нэг спортын төрөл юм.
Техник технологийн хувьд бусдаас үргэлж тэргүүлэх бодлогыг баримталдаг. Машин механизмын автоматжуулалт, сенсор техникийн хөгжлөөр дэлхийд үргэлж тэргүүлдэг. Мөн цахилгаан машины хэрэглээг төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлж байгаа ба 2020 он гэхэд л Герман улсад нийт 200 000 шинэ цахилгаан машиныг зах зээлд гаргасан байна.