Саяхан сүрьеэ өвчин нийслэлийн ЕБС-ийн дунд цөмийн бөмбөг шиг тэсэрсэн. Халдвар авсан хүүхдүүдийн тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна. Гэтэл одоо тэдгээр хүүхдүүдийн хэд нь эмчлүүлж байгаа вэ, эрүүл болсон тохиолдол бий эсэх, хэрвээ эмчлүүлэхгүй бол намар сургууль орохоор тус өвчин дахиад нэмэгдэх үү зэрэг ээдрээтэй асуултын хариу нь олдоогүй байхад сүрьеэгийн асуудал намжив. Өнөөдрийн шуугиан хэчнээн чухал байсан ч, маргаашийн чимээнд дарагдаж, хэнд ч сонирхолгүй санагддаг болжээ. Гэвч хүүхдийн өвчлөл тэр дундаа сүрьеэгийн халдвартай тохиолдлуудыг мартаж болохгүй. Хэн нэгнийг хатгаад өнгөрөхөд ч дэндүү багадна. Хариуцлага гэхээсээ наанадаж, сүрьеэгийн халдвар авсан сурагчдын эмчилгээ ямар шатандаа явж байгаа, бүрэн эдгэрсэн тохиолдол бий юу зэргийг тодруулахаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийг зорьсон юм.
Ингээд ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач Д.Эрдэнэчимэгээс энэ тухай тодрууллаа.
-Саяхан ЕБС-ийн олон сурагч сүрьеэгийн халдвар авлаа гэх мэдээллүүд ар араасаа цуварч, нийгмийг нэлээд цочроосон. Ер нь халдвар тархах болсон шалтгаан нь юу вэ?
-Сүрьеэ бол амьсгалын замаар халдварладаг, халдварт өвчин гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Нэг ангид хичээллэж байгаа хүүхдийн нэг нь өвдлөө гэхэд ханиаж, найтаах үед нь агаарт цацагдах шүлсээр дамжин халдварладаг. Тэгэхээр хэн ч, хаана ч халдвар авч болно. Тиймээс албан байгууллагууд, ЕБС-ийн анги танхимынхаа агаарыг сайн сэлбэж, агааржуулалт сайн хийх хэрэгтэй. Халдвар тархсан сургуулиудын ихэнхийг нь ангиудын цонх нь нээгдэхгүй, вакуум цонхны бариул нь байхгүй байсан. Энэ нь олон хүүхэд халдвар авсан гол шалтгаан гэж үзэж байна. Тэгэхээр бид салхивч, цонхийг тодорхой хугацаагаар нээж хэвших хэрэгтэй. Бөглүү салхины урсгал байлаа гэхэд сэнсээр үлээлгэх юм уу, өөр агаар сэлгэлтийн арга хэмжээг авах нь зөв.
-Хамгийн сүүлд 15-р сургуулийн 30 гаруй сурагч сүрьеэгээр өвчилж, 500 орчим сурагч халдвар авсан гэж байсан. Энэ хүүхдүүдийн эмчилгээ ямар шатандаа явж байгаа вэ. Мөн ямар эмчилгээ, эм тариа хэрэглэж байна вэ?
-Эцэг эхийнх нь зөвшөөрөлтэйгөөр 15-р сургуулийн сурагчдын эмчилгээг эхлүүлсэн байгаа. Урьдчилан сэргийлэх эмчилгээг хийлгэж байгаа сурагчдын тоо нэмэгдэж байна. Халдвар авсан 529 сурагч урьдчилан сэргийлэх эмчилгээгээ бүрэн хийлгэх юм бол бүрэн эдгэрэх боломжтой. Харин сүрьеэгээр өвчилсөн 38 хүүхдийн эцэг эхийнх нь зөвшөөрөлтэйгөөр эмчилгээнд хамруулж байна. Бид тэдгээр хүүхдэд 1959 оноос хойш хэрэглэж буй 60,70 жил практик туршигдсан Изониазид гэх эмийг өгч байна.
-Та сүрьеэгийн халдварыг хэн, ямар ч хэлбэрээр авч болно гэж хэлж байсан. Ер нь урьдчилан сэргийлэх арга байдаг уу?
-Хувь хүний соёлоос их зүйл хамаардаг. Гудамж, талбайд нус, цэрээ ил задгай хаях нь сүрьеэгийн нян тархах нэг үндэс болно. Сүрьеэгийн нян маш тэсвэртэй. Жишээ нь цөцгийнд 180 хоног, газрын хөрсөнд 50, 60 жил хадгалагддаг. Хасах 50 градуст нян нь тэсвэртэй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалаад өвөл нус цэрээ хаялаа гэхэд зун гэснэ, тэрүүгээр бид амьсгална. Хүүхэд, том хүн гэлтгүй гудамжинд нус, цэрээ ил задгай хаядаг муу дадал хэвшлээ өөрчлөх хэрэгтэй. Ер нь амьсгалын замын халдварыг таслан зогсооход маш хэцүү.
-Сүрьеэгийн халдвар авсан хүүхдийн аав, ээжтэй ярилцахад манай хүүхдэд зөвшөөрөлгүйгээр эм уулгасан гэж ярьсан. Мөн ард иргэдийн дунд хүүхдүүдийг ямар нэгэн гаднын компаний эмийн туршилт болчхов уу гэсэн хардлага байна. Та энэ тухайд юу гэж бодож байна вэ?
-Тэр эмийг мэдэхгүй. MHI буюу Монголын эрүүл мэндийн үүсгэл гээд төрийн бус байгууллага болохоор D витамины судалгаа хийсэн юм билээ. ХӨСҮТ-ийн зүгээс баталгаатай урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд изониазид гэх эмийг л өгч байна. Монголд олон жил хэрэглэсэн мэргэжлийн хяналтын зөвшөөрөлтэй, баталсан эмийг л өгнө үү гэхээс бид туршилтын журмаар хүүхдэд эм өгнө гэж байхгүй. Изониазид гэх эм нь халдвар авсан тохиолдолд өвдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уух ёстой юм.
-Сүрьеэ өвчнийг ер нь хэрхэн ангилж, эмчлэх процесс явагддаг вэ?
-Уушгины болон уушгины бус гэж хуваана. Уушгины сүрьеэ гэхээр зөвхөн уушги болон мөгөөрсөн хоолойг гэмтээдэг. Харин уушгины бус гэхээр нүдний, гэдэсний, нурууны сүрьеэ гэх олон төрөл байдаг. ХӨСҮТ-өөс сургуулиудыг үе шаттай үзлэг шинжилгээнд хамруулж байна.
-Сургуульд орохоор сүрьеэгийн халдвар авсан сурагчид бие биедээ халдварыг тараах боломжтой юу, үүнээс л хүмүүс их айж байна шүү дээ?
-Одоо сургууль амарсан болохоор үзлэг шинжилгээ хийхгүй. Ер нь жилийн дөрвөн улиралд үзлэг оношилгоо тогтмол хийдэг. Сүрьеэгийн халдвар авсан хүүхэд ямар ч халдвар тараахгүй. Үүнээс айгаад байх юм байхгүй. Ямар ч аюулгүй. Халдвар авсан болохоос өвчлөөгүй, сүрьеэгийн шинж тэмдэг илрээгүй гэсэн үг.
-Хэрвээ халдвар авсан хүүхдүүд, ийш тийшээ амралтаараа яваад эмчлүүлээгүй тохиолдолд сүрьеэгийн халдвар тээгч болох уу?
-Үгүй ээ. Халдвар авсан гэдэг нь халдвар тээгч болно гэсэн үг ерөөсөө биш. Халдвар тээгч гэдэг нь сүрьеэгээр өвдчихсөн хүнийг хэлнэ. Ганцхан халдвартай хэлбэрийн уушгины сүрьеэтэй хүн л халдварын уурхай нь уушгины сүрьеэтэй бүх өвчтөн халдвартай биш. Халдвар ялгаруулдаг уушгины сүрьеэ, ялгаварлуулдаггүй уушгины сүрьеэ гэж байна. Нийт сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн 15-30 хувь нь халдвартай байдаг. Бусад нь халдваргүй хэлбэрийн сүрьеэ халдвар тараахгүй. Халдвар авсан бөгөөд эмчлүүлээгүй тохиолдолд эхний хоёр жилд 5-10 хувь нь өвдөх эрсдэлтэй байдаг. Тэр халдварын хугацаа, давтамж зэргээс шалтгаална. Мөн ямар хоол хүнс хэрэглэсэн, нойрондоо хэр вэ, гэр орны нөхцөл ямар вэ зэргээс ч хамаарна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны сүрьеэгийн эм хариуцсан эмч Р.Дорждэрэм ард иргэдийг төөрөгдөлд оруулаад байсан эмийн тухай мэдээллүүдийг тодрууллаа.
-Хүүхдүүдийн сүрьеэгийн халдвар авсан нь гаднын компани эмийн туршилт болсон байх магадлал бий юу?
-Халдвар авсан хүмүүст химийн урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж хийдэг. Эмчилгээний үед Изониазид эмийг л өгдөг. Нууцаар эм өгсөн тохиолдол байхгүй, тэгэх шаардлага огт байхгүй. Үүнийг би маш хариуцлагатайгаар хэлж чадна. Бид эцэг эхчүүдтэй нь уулзаж, зөвшөөрөл аваад, зөвшөөрсөн тохиолдолд хүүхдэд нь эм өгсөн. ХӨСҮТ-ийн ажилчид бол төрийн үйлчилгээний албан хаагчид, бид Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, журам стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Гаднын компаниуд эмийн туршилт явуулж хүүхдүүдэд эм өгсөн байх ямар ч боломжгүй. Аливаа судалгаа шинжилгээний протокол эрүүл мэндийн яамны ёс зүйн хяналтын хорооны хурлаар орж судалгаанд ашиглах зөвшөөрөл авах учиртай. Мөн халдвар өвчин судлалын үндэсний төвийн эрдмийн зөвлөлөөр хянагдахгүйгээр ямар ч судалгаа явагдах боломжгүй.
-ХӨСҮТ-ийн зүгээс сүрьеэгээр халдвар дэгдэж байгаа энэ үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Хүүхдүүд өвдөж байна гэдэгт бид эмзэглэж байгаа. Сүүлийн хоёр, гурван жилийн турш энэ тохиолдол дээр ажиллаж байна. Жилээс жилд сургуулиудад идэвхтэй илрүүлэг хийхэд бид анхаарал хандуулж, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж байна. Өнөөдөр хэний ч хүүхэд өвдөхөд бэлэн байна. ХӨСҮТ болон сүрьеэгийн диспансер тусламж үйлчилгээг үзүүлдэг 33 нэгж байгууллага байдаг. Мөн сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв хамтарч ажиллах үүрэгтэй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар өмчийн бүх шатны байгууллагыг үүрэгжүүлсэн байдаг.
-Түрүүнд сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдэд Изониазид гэх эм өгч байгаа гэсэн. Та энэ эмийн тухай дэлгэрэнгүй яриад өгөөч.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эм ханган нийлүүлэх GMP стандарт гэж бий. Уг стандартыг хангасан үйлдвэрлэгчдээс хамгийн чанартай боломжийн үнэтэй эмүүдээс сонгон “Global Drug Facility” гэх ашгийн бус олон улсын байгууллага дэлхийн олон оронд Глобал сангийн төслөөр худалдан авч буй эмүүдийг түгээж байна. Изониазидыг маш олон компани үйлдвэрлэдэг. Тэдгээр үйлдвэрлэгч нараас хамгийн өндөр чанартай, боломжийн үнэтэйг нь сонгоод ханган нийлүүлдэг. Монгол Улсын хилээр орж буй эмийг МХЕГ-ийн Үндэсний хүнсний лавлагаа лабораторид бүх шинжилгээг өгнө. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгүүлнэ, сүрьеэгийн эмийг гадуур худалдаалагдахгүй, зөвхөн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сүрьеэгийн диспансеруудад хуваарилдаг. Бид жилд нэг удаа ХӨСҮТ-ийн агуулахад хадаглагдаж буй эмээс дээж авч, хадгалалтын горим нь зөрчигдөж байна уу, үгүй юу гэдгийг шалгуулахаар шинжилгээнд өгдөг. Энэ бүх шинжилгээнүүдийг даваад, хамгийн аюулгүй, хэрэглэж гэж дүгнэгдвэл хүмүүст хэрэглүүлдэг. Эмчилгээнд халдвар авсан хүмүүс зургаан сарын хугацаатайгаар өдөр бүр уух ёстой. Үүнийг ууж байгаа тохиолдолд гаж нөлөөнөөс сэргийлээд витамин B6 хамт хэрэглэж байна.