УИХ-ын чуулганаар Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: З.Энхболд Их хурлын дарга байхдаа 67 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээгүй юм билээ. Өөрөөр хэлбэл, бусад гишүүдийнхээ хууль санаачлах эрхэнд халдаж ирсэн юм байналээ. Миний оролцсон нэг хуулийн төсөл сар болж байна. Их хурлын дарга өргөн барих тов өгдөггүй. Хэдэн гишүүн хуулийн төсөл санаачилж байж тов өгдөг юм бэ. Эсвэл царай хардаг юм уу. Зарим гишүүн нь хуулийн төсөл өргөн бариад өдөртөө хэлэлцүүлчих юм. Зарим гишүүн нь хоёр сар судалгаа хийгээд байдаггүй. Өнөөдөр шүүхийн асуудал хурц яригдаж байна. Шүүх эрх мэдлийг улс төрийн нөлөөллөөс салгая. ҮАБЗ үндэслэл тодорхой бусаар халдаг, сольдог байдлыг больё гэж Их хурал бүрдээд ярьсан. Засгийн газраас саналыг нь аваад өргөн барих гээд тов өгөхгүй юм. Дэг дээр тодорхой болгох юм биш үү. Хууль дээдлэх зарчмаа Их хурлаасаа мөрдмөөр байна. Хэлэлцэх эсэхийг нь УИХ шийднэ. Гэтэл оруулж ирэхгүй юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ дээр өргөн баригдсан 100-аар хэмжигдэх хуулийн төсөл байгаа. Тов тогтоох хүсэлтээ ирүүлсэн 15 хууль байгаа. Цаг хугацааны дарааллаараа өргөн бариад явдаг. Намрын чуулганаар гэхэд 113 хуулийн төсөл өргөн баригдсан хүлээгдэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Гишүүдийн хууль санаачлах эрхийг тодорхой зохицуулсан. Санаачилсан хуулиуд дээр тавих шаардлагыг мөн заасан. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн бүрдлийг УИХ-ын тамгын газар хянаад УИХ-ын даргад өргөн мэдүүлдэг. Энэ зохицуулалт хэвээрээ байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Дэгийн тухай хууль сөрөг хүчнийхээ үгийг хаах, шударга шүүмжлэлийг сонсохгүй байх зорилготой хийгдэж байгаа. УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хянах, дэг сахиулах албатай байна. Дэг сахиулах алба нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүний бүрэлдэхүүнтэй байна. Эмэгтэй гишүүн дэг зөрчвөл эрэгтэй дэг сахиулагч, эрэгтэй гишүүн дэг зөрчвөл эмэгтэй дэг сахиулагч чуулганы тахимаас албадан гаргана. Дэг сахиулагч нар дүрэмт хувцастай байх бөгөөд түүхэн уламжлалаа хүндэтгэн ногоон малгайтай байна гэж зарчмын зөрүүтэй санал оруулах гэсэн боловч болоогүй. Та нарын 1930 онд хийсэн хэлмэгдүүлэлт сэргэн гарч ирэх гэж байна шүү. Дэгийн хуульдаа цөөнхийнхөө үгийг илүү гаргасан заалт оруулах ёстой байсан.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг дээр мэтгэлцэж болох юм байна. Энэ өмнө нь байгаагүй шинэ заалт. Энэ сайн зүйл. Би дэмжиж байна. Цэц хууль зөрчөөгүй гэж үзсэн ч гэсэн бид асуулт асууж, үг хэлж болох юм байна. Нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд өөрөө үг хэлэх боломжгүй бол сайд орлож болно гэдэг маш буруу. Мөн 09.00 цагаас эхэлдэг хурал 10.00 цагт эхэлдэг болох юм байна. Асуудлыг УИХ-ын дарга шийдвэрлэнэ гэж байна. Хэлэлцүүлэх эсэхийг УИХ-ын дарга шийдвэрлэхгүй хууль шийднэ. УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг гурав хүртэл хасч болно гэж байна. Ард түмнээс мандат авсан гишүүнийг хөөж гаргана, хуралдаанд оролцуулахгүй гэдгээ больж болохгүй юм уу. Арван хэдхэн хүн байгаа шүү дээ. Хулгай дээрмээ л болиоч. Улс орон хөгжихөд хулгай дээрмийн асуудал байгаа болохоос сайн, муу үг хэлэх хамаагүй. Буруу, зөрүүг яагаад хэлж болдоггүй юм. Дөрвөн муу юм байна. Үүнийгээ засах эсэхээ өөрсдөө мэд.